H.Coмa: 2012 онд том "цэвэрлэгээ" явагдаж, хүн төрөлхтөн сансрын цоо шинэ эринд эргэлт буцалтгүй орно



Сүүлийн үед эзотерик ухаан хэмээн ярих нь олширчээ. Энэ талаар Монголын "Эзотерик ухааны академи"-ийн тэргүүн Н.Соматай хөөрөлдсөнөө уншигч танаа өргөн баръя.

-"Эзотерик" гэдэг үгийн тайлбараас яриагаа эхэлье гэж бодлоо?
-Эзотерик гэдэг нь бүх юмс үзэгдлийг цаана нь энергижүүлж байгаа далд нарийн бүтцүүдийг судалдаг ухааныг хэлдэг юм. Эртний Грек Римийн соёлд хэрэглэж байсан нууц, зөвхөн авшиг хүртэгсдийн мэдэх чанадын гэсэн утгатай. 20 дугаар зууны сүүлээр энэ ухааныг дэлхийн тэргүүлэгч эрдэмтэд сонирхож эхэлсэн. 20 дугаар зууны шинжлэх ухаанд гайхамшигтай нээлтүүдийг хуучин шинжлэх ухааны арга хэрэгсэл аппаратаар тайлах аргагүй болж мухардахад тайлахын тулд энэ нууц ухаан руу хандсан байгаа юм. Дэлхийн топ сэтгэлгээний хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн үе нь сүүлийн зуун л даа. Одоо энэ салбарыг хүмүүс бүр их сонирхож байна. Одоо зурхай, мэргэ төлөг сонирхож байгаа хүмүүс өөрсдийгөө эзотерикчид гэж боддог болчихож. Гэтэл миний судалж, монголд дэлгэрүүлэх гээд байгаа нь сонирхогчийн бус түвшнийх юм. Яг тэргүүлэгч эрдэмтдийн судалдаг онолын суурь ухаан нь юм. Аливаа ухаан чинь суурь, хавсарга гэсэн хоёр янз байдаг. Нууц ухааныг хавсарга утгаар ойлгох нь түгээмэл байна. Тэр тусмаа эмэгтэйчүүд их сонирхдог. Харин суурь, гүн онолын талаас нь сонирхдог хүмүүс Монголд харьцангуй цөөхөн шүү.

-Яагаад энэ ухааныг судлах болсон бэ?
-Би Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийг гүн ухааны мэргэжлээр дүүргэсэн. Мэргэшсэн салбар маань эзотерик судлал юм. Гүн ухаантан хүн эзотерик рүү хөлбөрөх амархан л даа. Гүн ухаан гэдэг маань танин мэдэхүйн арга хэрэгсэл, ахуйн хуулиудыг судалдаг ухаан.

Гүн ухааны анхдагч эх сурвалж нь нууц ухаан байдаг юм. Зөвхөн гүн ухаан төдийгүй, урлаг, ухаан бүгдээрээ эхэлж ундрахдаа синтез хэлбэртэй Нууц ухаанаас үндэслэн соёолжээ.

Мэдлэг ухаан туйлдаа хүртэл улам задран хөгжөөд сүүлийн шатандаа эргээд эх үндэс өөдөө синтезлэгдэн буцах жамтай юм. Ертөнц нэгэн эх үүсвэрээс гарч задарч явж байгаад ахиж эх булагтаа хураагддаг шүү дээ. Космонгоний онолоор орчлонгийн агшилт ч гэж хэлдэг. Мэдлэг ч бас ийм хуультай. Олон янзаар задарсан урлаг, ухаанууд эргэж эх үүсвэртээ шилжих хувьслын чиг хандлага тодорч байна. Яг энэ чиг хандлагын дагуу нууц ухаан аяндаа дэлгэрч байгаа юм.

