Х.Хатанбаатар: Шалгалтын өмнө хичээлээ уншдагаас ой тогтоолт сайжирсан байх



Ой тогтоолтын дэл­хийн аварга шалгаруулах "Memoriad" тэмцээнд орол­цоод ирсэн Х.Хатан­баатартай уулзав. Тэрээр минутад 1000 үг уншиж утгыг нь бүрэн ойлгодог нэгэн. Хормын дотор хэ­дэн арван оронтой тоо­ны нийлбэрийг гаргаж чадна. Х.Хатанбаатар Тур­кийн Анкара хотын ГАЗ-ийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Одоо үргэлжлүүлэн ма­гист­рантурт сурч байгаа юм байна.

-Ой тогтоолтын дэл­хийн аварга шалгаруулах тэмцээнд ямар амжилттай оролцсон бэ?
-Энэ оны есдүгээр сарын 7-нд Турк улсын Ой тогтоолт болон фото түргэн уншлагын аварга шалгаруулах тэм­цээнд оролцсон. Фото түргэн уншлагын төрөлд мөнгөн медаль хүртэж, ой тогтоолтын төрөлд тавдугаар байр эзэлж дэлхийн аваргад оролцох эрх авсан юм. Тэгээд өнгөрсөн аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд Туркт болсон дэл­хийн аваргын тэмцээнд оролц­­сон. Энэ тэмцээн дөр­вөн жилд нэг удаа болдог юм. Дараагийнх нь АНУ-д болно. Тэмцээн ой тогтоолт, цээж тоо гэсэн төрлөөр явагдсан. Энэ тэмцээнд 20 гаруй орны 40-өөд тамирчин оролцсон. Дэлхийн рекорд тогтоож, Гин­несийн номонд орж байсан алдартнууд ч ирсэн. Монго­лоос анх удаа би оролцсон. Үүгээрээ бахархаж байгаа. Ой тогтоолтын төрөлд наймд орсон ба цээж тооны төрөлд 17 тамирч­наас аравдугаар байрт орсон.

-Өөрөө төрөлхийн ой тогтоолт өндөртэй хүн үү?
-Үгүй л дээ. Энэ бол ми­ний төрөлхийн авьяас биш. Би ой тогтоолтын техникийг эзэмшсэн. Фото уншла­гын төрлөөр гурван жилийн өм­нөөс хичээллэж эхэлсэн. Яагаад энэ төрлөөр хичээл­лэх бол­сон бэ гэвэл, тухайн үедээ би бас л залхуу оюутан байсан юм шиг байгаа юм. Шалгал­таа дөхүүлж хичээлээ давт­даг байлаа. Тиймээс л тэр төрлөөр хичээллэхээр шийд­сэн. Ингээд янз бүрийн сур­галт семинарт суудаг болсон. Үүний үр дүнд ми­нутад 1000 гаруй үг уншиж, түүнээс ойл­гох чадвар 80 хувьтай болсон доо. Энэ бол авьяас биш. Ямар ч хүн хөгжүүлж болдог чадвар. Би ой тогтоолтын техникийг жил гаруйн өмнөөс эзэмшиж эхэл­сэн. АНУ-д жилийн ху­гацаанд хэлний сургалтад сурч байхдаа ой тогтоолттой холбоотой олон сурах бичиг цуглуулж судал­сан. Тухайн үедээ тэмцээн уралдаанд оролцох бодол байгаагүй. Найз нөхдийнхөө зөвлөсний үндсэн дээр тэр тэмцээнүү­дэд орсон. Өмнө нь ийм ой тогтоолтын тэмцээнийг теле­визээр хараад бас л гоц авьяастай хүмүүс байдаг юм байна гэж боддог байсан. Харин одоо өөрөө энэ бүхнийг суралцсан болохоор хэн ч ой тогтоолтоо сайжруулж боло­хыг мэдлээ.

