Дотоод худалдааны нийт борлуулалтын орлого, 2009 оны 5-р сарын байдлаар
Энэ оны 4-р сараас эхлэн жилийн борлуулалтын орлого нь 2.0 тэрбум төгрөгөөс дээш аж ахуйн нэгжийг бөөний болон жижиглэн худалдааны сарын мэдээнд хамруулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь худалдааны салбарын нийт аж ахуйн нэгжийн 1.0 хүрэхгүй хувийг эзэлж байгаа хэдий ч нийт борлуулалтын орлогын 70.0 гаруй хувийг бүрдүүлж байна.
Дотоод худалдааны салбарын нийт борлуулалтын хэмжээ (оны үнээр) 2009 оны эхний 5 сарын байдлаар 359.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 106.1 тэрбум төгрөг буюу 22.8 хувиар буурсан байна. Үүний дотор бөөний худалдааны борлуулалт 89.5 тэрбум төгрөгөөр буюу 23.1 хувь, жижиглэн худалдааных 16.6 тэрбум төгрөг буюу 21.2 хувиар буурлаа (зураг 1.1)...
ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ ЭРГЭЛТ, 2009 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2009 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар 1424.4 сая ам.доллар, үүнээс экспорт 646.6 сая ам.доллар, импорт 777.8 сая ам.доллар боллоо.
Гадаад худалдааны тэнцэл 2009 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар 131.2 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
Нийт экспортод зэсийн баяжмал 26.3 хувийг, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 26.1 хувийг, цайрын хүдэр, баяжмал 5.2 хувийг, төмрийн хүдэр 4.4 хувийг, боловсруулаагүй нефть 3.8 хувийг, самнасан ноолуур 3.3 хувийг, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.6 хувийг, үлдсэн 28.3 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
1 т зэсийн баяжмалын үнэ 2009 оны эхний 5 сарын дунджаар 628.5 ам.доллар байсан бол 2009 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар дунджаар 641.7 ам.доллар болж, эхний 5 сарын дунджаас 13.2 ам.доллар буюу 2.1 хувиар, 1 т цайрын баяжмалын үнэ 2009 оны эхний 5 сарын дунджаар 639.2 ам.доллар байсан бол 2009 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар дунджаар 664.7 ам.доллар болж, эхний 5 сарын дунджаас 25.5 ам.доллар буюу 4.0 хувиар тус тус өслөө.
Автобензиний импорт 2009 оны эхний 5 сараас биет хэмжээ 10.3 мянган тонн, үнийн дүн нь 5.8 сая ам.доллараар; гурилын импортын биет хэмжээ 9.0 мянган тонн, үнийн дүн 2.6 сая ам.доллараар; суудлын автомашины импортын биет хэмжээ 377 ширхэг, үнийн дүн 1.9 сая ам.доллараар; цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 3.6 сая квт.цаг, үнийн дүн 150.7 мянган ам.доллараар тус тус өссөн байна... Read More......
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ард түмэндээ хандаж хэлсэн үг
Элэг нэгт миний Монголын ард иргэд ээ,
Ард түмнийхээ үнэнч үйлчлэгч төрийн түшээд ээ,
Эрхэм зочид, хатагтай ноёд оо,
Монголын ард түмэн түүхэн эгзэгтэй цаг мөчид хариуцлагатай сонголт хийж чадлаа. Монгол улсын иргэн хэн ч бай төр улсынхаа амин чухал асуудлыг шийдэхэд оролцогч байхаа илэрхийллээ. Монгол бол ардчилсан орон гэдгийг ард түмэн маань түүхэн сонголтоороо нотоллоо. Ард түмэндээ баярлалаа.
Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй. Төрийн мөнгө төсөв, хөрөнгийг ч ард иргэд л бүтээж цуглуулж босгодог. Төр бол ард түмнийхээ ивээлээр тогтдог бүтэц. Ийм л ардчилсан зарчим Монголд тогтож байгааг өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгууль харууллаа.
