Монгол бахархлын өдөрт


Гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөрөг гэдэг бол ертөнцийн түүхэнд нэрээ мөнхөлсөн их хүнд байтугай эгэл жирийн нэгэнд ч эрхэм зүйл  л дээ. Тиймээс яалт ч үгүй монголчууд Чингис хааныхаа мэндэлсэн жил, сар өдрийн тухайд түүхэн сурвалжуудаа дахин сайн нягтлаад, нэг өдрийг тогтож авах нь чухал байгаа юм.
Чингис хааны мэндэлсэн он
Энэ талын гол мэдээ баримт агуулсан сурвалж бичгүүд монгол бичиг, хятад, перс, уйгур, төвд зэрэг хэл бичгээр уламжлан иржээ. Мэдээж хамгийн олон сурвалж бичгүүд монгол бичгээр байдаг. Энэ бүх баримтуудыг үзэж нягтлаад дэлхийн монголч эрдэмтэд, түүхчдийн хүрээнд 1162 он дээр тогтсон. Тиймээс анх 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэж, одоогийн Хэнтий аймгийн гурван нуурын ойролцоо сүрлэг сайхан хөшөө байгуулж байв. Дараа нь 2002 онд Чингис хааны 840 жилийн ойг тэмдэглэсэн. Тэгэхээр энэ жил Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх ёстой юм.
Чингис хааны мэндэлсэн өдөр
1962 онд анх тэмдэглэхдээ тавдугаар сарын 31-нд тэмдэглэсэн. Энэ нь ул үндэсгүй хэрэг биш. Лувсанданзангийн “Алтан товч”   тэргүүтэй нэлээд хэдэн сурвалжид Чингис хааныг зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдрийн дөл цагт (морин цагт) мэндэлсэн гэсэн мэдээ байдаг. Билгийн тооллын энэ цагийг одоогийн христийн он тоололд шилжүүлж тогтоосон хэрэг.
Монгол хэл, түүх соёлын гайхамшигт дурс-гал “Монголын нууц товчоо”-нд “Тэнд Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэ, Хори-Буха тэргүүтэн Татаарыг дагуулж ирвээс, тэнд Өэлүн-Үжин хээлтэй (хөл хүнд) бүрүүн, Ононы Дэлүүн Болдогоо (Болдогт) бүхүйд зөв тэнд Чингис хаан төржүхүй” гэсэн байдаг. Энд он цагийг хэлээгүй боловч чухал зүйл мэдээлж байгаа юм. “Монголын нууц товчоо”-ны энэ мэдээллээс Есүхэй баатар бээр эртний өшөөг авахаар Татаар руу довтлоод ялалт байгуулж ирсэн цаг үе нь “агт таргалж, нум хатуурсан” намрын адаг, өвлийн эхэн сард байх ёстой гэдэг учир зүйн шалтгааныг өгүүлж буй юмсанж.
Чингис хааны мэндэлсэн өдрийн тухайд дээрх эх сурвалжуудаас өөрөөр тэмдэглэсэн хэд хэдэн сурвалж бий. Жамбадоржийн “Болор толь”, Ордосын Гончигжавын “Сувд эрхи”,  “Хөх түүх” зэрэг сурвалжид “III жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд” мэндлэв гэсэн бий. Ордосын Гончигжавын 1835 онд бичсэн “Сувд эрих” хэмээх түүхийн сурвалж бичигт, “Есүхэй баатрын их хатан үзэсгэлэнт Өгэлэн III жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ, гайхамшигт бэлгэ төгссөн гоо жавхлант нэгэн хөвгүүн гартаан гэрэлт улаан эрдэнэ атгаснаар мэндлэв. Мөн өдөр огторгуйд солонго татах тэргүүтэн сайн бэлгэс олон болов” гэж бичсэн. Мөн “Хөх түүх”, Жамбадоржийн “Болор толь” дотор өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн гэж тов тодорхой бичсэн байдаг аж.
“Арван буянт номын цагаан түүх” гэдэг түүхэн сурвалжийг Хубилай хаан өөрөө зохиосон гэдэг. Ямар ч гэсэн Хутагтай сэцэн хун тайжийн засан найруулсан эх бидний үед уламжилсан. “Арван буянт номын цагаан түүх”-д Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлж, шинийн гурванд угаалгын ёслол хийж, угаалга үйлдэж, тасмаар боож, мялаагуудын хурим хийсэн тухай мэдээлсэн байдаг ажээ…

Эх сурвалж: “ТВ7 хоног” сэтгүүл

0 comments:

Post a Comment