М.Энхсайхан: Монголд удахгүй гүнзгий хямрал болно

-Өнөөгийн улс төр, эдийн засгийн байдал зах зээлийн эдийн засагчийн нүдэнд хэрхэн харагдаж байна?
-Дэлхийн санхүү, эдийн засаг, хөрш орнууд хямралын ирмэг дээр байна. Монгол яах вэ гэдэг асуулт гарна. Эдийн засгийн асуудлаар арваннэг­дүгээр сарын 15-нд дэлхийн 20 том орон уулзалт хийх гэж байна. Ха­рин бид дэлхийгээс тасарсан мэт эдийн засагтаа анхаа­рахгүй байна. Бид нөгөө л төсөв, Засгийн газрын үнд­сэн чиглэл, сайдын суудал гэх мэт сайхан зөгнөлөө яриад сууна. Ирж яваа аюу­лыг угтаж ажил хийхгүй бай­гаа нь санаа зовоож байна. Саяхан эрдэмтэд Их наймд зориул­сан зөвлөлгөө гарга­сан. Түү­нийг үзтэл дэлхийн 200-гаад орноос 60 орчим нь хөгжлийн ирээдүйгүй шахам байна. Тэдгээрт нь ямар орнууд орж байна гэхээр Африкийн болон төв Азийн улсууд багтаж бай­на. Энэ орнууд хүнд байгаа бөгөөд цаашид хүндэрнэ гэсэн су­дал­гаа гарлаа.

Энэ орнуудын ирээдүй харанхуй байгаа нь дөрвөн хүчин зүй­лийн нэг нь байхад хангалттай гэж үзсэн. Энэ дөрвөн хүчин зүйл нь нэгдүгээрт байгалийн баял­гаар баян бол, хоёрдугаарт муу хөршүүдтэй далайд гарц­гүй бол, гуравдугаарт эдийн засгийн бодлого байхгүй, за­саглалаа хийж чадахгүй бол, дөрөвдүгээрт улс төрийнх нь зөрчил тэмцэл хурцдаад, тэмцэлд хүрсэн бол хөгжих­гүй гэсэн байна. Энэ нөхцө­лүүдийн нэг байхад хөг­жихгүй гэж байна. Би харин хүмүүст энэ нөхцөлөөс хэд Монголд байна вэ гэж асуу­маар байна. Асуудлыг томоор харж чадах­гүй байгаа тул аар саар жижиг юмаар хөөцөлдөж байна. Одоо бол шууд том хямрал болно. Хямрал бан­куу­даас эхэлнэ. Төсөв өөрийн ачаал­лыг даахгүй. Яагаад ийм бай­далд орчихов гэдэгт бие биеэ буруутгах шаардлага байх­гүй. Өнгөрсөн хугацааны үйл ажиллагаагаа зөв дүгнэх хэ­рэгтэй. Харам­салтай нь дүн шинжилгээ хийгдэхгүй байна. Нэлээд эртнээс банкууд зээлээ өгө­хөө зогсоосон. Хамгийн гай­гүй гэсэн банкууд саяхнаас зогсоосон. Нийт банкны хад­галамжинд 1.9 триллион төг­рөг байгаа. Энэ мөнгөний сарын хүү нь 30 тэрбум төг­рөг болно. Банкууд зээл өгөх­гүй байна гэдэг чинь ажил­лахгүй гэсэн үг. Энэ нь сар бүр нийт банкинд 30 тэр­бум төгрөгийн ачаа нэмэгдэж байна гэсэн үг. Банк нэлээд зээл тавиад туучихсан бай­гаа. Хямрал бол гарцаагүй. Харин бүгдээрээ ижилхэн хувааж үүрэх үү, хэдхэн хүнд үүрүү­лэх үү гэдэг нь асуудал.

-Хямралаас зайлсхийх арга байна уу?
-Байхгүй. Харин хямра­лын уналтыг яаж зөөлөвчлөх вэ гэдэг асуудал байж болно. Үүний тулд урьдын алдаанаас сургамж авах хэрэгтэй. Гэх­дээ энэ бол боломжгүй. Учир нь жолоон дээр мэдлэггүй, мэдрэмжгүй увайгүй улс­төрчид сууж байна. Одоогийн байдлаар төсвийн алдагдал 290 тэрбум, татварын бие­лэлт байхгүй. Үнийн өсөлт компаниудын ашгийг багас­гаж татвар төлөх чадварыг бууруулж байна. Энэ их ал­дагдал бидний өнөө эрдсийн үнийн өсөлт, 68 хувийн тат­вараар бүрдүүлсэн санг оны сүүлээр залгиж дуусна.