Монгол бол өөрийгөө өргөмжилсөн удирдагч шаардлагагүй орон. Харин улс үндэстэндээ шударгаар үйлчлэн туслагчийг шаардаж байгаа газар. Миний бие Монголын ард түмнээс сонгогдож “Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлнэ” гэж сая тангарагласнаар ард түмэндээ үйлчлэн туслах үүргийг хүлээж авлаа. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Дэмжсэн сонгогчдынхоо итгэлийг дааж, дэмжээгүйнх нь итгэлийг авч ажиллана.
Ерөнхийлөгчийн сонгуулийг нээлттэй, шударгаар явуулж амжилтад хамтдаа хүрэхийн төлөө асар их чармайлт гарган ажилласан журмын мянга мянган нөхөддөө баярлалаа. Улс үндэснийхээ эрх ашгийг бусдаас илүүтэй дээдэлж хамтарч ажилласан нам, хөдөлгөөн, байгууллага, иргэдэд чин сэтгэлээсээ талархаж байна. Нам, үзэл сурталд баригдалгүй шударга ёсны төлөө намайг дэмжсэн иргэнлэг бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.
Эх орноосоо алсад байгаа ч газрын хол ойрыг умартан чин сэтгэлээсээ дэмжсэн дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байгаа иргэддээ баярлаж байна. Ард иргэдийнхээ сонгох эрхийг хэрэгжүүлэхийн төлөө сонгуулийн бүх шатны байгууллагад иргэнлэг зүтгэл гаргаж ажилласан нийт хүмүүст шударга сонголт хийсэн ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн, сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Намбарын Энхбаяр танд болон танай гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрхэм төрийн түшээд ээ,
2009 оны тавдугаар сарын 25-ны цагаан морь өдрийн шинийн нэгний өглөөг Монголчууд шинэ баяр хөөрөөр угтсан. Тэр өглөө Монголын түүхт газар шороо, ард түмэн шинээр сэрсэн. Нийгэмд хуралдсан айдас хүйдэс, худал хуурмаг, хүмүүсийн бие сэтгэлийн дарамт шинэ өглөөний нарны гэрэлд арчигдах сүүдэр адил алга болсон. Монгол хүн бүр нуруу тэнэгэр, сэтгэл хангалуун, толгой өндөр амьдрах боломжоо мэдэрч чин сэтгэлээсээ баярласан. Энэ бол Монголын ард түмний өөрсдийнхөө гараар бүтээсэн баяр бахархал юм.
Энэ түүхэн сонголт нь Монголын нийгэмд шинэ дэг жаягийг авч ирлээ. Монголчууд хувь заяагаа өөрсдөө тодорхойлно гэдгээ дахин нотоллоо. Хүмүүс шударга ёсыг, өөрчлөлтийг хүсэж байгаагаа харууллаа. Эрх чөлөөндөө, эд баялагтаа эзэн байна гэдгээ хэллээ. Энэ хүсэл тэмүүллийнх нь илэрхийлэл болж ажиллахыг төрийн түшээд та бидэнд даалгалаа.
Шударга ёс бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна гэж миний ард түмэн надад захин захин сонгосныг би өдөр бүр санаж ажиллах болно. Гаднаасаа эзлэгдэж унаснаас, дотроосоо ялзарч төгссөн төр улсын түүх олон байдаг. Хил дээрээ харуул зогсоосон атлаа төрийн ордон дотроосоо Монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө алдаж болохгүй. Авлигалд идэгдсэн төр хүчгүй байдаг. Авлигал нэвчсэн нийгэмд ард түмэн ядуурдаг. Авлигал Монголын өрсөлдөх чадварыг унагаж байна. Иймээс бүгдээрээ шударга ёсыг тогтоохын төлөө хамтдаа зүтгэе гэж төрийн түшээддээ, ард түмэндээ хандан би уриалж байна.
Ардаа алагчлах, албан тушаалаа урвуулан ашиглах аливаа оролдлого төрийн албаны бүх түвшинд энэ цаг мөчөөс эхлэн зогсох ёстойг хатуу анхааруулъя. Дотоод гадаадын хэний ч бай Монгол улсад авлигаар ажил бүтэхгүй, энэ бол гэмт хэрэг гэдгийг давтан хэлье. Төрийн албыг өөрийн алба болгож хувиргасан газар Монголд олон байна. Энэ завхралд өнөөдрөөс цэг тавилаа.
