Монгол Улс ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо
Өнгөрч буй он улстөрийн хүрээнийхний хувьд, хөл хөдөлгөөнтэй, өрнүүн өнгөрлөө.
Монгол Улс амьдралынхаа нэгээхэн агшинг өөрчлөн алдаа онооны дэнсэн дээгүүр ардчиллын босгыг алхсанаас хойш 20 жил улиран оджээ. Тэр дундаа дөрвөн жилд нэг удаа болдог Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил тохиож, ардчилсан Ерөнхийлөгч сонгогдсон нь 6н цагийн билгэдэл юм болов уу.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны тавдугаар сарын 24-нд болж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж сонгогчдын 51, 24 хувийн саналаар Монгол Улсын тав дахь Төрийн тэргүүн болов. Түүний өрсөлдөгч нь МАХН-аас нэр дэвшсэн, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр байв. Монголын ногоон нам, ИЗН, Ардчилсан намыг дэмжин эвсэл болж ардчилсан зарчмаар санал хураалт явуулж эхэлснээс хойш хамгийн цөөн нэр дэвшигч өрсөлдсөн гээд энэ сонгууль онцлох үйл явдлаар баян байв. Харин шинэхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангаргаа өргөснийхөө дараа Сүхбаатарын талбай дахь Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолборын өмнө гарч, ард түмэнтэйгээ уулзаж үг хэлсэн. Түүнийг үг хэлэхэд, иргэд уухайлан баяр хүргэж байсан юм.
Түүнчлэн энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, тухайн үед сонгуулийн булхай луйвартай холбоотойгоор нийгмийн сэтгэлзүй эмзэг байхад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгуульд ялагд-"сан даруйдаа үр дүнг хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө амжилт хүссэн мэдэгдэл хийсэн нь улс төрийн хүрээнд эерэг уур амьсгал авчирсан үйлдэл байлаа. Ямартаа ч. өнгөрч буй 2009 он улстөрчдийн хувьд цоо шинэ хариуцлага, түүхийн хуудсыг нээсэн гэж болно.
Удтал дуншсан Оюутолгойн гэрээ батлагдав
2009 оны аравдугаар сарын 6. Энэ өдөр бол яах аргагүй 2009 оны онцлох үйл явдлаар тодроод зогсохгүй Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх ёстой өдөр.
Учир нь хоёр парламент, гурван ч Засгийн газрын нүүр үзэж эдүгээг хүргэсэн Оюутолгойн зэс, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал ,ажил хэрэг болж, Монгол Улсын Засгийн газар Канадын "Рио Тинто", "Айвенхоу Майнз" компанийн удирдлагуудтай хөрөнгө оруулалтын гэрээнд ёслол төгөлдөр гарын үсэг зурсан өдөр юм. Өмнийн их говиос нөөц нь тогтоогдсон цагаасаа монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татах болсон уг орд нь 22.5 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөцтэй.
Ийм л өнө мөнхийн түүхтэй энэ орд газрын хувь заяа удтал дуншсаны эцэст батлагдаж шийдвэрлэгдсэн нь улс төрийн гол хүчнүүд хамтарч Засгийн газраа байгуулсны үр дүн хэмээн ажиглагчид дүгнэж байна. Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн олборлолтын ажил эхэлмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны түвшнээс хоёр дахин нэмэгдэж гурван тэрбум ам.долларт хүрэх аж. Хамгийн гол нь ордыг ашиглах үйл явц нь дор хаяж 50 жил үргэлжлэх учир өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бид биш ирээдүй хойч үе маань ч хүртэх юм.
Ерөнхий сайд О.Баяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр хамтарсан Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр энэ оны аравдугаар сарын сүүлчээр эрүүл мэндийн байдлаас болж цаашид ажиллах боломжгүйгээ мэдэгдэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.
Тухайн үед журмын нөхөд нь сэтгэл гаргаж түүнд албан тушаалаа үргэлжлүүлэн хаших санал тавьсан. Гэвч тэрбээр эр зориг гарган хэн хүний тухлаад байдаггүй энэ нэр хүндтэй, хариуцлагатай албыг ямар ч "чөдөр, тушаа"-гүй орхисон.