-Арай энэ оны эцэс биш байлгүй дээ.
-Тийм энэ ондоо залги­чихна. Ирэх онд харах юм байхгүй.

-Дэлхийн эдийн зас­гийн хямрал Монголд нүүр­лээд байна уу. Монголын эдийн засгийн жолоод­логогүй байдал хямралыг уриад байна уу.
-Улстөрчид дэлхийн эдийн засаг руу хямралыг түлхэх нь ойлгомжтой. Дэлхийн хямрал нөлөөлөх нь нөлөөлнө. Гэх­дээ үндсэн хямрал бол мон­голчуудын бүтээл. Нэгдү­гээрт Засаг төр эдийн засгийн тодорхой бодлогогүй. Хоёрду­гаарт дэлхийд өссөн эрдсийн үнийн өсөл­төөс Мон­гол Улс 68 хувийн татвар мэтээр тэрбум ам.доллар олчихсон байгаа. Түүндээ зөв менеж­мент хийж чадаа­гүй­гээс уул уурхайгаас бусад сал­барыг унагаж байна.

-Их мөнгөтэй болох нь буруу биш биз дээ?
-Юу нь буруу байх вэ. Харамсалтай нь манай улс­төрчид энэ мөнгөнд хөөрөөд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк мэтийн олон улсын сан­хүүгийн байгууллагуудын үгийг сонсохоо больчихсон.

-Харин ч тэдний үгээр яваад ядуураад байна гэж хүмүүс ойлгодог.
-Тийм биш. Азийн хөгж­лийн банк өнгөрсөн хугацаанд Монголд явуулах үйл ажилла­гаагаа багасгаж эхэлсэн. Энэ нь нэгдүгээрт манайхан тэд­ний үгийг сонсохоо больсон. Хоёрдугаарт тэднийг хүссэн, урьсан дэл­хийн олон орон бий. Жишээл­бэл Пакистан, Афганистан гээд. Валютын сан ч мөн адил. Түрхэн зуу­рын мөнгөний бараа хараад хөөрч, сагсуу­раад л монгол­чууд ийм бай­далд орчихлоо.

-Бид яах ёстой байсан юм бэ?
-Бусад орны туршлагаас харж байхад дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс ол­сон мөнгөндөө менежмент хийдэг юм байна. Манайх харин барилгад хийчихэж байгаа байхгүй юу. Манайд саяхан барилгын салбарт томоохон тэсрэлт боллоо шүү дээ. Түүнээс болоод барил­гын үнэ нэмэгдсэн. Тэгээд нэмэгдсэн үнэ дээр банкууд санхүүжилт хийсэн. Гэтэл үнэ хэрэг дээрээ ба­рилгын их бүтээн байгуулалт хөдөлмө­рөөр бий болоогүй учраас эрдсийн түүхий эдийн үнэ унангуут бүгд нурж байгаа байхгүй юу. Монголд анх удаа ийм их мөнгө хуримтлагдсан учраас тэр их мөнгийг удир­дах туршлага байдаггүй аж. Бусад оронд удирддаг юм байна. Энэ нь бид дэл­хийн эдийн засгаас бус өөрс­дийн юм үзээгүй, ойворгон зангаас болж хямралд орж байгааг баталж байна.

-Хямралын оргил хэзээ мэдрэгдэх бол?
-Би бол цаад хугацааг ирэх оны эхний улирлын сүүл гэж бодож байна.

-Одоо ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Хямрал гарцаагүй. Унал­тыг зөөлрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай. Харам­салтай нь үүн дээр анхаарал хандуулахгүй байна. Болох гээд байгаа хямралын тухай ойлголт эрх баригчдад алга.