Эрхэм гишүүд, төрийн түшээдэд сонордуулахад хууль боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг ард түмнийхээ эрх ашигт нийцүүлэхгүйгээр нийгэмд бүрэн хэмжээгээр шударга ёс тогтож чадахгүй. Аливаа хууль тогтоомж нь төрийн эрх мэдлийн үргэлжлэл биш харин тухайн төрийг сонгож байгуулсан ард иргэдийн эрх чөлөө, хүсэл сонирхлын илэрхийлэл байх ёстой.
Төрийн хууль шийдвэр нь эрхтэн дархтаны эрх ямбыг тойрч биш, иргэн хүний эрэлт хэрэгцээг тойрч бүтдэг байх нь та бидний байгуулж байгаа хүнлэг энэрэнгүй нийгмийн мөн чанарт нийцнэ. Иймээс төрийн хууль шийдвэрийн боловсруулалт, хэлэлцүүлгийн нээлттэй, ил тод байдал болон эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын оролцоог хангахад Ерөнхийлөгчийн хувьд би онцгой анхаарч ажиллана.
Хууль хяналтын байгууллагын ажилтнууд аа,
Авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох нь амь дүйсэн ажил гэдгийг би сайн мэднэ. Ард олныхоо хүлээлт болсон энэ ариун үйл хэргийг гүйцэлдүүлэхийн төлөө ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтан, иргэн хэнийг ч болов би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд дэмжинээ. Бүр бүх талаар урамшуулж хамгаалж ажиллана. Харин албан тушаалтанд, өнгө мөнгөнд найр тавьсан, жирийн иргэн ядуу дорой нэгэнд хатуурхаж дээрэлхсэн тийм байдал, хандлагыг үл тэвчинээ.
Улс оронд шударга ёс тогтооход шүүх, прокурорын байгууллага шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстойг хэн хүнгүй ярьж байна. Энд шинэчлэл хэрэгтэй шүү гэж хүн бүр надад захисан. Тэр шинэтгэлийг ул суурьтай, тууштай хийх болно.
Шударга ёсыг хэрэгжүүл гэсэн ард түмнийхээ үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй, тийм ёс суртахууны эрхээ алдсан, шударга бус албан тушаалтнууд Монголын төрд эртхэн зайгаа тавих ёстойг сануулъя. Төрийн албаны, ялангуяа хууль шүүхийн байгууллагын хараат бус, шударгаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч миний бие хуулиар олгогдсон эрх хэмжээгээ бүрэн дүүрэн ашиглаж төрийн шударга албатуудыг үл ялгаварлан хамтран ажиллана гэдгээ бас хэлье.
Эрхэм хүндэт сонгогчид оо,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалыг улс орныхоо хөгжил дэвшлийн эгзэгтэй, бас шийдвэрлэх цаг мөчид хүлээн авч байгаагаа би сайн ойлгож байна. Сонгогч олон түмний хүлээлт ч өндөр байгааг мэдэрч байна. Ард түмний маань хүсэн хүлээсэн, бас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар амалсан олон зүйлийг хийж хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардагдах нь, бас шинэ сорилт бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой. Гэвч шударга ёсыг тогтоох, ард иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, эрх эрх чөлөөг нь баталгаажуулахын төлөө анхнаас нь зүтгэсэн үйл хэргээсээ би алхам ч ухрахгүй. Монгол орноо хөгжил дэвшилд хүргэхийн төлөө амь нэгтэй зүтгэж ирсэн ард түмнийхээ захиа даалгаврыг ч мартахгүй.
