Автобус-1 компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

-Мөн “Атибус”, “Цахилгаан тээвэр”, “Бэрх зам” компани ч хамрагджээ-

Хууль дүрмэнд хэр барагтай захирагддаггүй тээврийн хэрэгсэл бол том оврын автобус. Салхи татуулан хурдалж, даац хэтрүүлдэг ч эрээн мод барьсан цагдаа нар дохиураа хөдлөгдөггүй. “Мөнхийн ногоон” гэрлээр хурдалж явдаг энэхүү тээврийн хэрэгсэл нь наад захын эрүүл ахуйн шаардлага хангадаггүй нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар илэрчээ. Хог хаягдлаар дүүрсэн, шал нь цөмөрсөн, сандлын бүрээс нь урагдсан, цонх нь халтардсан эдгээр автобусыг тордож, бөөцийлөх ч хүн байдаггүй.

Жолооч, кондуктор нь дөрвөн дугуй нь эргэж, мөнгө л олж байвал болох нь тэр гэх зарчмыг баримталдаг. Тэр ч бүү хэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан тохиолдол ч гарсан.

Өглөө бүрийн эхлэлийг ааштай кондуктортой угтах хүн олонтаа. Мал шиг зүслүүлж, элдэв муугаар хэлүүлж байж, үйлчлүүлдэг. Хүнтэй ч эвтэйхэн харьцах соёлгүй тэд уг нь иргэдэд үйлчилэхээсээ өмнө сургалтад хамрагддаг. Жолооч ч мөн адил. 23-аас дээш насны мэргэжлээрээ гурваас дээш ажилласан байх шаардлага тавьдаг аж. Том оврын автобус барих жолоочийн хувьд нэлээд учир дутагдалтай. Хүн олддоггүй байна.

Шалгалтаар “Автобус-1”, “Атибус”, “Цахилгаан тээвэр”, “Бэрх зам” зэрэг компанийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түтгэлзүүлжээ. Учир нь эдгээр компанийн автобус нь эдэлгээний хугацаа дууссан. Техникийн аюулгүй ажиллагаа гүйцэтгэлтийн норм хэмжээ дууссан байжээ. Уг нь тодорхой км яваад засвар хийх ёстой гэдэг аж. Гэтэл “Цахилгаан тээвэр” компанийн 24 тролейбус нь 700-800 мянган км явсан, “Автобус I”-ийн 85 автобус 700-1 сая км зам туулжээ. Энэ нь арав гаруй жил замын хөдөлгөөнд оролцсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүн тээвэрлэх боломжгүй, техник бүрэн бус гэх оноштой ажээ. Мөн хана, шал нь цөмөрсөн, бариул нь хагарсан гээд нийтийн тээвэрт явах стандарт хангаагүй байна. Иймд дээрх автобусны чиглэлийн иргэд эртхэн гарахгүй бол ажлаасаа хоцрох нь байна. Тухайлбал, Ханын материал-Оффицер чиглэлийнхэн үүнд хамаарна.

-Мөн том оврын автобусны жолооч, кондуктор ажлын хувцастай байх бөгөөд энгэртээ өөрийн нэр, компаниа бичсэн байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангах ганц ч компани байгаагүй гэнэ. Мөн өөрийн гэх компанигүй түрээсийн 14 аж ахуйн нэгж иргэдэд үйлчилдэг аж.

0 comments:

Post a Comment