Дэлхийн бусад улс оронд эдийн засгийн хямралыг давахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
Олон улсын санхүүгийн хямрал нь банк, санхүүгийн системд үүссэн бэлэн мөнгөний дутагдал, банкинд итгэх итгэлцэл дутагдсанаас болж анх АНУ-д ажиглагдсан боловч өнөөгийн дэлхий нийтийн даяаршлын нөхцөлд уг хямрал дэлхийн бүх орныг ямар нэг хэмжээгээр хамарсан төдийгүй цаашдаа дэлхийн эдийн засаг, нийгмийн хямрал болон өргөжих хандлагатай болж байна.
Өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Английн Ерөнхий сайд Браун санхүүгийн хямралын сөрөг нөлөөг арилгах чиглэлээр арга хэмжээ авч эхэлсэн нь оновчтой болж, түүний туршлагыг бусад орнууд авч хэрэглэх болжээ. Брауны санаачилгын дагуу өрнөдийн орнуудын засгийн газар банкны найдваргүй зээлийг нөхөж, банкны найдвартай ажиллагааг хангахын тулд банканд бэлэн мөнгө нийлүүлж, оруулсан хөрөнгийнхээ хэмжээгээр банкны Төлөөлөн удирдах зөвлөлд өөрийн төлөөлөгчийг томилон ажиллуулж, хяналт тавьж байгаа нь үр дүнтэй болж байна. Гэвч засгийн зүгээс банкны хөрөнгийн тодорхой хэсгийг “хүчээр” худалдан авч байгаа нь түр зуурын арга хэмжээ бөгөөд банкны санхүү сайжирч, хувьцааны үнэ өсөхийн цагт засгийн газар илүү өндөр үнээр хувьцааг борлуулж өөрийн төлөөлөгчөө татах болно гэдгээ мэдэгдэж байгаа болно.
Санхүүгийн хямрал анх АНУ-д эхэлж, тэнд газар авсан боловч нэлээд хугацаанд арга хэмжээ авалгүй түүнийг улам гүнзгийрүүлсэн билээ. Энэ нь АНУ-ын удирдах бүлгээс баримталдаг үзэл баримтлалд “хувийн хэвшил нь хамгийн үр ашигтай, хувийн бизнесийн үйл ажиллагаанд төрийн зүгээс оролцохгүй” гэсэн номлол онцгой хүчтэй мөрдөгдөж байдагтай холбоотой байна. Харин Ж.Бушийн засгийн газар санхүүгийн хямралыг зохицуулах талаар европоос гаргасан саналыг хүлээн авах болсон үндсэн шалтгаан нь түүнээс өөр зам үлдээгүйд болно гэж эдийн засагчид дүгнэж байна. АНУ Сангийн сайд Пульсон санаачилгын дагуу найдваргүй зээлийг худалдан авах, банкны ажиллагааг дэмжих зорилгоор 700 тэрбумын хөтөлбөр гаргаж хэрэгжүүлээд мөнгөний тал илүү зарагдсан боловч, Засгийн газраас өгсөн мөнгийг банкууд зориулалтын дагуу муу зээлийг худалдан авч, иргэдийн ачааллыг хөнгөлөхийн оронд өөрийнхөө мөнгөний зузаатгалд хэрэглэж байсан тул хөтөлбөрийн хэрэгжилтийг түр зогсоож, банкинд мөнгө өгөхдөө ТУЗ-д нь өөрийн төлөөлөгчөө томилж хяналт тавих европын зам руу оров.