Монголын ард түмэн эрх чөлөө, шинэ сонголтынхоо төлөө багагүй зовлон зүдгүүрийг туулсан. Өнөөдөр Монголчуудын өмнө хөгжил дэвшлийн шинэ боломжууд нээгдэж байна. Бас шинэ сорилтууд тулгарч байна. Бид авлигал, ядуурал, ажилгүйдлийн тухай олон жил ярьж бас олон арга хэмжээ авсан боловч нийгмийн энэ хүндрэлтэй асуудлуудыг
шийдвэрлэхэд эргэлтийн шинжтэй суурь өөрчлөлтийг хийж чадаагүй л байна. Үүнд олон улсын санхүүгийн хямрал улам нэрмээс болж байдал сайжрах төлөв мөддөө ажиглагдахгүй байна. Гэхдээ шударга ёсыг тогтооход бид энд тэндээс зээл тусламж хүсэх шаардлагагүй. Шударга ёс тогтож чадвал нийгмийн баялгийн хуваарилалт зөв болж ард түмэн маань хямралт байдлаас ангижрах болно. Үүнийг Та бид өөрсдөө л хийнэ.
Монголчууд эх орондоо, төрийн ордондоо тулгамдсан асуудлаа хэлэлцэж бие даан шийддэг болсон нь том ололт. Гэхдээ бодит эрх мэдлийг иргэн бүрийнхээ мэдэлд, өдөр тутам ажиллаж амьдарч байгаа сум, баг, хороо, хот сууринд нь хүргэж өгөх ажил үгүйлэгдсээр удлаа. Монголын төр эрх мэдэлгүйдээ биш харин хэтэрсэн эрх мэдэлдээ цатгалдаж хямарсаар байна. Эрх мэдлийн төвлөрлөөр биш харин эрхийн шилжилтээр түүний зохистой хэрэгжилтээр иргэний нийгмийн хөгжил дэвшил тодорхойлогддог.
Ардчилал бол хэн нэг нь эрх мэдэл авахдаа биш тэр эрх мэдлийг ард түмэнд эдлүүлэхдээ байдгийг дахин сануулахад илүүдэхгүй нөхцөл байдал Монголд байсаар байна. Монголын төр хуулиар булаасан эрх мэдлийг хуулиар буцааж олон нийтэд өгөх цаг болсон. Иргэдийн өөрсдөө шийдэж болох, ялангуяа орон нутагт, бизнесийн болон мэргэжлийн олон нийтийн байгууллагад байх ёстой ажил үйлчилгээ, эрх мэдлийг шилжүүлэх цаг нь болсон гэж хэлэхэд одоо оройтохоор болчихоод байна.
Миний Монголын ард иргэд ээ,
Монгол улсын иргэн бүр, айл өрх, суурин газар бүхэн тулгамдсан асуудлаа шийддэг, тийм шийдэлд бүтээлч оролцогч нь байж чаддаг болж байж л Монгол улс бүхэлдээ хөгжил дэвшилд хүрнэ. Монголын хөгжил дэвшил бол Монголын төрийн төлөвлөгөө, хөтөлбөрөөс биш Монгол хүн бүрийн зорилго, төлөвлөгөөнөөс хамаарна. Ядуу хүн, айл өрх бүр ядуурлаас гарах төлөвлөгөөтэй байх ёстой. Ажилгүй нь ажилтай болох, ажилтай нь бүтээмжээ улам нэмэгдүүлэх зорилго тавих ёстой. Ингэж л байж Монголын хөгжил бүтэн болж, нийгмийн эв зохис бүрэлдэж чадна.
Нийгэмд шударга ёс тогтооход иргэн бүрийн оролцоо хэрэгтэй. Шударга бусыг өөрчлөх нь иргэн хүний эрх төдийгүй тийм байдал ноёрхсон нийгэмд бол иргэн бүрийн заавал биелүүлэх журамт үүрэг болж хувирдаг. Ийм үүрэг бол энэ цаг мөчид амьдарч байгаа хүн бүрийн үүрэх ёстой ачаа. Учир нь хүн бүр хойч үеийнхнийхээ төлөө үүрэг хүлээдэг.
Дахиад 1 жил, дахиад 10 жил, дахиад 20 жил Монголын ирээдүйг авлигач түшмэдүүдийн гараар шүүслүүлж болохгүй. Одоо энэ байдлыг зогсоох ёстой. Иймээс, ард түмээн, нэг хэсэг нь түүхийн тэрэгний буулганд насаараа уяатай зүтгэдэг, нөгөө хэсэг нь хүлээлгийн өрөөнд насаараа суудаг байж болохгүй. Бүгд л зүтгэх ёстой. Бүгд л оролцох ёстой. Харин тэр боломж нөхцөлийг төр бүрдүүлэхэд үйлчлэх учиртай.
