Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц: Том таваг засаж, тарган ууц тавьснаар жилийн өнгө тодорхойлогддог юм би

Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай сар шинийг тойрсон элдэв маргаан хийгээд уламжлалт зан заншил, ёс жудаг гээд дэлгэрэнгүй сэдвээр ярилцлаа.

-Сайн байна уу та, сайхан өвөлжиж байна уу?

-Мэнд амар даа. Өнөтэй сайхан өвөл болж байна аа.

-Удахгүй хулгана жил хангирсан одож үхэр жил морилох гэж байна. Cap шинийн баяр буюу цагаан сарын тухай өөрийн бодлоо хуваалцана уу. Зарим нэг нь гарлагатай, дарамттай баяр гээд өөлөх нь их болж?

-Цагаан cap Монголын ард түмний уламжлалт баярын нэг. Өнгөрсөн он цагуудад бид олон сайхан баяр, үндэснийхээ уламжлалыг хадгалсан бас олон зүйлээ гээсэн бодогддог юм. Одоо бид үндэсний гэж хэлэх хоёр баяр тэмдэглэдэг нь цагаан cap, наадам шүү дээ. Ном ёсных нь дагуу сайхан тэмдэглэвэл цөөдөхгүй л дээ.
Цагаан сарыг би нийтийг хамарсан бас төр, шашин хоёулангийн баяр юм даа гэж үздэг. Хөгшид хүүхэдгүй ард нийтээрээ билэг дэмбэрэл оршоон сайн үг хэлэлцэн сайхан баярладаг шүү дээ. Бас энэ баярын онцлог нь бүгдээрээ бие биетэйгээ уулзаж золгон төрсөн тэлснээ мэдэлцэх, ахуй амьдрал, ажил байдлаа мэдэн сайн яваагаа бахархан дууриал болгодогт байдаг гэж боддог.
Нөгөө талаар билэг дэмбэрэлийн баяр байгаа юм. Ямар байлаа ч гэсэн жилийн эхний өдөр билэг дэмбэрэлтэйгээ хэлэлцэж хамгийн сайхнаар өнгөрөөдөг.
Монголчуудад муу зүйлийг сайнаар тайлах гэж нэг үг бий. Ийм л ёс. Суурийг нь зөв сайхан тавибал бат бөх сайхан байшин барьж болдогтой адил аливаа нэгэн ажлын эхийг сайн хийх нь өгсч өөдлөхийн үндэс болдог шүү дээ. Түүнтэй ижилхэн жилийн эхний өдөр хоногуудыг их буяны үйлээр өнгөрөөж, буяны зүгийн ажлаар эхлүүлэхийг л хамгийн гол гэж үздэг.
Цагаан нэртэй байгаа нь бас их учиртай. Ер нь бол цагаан cap болно гэхэд шинийн 28, 29-ний үед гэр орноо сайхан цэвэрлэн хуучин оныхоо хир буртгийг арилгаж, хувцас хунараа угааж арчин шинэ сайхан хувцсаа бэлддэг шүү дээ.
Хуучин уламжлалтай улсууд маань хашаа хороо, гудамжаа хүртэл цэвэрлэдэг байлаа. Ялангуяа үүдний орчмоо голлон цэвэрлэдэг. Олон хүн, олз омог, сайн муу юм бүгд түүгээр орж гардаг болохоор их анхаардаг байна л даа! Хир буртгаар дамжин муу юм халддаг, сайн зүйлээр дамжин буянтай сайхан зүйл орж ирдэг ч гэж үздэг.
Тийм ч учраас орон хийдүүд нь сайхан байгаасай, сайн зүйлүүд ирээсэй гэсэн сэтгэлээр “Цэдор Лхам” гэж битүүний шөнийн хурлыг хурж, айл өрхүүд нь Лхам бурхан зочилж ирдэг гэж үзэн түүнд идээ ундаа зэхэн хаалга, тотгон дээрээ гурван мөс тавьдаг. Одоо ч уламжлалаа мэддэг айлууд тэгж тавьж байгаа. Ер нь гэр орон, хашаа хороо, хувцас сэлт гээд байгаа бүхнээ цэмцийлгэн цагаан сараа сайхан угтдаг уламжлалтай даа.