Олон улсын санхүүгийн хямрал нь бодит эдийн засагт нөлөөлж, дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлт удааширч, хүмүүсийн амьдралд шууд нөлөөлж эхлээд байна. Юуны өмнө банкны системийн үйл ажиллагаа удааширч төлбөр тооцоо цаг тухайдаа хийгдэхэд бэрхшээлтэй болсноос гадна жижиг, дунд үйлдвэр, хэрэглэгчдийн зээл авах нөхцөл хатуурч, зээлийн өртөг нэмэгдсэнээс гадна олдохгүй болсон тул томоохон орнуудын эдийн засгийн идэвхи удааширсан байна. Зах зээл дээр мөнгө ховордож, итгэлцэл буурахын хирээр үйлдвэрүүд нь өөр хоорондоо хийдэг тооцоондоо бие биедээ харилцан зээл олгодог явдал ч ихээхэн багассан байна. Хүмүүсийн худалдан авах чадвар буурч, тэд мөнгийг зарцуулах биш, харин барьж байх уур амьсгал давамгайлах болов.
ОУВС-ийн захирлаас Их 20-ын уулзалт дээр хэлсэн үгэндээ гишүүн орнууд эдийн засгийг уналтаас хамгаалах, эдийн засгийн идэвхийг сэргээх зорилгоор улсын төсвөөрөө дамжуулан хөрөнгө оруулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн юм. ОУВС-гийн үзэж байгаагаар төсвөөр дамжуулан оруулах хөрөнгийн хэмжээ нь ДНБ-ний 2 хувьтай тэнцүү байж болох гэнэ. Дэлхийн эдийн засагт нөлөө бүхий орнуудаас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрт зарцуулах мөнгөний хэмжээ харилцан адилгүй байна. Тухайлбал:
ЕХ-ны хэмжээнд дэд бүтцийг дэмжих чиглэлээр 200 тэрбум евроны хөтөлбөр боловсруулж, 2008 оны сүүлчээр ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаас баталсан байна.
Ийнхүү өрнөдийн орнуудын засгийн газраас гаргаж байгаа бэлэн мөнгө нь бэлэн байгаа нөөц мөнгө биш бөгөөд харин гадаадын зах зээлээс үндсэндээ Хятад, Япон, ОХУ, нефть экспортлогч арабын орнуудын биеэ даасан сангуудаас засгийн газрын бондын хэлбэрээр зээлсэн мөнгө болно. Өөрөөр хэлбэл дэлхийн санхүүгийн зах зээл дээр хялбар мёнгө гэж байхгүй болсон ба ганцхан хамгийн найдвартайд тооцогдох засгийн газрын зээлийн баталгаа л өнөөдөр ганцаараа үйлчилж байна. Үүний үр дүнд хувийн секторын найдвар муутай зээлийг урт хугацаатай улсын өр болгож хувиргаж байна гэсэн үг юм. Дээрх арга хэмжээний дүнд улсын өрийн хэмжээ ихээр нэмэгдэж байгаа нь бас шинэ зүйл биш юм. Ер нь эдийн засгийн томоохон өөрчлөлт хийх, ялангуяа дэд бүтцийг хөгжүүлэхэд улсын өрийн хэмжээ нэмэгддэг уламжлалтай болно. Тухайлбал дэлхийн 2 дугаар дайны дараа өрнөдийн орнуудын засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-нээс хэд дахин илүү байсан ч тохиолдол бий. Тухайлбал Английн Засгийн газрын өрийн хэмжээ нь ДНБ-ний 300 хувьтай тэнцэж байжээ. Өрийг ихээр нэмэгдүүлэх нь мөн улсын төсвийн зарлагад нэмэлт ачааг бий болгож өгнө. Францад л гэхэд хэрвээ улсын өрийн хэмжээг 400 тэрбум еврогоор нэмэгдүүлнэ гэвэл энэ нь өрийн төлбөрийг 13 тэрбумаар нэмж, нийт өрийн төлбөр жилд 43 тэрбум болох ажээ.
Дэлхийн өнөөгийн санхүүгийн хямрал нь өрнөдийн орнуудад хамгийн хурцаар тусч, зах зээл дээрээс мөнгө босгох явдал үндсэндээ байхгүй болсон тул мөнгийг зөвхөн Хятад, Япон, ОХУ болон нефть экспортлогч орнуудаас болон тусгай сангуудаас зээлэхэд хүрч байгааг үүний өмнө дурдсан билээ.