Энд нэг зүйлийг онцлоход, үе үеийн Ерөнхий сайд нараас хэн нь ч ийм зоригтой алхам хийж байсангүй. Тэгээд ч С.Баяр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхдөө жинхэнэ төрийн хар хүн шиг үг хэлээд мордсон. Тодруулбал, "Тэн өргөх тэнхээтэй байхдаа чадна гээд авч болсон юм. Тэнхээ алдрахын цагт авна уу гээд буцаагаад өгөх сэтгэлийн тамиртай байх нъ төрийн хүний эрхэм чанар мөн" хэмээгээд чөлөөлөгдөж байв.
Гэхдээ "Эргэж уулзах нүүр, дахин учрах даваатай хорвоо шүү" гэж анхааруулчхаад явсан. Нөгөөтэйгүүр, аливаа асуудал хоёр талтай байдаг хойно өөр өнцгөөс энэ үйл явдлыг дүгнэж болох юм. Учир нь тэрбээр Ерөнхий сайдын сэнтийд морилонгуутаа "Таван төгөлдөршил", "Атрын III аян" гээд томоохон ажлуудыг эхлүүлсэн. Гэвч эхлүүлсэн ажил нь эхнээсээ алдаа оноо хэл ам дагуулж, зарим нэгний уурыг барсан. Тиймээс эрхэм сайд ажлын хариуцлагаас зугтсан ч байж болох шүү дээ. Эцэст нь хэлэхэд, Ерөнхий сайд С.Баяр асан улс төр гэх их айлаас бүр явчхаагүй. Улс төрийн ууган хүчний дарга, УИХ-ын гишүүн хэвээр байгаа.
Сургамж өгсөн хямрал
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай улсад нөлөөлснөөр уг салбарынхан төдийгүй, монголын нийт иргэн хүнд үеийг туулж байна.
Хямралаас шалтгаалж барилгын салбар бүхэлдээ зогсч, банкны систем ч доголдож эхлэв. Мөн иргэдийн худалдан авах чадвар буурч, ажилгүйдэл өссөөр байлаа. Ерөнхийдөө хямрал эмзэг бүлгийнхэнд ихээхэн хүнд туссан гэдгийг судалгааны байгууллагууд тэмдэглэдэг. Хяналтаас гарах хэмжээнд хүрсэн инфляцийг хазаарлах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд Төв банк мөнгөний хатуу бодлого барив. Үүний үрээр үнийн түвшин буурлаа. Гэвч нөгөө талд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа боомилогдлоо. Өнгөрсөн зургадугаар сар хүртэл арилжааны нэг ч банк зээл гаргахгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг бүхэлдээ зогсонги байдалд орсон.
Хэдийгээр хямрал сөрөг үр дагавар авчирсан ч аль салбарыг эмчлэх шаардлагатай байгааг тодруулж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, манай улс өнгөрсөн хугацаанд ашигт малтмалаас олсон орлогоо тухай бүрт нь үрсэн. Мөн нэг салбараас хэт хараат байсан билээ. Үүний уршгаар ашигт малтмалын үнэ унахад улсын орлого буурав. Хуримтлуулсан хөрөнгө байхгүй тул гадныхны гар харахад хүрсэн. Энэ бүхнээс сургамж авахыг эдийн засагчид сануулсаар байна.
Ингээд төр засаг халамжаа танаж эхлэв. Гэвч хямралын хүнд үед заавал хүүхдийн мөнгийг хасаж, тана-сан нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөхөд хүргэх нь ойлгомжтой боллоо. Хачирхалтай нь хүүхдийн мөнгийг танасан атал гишүүд 76 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй болсон нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд авав. Ямартай ч хямрал бидэнд хүнд үеийг үзүүлсэн ч сургамж өгснөөрөө давуу талтай юм.
Банкууд дампуурч, иргэдийн итгэл суларлаа
Эдийн засгийн амин сүнс болсон банкны салбар доголдож "Анод", "Зоос" банк шил шилээ даран унан, арав гаруй жилийн өмнөх үйл явдлыг давтсан нь энэ оны онцлох мэдээ байлаа.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон аудитын байгууллагууд тасралтгүй хяналт шалгалт тавьж байсан ч "Анод" банк хаалгаа барив. Төр банкны систем доголдож буйтай холбогдуулж хадгаламжид баталгаа гаргасан билээ.