-Битүүний өдрийн тухайд ямар ёс жаяг байна?

-Eр нь бол Азийн заншил юм даа. Таван мэдрэхүйгээрээ дамжуулж баяр ёслол, хамгийн сайн сайхан юмаа түүнд зориулдаг. Гэр орон, тавилга тахилаа цэвэрлэчихсэн, их сайхан идээ будаа засчихсан байх нь нүдэнд өргөж байгаа дүрс юм. Амттай шимттэй болгоноо тавган дээрээ тавьж, цагаалга, бууз сэлтийг бэлтгэн зочлон дайлах нь аманд өргөж байгаа амт юм.
Зул хүжээ өргөж байгаагийн зул бол нүдэнд өгч байгаа дүрс, хүж нь хамарт хүргэж байгаа сайхан үнэр. Хэв хадаг бол биө зөөлөн хатууг мэдэрдэг болохоор хүртэхүйд хүргэж буй хэрэг юм. Дээр үед бол хонх дамраа цохидог байсан даа, одоо бол сайхан дуу хуур эгшиглүүлж байгаа нь сонсохуйд өргөсөн өргөл. Ингэж таван мэдрэхүйд зориулан ирсэн зочиндоо сайхан өргөл өргөж байгаа нь өглөгийн нэг шинж чанар юм даа. Бурхан багшийн айлтгалаар бол өглөгийн эрхэнд баяждаг, эд таваар ирдэг гэдэг номтой. Тэр утгаараа балчир хүүхэд, ахмад настнуудыг баярлуулан бэлэг сэлт барьдаг, ийм л ёс байсан даа. Хавь ойрынхоо улсуудтай эв нэгдлээ илэрхийлж битүүний орой идээ будаагаа зөрүүлдэг, сан сунгаа тавьдаг номтой. Шинэ жилийн эхэн дээр мөн ялгаа байхгүй, шинийн нэгний өглөө нар мандаж байхад сан тавин идээ будааныхаа дээжийг өргөн золгодог. Хамгийн ахмад хүнээсээ эхлэн шинийн гуравны дотор амжиж хамгийн их хүндэтгэдэг улсууддаа золгодог ёс заншилтай байсан.

-Ёс заншил, билэг дэмбэрлийн хувьд үнэхээр сайхан баяр. Харин ярианы эхэнд асуусан шиг хүмүүсийн шүүмжлэлд Та хэрхэн ханддаг вэ?