-Монголчууд дом шившлэг, зөн билэг, энерги, онгод гээд яриад байдаг. Энэ бүхэн нууц ухаанд багтана биз дээ?
-Эдгээр зүйлс нь онол биш, ахуй болон хэрэглээнд ойрхон хавсарга ухааны өнцгөөс л яригдаж байгаа зүйлс. Онолоосоо салсан хавсарга ухаан төөрдөг шүү дээ. Харин би онолын талаас нь судалдаг. Энерги гэдэг их ерөнхий ойлголт. Бүх юм эцсийн дүндээ энерги болох нь нэгэнт шинжлэх ухааны баримт болжээ. Энергийн янз бүрийн хэлбэрүүдийг харж болно. Би ч өөрөө энергийн нэг хэлбэр. Чи ч мөн адил тодорхой энергийн хэлбэржсэн төлөв юм. Монголчууд энерги гэхээр л нэг их эрчим хүчтэй болох тухай яриад байдаг. Бид нарын эгэл хүмүүст юу нь хэрэгтэй вэ гэвэл яаж сайн энергитэй болох вэ, яавал сайн энерги хуримтлуулах вэ гэдэг л чухал юм. Хүн сэтгэл нь сайхан байхаараа л сайн энергитэй болдог юм. Харин муу энергитэй хүмүүс өөрөөс ундрах энергийн эх үүсвэрээс хүйтэн цэвдэг сэтгэлээсээ болоод таслагддаг. Тэгээд бусдын энергийг сорох чиглэлд орж муу энергитэй болдог.

-Зарим хүмүүс зүүд биеллээ оллоо гэж ярьдаг. Энэ нь нууц ухаантай холбоотой юу?
-Зүүдэнд янз бүрийн зөн билэг төрж болно. Зүүд бол хүний сэтгэхүй ямар байна түүний л тусгал байдаг. Хүний сэтгэл санаа ариуссан нөхцөлд л зүүд зөн билэг болдог. Мөн хүнд сануулга, сэрэмжлүүлэг, ухаарал хайрладаг. Зарим тохиолдолд хүний болчимгүй амьдралыг тусгасан, муу сэтгэлийн толь ч байдаг. Сэтгэхүй ариун байгаа нөхцөлд зүүд үнэхээр зөнтэй болно.

-Таны хувьд зөн билэг биелж байсан удаа бий юу?

-Би зөндөө итгэхгүй, зөнгөө сонсохгүй байхаараа л алдаа гаргадаг. Үүнийг би хувьдаа амьдралынхаа янз бүрийн туршлагаар баталсаар ирсэн юм. Би амьдралыг өнгөцхөн, өнгөн давхарга дээгүүр нь туучаад өнгөрдөг хүн биш. Зүрх сэтгэлээрээ нэвтрүүлэн туулдаг учраас тохиолдсон бүхэнд анализ хийсний үндсэн дээр зөн билгээ сонсох ёстойгоо ойлгодог юм. Хэдийд хүн зөн билгээ сонсохгүй байна төдийд алдаа гаргадаг.

-Дотоод сэтгэлээ мэдэрч, ариусахын тулд хүн юу хийх ёстой вэ?
-Дотоод сэтгэлийг мэдрүүлдэг хамгийн чухал хэрэгсэл бол бясалгал. Тиймээс бясалгалын тайвшруулах хэлбэрүүд их дэлгэрсэн байна. Хүн сайн багшаар хөтлүүлэх юм бол өөрийнхөө дотоод сэтгэлтэй бат холбоотой болж болно. Төрөлх авьяасаараа бясалгалын урсгалд шууд орох чадвартай хүмүүс цаашдаа улам олшрох болно. Өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд эхлэнгүүт л шууд дотоод сэтгэл рүүгээ орчихдог явдал ч бий. Хамаг амьтан хорвоо ертөнцтэй нэгдмэл гэдгээ мэдэрч, тусгаар "би" гийн чанадад гаргаж байгаа мэдрэмж бүгдийн үндсэнд хайр энэрлийн нигүүлсэхүйн сэтгэл оршиж байгаа. Нэг үгээр хэлэхэд хайрын хүчээр л дотоод гүн рүүгээ хүн өнгийж, ариусч эхэлдэг бололтой.

-Хүмүүс бясалгалыг шашинтай холбон ойлгох явдал түгээмэл байдаг. Бясалгал шашны ямар нэгэн төрөлд орох уу?
-Шашин гэдэг зүгээр л хэлбэр төдий зүйл. Бурхан гэдэг нэг л байдаг. Бурханыг янз янзаар хүмүүс тайлбарласны дүнд янз бүрийн шашин үүссэн. Ер нь бясалгал бол шашинтай холбоогүй, бурхантай холбоотой юм. Хүн өөрийнхөө дотоод бурхныг нээх л гэж бясалгалд ханддаг. Дараагаар нь өөрийнхөө дотоод дахь бурхныг барин тавин биш, баттай мэдрээд эхлэхээрээ бүх ертөнцөд шингэсэн бурхны чанарыг ойлгож таньж эхэлдэг. Амьтан, ургамал ч гэсэн бурхны нэг тасархай. Чулуунд хүртэл бурхны оч гэрэл байдаг шүү дээ. Бүх орчлон тэр чигээрээ бурханлиг чанарыг шингээн, бүхий л зүйл Бурхны оч цацраг болон оршдог юм байна гэдгийг ойлгохын тулд л бясалгалд хандаж байгаа юм. Бурхангүй бясалгал гэж хэзээ ч байхгүй.

