XIV Далай лам: Хүн болж төрөх нэг хэрэг, харин хүн шиг хүн байх нь хамгийн чухал шүү
1935 онд, 77 жилийн өмнө Төвдийн өмнөд хэсэгт орших Тактер сууринд нэгэн жирийн дундаж айлд нэгэн хүү мэндэлсэн нь, одоогийн XIV Далай лам байжээ. Дөрвөн жилийн дараа XIV Далай ламаар тодруулж, Төвд орны оюун санааны болон улс төрийн тэргүүнээр өргөмжилжээ.
Гэвч удалгүй 15 настай байхад нь 1950 онд Хятадын цэргүүд орж ирж, Түвдэд хяналтаа тогтоосон бөгөөд, 1959 онд 24 настайдаа Төвдөөс итгэлт хүмүүсийн хамт дүрвэн гарчээ.
50 гаруй жилийн туршид эх оронгүй амьдрах хүнд хэцүү тавилан туулж дэлхий ертөнцийг хэрэн амьдарч явахдаа Далай лам эх дэлхийн хүмүүс бид бүгд ижил, бүгдээрээ хүнлэг энэрэнгүй, бие биенээ хүндлэн хайрлаж, эв нэгдэлийг бий болгох хэрэгтэй гэж номлосоор ирсэн.
Энхтайвны үйлсэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж, 1989 онд Нобелийн шагнал хүртээсэн.
Хэдийгээр өнгөрсөн 2011 оны 3-р сард Төвдийн улс төрийн тэргүүн байхаас татгалзсан боловч, шашны зүтгэлтэний хувьд урьдын адил дэлхийн хэмжээний удирдагч хүмүүсийн нэг хэвээрээ байгаа билээ.
XIV Далай ламын энэ оны 6-р сард Англи улсад айлчлахдаа "The Big Issue" сэтгүүлд сурвалжлагч Даниел Батист өгсөн ярилцлагыг орчуулан толилуулж байна.
-Манай гудамжны сэтгүүлийг зардаг 12.000 хүн, дэлхийн 40 гаруй оронд амьдарч байна. Тэдний ихэнх нь гэр оронгүй хүмүүс байдаг. Та ч гэсэн олон жил Төвд орноосоо хол амьдарч байна. Таны хувьд орон гэргүй хүнд хэцүү байдлыг юу гэж тайлбарлах вэ?
-Мэдээж хэрэг, орон гэргүй амьдарна гэдэг хэцүү, хүний амьдралын хамгийн анхдагч бөгөөд хамгийн хэрэгцээтэй зүйл орон байр. Хөлөг онгоц гэж бодвол, зангуугүй хөлөг онгоцтой зүйрлэж болно.
Өргөн утгаар юмыг авч үзвэл, байдал өөр болно шүү. Эх дэлхий бол бидний орон гэр гэж би хэлэх дуртай. Тэгж бодох юм бол чи эх дэлхий гэсэн орон гэртэй хүн.
Би ч бас орон гэргүй хүн шүү дээ. Гэхдээ яг тогтсон орон гэргүй байна гэдэг заримдаа их ашигтай байдаг. Би хаана явж байна, тэндээ хоносон газар маань миний шинэ орон гэр болох жишээтэй.
Хэрэв чи нэг газараа удаан амьдарсан бол тэгж олон газраар аялаж явж чадахгүй, тэр газартаа л улам шигдэнэ.
-Сүүлийн үед дэлхий ертөнц дээр олон муу зүйл тохиолдож байна, Тухайлбал, дэлхийн санхүүгийн хямралын үр дүнд улам олон хүн орон гэргүй болж гудамжинд гарч байна. Улс орнуудын ЗГ-ууд хэрхэн ажиллаж байна гэж та үздэг вэ. Тэд хүмүүсийг ядуу зүдүү амьдаруулж байгаадаа хариуцлага үүрэх ёстой юу.
-Энэ бол хэцүү нөхцөл байдал л даа. ЗГ бол улс орныхоо хүн ардыг сайн сайхан амьдруулах үүрэгтэй. Үүнийхээ төлөө хариуцлага үүрэх ёстой юм. Зарим тохиолдолд сайн ажиллаж байгаа, муу ажиллаж байгааг хэмжиж байх нь хэрэгтэй, энэ нь зайлшгүй зүйл болж байна.
Одоогийн энэ хямрал, муу зүйлүүд урьд нь удирдаж байсан ЗГ-ууд, болон зарим том компаниудаас болсон.
Тэд зөвхөн богино хугацааны ашиг бодсон, дараа нь урт хугацаанд ямар үр дагавар гарч ирэх вэ гэдгийг бодоогүйдээ алдсан.