Би Монгол төрийн тэргүүний хувьд улс орныхоо хөгжил дэвшилд, мөн хувь амьдралаа өөд нь татахад оролцдоггүй залхууг биш, түүнд идэвхтэй оролцогч бүтээгчийг үргэлж дэмжих болно. Нийгмийн баялгаас алба тушаалд ойрхон нь биш ажил хөдөлмөр хийж, түүнийг бүтээж байгаа нь илүү хүртдэг байх дэг жаяг тогтооно. Хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлыг ханган хэрэгжүүлэхэд онцгой анхаарна. Нөгөө талаас хуулийг ялгал үгүй, ягштал биелүүлдэг зарчмыг хатуу мөрдөж ажиллана.
Ард иргэдээсээ ахин хүсэхэд, монголчууд төрийн төлөө амьдрах биш, өөрийнхөө төлөө, үр ач, ирээдүйнхээ төлөө ажиллаж амьдрах учиртай. Төрийг бодож биш өөрийгөө бодож, ажил амьдралаа өөд нь татахын төлөө идэвхтэй, бүтээлч байхыг Монгол улсын иргэн бүрээс хүсье. Иргэдийнхээ дээрхи хичээл зүтгэлд дэмжлэг болж ажиллах нь Ерөнхийлөгч миний гол зорилго байх болно. Ард түмнийхээ эрх ашгийн манаанд тууштай зогсохоо дахин илэрхийлье.
Хүндэт зочид оо,
Монгол улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын элч төлөөлөгчид өө,
Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байгаад тань чин сэтгэлийн талархал илэрхийлж манай улстай үр ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэн ерөөе.
Монголын ард түмэн түүхэн сонголт хийж ардчилал эрх чөлөөний зарчимд үнэнч, хөгжилд дэвшлийн төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн байна гэдгээ батлан тунхаглалаа. Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн, амжилт хүссэн чин сэтгэлийн талархлыг олон орны төрийн удирдлага, байгууллагаас хүлээж авлаа. Та бүхэн миний хариу талархлыг тус тусын удирдлага хүмүүст дамжуулна гэдэгт би итгэлтэй байна.
Монгол улсын уламжлалт гадаад бодлого шинэ утга агуулгаар баяжиж тууштай үргэлжлэх болно. Нэн тэргүүнд Монгол улс хоёр хөрштэйгээ тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Мөн бидний гуравдагч хөрш болсон найрамдалт улс орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Энэ ялдамд Монгол орны хөгжил дэвшилд гүн туслалцаа үзүүлсээр ирсэн улс орон олон улсын байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхэн сайн мэдэж байгаа. Өнөөдөр нэг улс орон дангаар шийдвэрлэх аргагүй олон асуудлууд тулгамдаж байна. Иймээс эдгээр нь хүн төрөлхтөний нийтлэг асуудал болж хувираад байна. Тухайлбал, байгаль орчны доройтол, нийтийг хамарсан халдварт өвчин, гай гамшиг, алан хядах үйл ажиллагаа, цөмийн зэвсгийн аюул, тив дамжсан гэмт хэрэг, мөнгө угаалт, хүний эрхийн зөрчил, хямрал, дэлхийн дулаарал гээд. Эдгээр асуудлууд нь дэлхийн улс орнууд зөвхөн өөр өөрийн ашиг сонирхлоор биш нийтийн эрх ашгийн үүднээс хамтарч ажиллах шаардлагыг бий болгож байна. Монгол улс цаашид ч дэлхийн хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн байж бус нутгийн болон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар идэвхтэй байр суурь баримтлан ажиллах болно.