-Бясалгал хийхийн тулд яах ёстой вэ. Бясалгалыг цагаан хоол идэх ёстой гээд ойлгочихсон хүмүүс байдаг шүү дээ?
-Эхний ээлжинд заавал махнаас татгалзах хэрэггүй. Аяндаа өөрийнхөө дотоод бурханлиг чанарыг мэдрээд нээгээд эхлэнгүүт хүнд нинжин сэтгэл, асрал нигүүлсэл аяндаа төрдөг. Тэгээд эд эс нь махан хоолноос жигшиж, татгалзаж эхэлдэг юм. Ингэж махнаас татгалзаж буй нөхцөлд ямар ч бэрхшээлгүй. Харин бясалгалд орохын тулд би махнаас татгалзах хэрэгтэй гээд өөртөө тулгах юм бол бие организм хүлээж авахдаа хэцүү байдаг.

-Хүний оюун бодлыг далдаас удирдаж болдог юм уу?
-Энэ их аюултай. Ер нь бурхан хүртэл хүний сонгох эрх чөлөөнд халддаггүй гэдэг шүү дээ.
Оюун бодлыг гаднаас удирдана гэдэг хүний сонгох эрх чөлөөнд халдаж байна л гэсэн үг. Түүгээр хар дом, чөтгөрийн талын хүмүүс л хичээллэдэг. Өрнө дахинд үүссэн Психотроника буюу сэтгэхүйг удирдах ухааныг дэлхий их гүрнүүдэд ашиглан хүнийг өөрийг зориггүй зомби буюу мал мэт удирдах зэвсгийг олон түмнээс нууцаар уралдан бүтээж туршиж байна.

Сая сая хүний оюун бодлыг удирдан эзэгнэх шунахай сувдаг сэтгэлтэй хүмүүс муу үйлийн үр асар ихээр хурааж эцэстээ Кармын хуулиар шийтгүүлдэг. Үүнийг ойлгохгүй, үйлийн үр гэдгийг мэдэхгүй, ухвар мөчид увайгүй хүмүүс ийм зүйл хийдэг юм. Одоо сэтгэхүйгээр удирдах энэ зэвсгээр хэн илүү байгаа нь дэлхийд ааглах гээд байна шүү дээ. Үй олон хүнийг сэтгэхүйгээр удирддаг зэвсэг бүтээгдчихсэн байхад, мөн түүнтэй түүнгүйгээр бага буурай орны удирдагчдыг шунал хүслээр дамжуулж илт удирдаж, тэднийг утсан хүүхэлдэй болгоод байхад бид нар яах ёстой вэ. Монголчууд бусад ард түмнээс ялгаатай нь бодь сэтгэлийг хөгжүүлдэг техниктэй. Оюун бодлоороо бусдын удирдлагад байх биш, харин өөрөө өөрийнхөө эзэн байдаг, бурханлаг сэттэлээ нээн хөгжүүлдэг увьдсыг билгүүний увдисийг өвөг дээдэс маань бидэнд өвлүүлжээ. Бид нар аугаа их оюуны өв соёлтой ард түмэн. Тийм болохоор үүний эсрэг зэвсэг бидэнд бий. Харин энэ зэвсгээ хүн бүр нээгээд эхэлвэл ямар ч психотроны зэвсэг, гансруулах техникээр монголын олон түмний ухамсрыг саатал, хөөрөлд оруулж жолоодон бусармаг хүмүүс эрхэндээ оруулж чадахгүй.

-Тэгвэл хүнийг ховсдох нь хориотой юу?
-Хориотой. Кармын шийтгэл хүлээхгүйгээр хэзээ ч хүнийг ховсдох боломжгүй. Ер нъ ховс эмчилгээ гэдэг массаж шиг түр зуурын ач холбогдолтой байдаг. Цаашдаа ховсдуулсан хүнийхээ эрхшээлээс, эмчийнхээ зоригоос хамааралтай болж эхэлдэг юм. Ховс сэтгэлийн техник биш, бас л доод ментал буюу доод ухааны техник. Бусдыг эрхшээлдээ оруулах л гэсэн явуургүй аргуудын нэг.