Иймээс "Анод" банк дампуурахад татвар төлөгчдийн халааснаас 60 тэрбум төгрөг гаргаж өглөө. Монголбанк хяналтаа сул тавьсан гэх шүүмжлэлийг дагуулж байсан ч хариуцлага тэднээс холуур өнгөрөв. Удалгүй өмнөх улирлын тайлан нь хэвийн гарч байсан "Зоос" банк нэг л өдөр дампуурлаа зарлалаа. Ингээд тус банкийг Төрийн банк болгож, татвар төлөгчдийн халааснаас дахин 100 тэрбум төгрөг гаргах шийдвэр гаргав. Эхэн үед томоохон зээлдэгч, банкны эздэд хариуцлага тооцох тухай яригдаж байсан ч одоогоор нам гүмхэн байна. Энэ бүхнээс болж банкинд итгэх иргэдийн итгэл буурсаар байна.
Хэдийгээр татвар төлөгчдийн мөнгийг төсөвт нөхөн бүрдүүлнэ гэж байгаа ч хэзээ, хэрхэн биеллээ олохыг шууд хэлэхэд хэцүү. Ер нь дээрх үйл явдал нь банкны салбарт шинэчлэл хэрэгтэйг харуулсан гэхэд болно. Зээл авч буй компанийг зэрэглэх, бүртгэлийн системийг боловсронгуй болгох хэрэгтэйг эдийн засагчид сануулж байна. Мөн банкны эзэд, зээлдэгч нарт хариуцлага тооцох эр зориг гаргах хэрэгтэйг хэлж байгаа юм. Үүнээс гадна иргэд хэнд мөнгөө хадгалуулж байгаагаа мэдэхийн тулд банкны эздийг нэрлэх хэрэгтэй байгааг сануулж байв.
Дэлхийн хос медальтнууд төрлөө
Бээжингийн олимпод амжилттай наадсан манай тамирчдын амжилтын буухиа энэ онд үргэлжилсэн.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, П.Сэрдамба гээд улиран одож буй ондоо амжилтаар дүүрэн үдэж буй нь олон. П.Сэрдамбын хувьд сүүлийн хоёр жилд одтой, азтай, амжилт нь жигд яваа гэж хэлж болно. Тэрбээр 2008 онд Бээжинд зохиогдсон зуны XXIX олимпийн боксын 48 кг-ын жинд мөнгөн медаль, 2009 онд Италийн Милан хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан амжилттай.
Харин хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын хувьд Бээжингийн олимпод амжилт үзүүлээгүй ч Афины олимпийн хүрэл медальт тэрбээр Голландын Роттердам хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан. Мөн эх орондоо болсон "Дэлхийн цом"-ын тэмцээнд түрүүлж самбо бөхийн дэлхийн хошой аварга болж байсан юм. Дэлхийн чихийг дэлдийлгэж чансаатай тамирчдын тоонд зүй ёсоор багтсан тэдний хөдөлмөрийг үнэлж "Үндэсний олимпийн хорооноос жил бүр зохион байгуулдаг "Бөртэ чоно" наадмын энэ жилийн шилдгийн шилдэг, шилдэг тамирчдаар тодруулсан юм.
Дашрамд дурьдахад, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар энэ шагналын эзнээр гурав дахь удаагаа тодорч буй юм.
Спортын салбарынхан маань амжилт арвинтай байсны бас нэгэн жишээ нь Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд О.Лхагвасүрэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн XXI олимпоос жүдо бөхийн 81 кг-ын жинд 37 настай Д.Очбадрал нар аваргын алтан медаль, 17 настай хүү Н.Төгсцогт боксын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн явдал юм.
Гахайн ханиад эрдэнэт хүний амийг авсаар байна
Дэлхий нийтийг цочроосон томуугийн А хүрээний Н1 N1 вирус буюу гахайн ханиад манай улсыг тойрсонгүй.
Аравдугаар сарын 3-нд Япон улсаас эх орондоо ирсэн эмэгтэй гахайн ханиадаар өвчилсөн нь тогтоогдоход Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс түргэн авлаа. Гэвч энэ сүржигнэл удаан үргэлжлээгүй. Сайд, дарга нар "гайгүй ээ" хэмээн иргэдээ тайвшруулж байх хооронд төмөр замын эмнэлэгт гахайн ханиадаар нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв. Төр засаг байдал бишдэж байгааг ойлгосон бололтой эмзэг бүлгийнхэнд аарц, чацаргана уулгаж эхэллээ.