-Эдийн засагч, Ерөнхий сайд байсан хүний хувьд яах ёстойг монголчуудад нуулгүй хэлээч...
-Хэлж болно л доо. Хэн нэг нь (эрх баригч) сонсоно гэ­дэгт эргэлзэж байна. Гэхдээ яахав санаагаа хэлье. Миний Ерөнхий сайд байхдаа авч хэрэгжүүлж байсан арга хэм­жээг хэрэгжүүлэх шаардла­гатай. Яг тийм арга хэмжээг америкчууд хэрэгжүүлж бай­на. Энийг "бэлаут" гэж нэр­лээд байгаа юм. Энэ нь банк мөнгө байхгүй болоод цусны эргэлтгүй болчихож байгаа үед мөнгө босгож мөнгөний эргэлт хийхийг хэлж байгаа юм. Бид тэр үед Азийн хөгж­лийн бан­кинд хандаад өөрс­дийн мөн­гийг нийлүүлээд банкны мөн­гөний эргэлтийг хийж байсан. 60-аад мил­лиард төгрөг байсан шиг са­наж байна. Тэгж л эдийн зас­гаа сэргээсэн байхгүй юу. Харин өнөөдөр эдийн засгаа сэргээн аврахын тулд нэг триллион 500 сая ам.доллар хэрэгтэй. Үүнийг эрх бариг­чид бодож байна уу, үгүй юү. Бодсон ч, тийм их мөнгө байна уу, үгүй юу.

-Тэр үед та улсын бан­кин дээр хийж байсан. Одоо хувийн банкин дээр хийж болох уу?
-Болно. Америкчууд хийж байна. Хамгийн гол нь бидэнд мөнгө байхгүй. Харин валю­тын сан тусламж хэрэгтэй хэнд ч туслахад бэлэн байгаа. Гэтэл хамгийн тү­рүүнд Па­кис­тан очоод гуй­чихсан. Мон­гол таг чиг суу­гаад байна. Тэр бүү хэл сая­хан улс орнуудын Сангийн сайд нар Валютын сан дээр уулзсан. Монгол очоогүй.

-Эрх баригчдад толгой, мөнгө хоёулаа алга. Одоо ямар арга байна?
-Би чих тавьж л байна. Хүмүүсийн хадгаламж батал­гаатай гэсэн хууль гаргах тухай яригдаж байна.

-Байхгүй мөнгийг хуу­лиар баталгаажуулж болох уу. Бүр дордохгүй юу?
-Би зүгээр дуулснаа л ярьж байна. Тэрнээс өөр бодож байгаа юм байхгүй л болов уу.

-Ерөнхий сайд маргааш танаас зөвлөмж хүсвэл...
-Чадах чинээгээрээ зүт­гэнэ.

-Та Ерөнхий сайдад мар­гааш хямрал гүнзгийрэх гэж бай­гааг сануулсан уу?
-Үгүй. Би сонгуулиас хойш уулзаагүй.

-Иргэнд бүрт 1.500.000 төгрөг өгөх боломж бий юу?
-Ямар ч боломж байхгүй.

-Яагаад. Их мөнгө биш шүү дээ.
-Мөнгөний үнэ цэнэ хий­сэн бүтээснээр хэмжигдэнэ. Сая 500 мянган төгрөгөө өгөөд барааныхаа үнийг бас сая 500 болгочиход амархан. Тэгж өөрсдийгөө хуурч болно. Өнөө­гийнхөө амьдралын түв­шинг нэмэгдүү­лэх зорилгоор сая 500-г өгөх боломж байхгүй. Би сонгуу­лийн өмнө ч хэлж байсан. Одоо тэрэнд хууртах хэрэггүй. Ам­лагч нар ч үүнээс болж цаг алдах хэрэггүй.

-Нөгөө эрдэнэсийн тол­го­дыг ашиглаад ч болохгүй гэж үү.
-Тэр тухай ойрын таван жил ярих хэрэггүй гэж бодож байна.

-Барьцаалах арга байх­гүй юу?
-Социализмын үед Оро­соос ярьж байгаад авдаг арга байсан. Орчин үед байхгүй. Дэлхийн эдийн засгийг мэдэх­гүй хүн тэгж сэтгэнэ. Яг эдийн засгийн энэ хямрал улс төрийн хямра­лыг бий болгодог байхгүй юу.