-Малчдын баяр гээд энэ баярыг тэмдэглэхгүй зан заншлаа хэсэг орхигдуулсан учраас зарим нэг зүйлийг хэтийдүүлээд байгаа тал бий. Уг нь цагаан cap болно гэдэг өөрийнх нь амьдралыг сүйдлээд байгаа юм биш. Том таваг засаж, тарган ууц тавьснаар жилийн өнгө нь ч тодорхойлогддог юм биш шүүдээ. Гурав, таван давхар байна уу өөрийнхөө боломжоор идээгээ засаж, цагаалга, будаалгаа хийн билэг дэмбэрэлийнхээ утгыг л гаргачихвал боллоо. Бэлэг сэлт ч ялгаагүй чадал чансаандаа тохируулан хэдэн чихэр аваад өгсөн ч болдог ажил.
Хөрөнгө мөнгөний бололцоотой нь настай улс, хүүхдийг баярлуулах нь зүйн хэрэг байх л даа. Яагаад гэвэл, хөгшчүүдтэй ярьж байхад цагаан сарын дараа амьдралд нь хэрэг болчих хөөрхөн юм, хэдэн төгрөгтэй болчихсон байдаг. Тэтгэврийн хэдэн төгрөг нь хүрдэггүй хөгшдөд үр хүүхэд, танил талынх нь хүндлэн барьж золгосон төгрөг хэрэг болж байх шиг л харагддаг юм. Ер нь бол би цагаан сарыг гарлагагүй баяр гэж боддог доо. Бие биендээ очоод бэлэг сэлтээ зөрүүлчихдэг. Дээрээс нь зассан идээ, тавьсан мах ууц, зэхсэн хоол хүнсээ хөргөгчиндөө байлгаж байгаад хаврын тарчиг цагт аяганы хийц болгон идэж уудаг.
Хаваржин л иддэг шүү дээ. Тэрүүхэн цагаан сарынхаа үед гарч байгаа юм шиг боловч буцаад хэрэглэгдэхгүй зүйл гэж нэг ч байхгүй их тэнцэтгэлтэй сайхан баяр шиг санагддаг юм.
Айл хунарт бие, хэл, сэтгэл гурваа тэгшилж их болгоомжтой ордог гэж хууччууд ярьдаг юм. Малгайгаа төвшин сайхан тавьчихаад товч бүчээ товчилж билэг дэмбэрэлтэй сайхан зүйл хэлээд орвол тэр айлын зочин байж чадах жишээтэй. Шинэ жилийн өглөө, битүүн хоёрт айлд муу юм хэлж ордоггүй. Хэрвээ хэлвэл тэр айлын зочин байж хэзээ ч чадахгүй. Хуучин жилийнхээ өнгийг шинэ жилийнхээ өнгөтэй харж байгаа, билэг дэмбэрэл дэглэж байгаа тэр үед нь муу муухай зүйл ярьж орох юм бол дахиж хэзээ ч уригддаггүй байсан байгаа юм. Бие, хөл хоёр сэтгэлийн зарц байдаг эд. Тийм учраас сэтгэл сайхан байхул бие, хөл сайхан байдаг учиртай. Бие, хэл, сэтгэл сайн сайхан байж тэр айлд сайн сайхан, буян эаяа тогтдог.
Сүүлийн үеийн шинжлэх ухааны ёсоор усан дээр шинжилгээ хийсэн байна лээ. Зурагтаар зөндөө л юм ярих юм байна шүү дээ. Тэгэхэд усанд муу үг, сайн үг хэлэхэд бүтцэд нь сөрөг эерэг байдлаар нэлээн өөрчлөлт орсон гэж байсан. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг, усаар бүтсэн амьтан болохоор бие хэл сэтгэл гурваар дамжин очиж байгаа сайн муу зүйл тэр чинээгээрээ нөлөө үзүүлдэг байна л даа. Шашин ном, шинжлэх ухаан ч үүнийг баталж байна даа. Тийм учраас цагаан сараар ёс төртэй байж эв эеийг хичээх нь жилийн турш сайн сайхан байхынхаа билэг дэмбэрэлийг дэглэж байгаа үг юм.

-Ирж буй үхэр жилийн өнгө төрх ер нь ямархуу байх бол?