Хятадын алт, вальютын нөөц нь 1900 тэрбум доллар, Японых 1000 тэрбум, ОХУ-ынх 480 тэрбум, Энэтхэгийнх 300 тэрбум, АНУ-ынх 40 тэрбум доллар байна.
Түүнээс гадна дээрх орнуудад экспортын орлогын илүүдлийг байрлуулсан нэлээд тооны тусгай зориулалтын сангууд байгаа бөгөөд тэдний хөрөнгийн хэмжээ нь нийт дүнгээрээ дээр дурдсан томоохон орнуудын нөөцөөс ч илүү байна.
2009 онд АНУ 1011 тэрбум доллар, Франц 175 тэрбум, Герман 238 тэрбум, Итали 220 тэрбум, Англи 182 тэрбум, Грек 53 тэрбум долларыг тус тус гадаад зах зээлээс олохоор төлөвлөжээ. Гэвч өрнөдийн орнуудаас гадаад зах зээл дээрээс олох мөнгөний хүү (зардал) нь орон тус бүрийн төлбөрийн чадвар, эрсдэл, эдийн засаг, санхүүгийн байдлаас шалтгаалан өөрөөр байгаа ба цаашид өсөх хандлагатай байна. Энэ нөхцөлд төлбөрийн чадварын хувьд сул, жижиг орнуудын зүгээс гадаад зах зээл дээрээс мөнгө босгох бололцоо багасч байгааг ажиглагчид анхааруулж байна. Исланд нь дээрх шалтгаанаар шаардлагатай мөчид гадаад зах зээлээс мөнгө олж чадаагүй тул улсын санхүүгийн систем нь дампуурахад хүрчээ. Мөн түүнчлэн засгийн газраас зээлийн төлбөрийн баталгаа гаргахдаа авах төлбөрийн хэмжээ ч тасралтгүй өсч байгаа гэнэ.
Олон улсын валютын сан нь гишүүн орнуудын зүгээс төлбөрийн алдагдалд ороход яаралтай тусламж үзүүлэх үүрэгтэй цорын ганц байгууллага боловч түүний бололцоо ихээхэн хязгаарлагдмал байна. ОУВС-гийн зээл олгох хөрөнгийн хэмжээ нь 250 тэрбум доллар болно. Нөгөө талаас урт хугацааны зээл авах асуудлыг шийдвэрлэх үйл явц нь ОУВО-нд ихээхэн удаан, хүнд сурталтай байсныг өөрчлөх анхны алхмууд хийгдэж байна. ОУВС өнгөрсөн 10 дугаар сард санхүүгийн төлбөрийн хямралд орсон оронд зээл олгох журмаа хөнгөвчилж, харьцангуй богино хугнацаанд зээл олгож байхаар зохицуулсан байна. Энэ утгаар зээл хүсэх хэмжээ ч урьд өмнө байгаагүй их болжээ. Санхүүгийн хямралд орсон Исланд, Унгар, Вьетнам, Украйн зэрэг орон тус бүр 10 гаруй тэрбумыг авах хүсэлт гаргажээ. Энэ нөхцөлд хөрөнгийн боломжтой орнууд ОУВС-гийн зээлийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр зарим санаачилгыг гаргаж эхлээд байна. Тухайлбал 11 дүгээр сарын 15-нд Вашингтонд болсон дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны буюу G20-ын бага хурлын өмнө Япон, Хятад хоёр ОУВС дахь өөрийн хувь нэмжээг нэмэгдүүлэх замаар тус бүрдээ 100 тэрбум долларыг нийлүүлэх саналыг тавьсан. Нөгөө талаас дэлхийн 2 дугаар дайны дараа Бретон Вуудын системийг 44 орон үүсгэн байгуулж байсан бол өнөөдөр дэлхий дээр 200 орчим тусгаар тогтносон улс оршин тогтож, өнөөгийн даяаршлын үед хөгжиж буй болон шинээр хөгжиж буй орнууд нь эрчимтэй хөгжиж дэлхийн эдийн засгийн өсөлтийн үндсэн зүтгүүр болсон ба ихээхэн хэмжээний хуримтлалыг бий болгосон байна. Дэлхийн эдийн засгийн одоогийн өсөлтийн 80 шахам хувийг шинээр хөгжиж буй болон хөгжиж буй орнууд хангаж байгаа, шинээр хөгжиж буй орнуудын алт, валютын нөөц нь 5 500 тэрбум доллар болсон мэдээ байна. Тийм учраас дэлхийн санхүү, эдийн засгийн системийг өнөөгийн нөхцөлд нь тохируулан өөрчлөх, шинээр хөгжсөн, хөгжиж буй орнуудад зохих байх суурийг эзлэх бололцоог хангаж өгөх асуудал зүй ёсоор тавигдаж байна.