-Долдугаар сарын 1-нийг хэлж байна уу?
-Тийм. Тэр явдал бол улс төрийн хямралын илэрхийлэл. Эхлээд тайван жагсаал цуг­лаан байсан. Тэрийг эмх замбараа­гүй байдалд хүртэл нь даамж­руулсан хүмүүс эрх баригчид. Сонгуульд оролцсон том на­мууд гэж хэлж болно. Нэг нь тоглох гээд нэг нь тоглуулах гэж байгаад хяналтаа алдчих­сан. Тийм учраас бу­руут­нууд нь улстөрчид. Түү­нээс тэнд саваагүйтэж яваа хүүхдүүдийг шийтгэх нь буруу. Тэд итгэл үнэмшлээрээ бус, сэтгэлийн хөдлөлөөр үйл яв­далд оролц­сон. Залуусыг шийт­­гэж байгаа ажиллагаа буруу хандлага. Шийтгэлээ гэхэд нэн яаралтай өршөөл үзүүлэх хэрэгтэй.

-Өршөөнө гэдэг чинь...
-Зүгээр. Хуулийн хэллэ­гээр нь явах хэрэгтэй. Энэ үйл явдал Монголд анх удаа болж байгаа улс төрийн хүчирхий­л­лийн элемент орсон үйл явдал. Эхэл­сэн зам цааш үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл цаашид олон хүчирхийлэл гарах магадлал өндөр болж байна. Энэ нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа хүчин зүйл нь эдийн засгийн хямрал. Хям­ра­лаа хянаж чадахгүй байж улс тө­рийн хүчирхийлэл бүрийг цэ­рэг, цагдаагийн хүчээр шийдэж болохгүй. Тийм учраас алх­маа зөв хийх хэрэгтэй. Энэ үйл явдалд оролцсон хүмүүст эрүүгийн хариуцлага тооцож болохгүй гэж бодож байна. Тэр тусмаа тэнд оролцсон цагдаа­гийн ажилтанд бүр болохгүй. Америк цэргүүд тушаалаар үүрэг гүйцэтгэж яваад энгийн иргэн хороочихдог. Гэвч эрүү­гийн хариуцлага биш захиргаа­ны хариуцлага хүлээдэг.

-Тушаалгүйгээр дураар авирласан байвал...
-Өгсөн байх ёстой. Тушаал нь эмх замбараагүй байдлыг таслан зогсоо гэж өгөгдсөн байх ёстой. Ерөнхийдөө цагдаа энэ байдлыг таслан зогсоосон уу. Зогсоосон. Үргэлжлээгүй биз дээ. Харин онц байдал тогтоох хэмжээнд хүртэл даамжруул­сан этгээд нь эрх баригчид байхгүй юу.

-Иргэд бүү хэл хүүхэд ял авч байна.
-Бүр болохгүй. Намайг Шадар сайд байхад Их Монгол Улсын 800 жилийн ойгоор Өр­шөөлийн хуульд хамрагдаж чадаагүй зургаан хүүхэд хо­риг­­дож байсан. Би Ерөнхий­лөгчид санал тавьж тэднийг өршөөс­нөөр Монгол Улс нэг ч хоригдол хүүхэдгүй орон болж байсан. Харин өнөөдөр улс төрийн сэдлээр хүүхэд шоронд хийж байгааг бүр их эсэргүүцэх хэрэгтэй.

-Гарах гарц байна уу. Нэг нь яллаад нөгөө нь өршөө­дөг зугаа шиг юм болчих­лоо.
-Нэгэнт хууль ийм боло­хоор хуулийнхан хийдэг ажлаа хийг. Хууль буруу байж болно. Хуулийнхан ч буруу ажиллаж байж болно. Энэ бүхнийг өөр­чилж байж асуудлыг цэгцэлнэ гэвэл хэцүүднэ. Тийм учраас хамгийн богино зам болох Өршөөлийн хуулиа цаг алдал­гүй гаргах нь зөв гэж бодож байна. Өршөөх нь гэмт хэргийг өөгшүүлсэн хэрэг биш улс төрийн хариуцлага хүлээлгэж болохгүй л гэсэн үг.