-Гарч буй шороон үхэр жил Монголын ард түмэнд сайн сайхан зүйлийг өгнө гэж бодож байгаа. Ертөнц өрөөсөө л хэмнэлээрээ явж байдаг. Тийм учраас ямар ч жил гарлаа тэр нь цаг хугацааны үргэлжлэл л байдаг. Хүмүүний хувьд ч хэдэн нас насалсан байна түүний үргэлжлэл нь байдаг учраас урьд хийсэн буян заяа, сайн сайхан ажил юу байна, амьдралынхаа суурийг хэрхэн тавьсан байна тэрний л үргэлжлэл болдог. Ямар ч жил байлаа гэсэн зурхайн ёсоор янз бүрийн юм гарах ч өрөнхий төлөвөөрөө цаг хугацаа, амьдралын үргэлжлэл. Тийм учраас муу юм гарсан гээд сэтгэлээр унахгүй, сайн юм гарсан гээд бардахгүй л явах хэрэгтэй юм.
Хамгийн гол нь Монголчууд жилийн эхэн дээр сэтгэл санаа болоод аливаа нэгэн зүйлээ засдаг, зөв тийш нь мөрөө гаргадаг. Мөн жил, одон гариг, дэлхий ертөнцийн хөдөлгөөн болон өөрийн бие махбодын байдлаасаа хамааран тохирох засал хийдэг. Үүнийгээ өөрийнхөө зурхай дээр гарснаар хийх нь хүний сэтгэлд сайхан уужрал, тайвшрал өгч ажил хөдөлмөр хийх идэвх оруулдаг. Тиймээс хууччуул маань цагаан сарын 15-ны дотор засвараа хийдэг уламжлалтай байж дээ. Ер нь гарч буй үхэр жил бидний амьдралд дэвшил хөгжил авчирсан сайхан жил болно гэж бодож сууна даа. Зурхайн талын зүйлийг нь зурхайчид гаргачихсан байгаа биз дээ.

-Тантай уулзсаных нэг зүйлийг асуумаар байна. Жил бүрийн cap шинийн өмнө ёс юм шиг “Шинийн нэгэн хэдэнд тохиох вэ” гэдэг асуудал дээр цэц булаацалддаг болоод байгаа. Энэ жил тэр байдал бүр ширүүсч, аягүйдвэл нударга зөрүүлэх нь үү гэмээр харагдаж байсан. Хэд хэдэн телевизийн нэвтрүүлгээр гарлаа шүү дээ. Ард олон ч хүндэлж явсан хүмүүс нь олны өмнө тийн авирлахад ихэд эгдүүцэж байгаа. Үүн дээр таны ямар бодолтой байгааг дуулахсан гэсэн хүн ч маш олон байна?

-Сүүлийн гурав дөрвөн жилд ийм юм гараад байгаагаас биш олон жилийн явдал ч биш л дээ. Хэн хүнгүй л зовлонтой байх шиг байна. Бидэнд ч ялгаагүй. Төгсбуянтын зурхайг 1911 оноос хэрэглэж эхэлсэн ч 1944 оноос тогтмолжиж зурдаг зурхайгаа зураад л, хийдэг цагаан сараа хийгээд л ирсэн. Түүхэндээ Төгс буянтын зурхай, Шар зурхай хоёрыг хоёуланг нь хэрэглэж байсан. Манжийн төрийн дор байсан учраас манжийн хаантай төрийн зохицол олгох, нөгөөтэйгүүр нэгэнт л бусад улсын хараат учраас тэр улсынхаа зурхайгаар ажил хэргээ зохицуулах шаардлагын дагуу шар зурхайгхэрэглэдэг байсан байгаа юм.
Яагаад энэ хоёр зурхай давхар яваад байсан бэ гэхээр төгс буянтын зурхай нь монгол хүн өөрөө гаргасан учраас цаг агаар, улирлын байдал, орон нутагт нь зохицсон байж шүү дээ.
Хятад гэхэд л хоёр улиралтай шахуу газар. Урагшаа гэхэд дандаа халууны газрууд байна. Тийм учраас тэд дөрвөн улирлын хэм хэмжээг гаргах буюу цаг хугацааг шимтэн шинжээд байх хэрэггүй байдаг шиг байгаа юм. Харин манайд болохоор дөрвөн улирал нь тодорхой үзэгддэг учраас нарийвчлан гаргасан зурхай шаардагддаг. Тэгээд л Төгс буянтын зурхайг авч хэрэглэн, үе үеийн эрдэмтэн мэргэд Монгол нутагтаа зохицуулан хөгжүүлсээр ирсэн байдаг юм.
Хамгийн сүүлд 1966 онд Гандантэгчинлэн хийдийн зурхайчид болоод эрдэмтэд нийлэн Улаанбаатараас савласан зурхай болгосон байдаг. 2000 он хүртэл ямар нэгэн маргаан гаралгүй яг л энэ ёсоороо яваад ирсэн дээ. Эрдэмтэн Нинжбадгар гуай бидний өнөөгийн мөрдөж байгаа зурхайг Монгол зурхай гэж нэрлэн ном зохиолоо туурвисан нь ч бий.