-Гутранги үзлээс яаж гарах вэ?

-Гутранги үзлээс гарахад нэг их хэцүү биш. Монголчууд гутранги үзэлд автагдаж, юм бүхнийг саарал, хар бараан өнгөөр хардаг болсон. Хүмүүс нийгмээ дагаж гутрах явдал ихсээд байна. Хүний сэтгэл тэр чигээрээ гэрэл гэгээ байдаг. Өөрийнхөө дотоод сэтгэл рүү л өнгийх хэрэгтэй. Өөрийгөө ариусгах хэрэгтэй. Дотоод сэтгэлийн эх үүсвэртэйгээ бат холбогдсон байхад хүн хэзээд өөдрөг байдаг. Тэгээд орчин тойрноо гэрэлтүүлдэг юм.

-2012 онд дэлхий сөнөх гэж байна гээд яриад байна. Үүнийг далд ухаанаар мэдэж болох уу?
-2012 онд ердөө л том цэвэрлэгээ явагдаж, хүн төрөлхтөн цоо шинэ сансрын эрэнд эргэлт буцалтгүй орж байгаа юм. Энэ цэвэрлэгээнд хуучинсаг сэтгэлгээтэй хэт материаллаг хүмүүс өртөж, хуучин бүхэн нуран унана. Дэлхий сөнөх гээгүй. Дэлхий мөхөх хаа ч байсан. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс өөдрөг бус үзлээ хүмүүст нялзааж аль болох олон хүнийг хамтдаа дагуулж явж сүйрэл мөхлийн ангал руу орох гээд байна. Их нүгэлтэй хүмүүс л сөнөл мөхлийг ёрлож байгаа юм. Ариун гэгээн хүмүүс харин ч бүр оюун билгээрээ сэргэн мандана, гал дундаас улам ариусан гэрэлтэн гарч ирнэ гэж баяр ёслолын байдалтайгаар хүлээж байна шүү дээ 2012 оныг.

-Хүнд гэрлэн бүрхүүл байдаг гэж ярьдаг. Түүнийг харж чаддаг хүмүүс байдаг гэдэг. Та тийм хүн мөн үү?
-Сайн, муу энергийн чанаруудыг л тэр гэрлэн бүрхүүл харуулж байдаг юм. Үүнийг хардаг хүмүүс бий л дээ. Би өөрийгөө харж чадна, чадахгүй гэж хэлмээргүй байна. Хүн бүхэн шидтэн болсон өнөө үед ядахдаа би энгийн нэгэн байя л даа. Би зүгээр л эрүүл саруул ухаантай, гэгээн бодолтой, жирийн хүн. Сэтгэлээрээ ариун, хэнд ч муу юм санахгүй, бие хэл сэтгэлээрээ ямар ч гэмгүй оршиж байгаа хүний гэрлэн бүрхүүл нь маш сайхан гэрэлтэй байдаг. Тийм хүмүүс орчин тойрондоо гэрэл гэгээ цацруулж, бусдад өөдрөг үзэл, инээмсэглэл бэлэглэж явдаг. Энэ гэрлэн бүрхүүлд нь хар, улаан, хүрэн гэх мэтийн хүнд хиртэй өнгөнүүд давамгайлаад ирэхээрээ гэрлэн бүрхүүл биш, хар бараан бүрхүүл үүссэн байдаг. Энэ нь тэр хүний дотоодоос цацрах гэрлийн эх үүсвэр байхгүй болчихсоныг харуулдаг. Эрчим хүч дутагдсан ч гэсэн тэр хүмүүс амьдрах ёстой шүү дээ. Тэгэхээр тэд амин энергийг өөрөөсөө гаргаж чадахгүй болохоор бусдын энергийг сорж амьдардаг.