Гэвч хоёр сар гаруйн дотор 1200 гаруй хүн өвчлөөд байна. Эдгээрээс 28 хүн нас барсан нь өнгөрсөн өдрүүд ямар хар бараан байсныг харуулж байна. Цөөн хүн амтай манай улсын хувьд дээрх тоо дэндүү их юм. Олон хүн хорвоог орхисны дараа одоо л нэг юм вакцин оруулж ирж, хамгийн түрүүнд өвчинд өртөх магадлалтай бүлгийхэнд хийж эхлээд байна. Гахайн ханиад намжсан гээд санаа амрах эрх хэнд ч байхгүй. Шинэ жилээр хөл хөдөлгөөн их байдаг. Шинэ оны эхээр дэгдэлтийн шинэ давлагаа дахин ирнэ хэмээн анхааруулж байгаа. Гахайн ханиад манай улсад хурдацтай тархсан нь эрүүл мэндийн байгууллагуудын техник хэрэгслийг нэмэгдүүлэх, уг салбарт шинэчлэлт хийх хэрэгтэйг ч харуулсан. Дээрх вирус хувьсан өөрчлөгдөж, эмэнд дасал болж байгаа нь хамгийн аюултай юм.
Хаалттай үлдсэн нээлттэй сонсгол
Өнгөрөгч оны долдугаар сарын 1-нд МАХН-ын үүдэнд болсон үймээний талаар анх удаа УИХ-аас "Долдугаар сарын 1 ба Хүний эрх" сэдэвт нээлттэй сонсгол хийлээ.
Монгол Улсын түүхэнд хар толбо үлдээсэн энэ өдрийн үйл явдлыг дүгнэх ажлын хэсгийг УИХ-аас томилоод буй. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ахалж, гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр нар ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар ажлын хэсэгт үймээний үеэр галт зэвсэгт өртөн амь насаа алдсан, хүнд гэмтэл авсан иргэд өргөдлөө ирүүлээд байгаа аж. Мөн цагдаад зодуулж, хилс хэрэгт гүтгэгдсэн гэх 18 хүн түүнчлэн шүүх прокурор хэт нэг талыг барьж асуудлыг шийдсэн гэж 13 хүн гомдол гаргажээ.
Харин уг нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл даргалж, улс төрийн гол хүчнүүдээс нэр бүхий гишүүд оролцов. Харин прокурорын байгууллагаас нэг ч хүн ирсэнгүй. Уг нь нээлттэй сонсголыг зохион байгуулж буй албаны хүмүүсийн зүгээс тус байгууллагад "урилга" хүргүүлсэн аж. Гэхдээ иргэдэд долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөхөөр зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт ялын дүгнэлт уншсан прокурорууд ирээгүйг Ц.Мөнх-Оргил гишүүн зөвтгөөд энэ хэлэлцүүлгийг давж заалдах шатны шүүх хурал биш гэв. Уг хэргийг шүүсэн шүүгч нарыг шүүгээд байх хэрэггүй гэдгийг ч тэрбээр хэлж байсан юм. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүгч нар ямар зүйл дээр алдаа гарсныг хэлэлцэж байгаа болохоос биш бид шүүгч нарыг шүүгээгүй хэмээж байсан. Прокурорын байгууллагаас ямар ч хүн ирээгүй, гэтэл тэднээс асууж, тодруулах зүйл байгаа гэдгийг Х.Тэмүүжин гишүүн энэ үеэр онцолж байсан юм. Түүнчлэн энэ өдрийн нээлттэй сонсголд хохирогчид болон цагдаагийн байгууллагын удирдлага, өмгөөлөгчид оролцсон юм.
Байгалийн гамшиг олон гэр бүлийг хагацалд унагав
Байгалийн дараалсан гамшгууд олон гэр бүлд хагацал, зовлон авчирч, уй гашуунд автууллаа.