-Өдөр тасардаг, давтагддаг гэж их маргаад байсан. Тэр ер нь ямар учиртай юм бэ?

-Энэ их бодууштай юм байгаа юм. Малчин ардууд маань сарны хэм хэмжээг онцгой мэддэг. Байгалиа шинжин амьдрал ахуйдаа ашиглаж сурсан учраас сарны хаашаа харж яаж байрласан, хэлбэр дүрсээр нь хэдний өдрийн cap байна вэ гэдгийг түвэггүй хэлдэг. Төгс буянтын зурхайд сарны хэлбэрийг их авч явдаг юм билээ. Тасралт, нэмэлт гэдэг бол ертөнц зогсож байгаа хэрэг биш юм.
Шинжлэх ухааны ёсоор авч үзсэн ч яг л таарч байна лээ л дээ. Яг сарныхаа хэлбэрийг аваад явах юм бол үнэхээрийн шинийн долооны хэлбэр гаргахгүй шинийн найман руугаа шилжчих, зарим үед шинийн наймны cap ерөөсөө хэлбэр дүрсээ өөрчлөхгүй хоёр хонох ч юм уу байдал гардаг л даа. Өөрийнхөө ард түмний байгалийг шинждэг, хэлбэрт дулдуйдсан зурхай учраас энэ нь нэлээн хэрэгтэй юм гэсэн байр сууриар л өдийг хүрч ирлээ дээ.

-Халз ярилцлагад орох үеэр шар зурхайн талыг дагадаг хүмүүс янз бүрийн үг хэл гаргаж байсан л даа. МБШТ гэдэг утгаар бас олон жил дагаж явсан учраас ард түмэн та бүхний хариуг их хүлээж байсан. Байдал хурцдахаас өмнө та бүхэнд албан ёсны хариу өгөх боломж байгаагүй юм уу?

