2009 онд дэлхий дахинаа болсон 10 гол үйл явдал
"Нийгмийн толь" сонин 2009 онд дэлхийн дахинаа болсон хамгийн гол 10 үйл явдлыг нэрлэж байна.
1.Барак Обама засгийн эрх барьсан эхний жил
Улиран одож буй оны нэгдүгээр сард АНУ-ын түүхэнд хамгийн өндөр өртөгтэй ёслол үйлдэн тангаргаа өргөсөн Америкийн анхны хар арьст ерөнхийлөгч Барак Обамад зөвхөн улс оронд нь төдийгүй дэлхий нийтээрээ ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа. Тэр ч энэ итгэлийг алдахгүйн төлөө засгийн эрх барьсан эхний жилдээ нэлээд хичээлээ.
Обама АНУ-ыг санхүүгийн хямралаас гаргахын тулд эдийн засгийг тогтворжуулах төлөвлөгөөг баталсан нь дотооддоо хэрэгжүүлсэн хамгийн том арга хэмжээ болсон. Харин олон улсын тавцанд тэрбээр дэлхий дахинаа тогтоосон Америкийн имижийг өөрчлөхөд ихээхэн хүчин чармайлт тавьжээ. Юун түрүүнд тэр-бээр Орос, Америкийн харилцааг сайжруулахад их анхаарч, энэ нь ч үр дүнгээ өглөө. Зүүн Европт пуужингаас хамгаалах төхөөрөмжөө суурилуулах төлөвлөгөөнөөсөө Америк татгалзав. Үүний оронд АНУ Афганистан дахь цэргийн хүчээ 30 мянган хүнээр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Барак Обама Нобелийн энх тайвны шагнал авсан нь багагүй шуугиан тарьсан. Нэг хэсэг нь түүнийг хийсэн зүйлийнх нь төлөө биш амлалтынх нь төлөө шагналаа гэж үзэж байв.
2.Копенгагены дэлхийн дулааралтай тэмцэх чуулган
Данийн нийслэл Копенгагенд дэлхийн 193 оны төлөөлөгчид, тэр дундаа 110 улсын төрийн тэргүүн оролцсон дулааралтай тэмцэх НҮБ-ын чуулган боллоо.
Энэ нь хүн төрөлхтний түүхэнд цаг агаарын асуудлаар хуралдсан хамгийн том чуулга уулзалт болсноороо онцлог юм. Чуулганы эцэст гаргасан Копенгагений зөвшилцөл нэртэй гурван хуудас баримт бичигт манай гаригийн агаарын хэмийн өсөлт хоёр хэмээс хэтрэхгүй байхаар тогтжээ.
3. "Их хорь"-ийн уулзалт
"Их хорь"-ийн гурав дахь чуулга уулзалт дэлхийн эдийн засгийн хямралын асуудлаар боллоо.
Дэлхийн тэргүүлэгч орнуудын төр, засгийн удирдагчид санхүү, эдийн засгийг тогтворжуулахын тулд бүтэн жилийн турш авч хэрэгжүүлсэн ажлаа дүгнэв.
4.Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр боллоо
Арваннэгдүгээр сарын эхээр Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаус Лиссабоны гэрээнд гарын үсэг зурснаар Европын холбооны гишүүн бүх улс уг гэрээг хүлээн зөвшөөрөв. Лиссабоны гэрээ ёсоор Европын холбоо ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайдтай болохоор боллоо. Арваннэгдүгээр сарын 19-нд тус холбооны анхны ерөнхийлөгчөөр Бельгийн ерөнхий сайд Хермана ван Ромпейг санал нэгтэй сонгожээ. Харин гадаад хэргийн сайдаар тус холбооны худалдаа эрхэлсэн комиссар Кэтрин Эштоныг батлав.
5.Зэвсэглэлийг хязгаарлах гэрээ хэлэлцээрүүд
Орос ба АНУ өнгөрч буй жилд бие биедээ болон дэлхий дахинд "хүйтэн дайн" аль хэдийн ард үлдсэн гэдгийг нотлон харуулахыг хичээлээ.
Арванхоёрдугаар сарын 5-нд ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан стратегийн довтолгооны зэвсгийг хязгаарлах гэрээний хугацаа дууссан.
Жилийн хугацаанд хоёр тал шинэ гэрээнд орох бие биедээ тавих хяналт, шалгалтын механизмын талаар тохиролцоонд хүрч чадсангүй.
Шинэ гэрээнд 2010 оны нэгдүгээр сард гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа.
6.Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн туршилт
Хойд Солонгос өнгөрч буй онд дэлхий нийтийг хоёр удаа цочроолоо.
Дөрөвдүгээр сарын 4-нд олон шатлалт пуужингийн систем, тавдугаар сарын 25-нд цөмийн зэвсгийн туршилт хийсэн.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ улам чангатгах шийдвэр гаргав.
Пхеньян энэ шийдвэрийг "дайн зарласан" явдал хэмээн үзэж цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээрээс татгалзсан.
Гэвч оны сүүлээр Пхеньян хэлэлцээрийн ширээний ард эргэн суух талаар Вашингтонтай яриа хэлэлцээр хийж эхэллээ.
7.Дэлхийг түгшээсэн "гахайн ханиад"
А хүрээний H1N1 вирүс буюу "гахайн ханиад" нэр авсан шинэ төрлийн өвчнөөр өвдсөн анхны тохиодол Мексик, АНУ, Канадад бүртгэгдэж, улмаар маш хурдацтайгаар дэлхий даяар тархсан.
Арванхоёрдугаар сарын 6-ны байдлаар энэ ханиадны улмаас дэлхий даяар 9596 хүн нас барж, өвчлөл 208 оронд бүртгэгдээд байна.
Одоо европын ихэнх орнуудад ханиадны өвчлөл буурч эхэлжээ.
8.Афганистаны дуулиантай сонгууль
Наймдугаар сарын 20-нд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ч сөрөг хүчин сонгууль будлиантсан хэмээн эсэргүүцэж, дахин сонгууль явуулахаар болсон.
Гэвч Карзайн гол өрсөлдөгч Афганистаны Гадаад явдлын сайд асан Абдулла Абдулла улс орныхоо цаашдын тогтвортой байдлын төлөө хэмээн нэрээ татаж авснаар дахин сонгууль болсонгүй.
9.Попын хаан таалал төгсөв
Попын хаан Майкл Жексон өвчин намдаах эм хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан нь дэлхийн хөгжмийн урлагт томоохон гарз боллоо.
10.Шиньжан-Уйгарын эмх замбараагүй байдал
Манай өмнөд хөршийн Шиньжан-Уйгарын автономит мужид эмх замбараагүй байдал үүссэнээс 197 хүн амь насаа алдаж, 160 гаруй хүн шархдаж гэмтсэн байна. Хятадын засгийн газар арми болон цагдаагийн анги нэгтгэлийг Урумчид оруулж эмх замбараагүй байдлыг хүч хэрэглэн дарлаа. Үүний дараа болсон шүүх хурлуудаар эмх замбараагүй байдалд оролцсон, өдөөн турхирсан олон арван уйгар иргэдэд цаазаар авах ял оноов.
www.gogo.mn
0 comments:
Post a Comment