Нобелийн шагнал олгох өдрийг товлов

Энэ оны Нобелийн утга зохиолын шагналтныг 10-р сарын 11-нд зарлана гэж Нобелийн утга зохиолын шагналыг гардуулдаг Шведийн Академиас мэдээллээ.

Тус академи 1786 онд швед хэл, утга зохиолыг дэмжихээр байгуулагджээ. Тус байгууллагын гишүүдийн дотор насаар нь академийн байнгын гишүүн болгосон тус улсын алдар цуутай 18 зохиолч, эрдэмтэд байдаг аж. 1901 оноос Шведийн академи утга зохиолын салбарт Нобелийн шагнал гардуулж байна.

Бусад салбарын 2007 оны Нобелийн шагналтнуудын нэрсийг Шведийн вангийн шинжлэх ухааны академиас зарладаг юм.

2007 оны Нобелийн уламжлалт долоо хоног өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр физиологи эсвэл анагаах ухааны салбарт нэр дэвшигчдийг танилцуулна.

Физикийн салбарын шагналтныг 10-р сарын 9-нд, химийн салбарын шагналтныг 10-р сарын 10-нд зарлана. Харин 10-р сарын 12-нд Нобелийн энхтайвны шагналтныг Норвегийн Нобелийн хороо зарлана.

Энэ долоо хоног Шведийн улсын банкнаас Арьфред Нобелийн дурсгалыг хүндэтгэн олгох болсон эдийн засгийн салбарын шагналтныг зарласнаар дуусна.

Энэ оны Нобелийн шагналын хэмжээ салбар тус бүрт 10 сая швед крон /нэг сая орчим доллар/ байна.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа уламжлал ёсоор Стокгольм болон Ослод 12-р сарын 10-нд болно.

Арьфред Нобель /1833-1896 он/ нь Шведийн зохион бүтээгч, дэлхийн хэмжээний аж үйлдвэрийн магнат, хэл шинжээч, гүн ухаан судлаач, хүмүүнлэгийн ухаантан юм. Тэрээр түүхэнд 1867 онд патентыг нь авсан динамит /тэсрэх төхөөрөг/ зохион бүтээгчийн хувиар оржээ. Нобель таван шагнал гардуулж байхаар гэрээслэжээ. Зургаа дахь буюу Эдийн засгийн салбарын шагналыг 1968 онд Шведийн улсын банк түүний дурсгалд зориулан буй болгосон байна.

0 comments:

Post a Comment