-Бид ерөөсөө маргаан хийгээгүй шүү дээ. Өөрөө ч сая хэллээ. Хариу хүлээж байсан гэж. Ард түмний зүгээс Гандан хийд болоод лам нар ямар байр суурьтай байна, хариугаа хэлээч. Алинаар явах ёстой юм гэж шаарддаг. Сонин хэвлэл, телевиз радиогийнхан ч шавчихдаг. Энэ шаардлагынх нь дагуу бид “Дагаж, мөрдөж ирсэн Төгс буянтынхаа зурхайгаар явна аа” гээд л хариу өгдөг. Гэтэл тэр улсууд биднийг үг дуугаргахгүй санаатай байдаг юм болов уу, буруу юм хэллээ, зөв юм хэллээ гээд маргаанд улам л гүнзгий ордог. Шаварт улам гүнзгий шигдэж байгаа юм шиг. Сүүлдээ “Хүрч ирж бидэнтэй ярилц” гэдэг болсон. Тэгээд л зурагтын тэр нэвтрүүлэгт очсон хэрэг шүү дээ. Одоо үед шашны боловсон хүчин харьцангуй залуужчихсан. Ихэнх хөгшчүүд нь бурханы орондоо морилоод лам хүн хөгшин байдаг гэж бодох хэрэггүй болчихсон. 90 оноос хойш залуу боловсон хүчинтэй болж, тэд маань ч өөр өөрийнхөө мэргэжил, мэргэшлээр хэнтэй ч ярих хэмжээнд хүрсэн.
Тийм л хүүхдүүд тэр нэвтрүүлэгт орсон. Нөгөөдүүл нь ярих боломж олгохгүй байгаа учраас үгээ хүргэхийн тулд жаахан чанга дуугарсан л байх. Нөгөөтэйгүүр “Монгол хүн биш” энэ тэр гэхээр чинь залуу улс бас цочирдоно доо. Бид бүгд л миний эх орон, манай ард түмэн, бид монголын үр сад гэж л бодож явдаг шүү дээ. Тэд биднээс монгол орныг харамлахгүй л дээ. Тэд битгий хэл хэн ч биднээс монгол орныг хэзээ ч харамлаж чадахгүй. Бид энэ түүхийн туршид хийсэн юмтай, тусгаар тогтнол болоод аливаа нэгэн зүйлд оролцсон үнэн түүхтэй улсууд.
Настай тохитой улс залуустай хүлээцтэй бас учиртай ярих байх гэж би бодож байсан. Гэтэл харин эсрэгээрээ хүүхдүүдийг доромжлоод, ёс суртахууны хэм хэмжээгүй маягтай загнана лээ дээ. Уг нь түүхч улс гэнэ лээ. Гэхдээ ярьж байгаагнь сонсоход үнэхээрийн хэцүү юмнууд бас дуулдана лээ. Буддын шашны мэдлэгтэй захын хүн цагаан сарыг Богд ламтай холбодог түүх байгаагүйг, хэзээ ч битүүн болон арван тавныг гашуудал гэж үзэж байгаагүйг мэднэ. Би өчнөөн жил шашнаар явсан хүн, лав мэдэхгүй юм билээ. Цэдор Лхам гэж ном ерөөсөө гашуудлын ном биш.
Би түрүүнд ямар билэгдлээр уншдагийг ярьсан даа. Урьдны мэргэдүүд ч үүнийг гашуудлын гэж хэлж байгаагүй. 70 оноос хойш гэхээр би ч бас хуучны хүнд орох байх. Нэг удаа ч үүн дээр гашуудаарай гэж хэлж байсангүй. Бидний багш ч хэлж байгаагүй, номон дээр ч тэгж заадаггүй юм. Харин ч шинэ цаг эхэлж байна гээд бүгд цэвэр цэмцгэрийг эрхэмлэн баясаж хөөрдөг дөө. Гэхдээ тэр дунд учиртай ярьж байгаа хүмүүс ч бас байна билээ.

-Та тэр нэвтрүүлгийг үзээд багагүй бухимдаж дээ?

-Үнэнийг хэлэхэд би юу ярьж байгааг нь ойлгоогүй. Өндөр гэгээнийг битүүнтэй холбоод байх юм. Ямар ч холбоо байхгүй шүү дээ. Өндөр гэгээн цагаан сарын 14-ний өдөр таалал төгссөн юм. Тийм мэтийн юмнуудыг яриад, хүүхдүүдийг загнаад байх чинь хажуугаас нь харахад халширмаар л юм билээ. Энэ улсуудтай ярь аа, үгээ хэл гэж шаарддаг атлаа ярьсны дараа “Яах гэж энэ улсуудтай ярив аа” ч гэх хүн гарах юм.
Ер нь зан араншин нь ч мэдэгдэхгүй юм даа. Байгаль дэлхийн маань хүртэл ааш араншин мэдэгдэхээ болилоо доо. Хөгжил дэвшил, хүний буруутай ажиллагаанаас байгалийн тэнцвэрт байдал алдагдлаа гээд олон л зүйл дуулдах юм даа. Гэхдээ манай ард түмэн ухаантай улс. Хэн хүний хэлсэн үгийг дагах биш, өөрсдийнхөө түүх номоос хараад бүгдийг мэдэж байгаа даа гэж л бодож байна.

-Миний хувьд долдугаар сарын 1-ний үйл явдлаар жишээлэх ч юм уу хүний эмзэглэлээр их тоглоод байх шиг санагдсан?