Эрхэм нөхөд өө,
Монголын ард түмэн төр улсын аугаа их, урт удаан түүхтэй. Эзэн Чингэс Богдын эрчилж дархалсан Монгол төрийн алтан аргамж ариун бөгөөд алдаршгүй байхын төлөө би хичээн зүтгэх болно. Монгол нутагт анхны төр улс байгуулагдсаны мянганаар, монголчууд тусгаар орноо сэргээн тунхагласны зуунаар тоологдох их ойнууд ирэх жилүүдэд болно. Мөн Монголд Ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ой болно. Энэ түүхэн ойнуудыг Монголын төр урьдын адил ажил хэрэгчээр шинэ санаачлага, шинэ зарчмуудаар баяжуулан тэмдэглэнэ. Монголын ард түмэн их түүх, эрх чөлөөнийхөө үр шимийг бүрэн дүүрэн хүртэх цаг болсон.
Өнөөгийн бид эх сайхан нутагтаа эзэн болж, хувь заяагаа өөрсдөө тодорхойлж улс үндэснийхээ эрх чөлөөт, жаргалант амьдралын суурийг ганхашгүйгээр, эргэлт буцалтгүйгээр дархлан үлдээх үүрэгтэй. Дээл нь хүндэдсэн ахмад үеэ байгаа дээр, их хүсэл тэмүүллээр жигүүрлэн ирж яваа хойч үеийнхээ өнгөн дээр төрөө шударга болгож, улс үндэснийхээ хөгжил дэвшлийг шинэ шатанд хүргэх үүрэг өнөөгийн төрийн албат та бидний өмнө ноогдож байна. Энэ үүргээ биелүүлэхийн тулд бүгдээрээ нэгэн сэтгэлээр хичээн зүтгэцгээе.
Миний Монгол Мөнх оршиг. Read More......
Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын бүрэн эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан ард түмэндээ хандаж хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие санаачилж, монгол эрдэмтдийн мэдлэг чадварыг тусган Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, Монгол Улсын Их Хурал хэлэлцэн баталсан "Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын зорилго, зорилт бүхэн Төрийн тэргүүнээр хэн ажиллах, Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх, шат шатны сонгуулийн дүн яаж гарахаас үл хамааран, үргэлж биелүүлж байх учиртай хөгжлийн зам, хандах зүг чиг байх болно.
Яагаад гэвэл энэ зорилго монгол хүний орлогыг арав дахин нэмж, монгол хүний амьдралын нөхцлийг арав дахин сайжруулах эрхэм тэмүүлэл учир заавал хийх ёстой ажил, зайлшгүй хүрэх ёстой зорилго мөн. Эх орондоо илүү сайхан амьдарцгаах нь Монголын ардчиллын эрхэм нандин зорилго, үнэ цэнэ билээ.
Миний бие УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон зүтгэсэн нь ард түмний итгэлд тулгуурласан, ард түмнээс авсан их үүрэг даалгавар байлаа. Надад байнга итгэл үзүүлж ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ талархлаа дахин илэрхийлж байна.
Үсэнд минь суусан сор, нүүрэнд минь гарсан үрчлээс бүхэн хат суусан он жилүүдийн гэрч, хал үзсэн эр хүний нотолгоо болох биз ээ. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч боловч дөрвөн хүүхдийн эцэг, нэгэн өрхийн тэргүүн, ханийнхаа тулах багана, аав, ээжийнхээ хайртай хүү, Монгол Улсын 2,7 сая иргэний нэг нь би мөн.
Хорвоод төрсөн хүний л туулах тавиланг төр барих хугацаанд алгасаагүй ээ. Би хүргэний хувьд өвдсөн хадам ээжийгээ эргэж, би хүүгийн хувьд эцэг, эхдээ зэмлүүлж, заримдаа бас ажил гэсээр завгүй явж, тэдэнтэйгээ уулзаж учирч чадахгүй байсан, хайртай дотно хүмүүсээ, найз нөхдөө ч цаг бусаар алдаж, уурлаж инээж, урамшиж, бас урам хугарч явсан хором мөч ч надад бий.