Гүйлгээнд бэлэн мөнгийг бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэхгүйгээр ийнхүү ихээр оруулах нь мөнгөний ханшийн уналтыг бий болгох нэг үндсэн нөхцөл болдог бөгөөд энэ нь нөгөө талаас улсын өрийн дарамтыг багасгах нэг үндэс болдог байна.
Дэлхийн санхүүгийн хямрал нь жирийн иргэдийн хувьд яаж тусаж байгааг одоо авч үзье. Юуны өмнө иргэдээс банканд хадгалуулсан мөнгийг улсын зүгээс баталгаа гаргаж өгч байна. Европын хэмжээнд иргэддээ аль банканд мөнгөө хадгалуулсан байхаас үл шалтгаалан иргэний хадгаламжийн 100 мянган евронд улсын зүгээс баталгаа өгч байна. Харин иргэд өөрийн ихээхэн хэмжээний хуримтлалыг томоохон компанийн үнэт цаас авч хадгалдаг уламжлал Европ, Америкт тогтоод удсан. Үүний шалтгаан гэвэл, өрнөдөд банкны хадгаламжийн хүү нь үнэт цаасны ашгийн хэмжээнээс ямагт ариа доогуур явж ирсэнтэй холбоотой байна. Гэтэл дэлхийн санхүүгийн зах зээл дээр бэлэн мөнгөний хомсдол үүсч, үнэт цаасны үнэ ихээр унаснаас жирийн хувьцаа эзэмшигчид ихээхэн хохирсон байна. Эдийн засагчдын бичиж байгаагаар өрнөдийн орнуудын зах зээлд үнэт цаасны үнэ дунджаар 2008 он гарснаас хойш 50%-иар унасан бол, шинээр хөгжиж буй орнуудын зах зээл дээр 60% унасан ажээ. Ийнхүү үнэт цаасны үнэ унаснаас үүдсэн иргэдийн хохирлыг нөхөх боломжгүй үлджээ. Үүний дүнд үнэт цаасанд хуримтлалаа оруулж байсан хүмүүс хуримтлалаа алдаж, ядуурсан гэж хэлж болох юм.
Энэхүү хямрал нь дэлхийн баячуудыг тойроогүй бөгөөд тэдний эзэмшдэг компанийн хувьцааны үнэ буурснаас хөрөнгийнх нь үнэлгээ буурч, бас хадгаламжид ч хохирол учруулсан байна. Саяхан интернетийн arabianbuziness.com-д бичсэнээр арабын 50 баян хүн нийт 25 тэрбум долларын хохирол хүлээсэн гэж бичжээ.