-Фото түргэн уншлага гэдгийг юу гэж ойлгох вэ. Ер нь энэ бүхнийг сурах аргачлалаа энгийнээр тайл­барлаач?
-Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Хүмүүст мэдээллийн эрэлт хэрэгцээ асар их байгаа. Ийм нөхцөлд уг шаардлагыг хан­гахын тулд ямар нэгэн мате­риалыг түргэн уншиж, ойлгох нь чухал гэсэн үг л дээ. Эхлээд ой тогтоолт, фото түргэн уншлагын түүхийн талаар товч дурдах хэрэгтэй байх. Ой тогтоолт гэдэг бол цоо шинэ зүйл биш. Эртний Грек, Ро­моос гаралтай. Ту­хайн үеийн уран илтгэгчид ард түмнээ татахын тулд цаас харах­гүйгээр дэс дараалал­тай ярьж чаддаг байжээ. Тэр нь энэ ой тогтоолтын аргыг эзэмш­сэнийг харуулж байгаа юм. Ой тогтоолтын арга нь нийгмийн бүхий л давхаргын хүмүүст хэрэгтэй. Магадгүй хүн гу­дамжинд явж байгаад хэн нэгэнтэй таарахад нүүр ца­райг нь харсан мөртөө нэрийг нь санадаггүй зэрэг асуудал олон гардаг. Эдгээрт ой тог­тоолт тус нэмэр болдог. Мөн оюутан сурагчид энэ техни­кийг ашиглан шалгалтад бэл­дэхгүйгээр онц авах бо­ломж­той. Биднийг бага байхад багш, эцэг, эхчүүд хэлдэг байсан даа. "Чи бодооч, сэт­гээч" гэж. Үүний үр дүнд бид гайгүй бодож, сэтгэдэг бол­сон. Гэх­дээ зөвхөн зүүн тар­хиныхаа үйл ажил­лагааг али­вааг цээжилж, тог­тооход ашиг­­­ладаг. Харин тар­хиныхаа баруун хагас бөм­бөлгийг бага ажиллуулдаг. Уг нь энэ хоё­рыг тэнцвэртэй ашиглас­наар аливаа зүйлийг илүү тогтоож, ойлгоно. Учир нь тархины баруун хагас бөм­бөлөг нь өнгө ялгах, төсөөлөх, зөгнөх, орон зайн баримжаа авах чадварыг бий болгох үүрэгтэй байдаг. Жишээ нь нэг үзэг байлаа. Түүнийг хүн логик утгаар нь юм бичдэг л гэж ойлгоно. Харин тархины­хаа зүүн бөмбөлгийг хөгжүүл­сэн хүн бол тэр үзгийг тийм өн­гөтэй гэх зэргээр нь тө­сөөлж бодсоноор ой ухаандаа тог­тоож байна гэсэн үг юм. Фото түргэн уншлага гэдэг бол текстийг үг үгээр нь уншдаг­гүй. Сайн дасгал хийгээд ирэхээр гурван үгийг нэг болгож хардаг. Таван үгийг нэг болгож хардаг болоод сүүл­дээ бүр мөр мөрөөр нь уншиж ойлгодог болсон байх жи­шээтэй. Би текстийн гурав дахь мөрөөс эхлээд S хэлбэ­рээр унших техниктэй.

-Ингэж хурдан унши­хаар тухайн зүйлээ бүрэн ойлгох уу?
-Үүнийг янз бүрийн аргаар судлаад үзчихсэн байдаг. Хүн ном уншихдаа анхаарлаа төвлөрүүлбэл ойлгох чадвар нь ихэсдэг шүү дээ. Бид нэгдүгээр ангиасаа эхлээд уншиж сурдаг. Тэгээд гурав­дугаар ангидаа дунджаар 200 гаруй үг л уншдаг. Гэтэл хүний тархины хүлээж авах үгийн тоо 500-1000 үг байдаг. Тэгэ­хээр бидний тархинд 300 үгийн орон зай байна гэсэн үг. Энэ орон зайд хүмүүсийн анхаарал өөр зүйлд сарнидаг. "Өглөө гэрээсээ гарахдаа гэрлээ унтраасан болов уу, хичээл тараад хаачих билээ" ч гэдэг юм уу ийм өөр бод­лууд юм уншиж байх явцад толгойд нь эргэлдэж байдаг. Тиймээс л хүн уншсан зүйлээ бүрэн төгс ойлгохгүй байгаа хэрэг. Харин хүн минутад 500-1000 үг уншдаг болчих­вол анхаарал төвлөрч бүрэн гүйцэд ойлгодог болно гэсэн үг. Өнөөдөр хурдан уншил­тын дэлхийн рекордыг тог­тоосон хүн минутад 3500 үг уншиж байна. Ойлгох чадвар 80 гаруй хувьтай байгаа. Энэ техникийг эзэмшсэн хүн жи­рийн хүний нэг цаг унших текстийг 15 минутад уншдаг. Үг үгээр нь уншихгүй. Гол утгыг нь ойлгож уншихад учир нь байгаа юм. Текстэд байгаа түүхэн он тоолол, онцгой хүний нэр, газар усны нэрийг ялгаад харчихдаг. Эцэстээ нэг хууд­санд байгаа текст бүхэлдээ тэр хүний нүдэнд харагддаг болчихно.