-Бага насны хүүхдүүд зарим хүнд очдоггүй уйлаад байдаг. Тэд энэ гэрлэн бүрхүүлийг ялгаж харах чадвартай байна гэсэн үг үү?
-Хүүхэд юунд ч бохирдоогүй ариун гэгээн тул нэг талаар бурхан. Тиймээс бурханлаг зөн совин тэр хүүхдэд нээлттэй байна гэсэн үг. Тиймээс хүний сайн мууг зөнгөөрөө шууд мэдрээд байгаа хэрэг л дээ. Тэд сайн хүнд очих дуртай байдаг шүү дээ. Гэрлэн бүрхүүлийг нь харж байгаа, мэдэрч байгаа тиймээс гэрэлтсэн хүн дээр очих дуртай гэж ойлгож болно.

-Бурхан ямар хүнд нь харагдаад ямар хүнд нь харагддаггүй юм бэ гэсэн хошин асуулт тавья?
-Өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгийж үзээгүй хүний хувьд бурхан байхгүй байх. Гадаад бүх хэлбэрүүд эгэл бөөмсөөс тогтсон гэж үздэг. Эгэл бөөмс хэзээ нэгэн цагт задардаг. Бодис өөрөө ерөөсөө мөнхийн бус гэдгийг физикийн шинжлэх ухаанд Квант механикийн салбарт нээсэн шүү дээ. Гэтэл үүнээс илүү бодитой, хэчнээн галавын турш байж л байдаг зүйл бол хүний бурханлаг сэтгэл юм. Үүнийгээ хүн ойлгохын тулд дотоод руугаа өнгийж, өөрийгөө ойлгох хэрэгтэй.

-Стрессээс салахын тулд яах ёстой вэ?

-Хүнд сонор, сэрэмж хэрэгтэй ч бас юм болгоныг хараар бодох хэрэггүй. Хорвоо ертөнцөд хар өнгө байдаг. Бас цагаан ч өнгө байдаг. Хамаг юмыг цагаанаар будаад эхэлвэл нэг ёсны буруу үзэл. Бүх өнгийг ялгаж харахын төлөө л бидэнд нүд байдаг шүү дээ. Тиймээс хилэнцийг таньж, муу муухайгаас өөрийгөө сэргийлэхийн тулд сонор сэрэмж зайлшгүй хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хүн өөрийгөө зайлшгүй эерэгээр хөглөж амьдрах хэрэгтэй. Ингэж амьдарч байгаа нөхцөлд хүн орчлон ертөнцөөс дандаа адислал, сайн сайхан бүхнийг өөртөө татаж хураадаг. Орчин тойрноо энэ амьдралыг сөргөөр л хараад байвал тэрэндээ таарсан муу муухайг л өөртөө хураагаад өөртөө дандаа гай дагуулдаг. Сайхан, гэгээлэг зүйл бодож сэтгэснээрээ стрессээс ангижирч чадна.

-Стрессээс үүдэж амиа хорлолт ихэслээ. Үүнийг тайлбарлавал?

-Тэр хүмүүсийг буруутгахаас урьдаар хүн бол нийгмийн амьтан гэдгийг ухаарах нь зөв юм болов уу. Тэр хүнд дэмжлэг, хайр дутаад л ийм байдалд орж байгаа юм. Сэтгэлийн тэнхээгүй, мунхаг байна гэж буруутгаж ч болно. Гэхдээ бүх ачааг тэр хүнд үүрүүлж болохгүй шүү дээ. Тэр хүн чинь аав, ээжтэй, найз нөхөд, хайртай хүнтэй, гэр оронтой юм байгаа биз дээ. Тэд нар нь яагаад тусалсангүй, яагаад ухаарал, сэтгэлийн дэм, хайраар дутаав. Тэгэхээр бие биендээ хайр өгч амьдрах хэрэгтэй. Хайрыг даадаг ч байх ёстой.

-Сома гэдэг нэр сонирхол татаад байна?
-Сома гэдэг нь эзотерик ухааны хааны нэр. Миний сахилын нэр юм. Энэ нууц ухаанд тодорхой сахил сахиж ам тангаргаа биелүүлж явж чадах хүн авшиг хүртдэг байсан. Эрт цагаас эхлээд эдүгээ ч хүртэл энэ жам ёсны зүйл. Багш маань нууц ухааны хааны нэрээр ном зохиол бичиж, орчуулж энэ ухааныг дэлгэрүүлэхийг над даалгасан юм. Энэ нь хувийн бие хүнээсээ бүрэн татгалзаж, хувийн алдар нэр хөөцөлдөхгүй байх нууц нандин мэдлэг дэлгэрүүлэгчийн амлалттай уялдаа холбоотой зүйл юм.

www.gogo.mn Read More......