Хүүхдүүд бүтэн өдрийн турш Чингис хаанаар амьсгална
Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэхээр МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргасан билээ.
Үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Гантөмөр “Монгол үгийн чуулган” наадмыг арваннэгдүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулахаар тушаал гаргасан юм.
“Үндэсний бахархалт өдөр”-ийг тэмдэглэх гэж байгаа нь БШУЯ-ны хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх зорилттой ихээхэн уялдаж байгаа юм. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Монголын нууц товчоо”-ны түүхэн үнэн, уран яруу үг хэллэгээр үгийн сангаа баяжуулж, оюуны цараагаа тэлэх, эх хэлээрээ зөв ярих, өвөг дээдсийнхээ үлгэр дуурайллаар хүмүүжих, үндэсний бахархлыг сэргээх зорилгоор тус наадмыг зохион байгуулж байна.
“Монгол үгийн чуулган” наадам улс орон даяар явагдах бөгөөд ЕБС-уудын нийт сурагчид, багш, эцэг, эхчүүдийн дунд “Монголын нууц товчоо”-г унших хөдөлгөөн өрнүүлж, хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон сонирхолтой ажлуудыг хэрэгжүүлэх юм. Тухайлбал, бага ангийнхны дунд “Тэмүүжин” дуурь үзүүлэх, “Чингис хаан” цуврал ном уншуулан тодорхой сэдвээр гар зургийн болон зурагт ном бүтээх, үзэсгэлэн гаргана.
Дунд ангийн сурагчдын дунд “Миний мэдэх Чингис хаан”, “Монголын нууц товчоо бидний амьдралд” сэдвүүдээр зохион бичлэг, тайлбар зурагт мэдээллийн самбар, АХА тэмцээн, “Бид Чингисийн удмынхан” урлагийн тоглолт, дүрийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Харин ахлах ангийнхны дунд “Монголын нууц товчоогоор аялцгаая” уншигчдын бага хурал, илтгэлийн уралдаан, ахмад багш, нэрт зохиолчидтой уулзалт ярилцлага зохиох гэх мэт олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байна.
Энэ мэтчилэн хүүхдүүд сэтгэл дотроо өөр өөрийн Чингэсийг зураглаж, бүтэн өдрийн турш эзэн Чингис хаанаараа амьсгалж өнжих нь ээ.
0 comments:
Post a Comment