Харин өөрийгөө биш өрөөлийг өрөвдөж, урсах нулимстай, дэнслэх сэтгэлтэй ч Монгол хэмээх айлын Төрийн тэргүүний хувьд тэвчин хүлцэж, өнөөдрөөс маргааш сайхан болно гэсэн өөдрөг итгэлээр өндөрт тэмүүлэхийг хичээсэн. Өглөө эртлэн босч, өдөр бүр ажлаа төлөвлөж, заавал түүнийгээ биелүүлэх гэж хичээж, оюуны болон биеийн соёлыг баримтлан хувийн үлгэр жишээг сахих гэж чармайсаан.
Өлсгөлөн хүүхэд хичээл дээрээ ухаан алдсан тухай багшийн үнэн яриаг сонсож, өөрийгөө өмнөөс нь буруутгаж, "Үдийн цай"-г санаачилсандаа сэтгэл онгойвч зарим монгол хүүхдийн нүдэнд гуниг байгаад, зүгээр суугаагүй зүтгэсэн ч гэлээ олон монгол хүний амьдрал гундуу байгаад зүрх шимширч явдаг эр хүн би.
Гар барьсан, үг сольсон, уулзаж ярьсан, өнөөгийн амьдралдаа уйлж гомдсон, бас урамшиж инээсэн, шүүмжилж зэмлэсэн, итгэж найдсан, дэмжиж хамтарсан мянга мянган иргэн, зуу зуун учрал тохиолыг миний ард түмэн надад бэлэглэсэн нь миний хувь заяа.
Олимпийн тэнгэрт Монгол төрийн далбаа намирахад олон түмэнтэйгээ хамт самсаа шархиран омгорхсон анхны монгол Ерөнхийлөгч байсан хувь заяагаараа би бахархдаг.
Ард түмний баатар залуу аваргын хацарт хүрсэн үнсэлт, үүргээ гүйцэтгэж яваад осолдсон нисдэг тэрэгний дарга амьдралынхаа сүүлчийн мөчид барьсан гар аль аль нь Монголын маань хувь заяа, бас миний хувь заяа.
Алтан амь үрэгдэж, үнэт өв бүтээл шатсан, эвээр зохицуулах гэж эцсийн мөчийг хүртэл хичээсэн ч зогсоогүй учир арга буюу тогтоосон Онц байдлын дөрвөн жил шиг урт дөрвөн хоног, монгол хүн бүрийн сэтгэл зүрхэндээ авсан шарх, Монголын хувь заяа, бас Төрийн тэргүүн миний хувь заяа мөн. Та бидний амьдралын өнгөтэй гэгээтэй, бас гуниг сургамж дагуулсан үнэн бүхэн надад оногдсон шагнал, надад оногдсон шаналал мөн.
Туурга тусгаар улсаа төлөөлж Орос, Хятад, Англи, Америк, Япон, Солонгос, Герман, Франц, Энэтхэг зэрэг том орны удирдагчид, дэлхийн улс төрчидтэй ярьж хэлэлцэж, эн тэнцүү харилцсан их хувь заяа, их том хариуцлагыг ард түмэн минь надад олгосон билээ.
Миний сэтгэл зүрхэнд миний ард түмэн ямагт оршдогийг тэдгээр орны төр, засгийн тэргүүн нар мэдэж, мэдэрч байсан тул тэд Монгол Улсын Төрийн тэргүүнд туйлын хүндэтгэлтэй хандаж, тэдэнтэй улс орон, ард түмнийхээ нэрийн өмнөөс хийсэн яриа хэлэлцээ амжилттай болж байсан юм.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмнийхээ өгсөн саналд талархаж байна. Хотын, хөдөөгийн, залуу, ахмад, ажилчин, малчин, сэхээтэн, эрдэмтэн гээд надад итгэж сонголтоо хийсэн мянга мянган иргэддээ гүн талархал илэрхийлье. Сонгуулийн ажилд хичээн зүтгэсэн МАХН-ын жирийн гишүүд, дэмжигчдэд, ер нь бүх хүнд талархсанаа илэрхийлж байна.