Үүний үр дүнд мянга мянган хүмүүс ажилгүй болсон, орон гэргүй болсон, гудамжинд гарсан. Энэ бол тун хэцүү зүйл. Үүнийг яаж засаж болохыг жирийн лам, хувраг би мэдэхгүй байна.
Гэвч би зовлон, хүнд хэцүү амьдралтай байгаа тэр хүмүүсийн зовлонг бага ч гэсэн нимгэлэх, түүнийг хуваалцахад ямагт бэлэн байдаг. Тэр хүмүүс шаргуу зангаа, өөртэй итгэх итгэлээ алдаж болохгүй.
Хүнд хэцүү байдлын улмаас өөртэй итгэх итгэл , найдвар болон хүсэл мөрөөдөлөө бүрэн алдах л хамгийн хэцүү. Энэ л хамгийн хэцүү зүйл байдаг.
Учир нь итгэл найдвар л хамгийн чухал зүйл юм шүү.
-Та дандаа үүнийг хэлдэг л дээ. Хамгийн чухал зүйл бол итгэл найдвараа гээхгүй байх явдал гэж? Бүүр Төвдөөс хөөгдөж гарч байсан 1953 оныг дурсахдаа, хамгийн хэцүү зүйл ч сүүлдээ сайнаар төгсөнө гэж бичсэн байсан. Одоогийн Төвдийн нөхцөл байдлыг юу гэж үзэх вэ?
-Би өөрийнхөө амьдралаар жишээлж яривал, би 16 насандаа гэрийн хорионд орж, эрх чөлөөгөө хасуулсан, дараа нь 24 насандаа эх нутгаасаа дүрвэж гарсан, эх орноо үүрд алдсан хүн, сүүлийн 52 жилийн турш эх оронгүй амьдарч байна. Энэ 52 жилийн туршид надад зөндөө бэрхшээл, зовлон тохиолдож байсан. Гэвч би хэзээ ч итгэл найдвараа гээгээгүй явж байна.
Төвдтэй холбоотой муу мэдээнүүд миний зүрхийг дандаа өвтгөж байдаг.
Гэвч Төвд хүмүүсийн надад итгэх итгэл, найдвар нь надад дандаа бодогддог. Заримдаа би Төвд орныхоо төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа шаналдаг, миний итгэл найдвар маань хугарах ч зүйл ч гардаг.
Гэвч юмыг өөдрөгөөр харах миний дадал, зуршил маань надад итгэл найдвараа гээхийг зөвшөөрдөггүй юм.
Иймд би бусад хүмүүст хэцүү хүнд үе байлаа ч гэсэн өөртэй итгэх итгэл, хүсэл мөрөөдөлөө гээж болохгүй гэж хэлдэг.
-Хүнд хэцүү байдалд орсон хүмүүс, яаж уураа барих хэрэгтэй вэ?
-Бидний сэтгэл хөдлөл бол бидний ухаан хир байгааг шалгах нэг үзүүлэлт болж чадна.
Оюун ухаандаа захирагдаж чадвал бид уурлахгүй байж чадна.
Оюун ухаанаа захирч чадахгүй тохиолдолд бид уурлаж бухимддаг.
Бие барьж чадахаа байдаг. Муухай үйлдэл хийдэг, Дараа нь түүнээсээ бид ичдэг.
Биднийг Бурхан бүтээсэн үү, эсвэл Байгаль бүтээсэн үү гэж би хааяа боддог. Аль нь ч бүтээсэн байлаа гэсэн бид нар, сэтгэл хөдлөл, оюун ухаан 2-оо тэнцвэржүүлж байх хэрэгтэй.
Сэтгэл хөдлөл заримдаа хяналтгүй болбол муу үр дагаварт хүргэдэг. Иймд бидэнд сэтгэл хөдлөлөө хянаж бай гэж оюун ухаан заяасан юм.
Амьтад асуудалаа хүч чадлаараа шийддэг, хэн хүчтэй нь дийлж байдаг. Бид үүнийг ширэнгэн ойн хууль гэж хэлдэг.
Хүн амьтанаас оюун ухаанаараа ялгагдана. Иймд бид асуудалыг хүчээр биш, эрүүл ухаанаар бодож, зөв шийдвэр гаргаж байх үүрэгтэй.
Бид үүрэг хариуцлагаа үргэлж боддог байвал бид буруу үйлдэл, буруу шийдвэр гаргахгүй байж чадна.
Энэ нь хувь хүмүүст ч тэр, хамт олонд ч тэр, хэсэг бүлэг хүмүүст ч тэр, улс төрийн намд ч тэр, улс орнуудын ЗГ-т тэр, бүгдэд нь хамаатай .