Санхүүгийн хямралын улмаас улсын өрийн дарамт өсч байгаа нь бодит зүйл бөгөөд түүнийг хэзээ нэгэн цагт төлж барагдуулах ёстой. Түүнийг төлж барагдуулах үндсэн 3 арга байдаг гэж эдийн засагчид үздэг. Улс өрөө төлөхийн тулд юуны өмнө төсвийн зардлыг, эн тэргүүнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарын зардлыг багасгах, эсхүл иргэд, компаниудаас хураах татвараа нэмэх замаар төсвийн орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох, эсхүл инфляцийг нэмэгдүүлэх замаар бодитойгоор хөлөх мөнгөний хэмжээг багасгах арга зам болно.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны төр, засгийн тэргүүн нарын өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Вашипгонд болсон уулзалтаар дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг даван туулахад банк, санхүүгийн системийг ил тод болгож, олон улсын санхүүгийн зах зээлд үйлчлэх нэгдсэн журмыг бий болгож, мөрдүүлэх, хяналт тавих талаар тохиролцож, зарчмын шийдвэр гаргасан нь чухал ач холбогдолтой болов. Өөрөөр хэлбэл санхүүгийн хямралтай хамтаараа тэмцэж, хамтран ажиллах байж үндэсний эдийн засгаа аврахаар тохиролцсон түүхэн шийдвэр болжээ. Цаашид энэ үйл явц үргэлжилж, 2009 оны 3 дугаар сарын 31-нд 20 орны удирдагчдын дараагийн уулзалтыг Лондонд хийж, хямралыг даван туулах чиглэлээр авах арга хэмжээний талаар тохиролцох ажээ. Авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг уулзалтын наана нь сангийн сайд нарын хэмжээнд тохиролцох болно.
Дэлхийн санхүү, банкны системийг өөрчлөхдөө юуны өмнө Бреттен Буудын системийг буюу ОУВС, Дэлхийн Банкийг өөрчлөн шинэчлэх замаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Учир нь гэвэл, олон улсын санхүүгийн системд ОУВС-аас илүү энэ салбарт мэргэжсэн, судалгаа, мэдээлэл бүхий өөр байгууллага байхгүй байгаатай холбоотой байна. ОУВС нь дээр дурдсан чадваруудыг эзэмшиж байгаа боловч урьд өмнө түүний эрх мэдлийн хэмжээ хангалтгүй байсан, хямралаас урьдчилан сэргийлэх үүрэг, бүтэц байгаагүй, төсөв нь хангалтгүй байсан, эрх зүйн орчин нь дээрх асуудлаар тодорхойгүй байсан, ОУВС-д хийх өөрчлөлтийг Ж.Бушийн засгийн газар хоошлуулж байсан зэрэгтэй холбоотой байна. Мөн томоохон орнуудын төв банкнуудын хамтын ажиллагааны албан ёсны бус механизм болох Санхүүгийн тогтвортой байдлын чyyлгa(Financial stability forum)-ыг өргөн ашиглахаар тохиролцжээ.
Дэлхийн санхүү, банкны системийн хямралыг гэтлэн давах талаар дэлхийн эдийн засагт нөлөө бүхий орнууд далайцтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа боловч хямрал сүүлийн саруудад бодит эдийн засагт нөлөөлж, эдийн засгийн идэвхи буурч, үйлдвэрүүд олноор зогсож, ажилгүйдэл өсч байна. ОУВС-аас саяхан гаргасан судалгаагаар 2009 онд дэлхийн нийт худалдааны хэмжээ -2 хувиар буурч, эдийн засгийн өсөлт дэлхийн хэмжээнд +2,4 хувь байх бол, АНУ-ын эдийн засгийн өсөлт -0,5 хувь, Европын Холбоо 0 хувь, Япон +0,4 хувь, харин шинээр эрчимтэй хөгжиж буй орнуудын өсөлт +5,7 хувь байх болно гэжээ. Хүлээгдэж байгаа үр дүн нь юуны өмнө одоогийн хямралыг хэр зэрэг хурдан гэтлэн давах, дэлхийн эдийн засаг, санхүү, банкны системд нөлөө бүхий орнууд зүгээс хэр зэрэг үр ашигтай хамтран ажиллаж чадахаас шууд хамаарах болно.
ЧИ ОДОО БОЛИОЧ ЭЭ ХҮНИЙ БИЧСЭН ӨГҮҮЛЛИЙГ ӨӨРИЙНХӨӨ НЭРЭЭР ГАРГААД. ЯДАЖ ЗОХИОГЧИЙН НЭРИЙГ НЬ ТАВИАЧ.