-Эвслийн Засгийн газ­рыг эсэргүүцэгчид бий. Та ч бас энэ удаагийнх шиг хамтар­сан Засгийн газар байгуулж бай­сан.
-Би монголчуудын ху­ваагд­­лыг эсэргүүцдэг. Тэр утгаараа хамтарсан Засгийн газрыг хэлбэрийн хувьд дэмж­дэг. Ганцхан яахын тулд хам­тарч байгаа юм гэдэг нь чухал. Манай Засгийн газар хүүхдийн мөнгийг олгосон. Энэ бол олон хүний хүч, хөдөлмөр. Намууд сонгуульд засгийн эрхийг авах гэж сонгуульд ордог биз дээ. Тийм учраас ялагдсан ч Зас­гийн газарт орох боломж олдож байгаа бол орох хэрэгтэй. Энэ Засгийн газар ирж яваа эдийн засгийн уналтыг зөөллөж чад­вал хамтарсны үр дүн гарна.

-Макро эдийн засгийн өсөлт гээд гоё тоонуудыг эрх баригчид харуулж байна. Тэрнээс нь надад наалдаад байгаа юм мэдэгдэхгүй юм.
-Эдийн засгийн хувьд өн­гөрсөн жилүүдээс өсч байгаа. Мөн амьжиргааны түвшингийн ялгарал их болж байна. Хэдий­гээр бид хөгжиж байгаа боловч хөршүүдээсээ бага хурдтай хөгжиж байна. Энэ бол ухралт гэсэн үг.

-Таны ярианаас УИХ, Зас­гийн газраас хямралаас өөр юм бидэнд наалдахгүй бо­лол­той. Энэ унхиагүй байдал зарим иргэдийг засаглал солих тухай ярихад хүргэж байна.
-Ер нь бол бид төрөө бай­гуулдаг хамгийн үнэтэй замыг сонгосон. Бид төрөө байгуулах нь зайлшгүй. Гэхдээ өөрийн эдийн засгийн таарсан меха­низ­маар сонгох шаардлагатай. 76-г сонгох гэж хэдэн төгрөг гаргав. Орон нутгийн сонгууль түүнээс дутсангүй. Сонгуу­лиуд мөнгийг үрэн таран хийж бай­на. Дараа нь мөнгөө олох гэж төрөө бузарлаж байна. Тэгээд тэр мөнгөө дандаа урагш нь аваа­чиж хүнд өгч байна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль­тай, бас хямрал ирж байна. Бүр дампуу юм болно. Зарим хү­мүүс залхсан, ядарсандаа бус эдийн засгийн мэд­рэм­жээрээ Ерөнхийлөгчийн засаг­лалыг хүсч байж магадгүй. Намайг ингэж ярихаар хүнд (Энхбаярт) зориулж яриад байна гээд яриулахгүй байсан байхгүй юу. Одоо харин меха­низм гэдгийг ойлгож байгаа болов уу. Эдийн засгийн бодлоготой, нэгдэж чаддаг тийм байх ёстой л доо. Өнөөдөр хоёр сая 600 мянган Ерөн­хийлөгчтэй болчихоод хэдэн биентэйгээ зөрж дав­хиад байна.

-Манай орныг зах зээ­лийн эдийн засагт шилжсэн гэдэгт Европын холбоо са­нал нийлдэггүй гэнэ.
-Тэр улс төрийн шалтгаан­тай болов уу гэж би боддог. Хойд, урд хөршүүдийг маань судлаад үзэхэд либерал зах зээлтэй орон гэж үзэхэд хэцүү л дээ. Энэ хүрээнд л нэг тийм юм яваад байгаа болов уу. Хоёр талынх нь улсуудыг зах зээлд ороогүй гэчихээд Монго­лыг дөвийлгөөд байхгүй бай­хаа. Монгол зах зээлийн эдийн засагтай орон мөн. Гэхдээ төрийн оролцоо ихтэй учраас бахархмаар зах зээл биш л дээ. Төрийн оролцоогүй зах зээл гэж байдаггүй. Харин зах зээлээ дэмжих гэж төр зах зээлд оролцдог байхгүй юу. Манайх одоо авлига авах, дарамтлах гэж зах зээлд оролцоод байна.

-Энхсайханы Засгийн газ­раас өнөөгийн Засгийн газар бараг арав дахин их төсөв­тэй.
-Жаахан мөнгөн дээр тан­саглаад сурчихсан байна. Үйлд­вэрлэлээр бус үнийн өсөлтөөр олсон их мөнгө боло­хоор одоо яах вэ гэдэг асуудал тавигдаж байна. Ер нь бол хийсэн бүтээ­сэн хэмжээндээ амьдарсан бол өнөөдөр ийм юм болохгүй л дээ.