-Би хэлсэн шүү дээ. Гарч буй жил гэдэг цаг хугацааны үргэлжлэл гэж. Тэр бол эмзэглэж болохгүй ажил. Аль ч орон гэсэн өөрийнхөө дадсан дадсан цагтаа л баяр ёслолоо хийдэг. Миний дуулснаар бол Хятад, Вьетнам, Өмнөд Солонгос гурав цагаан сараа тэмдэглэсэн юм шиг байна лээ, нэгдүгээр сарын 25-нд. Бирм, Таиланд, Лаос, Кампучи бол хийх яагаа ч үгүй.
Бүр дөрөвдүгээр cap гаргаж цагаан сартай ижилхэн баяраа тэмдэглэдэг шиг байдаг юм, халуун зунаараа байдаг газрууд даа. Төвд зэрэгт манайтай ойролцоо байгаа байх. Шар зурхайгаар тэмдэглэхээр зүгээр, Төгс буянтаар тэмдэглэхээр болохоо байчихдаг юм гэж байхгүй шүү дээ. Тэр бол ямар ч логикгүй ажил. Жишээлэхэд ноднин Хятадад хамгийн том газар хөдлөлт боллоо, банш буузнаас юм гарлаа гээд өчнөвн л юм болсон.
Тэр үед тэр болгоныг нь шар зурхайтайгаа холбож “Шар зурхайгаар cap шинээ тэмдэглэснээс ийм юм боллоо” гэж нэг ч хүн хэлээгүй байх шүү. Ерөөсөө л цаг хугацааны үргэлжлэл, байгаль дэлхийн ааш араншингаа гаргаж байгаа л явдал шүү дээ. Ертөнцийн хувьсал хөдөлгөөн, амьдралын хэм хэмнэлийг заавал тэр цагаан cap pyy чихээд байх хэрэг байна уу даа, ер нь. Хамгийн гол нь бид өөрсөд рүүгээ харан үйлийн үрийг бодох хэрэгтэй дээ.

-Гандантэгчинлэн хийдээс энэ жил тусгайлан цаг тооны бичиг гаргалаа. Энэ цаг тоолын бичгийн онцлог юу байна?

-Ер нь энэ Лит бичиг хүний нэрээр нэрлэгдэх учиргүй юм болов уу даа гэж бид бодож байгаа. Энэ бол уг гарвал хүртлээ цааш цаашаагаа холбогдоод явчих олон зууны уламжлалтай эд. Тиймзэс бид тэрний энэний зурхай гээд маргалдаад байхааргүйгээр байгууллагаасаа нэг сайхан лит гаргаж ард түмэндээ хүргэе гэж бодож хийсэн. Ард түмэн ч санал хүсэлт гаргадаг байсан. Цаашдаа бид эмнэлэг, зурхай хоёрынхоо дацанг чангатган сайжруулах, хуучин уламжлалт зурхайчдаа бэлтгэх, төгөлдөр болгох гээд олон л зүйл төлөвлөөд байна даа.

-Тэргүүн хамбын маань хувьд шинийн нэгний өдөр хэрхэн өнгөрдөг вэ, хамгийн түрүүн ээждээ золгодог уу?