-Дунд сургуулийн хүүх­дүүд шүлэг цээжлэх гэ­ж зовдог. Өөрийн тань хувьд урт бадагтай шүл­гийг хэ­дий хугацаанд яаж цээ­жилдэг вэ?
-Хүмүүс уламжлалт ар­гаараа шүлгийг ч юм уу, гадаад үг болон дууны үгийг хэд дахин давтаж уншаад байдаг. Гэтэл маргааш нь дахиад л мартчихдаг. Харин энэ бүгдийг зөвхөн нэг ун­шаад л цээжлэх боломжтой. Шүлгийн нэг мөрт байгаа түлхүүр үгийг нь сонгож авна. Тэр үгийн цаана маш олон утга илэрхийлэгдэнэ. Үүнийг төсөөлөн бодох чадвараа ашиглан цээжилнэ. Дараагийн мөрт байгаа түлхүүр үгийг авч мөн төсөөлөн бодоод холбоод явчихдаг. Энэ нь тэр механик цээжлэлтээс хорь дахин илүү үр дүнтэй. Миний хувьд 30 мөртэй шүлгийг 3-5 минутад цээжилдэг болсон. Дуртай дууныхаа үгийг ч гэсэн харж байгаад ийм хугацаанд цээ­жил­чихнэ. Энэ аргын талаар би удахгүй оюутан залууст зориулж лекц унших гэж байгаа.

-Лекцээ хаана хэдэн удаа унших вэ?
-Маргааш (өнөөдөр) лек­цээ уншиж эхэлнэ. Монголын 20 гаруй их, дээд сургууль дээр очиж унших юм. Мөн хүмүүсийн боломжгүй гэж үзсэн үзүүлбэрүүдийг үзүү­лэ­хээр бэлтгэсэн байгаа. Оюутнуудаар өөрсдөөр нь ч хийлгүүлнэ.

-Ой тогтоолтын дэл­хийн аварга шалгаруулах тэмцээнд ямар даалгавар гүйцэтгэснээ танилцуулбал сонин байх?
-Ой тогтоолтын төрөлдөө хөзөр цээжилсэн. 50 ширхэг хөзрийг хоёр минут 30 секун­дэд цээжилж байсан. Гэхдээ нэг алдсанаас болоод гурав­дугаар байраа ухрааж найм болгож хойшлуулсан л даа. Энэ төрөлд 65 секундэд хөзөр цээжилсэн амжилтаар 48 настай герман хүн түрүүлсэн. Цээж, тоо төрөлдөө арван оронтой арван тооны нийл­бэрийг нэг минутад олох зэрэг даалгавар гүйцэтгэсэн. Най­ман оронтой хоёр тооны үрж­вэрийг 30 секундэд хэлнэ. Мөн зургаан оронтой тооны квадрат язгуур олох жишээ­тэй. Би түүхт он тооллын төрөлд оролцсон. Энэ нь юу вэ гэхээр 1600-2099 оны хоорондох он, сар, өдрүүдийг хэлэх ёстой. Тухайлбал, 1785 оны тавдугаар сарын 3 хэд дэх өдөр вэ гэдгийг хэлнэ. Түүхт он тооллын төрөлд Голландын тамирчин түрүүл­сэн. Энэ хүн нэг минутад 56 өдөр олсон. Би 17 өдөр олсон. Гэ­тэл аварга болсон хүн маань дөрвөн жилийн өмнө 19 өдөр олж хүрэл медаль авч байсан юм билээ. Ингээд бодохоор дөрвөн жилийн до­тор ямар их хөдөлмөрлөсөн нь харагдаж байгаа юм. 10 багц 520 хөзрийг нэг цагийн дотор цээжилж байгаа. Сая болсон дэлхийн аваргын тэмцээнд оролцсоноор би хэд хэдэн уралдаанд оролцох урилга авсан. Ирэх долдугаар сараас эхлэн энэ тэмцээнүү­дэд оролцохоор өөрийгөө бэлтгэж байна. Тухайлбал, Английн нээлттэй тэмцээн, мөн ирэх аравдугаар сард болох дан ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцоно.