-Барьж байгаа ихээхэн хэмжэээний барилгуудын санхүүжилт зогсох болол­той. Төрөөс санхүүжүүлэх бо­ломж байгаа юу?
-Төрд тийм мөнгө байхгүй.

-Мөнгөөр санал хураалт явагдаж байна.
-Сонгогчдод буруу өгөх шаардлага алга. Ядуурал өөрөө тэднийг маргаашийн бодлогод биш өнөө маргаашаа харсан ойр зуурын юманд хууртаж саналаа өгөхөд хүр­гэж байна. Энэ нь нэг хэсэг үргэлж­илнэ. Тиймээс бодлого ярьсан нэр дэвшигч тойргоос шахаг­даж байгаа юм. Энэ ч бас үргэлжилнэ. Ийм учраас би эдийн засгийн бодлоготой бай гэж хэлээд байна.

-Зүүнбаянд нефтийн үйлдвэр...
-Үлгэр, үлгэр. Шийдвэр гаргагч, бизнес эрхлэгчдийн мэдлэгийн түвшин доогуур байна. Энэ нь зөгнөл ярихад хүргээд байна. Нөгөө зөгнөл­дөө өөрсдөө итгээд дараа нь бүгд хууртагдаж байна л даа. Хүсэл эрмэлзлэл байж болно л доо. Зөв мэдээлэлтэй, зөв ойлголт­той байж юм урагш хөдөлнө. Чаддаг, мэддэг юм руугаа орохгүй юм, юм руу үсчээд байхаар юу ч бүтэхгүй байна.

-Нефтийн гуравдагч эх үүсвэрийн тухай ярьж байна.
-Нэгэнт эх үүсвэр нь ганц болохоор худлаа.

-Өөр орнуудаас авч яагаад болохгүй гэж.
-Дахиад нөгөө хоёр ор­ныхоо нутгаар тээвэрлэнэ. Наадах чинь бүр том асуудал болж хувирдаг байхгүй юу.

Монголын эдийн засаг хөрш орнуудаас илүү хөгжих боломж бараг байхгүй дээ. Бид арван хувь хөгжөөд хоёр хөрш маань ганц хувийн хөгжилтэй байвал хөршүүд маань шу­луулж байна гэсэн үг. Үүнийг хөршүүд маань зөвшөөрөхгүй.

-Бид дандаа Орос, Хята­дын эдийн засгаас хараат байна гэсэн үг үү.
-Яг тийм биш. Гэхдээ эдийн засгийн бодлогоо уялдуулах шаардлагатай гэсэн үг. Би Шадар сайд байхдаа Орос, Хятадтай харилцах эдийн зас­гийн харилцааг хариуцдаг бай­сан. Ерөнхий сайд тэр болгонд оролцоод байж чаддаггүй. Харин жирийн сайд бүр өөрийн яам­дын сонирхлыг хамгаалж харьцаад байдаг байхгүй юу. Тийм учраас бүх яамдын со­нир­хлыг хангаж орос, хятад­тай харьцаж эдийн засгийн үйл ажиллагааг явуулдаг байсан. Шадар сайд ад үзээд байх орон биш л дээ.

-Таны үзэж байгаагаар бид Африкийн орнуудын эгнээнд шилжиж байна уу?
-Яагаад тэдний эгнээнд шилжих гэж. Бид чинь тэднээс хориод жилээр хоцрогдож байна. Тэд жараад онд колони байсан. Колониос мултарсан чинь колоничлогч орнууд нийг­мийнх нь өмнө ёс суртахууны хариуцлага хүлээгээд тэдний­гээ хөгжүүлж өгч байна. Дэл­хийн том судалгаанууд дандаа Африкаар хийгдсэн байдаг. Гол хоцрогдсон орнууд Африк, Азиар хийгдсэн байдаг. Харин төв Азиар хийгдсэн судалгаа алга. Өндөр хөгжилтэй орнууд Мон­гол ийм хоцрогдсон орон бай­гаад ямар ч хариуцлага хүлээх­гүй. Оросын оронд Америк байсан бол биднийг сэгийтэл татаад гаргаад ирнэ. Гэтэл Орос маань өөрөө амар биш байгаа. Тийм учраас өөрс­дийгөө хаана, ямар бай­далд байгаагаа зөв тодорхой­лох хэрэгтэй байна.

0 comments:

Post a Comment