Бүсгүй хүн...



Хорвоод хүн болон мэндлэнэ гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтох лугаа ховорхон тохиол гэдэг. Тэгвэл хүмүн заяаг олохын зэрэгцээ үрийн зулай үнэрлэж, бүүвэйн дуу аялах бүсгүй хүн болж төрнө гэдэг юутай гайхамшигтай.

Зөөлөн дулаан үг, сэтгэл татам инээмсэглэл, энхрийлэн халамжлах туяхан гар, хайр шингэсэн намуухан харц... энэ бүхэн бүсгүй хүнийх. Бүсгүй хүн үгүй бол эрчүүд бид яанам билээ. Энэ хорвоо дан ганц эр боргил дуугаар эгшиглэж, дан ганц эрэлхэг зоригт хөвгүүдээр дүүрэн байх аваас хэн биднийг уяраан хайрлаж, хэн бүүвэйн дуу аялж, хэн хайрын шүлэг тэрлэх онгодыг хөглөх билээ.

Энэ хорвоо дээрх арга билгийн тэнцвэрийг хадгалж, тулах багана, хайлах эгшиглэн болж байдаг бүсгүй хүн гэдэг хайрын дээдийг амсах эрхтэй эмзэг булбарай цэцгийн дэлбээ билээ.

Бидний хэлсэн ганцхан тоомжиргүй үг булбарайхан тэднийг гомдоож хөөрхөн алаг нүднээс нь нулимс дуслуулдгийг санаарай, эрчүүд минь. Буруу үгэнд гомдож, бодлогогүй үйлдэлд хиртэж мэдэх эмзэг ариухан бүсгүйчүүдээ хайрлаж яваарай.

Сэтгэл гижигдэн аальгүйтэх цагаахан инээмсэглэл нь амьдралд гэрэл нэмж, дотор уужраан цэлмээх аядуу зөөлөн үгс нь бодолд ухаан нэмдэг бүсгүй хүн өөрөө харц татан хайр хүргэх энхрий ялдам учраас энэ хорвоо ийм өнгөлөг байдаг биз ээ.

Тэр дундаа Монгол эмэгтэй бүр ч онцлог. Тэд аавдаа ачлалтай, нөхөртөө үнэнч, халамжтай, амьдралын төлөө гэсэн чин сэтгэлтэй байдаг нь үнэхээр бахархалтай.

Ингээд хийморь өөдөө Монгол эр хүн та Олон улсын эмэгтэйчүүдийн энэ өдөр дэлхийд хосгүй Монгол бүсгүйчүүдээ баярлуулаарай.

Монголын нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэхийн ялдамд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн сайхан баярлаарай.

0 comments:

Post a Comment