Төрийн албаны шалгалт тавдугаар сарын 2-ны өдөр эхлэнэ

2009 ОНД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Төрийн захиргааны болон төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалд анх орох иргэдээс төрийн бодлого, төрийн албатай холбогдсон хууль эрх зүйн мэдлэгийн түвшин, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангах мэргэшлийн ур чадвар бүхий иргэнийг сонгон шалгаруулж төрийн албаны сул орон тоог нөхөх, түүнчлэн төрийн албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэхэд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тооны захиалгыг үндэслэн төрийн албанд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалтыг төв болон салбар комиссууд 2009 оны 5 дугаар сарын 2-нд нэгэн зэрэг эхлүүлэн зохион байгуулна.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуульд нийцүүлэн Төрийн албаны зөвлөл "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам"-ыг шинэчлэн баталсан бөгөөд энэ журмын дагуу мэргэшлийн шалгалтыг авна. Энэ журмыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан болно.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, бүртгэлийн хугацаа, зардал

1. Мэргэшлийн шалгалтын төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс болон аймаг, нийслэл дэх салбар комисс нь мэргэшлийн шалгалтад орох иргэдийг дараах байдлаар бүртгэнэ. Үүнд:

  • Монгол Улсын Их Хурал болон Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, яам, Засгийн газрын агентлаг зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудын зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягаар 2009 оны 4 дүгээр сарын 10-21-ны өдрүүдэд;
  • Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг газар, хэлтэс, албад болон сумын Засаг даргын Тамгын газар зэрэг нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэд иргэд тухайн аймгийн Засаг даргын Тамгын газарт 2009 оны 4 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд;
  • Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг газар, хэлтэс, албад болон бусад захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2009 оны 4 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд тус тус бүртгүүлнэ.

Гурав. Бүртгүүлэх иргэдэд тавих шаардлага

  • 1. Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягт байгаа "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам"-тай танилцсан байна.
  • 2. Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй байх, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  • 3. Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад орохоор бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • "4 х 6"-гийн хэмжээний цээж зураг 4 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;
  • Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт.

Дөрөв. Мэргэшлийн шалгалтад орох иргэдийн уншиж судлах хууль эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Газрын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Боловсролын тухай хууль, Архивын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрийн албаны шингэтгэлийн дунд хугацааны стратегийн баримт бичиг, Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм /Засгийн газрын 1999 оны 58 тогтоол/, Албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомж, Албан хэрэг хөтлөлтйин үндсэн заавар /Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоол/.

Тав. Мэргэшлийн шалгалтын зардал

  • 1. Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцна
  • 2. Төрийн захиргааны төв байгууллагуудын болон нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10000 /арван мянган/ төгрөг;
  • 3. Аймгийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлж нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 5000 /таван мянган/ төгрөг байна.
  • 4. Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах аймаг, нийслэл дэх салбар комисс шалгалт авах байр, хугацааг бүртгэлийн явцад жич зарлана. Сорилын шалгалтаас бусад шалгалтын хуваарьт салбар комиссын шийдвэрээр өөрчлөлт оруулж болно.

Зургаа. Шалгалтын хуваарь

1. Сорилын шалгалтыг 2009 оны 5 дугаар сарын 2-ны өдөр орон даяар 09 цаг 00 минутаас нэгэн зэрэг эхлүүлнэ.

¹

Шалгалтын төрөл

Он, сар, өдөр

Цаг, минут

1.

Сорилын шалгалт

2009.05.02

09.00

2.

Баримт бичгийн шалгалт

2009.05.03

09.00

3.

Ярилцлагын шалгалт

2009.05.03

11.00

4.

Ур чадварын шалгалт

2009.05.03

16.00

5

Эрүүл мэндийн үзлэг

2009.05.04

09.00

Долоо. Мэдээлэл лавлагаа

  • 1. Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягаар бүртгүүлж, мэргэшлийн шалгалт өгөх иргэд цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 264982, 264175, 264093 дугаарын утсаар, төв комисстой холбоотой асуудлаар 262939, 264347 дугаарын утсаар, төрийн захиргааны төв байгууллагын салбар комисстой холбоотой асуудлаар 264369 дугаарын утсаар тус тус лавлаж болно.
  • 2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлж мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалттай холбоотой асуудлаар Нийслэлийн салбар комиссын 326678, 320141, 325773 дугаарын утсаар;
  • 3. Аймгийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлж, мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалттай холбогдолтой асуудлаар тухайн аймаг дахь Төрийн албаны мэргэшлийн шалгалтын салбар комиссын утсаар тус тус лавлаж болно.

Анхааруулга

Мэргэшлийн шалгалтын журам, үнэлгээ, шалгалт авах болон зохион байгуулалттай холбогдолтой бусад мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягаас үзнэ үү.

Мэргэшлийн шалгалтад гар утас, чихэвч, пейжер, зөөврийн компьютер болон аудио видео техник хэрэгсэл, ноорог цаас, ном дэвтэр зэрэг бусад зүйлс авч орохыг хориглоно.

Жич: Шалгалтыг байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллаар авна.

1 comments:

  1. Anonymous said...

    "Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
    холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339

Post a Comment