-Хөзрийг яаж цээжилнэ гэсэн үг вэ?
-50 хөзөртөө бүгдэд нь дүрс орлуулаад төсөөл­чих­дөг. Тэгээд үүндээ холбох, орон зайн аргаа ашиглаад цээжилчихнэ. Төсөөлж бодох зүйл аль болох хөгжилтэй байх хэрэгтэй. 520 хөзөр цээжлээд гуравдугаар багцын 27 дугаар хөзөр юу вэ гэхэд л би хэлж байх ёстой. Сая дэлхийн аваргын тэмцээд 14 дүгээр хөзөр бундын тав байх ёстой байсныг ноён гэж хэ­лээд алдчихаж байгаа байх­гүй юу. Тухайн үедээ төсөөл­лөө хольж хутгаад сандар­чихсан л даа.

-Ийм тэмцээнүүдэд өөрөөс чинь гадна оролц­дог монгол хүн байдаггүй юм уу?
-Ой тогтоолтын тэмцээн дэлхийд 1991 оноос хойш зохиогдсон юм билээ. Энэ хугацаанд ер нь монгол хүн орж байгаагүй гэсэн. Би л анх удаа орж байгаа.

-Энэ талаар хичээл заах бодол бий юу?
-Мэдээж хувь хүмүүс, албан байгууллагууд санал тавибал татгалзахгүй. Би фото түргэн уншлага, ой тог­тоолтын урлаг гэж хоёр ном бичиж байгаа. Монголдоо ирээгүй тав зургаан жил бол­сон. Мөн өмнө нь ном бичиж байгаагүй. Тиймээс тэр ном үгийн баялаг муутай, най­руул­гын маш их алдаатай болох байх. Тэгэхээр хэл шинж­лэлийн хүмүүсээр түү­нийгээ редакторлуулаад он гарахаар хэвлүүлнэ. Энэ нь оюутан, залуус ер нь хүмүүст их хэрэгтэй зүйл болно гэж бодож байна.

Ер нь өөрийн гэсэн шавь­тай болмоор байна. Одоо 20 багц 1020 хөзрийг нэг цаг цээжилж байгаа хүн бий. Гэтэл тэр­нээс би хоёр дахин бага хөзөр цээжилж байгаа. Тиймээс надад бэлтгэл их шаард­лагатай. Бас туслах, хамтарч бэлтгэл хийх хүн хэрэгтэй.

-Өөрөө харсан, уншсан бүх зүйлээ тогтоочихдог юм уу?
-Юм болгоныг гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ хүссэн бүхнээ тогтооно. Би одоо хуульч мэргэжилтэй. Туркийн хуулиудыг ерөнхийдөө мэдэж байгаа. Одоо Монголын хуу­лиудаа эхнээс нь уншаад судалж байна.

-Тэгвэл цээжилснээ мар­­тана биз...
-Хүн юм уншчихаад март­чихлаа гэж ярьдаг. Үнэндээ мартаагүй байхгүй юу. Нэг сэжүүр хэлэхэд л март­сан зүйлээ хүн эргээд сана­даг. Надад ч гэсэн мартах зүйл бий л дээ. Саная гэснээ санадаг.

-Өөрөө хэдэн настай вэ. Гэр бүлийнхэн чинь хаана байдаг вэ?
-25 настай. Би Сэлэнгэ аймгийнх. Манайх Зүүн­ха­раад байдаг. Наймдугаар ангиа төгсөөд Дарханы Мон­гол-Туркийн хамтарсан сур­гуульд суралцаад МУИС-ийн улс төрийн ангид элссэн. Тэндээсээ Турк руу явсан.