Долдугаар сарын дундуур орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлд зургаа, орон нутагт 18 хүн хорвоог орхисныг иргэд одоо ч санаж байгаа билээ. Эрдэнэт хүний амиас гадна олон айл өрх, албан байгууллага эд материалын хохирол амссан юм. Байгалийн хилэн ингээд намдсангүй. Есдүгээр сарын дундуур цасан шуурга шуурч, орон нутагт зорчих нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаав. Олон хоног нүүр нүдгүй шуурсан шуурганы уршгаар мөн л эрдэнэт хүмүүс эндлээ. Мөн олон тонн тариа буудай цасанд даруулж, автомашины осол ч нэмэгдэв.
Өнгөрсөн долоо хоногоос эхэлж ихэнх нутгаар цасан шуурга шуурч, зарим нутгаар 49 градус хүртэл хүйтэрч байна. Гэнэтийн энэ үзэгдлээс болж хоёр хүн амь насаа алдаад байгаа юм. Үүнээс гадна олон тооны мал хорогдож, малчид зутарч байна.
Түүнчлэн, элдэв гамшигт өртөж амь насаа алдсан хүний тоо нэг, хоёроор тогтохгүй. Энэ бүхнийг нэгтгэвэл байгалийн гамшигт өртөж нас барсан хүний тоо гурван орон руу шилжиж буйн харамсалтай. Монгол Улсын хамгийн том баялаг бол эрдэнэт хүн билээ. Иймд иргэндээ хандсан халамж үгүйлэгдэж буйг иргэд сануулж байсан. Байгалийн элдэв гамшиг тохиох болсныг хөгшид байгаль дэлхийдээ хайр гамгүй хандсаных хэмээн анхааруулж буйг санахад илүүдэхгүй биз.
Шиврээ бороогоор "уйлсан" ялалтын өглөө
Эр цэрэг хүндэтгэн, гашуудлын хөгжим эгшиглэхэд мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдөө эргэн дурсаж ахмад дайчид толгой гудайлган ёсолно.
Энэ бол эх орноо халуун амиараа хамгаалж, эрэлхэгээр амь үрэгдсэн дайчин эрсийн дурсгалын өдөр, Халхын голын түүхт их ялалтын 70 жилийн ой байлаа. 2009 оны есдүгээр сарын 2. Энх цагийг авчирсан их үйлсийг нь хойч үе, амьд үлдсэн дайчин нөхөд нь эргэн дурсаж Дорнод аймгийн Халх гол сумын нутагт, дайны талбарт босгосон хөшөөнүүдэд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм.
Халхын голын дайнд нийтдээ 30 гаруй мянган хүн амь үрэгдсэн байдаг. Энэ их хүчээр олдсон эрх чөлөөг энх цагийн бид хэзээ ч мартахгүй гээд дайны талбар болсон газруудаар эмгэнэл илэрхийлэн тойрсон.
Командын байр, нуувч байрлах газар нь бөмбөгдөлтөд сүйдэж, газартай тэгшрэн эдгэрсэн ч "Бид энд мөнх нойрсож байгаа юм шүү" гэдгийг нь гэрчлэх шиг тэдний дээр долоогоно жимс олноор ургажээ. Сураггүй болсон аавыгаа тэрхүү газарт байгаа ч юм билүү гэсэндээ үр хойч нь нуувчны аман дээр цэцэг өргөн, нүдэндээ нулимстай эмгэнэн гашуудаж, хэсэгтээ л чимээгүй зогсов.
Ийнхүү сэтгэлдээ эмзэгхэн гашуудал тээсэн олон, бахдал өвөртөлсөн зочид ялалтын хөшөө тийш хүлгийн жолоо заллаа.
Амь үрэгдсэн баатруудын хөшөө хүрэхэд хүйтнээр үлээж, бороогоор "уйлж" байсан тэнгэр ялалтын хөшөөнд хүрэхэд цэлмэн, нарны туяагаар шарахад ялалтын хөгжим эгшиглэж, баярын марш цангинав. Энэ бол 2009 онд болсон Халхын голын түүхт ялалтын 70 жилийн ойд тохиосон онцлох мөчүүдийн нэг байлаа. Түүнчлэн Халхын голын түүхт их ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев манай улсад айлчилж дайчдад хүндэтгэл үзүүлсэн. Мөн Монгол-Оросын 70, 70 залуус Халхын голын ялалтын 70 жилийн ойд зориулан телевизийн шоунд оролцсон нь онцлох үйл явдал боллоо.
www.gogo.mn
Read More......