Уул уурхайн компаниудын өрсөлдөх чадварын индекс гарлаа
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Бодлогын судалгааны төвөөс уул уурхайн бодлого, зохицуулалт, институцийн чанар, засаглалын үр бүтээлтэй байдал, ажиллах хүч болон дэд бүтцийн хөгжил зэрэг үзүүлэлтүүдээр тодорхойлогдох уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварыг үнэлэх судалгаа хийж, хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын индексийг боловсруулан гаргалаа.
Тус салбарын голлох 50 гаруй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын өнөөгийн болон ирээдүйн хөрөнгө оруулалтын орчны талаарх үнэлэлт, дүгнэлтийн илэрхийлэл болсон тус индексийн гол зорилго нь уул уурхайн салбарын бодлого зохицуулалтыг улам боловсронгуй болгох, цаашилбал Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын илүү таатай орчныг бий болгоход оршдог.
Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын 2008 оны индекс (MIC Index-Mining Investment Competitiveness Index)-ийг ийнхүү анх удаа боловсруулан гаргаж байгаа юм байна. Ийнхүү индексийг нь гаргахдаа эдийн засаг, улс төрийн төлөв байдал, засаглалын чанар, үр бүтээлтэй байдал, дэд бүтцийн хөгжил, геологийн тоо мэдээллийн чанар, уул уурхайн эрх зүйн орчны тогтвортой, оновчтой байдал, уул уурхайн татварын ерөнхий түвшин, байгаль орчны зохицуулалтууд, орон нутгийн иргэдийн харилцаа, аюулгүй байдал зэрэг 15 үзүүлэлтүүдээс бүрдэж байгаа юм.
Цаашид уг индексийг жил бүр гарган судалгааны тайлан болон бодлогын зөвлөмжүүдийг төр, засгийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад хүргүүлж байх юм байна.
Өнгөрөгч оны Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын индекс (MIC Index) 0.34 гарч байгаа (дээд оноо 1.00 байх ёстой) нь харьцангуй доогуур үзүүлэлт бөгөөд дотоод бүрэлдэхүүн индексүүдээс "Ерөнхий эдийн засгийн төлөв байдал", "засаглалын чанар, үр бүтээлтэй байдал", "ажиллах хүчний хангамж, ур чадвар", "эдийн засаг дах засгийн газрын оролцоо", "хууль дүрэм журмуудын даган мөрдөлт", "уул уурхайн хууль эрх зүйн орчны тогтвортой, оновчтой байдал" гэсэн үзүүлэлтүүдийн үнэлгээ индекс маш доогуур буюу 0.19-0.24 гарсан нь ерөнхий индексийг доогуур түвшинд гарахад голлон нөлөөлжээ.
Эх сурвалж: gogo.mn
0 comments:
Post a Comment