-Туркээс ирээд Монгол­доо ирж ажиллах уу?
-Ерөнхийдөө би сургуулиа төгсчихсөн. Ирэх тавдугаар сард дипломоо аваад энд ирж ажиллана. Хоёр, гурван га­зарт ажилд орохоор очсон. Нааш­тай хариу ч хэлсэн бай­гаа. Миний эмэгтэй дүү Туркт анагаахын чиглэлээр сурч байгаа. Тэр бас ой тогтоолтын аргыг ашиглаж хэл сурч байна.

-Ой тогтоолтын аргаар хэл яаж сурах вэ?
- Монголд гадаад хэлний сургалтад маш их хөрөнгө зарцуулж байна л даа. Энэ нь ч зөв. Сургалтын төвүүд янз бүрийн аргаар зааж байна. Гэхдээ хэл сурахдаа үг цээж­лэх хэрэгтэй. Зүгээр цээжлэх биш төсөөлөх аргыг ашиглан цээжлэх нь үр дүнтэй. Жишээ нь англи хэлний rich гээд үг байна. Баян гэсэн үг. Гэтэл үүнтэй дуудлага нь төстэй монгол үг хайя. Ирээч гэдэг үг байгаа биз. Ингээд төсөө­лөн бодох ёстой. Одоо өөрийн чинь хувьд жишээ татвал, танай найз залуу нэгэн баян бүсгүй рүү явчихлаа гэж бод. Тэр үед та түүнийг ирээч гэж дуудна гэдэг ч юм уу ингээд бодоход ирээч гэсэн үгнээс rich гэдэг үгийг санаж байх жишээтэй. Ингээд л энэ үгийг хэзээ ч мартахгүйгээр цээжилнэ. Миний хувьд ийм маягаар 80 орчим үгийг 30 минутад тогтоодог.

-Одоогийн байдлаар өөрөө хичнээн ном, шүлэг цээжилчихсэн байна?
-400 хуудастай номыг дөрөв, таван цаг уншиж бай­гаа. Сүүлийн үед тэмцээн уралдаан гээд нэг их ном уншсангүй. Хамгийн сүүлд өчигдөр Б.Гэрэлийн "Илтгэх эрдмийн мөнгөн түлхүүр" гэдэг номыг хоёр цаг уншаад дуусгалаа.

-Ой тогтоолтыг амьд­ралд өөрөөр яаж хэрэглэж байна?
-Хүний утасны дугаарыг утсандаа бус толгойдоо бич­чих боломжтой. Тоо гэдэг чинь өөрөө хийсвэр зүйл учраас цээжлэхэд хэцүү. Харин түүнийг хялбар болго­хын тулд дугаарын нэг тоог үсгээр орлуулчихдаг. Үсгүү­дийнхээ дагуу тоогоо тэм­дэглээд үг зохиож цээжилнэ. Жишээ нь, сагс тоглох хоб­битой манай нэг найзын утас­ны дугаарыг цээжлэхдээ мэ­дээж эхний хоёр тоог нь аль үүрэн телефоных вэ гэдгээр нь мэдэж байгаа. Тэгэхээр сүүлийн тоонуудад нь үсэг байрлуулна. 039397 гэдэг тоонд том бөмбөг гэдэг үг орлуулчихаж байгаа юм. 0-ийг нь Т үсгээр, 3-ийг М үсгээр, 9-ийг Б, долоог Г үсгээр ор­луулаад дугаарыг нь цээ­жилчихнэ гэсэн үг. Манай найз том биетэй сагс тоглодог учраас энэ үг дугаарыг нь илэрхийлж чадаж байна. Ин­гэхээр надаас түүний утсыг асуухад хэзээд ч санана. Мартахгүй.

1 comments:

  1. Anonymous said...

    Үнэхээр хэрэгтэй бөгөөд сонирхолтой мэдээлэл байна шүү. Баярлалаа

    Би бас өөрөө энэ чиглэлээр нилээн сонирхолтой. Юм цээжилж, тогтоохдоо аль болох төсөөлж, холбохыг хичээдэг.

Post a Comment