-Та Хятадын хэвлэл мэдээллийг Хятадын ЗГ-ын заавараар Төвд орны талаар буруу, худал мэдээлэлийг дэлхий нийтэд тарааж, хүмүүсийг төөрөгдүүлж байдаг гэж буруутгадаг. Өнөөдөр чөлөөт хэвлэл мэдээлэлийн үүрэг роль ямархуу чухал гэж Та үзэж байна вэ?
-Маш чухал. Би хэвлэл мэдээлэлийг 3 дахь нүд гэж боддог. Жирийн хүн бол 2 нүдтэй, гэтэл хэвлэл мэдээлэл бол 3н нүдтэй болоод ирэхээрээ юмыг харах чадвар нь илүү болоод тэр хирээрээ үүрэг, хариуцлага нь улам өндөр болно доо. Гэхдээ энэ 3 дахь нүд заримдаа юмыг буруу хараад байх тал гардаг шүү. Энэ л асуудал үүсгээд байгаа хэрэг шүү дээ. Тийм үү.
Мэдээ, мэдээлэлийг эхлээд зөв үү, худал уу гэдгийг нягталж шалгаж байж, зөв мэдээлэлээ олон нийтэд мэдээлж байвал, хүмүүс ямагт үнэн зөв мэдээлэл авна. Ийм тохиолдолд хэвлэл мэдээлэл хүмүүст хэрэгтэй бөгөөд өөрийнхөө үүрэгийг зохих ёсоор зөв хийж байгаа хэрэг.
Хэвлэл мэдээлэлийн хүмүүстэй уулзах болгондоо Та нар жирийн хамартай хүмүүс биш, харин уртаас урт хамартай улсууд шүү, болж байгаа хэрэг явдалыг бүх л байж болох олон талаас нь нягталж шалгаж байх ёстой шүү гэж хэлдэг.
Тэд хэвлэл мэдээлэл дээр гарч байгаа зүйлсүүдийг нягтлан шалгаж, үнэн зөв мэдээлэгдсэн байна уу гэж дандаа нягталж, үнэн бодит байдлыг хүмүүст мэдээлж байх үүрэгтэй.
Хүмүүс үргэлж, үнэн зөв мэдээлэл авч, бодит байдал хаана байгааг мэдэж байх хэрэгтэй, энэ нь ардчилсан орнуудын хүмүүст бүүр ч чухал юм.
Харин Хятад мэтийн дарангуйллын засаглалтай улс орнуудад жирийн хүмүүст ийм боломж байхгүй байгааг бид бүгд мэднэ.
Хэвлэл мэдээлэл ямагт үнэн зөв, бодит мэдээлэлийг ямарваа нэгэн улс төрийн болон элдэв үзэл суртлын нөлөө ороогүй байдлаар олон нийтэд мэдээлж байвал зохино.
-Манай сэтгүүл шиг гудамжны хэвлэлүүд бусад өдөр тутмын сонин, хэвлэлүүд нийтлэхгүй зүйлүүдийг хэвлэж чаддаг. Та өөрийн Төвд орны талаар бусад хэвлэл дээр гардаггүй ямар түүх өгүүлмээр байна вэ?
-Төвдийн тусгаар тогтнолын тэмцэл нь уламжлалт зан үйл, бурхан шашины уламжлал дээрээ тулгуурласан байдаг тул аливаа хүч хэрэглэх явдлын эсрэг байдаг бөгөөд оюун санааны бясалгал дээр суурилсан байдаг юм.
Ийм учраас бидэний тэмцэлд дэлхий нийтийн дэмжлэг хэрэгтэй байна.
Бид амжилт олох ёстой, учир нь бид оюун санаа, бясалгал, эвийн аргаар тэмцэж байна.
Хэрэв бид аливаа хүчирхийлэл болон хүч хэрэглэх арга замыг сонговол энэ арга явцгүй бөгөөд амжилт олохгүй.
Бас нөгөө талд, Түвдийн байгаль, цаг уур, оршин байгаа байршил, газар зүй нь өөрөө дэлхийд үлэмж ач холбогдолтой болж байгаа билээ.
Төвдийн өндөр уулс нь дэлхийн дулаарлын нөлөөгөөр хуучин байдалаа алдах аюулд хүрээд байгаа юм. Өндөр уулсын мөнх цас нь хайлбал эдгээр уулсын бэлд байдаг голуудын усны түвшин нэмэгдэх, улмаар хүн зоны амь нас сүйрэх аюулд хүргэх юм. Эдгээр голын ай савд амьдарч байгаа 1 тэрбум хүн гэж бодвол дэлхийн 6 хүн тутмын й 1 нь энэ аюулд өртөх болоод байна.