-Шинийн нэгний өдөр жаахан хэцүү дээ. Битүүний шөнө арван цагаас эхлэн хурал хурж Лхам бурханаа тахина. Тэгээд шөнөжин тахиад өглөөний зургаа, долоон цагт гадаална. Гараад шууд Очир дарийнхаа дугана руу явж өндөр гэгээний бүтээсэн Очир дарь бурхандаа мандал өргөдөг. Эх болсон зургаан зүйл хамаг амьтан тэр дундаа Монголын ард түмний сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээр өргөдөг юм. Мандаж бадрахын билэгдэл болсон мандалаа өргөөд буцаж дугандаа орон лам нартайгаа золгодог. Долоо найман зуугаад хүнтэй юм чинь нэлээн хөл хөдөлгөөнтэй, их том золголт болно оо.
Золголтын дараа шинэ өдрийнхөө хурлыг эхэлдэг. Тэр хооронд Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд маань морилон ирж Жанрайсагтаа мөргөчихөөд Очир дарийн дуганд Монголынхоо ард түмний сайн сайхан, мандал бадралын төлөө мандалаа өргөнө.
Тэгээд 12 цагт гадаалаад дөрвөн цагаас ерөөлийн 15 хоногийн хурал эхэлдэг юм. Тэр хооронд төрөө дээдлэх үүднээс ордонд очиж хуваарийнхаа дагуу төрийн өндөрлөгүүдтэйгээ золгодог. Тэндээсээ гараад л эжийдээ очиж золгоно доо.
Тэр өдөр манайхан намайг хүлээгээд л сууж байдаг юм. Шөнөжин нойргүй хоносон хүн чинь нэлээн нойр хүрнэ дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын дарга нарын дотны хүмүүсээ гэртээ аваачиж шинэлдэг цагт нь бас очдог. Энэ мэтээр яваад оройны хурал энэ тэр гэсээр байтал нэг л мэдэхэд шинийн хоёрон, гурван өнгөрчихсөн байдаг даа.

-Та нийт Монголын ард түмэндээ, тэр тусмаа манай сонины уншигчдад хандан ерөөл айлтгана уу?

-Монголынхоо ард түмэнд бие биенийгээ ойлгон мэдэрч эв зүйтэй, урт настай, удаан жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.



Эх сурвалж: www.sonin.mn

Read More......

Vндэсний инновацийн тогтолцоо ба Мэдээллийн технологи” сэдэвт семинар

ХЄТЄЛБЄР


14.00 Семинарын нээлт
БСШУ-ы Дэд сайд Ч.Куланда

14.05 “Мэдээллийн технологийг хєгжvvлэх ШУТ-ийн салбарын бодлого, тvvний хэрэгжилт”
Илтгэгч: БСШУЯ-ны ШУТГ-ын дарга Б.Энхтvвшин

14.20 “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хєгжил”
Илтгэгч: МШХХТГ-ын Бодлого, тєлєвлєлтийн хэлтсийн дарга Б.Амгаланбат

14.35 “Vндэсний инновацийн тогтолцоог хєгжvvлэхэд Мэдээллийн технологийн vндэсний паркийн vvрэг, оролцоо”
Илтгэгч: МТVП-ийн ерєнхий захирал Ё.Сvхбаатар

14.50 “МУИС-ийн мэдээллийн технологийн судалгаа боловсруулалтын ажил, vр дvн”
Илтгэгч: МУИС-ийн багш, профессор Ж. Пvрэв

15.05 “Мэдээлэл, холбооны технологийн хєгжилд ШУТИС-ийн гvйцэтгэх vvрэг, цаашдын зорилт”
Илтгэгч: ШУТИС-ийн ректор Б.Дамдинсvрэн
ШУТИС-ийн ХМТС-ийн захирал Л.Батхишиг

15.20 “Интерактив компаний инновацийн vйл ажиллагаа”
Илтгэгч: “Интерактив” ХХК-ий vйл ажиллагаа хариуцсан захирал Н.Батхуяг

15.35 “Innovation and MCSE”
Илтгэгч: “Эм Си Эс Электроникс” ХХК-ий мэргэжилтэн Д.Энхбаяр

15.50 “Мэдээллийн технологийн консерциум”
Илтгэгч: Мэдээллийн технологийн консерциумын захирал Ч.Лодойравсал

16.05 “МVХАVТ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн зєвлєл” илтгэл

16.20 Хэлэлцvvлэг /Семинарт оролцогчдоос гаргах зєвлємжийн тєслийг хэлэлцэх/

17.30 Семинарын хаалт
БСШУЯ-ны ШУТГ-ын дарга Б.Энхтvвшин


Семинар нь 2009 оны 2 дугаар сарын 18-ны 14.00 цагт Мэдээллийн технологийн vндэсний паркийн хурлын танхимд болно.

Read More......