Иймд Төвдийн байгалийг хамгаалах явдал нь зөвхөн Төвд хүмүүсийн хэрэг биш бас дэлхий нийтийн хэрэг болоод байна.
Өөр нэг чухал зүйл бол Төвдийн соёл бөгөөд энэ нь ямагт энх амгалан, ямагт хүч хэрэглэхийн эсрэг байдаг бөгөөд ямагт энэрэл нигүүсгэлтэй байх явдал билээ.
Энэ нь эртний хоцрогдсон соёл гэж харах биш энэ соёл нь өнөөдөр дэлхий нийтийн өмнө тулгамаад байгаа олон асуудалыг шийдэхэд туслах соёл гэж хараасай гэж би хүсдэг.
Бид өнөөдөр улам бүр өсөн нэмэгдэж байгаа материаллаг хэрэгцээндээ захирагдан хэрэгцээнийхээ боол болон амьдрах болсон байна.
Мөн бидний оюун санаа улам бүр хоосорч байгаа аюул хүн төрөлхтөнд тулгараад байна. Оюун санааны хоосрол нь зарим тохиолдолд хүчирхийлэлд хүргэж байна.
Ялангуяа, залуу хүмүүсийн дунд ийм явдал бүүр ч их гарч байна. Тэд асуудалыг хүч хэрэглэж, улам илүү хүчээр, улам их хүчирхийлэн шийдэх арга замыг сонгож байгаа нь үнэхээр хэцүү асуудал болоод байна.
Хүчирхийлэл хүчирхийлэлийг л төрүүлдэг, харин энэрэл нигүүсгэл бол эв эвийг бий болгох хамгийн энгийн арга зам билээ.
Орчуулгын 1-р хэсэг.
Орчуулагчийн Тайлбар.
Өнөөдөр дэлхий ертөнц дээр амьдарч байгаа хүмүүсийн дийлэнхи нь эд хөрөнгө, эрх мэдэл, мөнгө гэсэн материаллаг зүйлийн хойноос дэндүү хэт хөөцөлдөж, үүний улмаас үүндээ хүрэхийн тулд бие биенээ үл хүндлэх, үл тоомсорлох, хэт хувиа хичээх, хар амиа бодож, улмаар хүн хүнээ хайрлах нинжин сэтгэлээ гээж зөвхөн ганцхан өөрийгөө боддог хатуу сэтгэлтэй, хүйтэн төмөр шиг хахир хүмүүс болж хувирч байна.
Гэвч үүнийг өөрчлөх арга зам бидэнд байгаа бид бүгд бие биенээ ижилхэн хүмүүс, нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг харгалзалгүй энэ хорвоод хүн гэдэг ховорхон заяанд төрсөн улс бөгөөд баян ядуу, дарга цэрэг, сайхан муухай, хөгшин залуу гэж ялгалгүй бие биенээ энэрэн хайрлаж, ядарсандаа тусалж, зовсоныхоо зовлонг нимгэлж, бие биенээ хүндлэн явбал олон зовлон, олон асуудалаасаа ангижирч чадна гэж Далай лам сургадаг.
Өнөөдөр дэлхий ертөнц маань урьд өмнө хэзээ ч байгаагүй хүчирхийлэл, дайн байлдаан, гэмт хэрэг, хүмүүсийн оюун санааны болон аж амьдралын ядуурал, ялангуяа оюун санааны хувьд мухардалд ороод байгаа бөгөөд түүнээс гарах нэг арга зам нь Далай ламын сургаал юм.
Далай ламын сургаал нь Будда шашинт улс, орнуудаар зогсохгүй барууны хөгжингүй орнуудад улам бүр дэлгэрч, улам олон хүмүүс ойлгож амьдралдаа мөрдлөг болгон хэрэгжүүлж байна.
Дээрх шалтгаануудын улмаар өнөөдөр Монгол оронд маань, Монгол хүмүүст маань унших хэрэгтэй зүйл байна гэж бодон чадан ядан орчууллаа.
Далай лам энэхүү сэтгүүлийг онцолж ярилцлага өгсөн нь, энэхүү гудамжны сэтгүүлийг зарж, олсон орлогоороо амьдардаг орон гэргүй хүмүүст бага ч гэсэн тус нэмэр болох зорилгоор өгчээ.
Орчуулсан П.Батжаргал. Австрали улс, Брисбане хот.
www.pbatjargal.wordpress.com
0 comments:
Post a Comment