Ард түмний санал хамгийн дээд шийдвэр байдаг учир Та бүхний итгэл дэмжлэгийн хүчинд олсон мэдлэг, хуримтлуулсан туршлагаа миний бие эргээд ард түмэндээ зориулах үүрэгтэй. Ард түмний Ерөнхийлөгч байсан тул албан тушаалд байсан ч, байгаагүй ч ард түмнийхээ дунд л байж, тэднийхээ дуу хоолойг сонсож, жаргал, зовлонг нь хуваалцаж, хал үзсэн туршлага, хат суусан ухаарал, гадаад, дотоодод тогтоосон харилцаагаа ард түмнийхээ тусын тулд үргэлж зориулж байх болно.
Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль ч урьд өмнө болж байсан сонгуулиудтай нэгэн адил жилээс жилд ужигран давтагдаж, улам бүр гүнзгийрч байгаа будлиан зөрчлөөс ангид цэвэр байж чадсангүй.
Иргэний бүртгэл мэдээлэл, сонгуулийн хууль дүрмийн хагас дутуу хэрэгжилт, сонгуулийн байгууллагын алдаа дутагдал, будлиан зөрчлийн бодит жишээ баримт цөөн биш олноор, бохир үйл ажиллагаа нэг биш нийтлэг шинжтэй байсан хэдий ч миний бие Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан дүнг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Энэ тухай ард түмэндээ хандаж хэвлэлийн бага хурал ч санаачлан хийлгэсэн. Улс төрийн соёлыг дээшлүүлэх гэж өрсөлдөгч рүүгээ утасдан баяр хүргэсэн.
Ард иргэд маань саяны сонгуулийн үеэр өнгөрсөн жилийн 7-р сарын 1-нд болсон шиг үймээн самуун дэгдэхвий хэмээн болгоомжилж байсныг би сайн мэднэ. " 7 дугаар сарын 1" -нд ямар хохирол учирсныг Та бид шаналал зовлон, хагацал харуусал, айдас хүйдсээрээ мэдэх учиртай. Уг нь "ахин бүү үзэгд" гэж залбирч хүсээд зогсохгүй Монголыг гутааж, Монголыг айлгасан аймшигт хэрэг явдлын уг сурвалж, учир шалтгааныг нарийвчлан тогтоож байж, ухаарал сургамж авч чадна гэж би үздэг юм. Харин " 7 дугаар сарын 1" яагаад болсныг, хэн буруутайг, хэрхэн зохион байгуулсныг нь таван халуун амь эрсдсэн тэр өдрөөс хойш бүтэн жил өнгөрөх гэж байхад олж тогтоогоогүй л байна.
2008 оны 7 дугаар сарын 5-нд буюу уг эмгэнэлт хэрэг явдлаас хойш дөрвөн хоногийн дараа ҮАБЗ-өөс гаргасан Ажлын хэсэг байгуулан нөхцөл шалтгааныг нь судлан тогтоох тухай зөвлөмжийг УИХ өдийг хүртэл ажил хэрэг болгоогүй байгаад харамсаж байна.
Ажлын хэсэг байгуулахгүй удааширах тусам үймээн самууны учир шалтгаан, үйл явдал өрнөсний бодит үнэн, өдөөн турхирагчид, зохион байгуулагчид нь хэн болох нь улам бүр бүрхэгдэн бүдгэрнэ, бодит баримт биш, харин санаатай санаагүй зохиосон элдвийн цуу таамаг дэлгэрнэ. Нийгэм нэг нэгнээ буруутган талцана.
Тийм ч учраас уг шалтгааныг нь мэдэж, жинхэнэ эздийг нь олж тогтоож байж л ийм эмгэнэлт явдлыг ахиад гаргуулахгүй байх баталгааг Та бид хамтдаа олж авч чадна. Ерөнхийлөгчийн бүрэн эрх маань дуусгавар болсон ч "7-р сарын 1" -ний үймээн самууны учир шалтгааныг олж тогтоохын тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийх болно гэдгээ зориуд тэмдэглэн хэлье.
Нийгэмд эв нэгдлийг бэхжүүлэхэд улс төрийн намууд онцгой үүрэгтэй. Улс төрийн намууд нийгмийнхээ хөгжлийг тэргүүлэн манлайлагч байж, хөгжлийн үзэл баримтлалыг төрүүлэгч, бас хэрэгжүүлэгч оюун санааны төв байх ёстой.
Гэтэл өнөөдөр иргэд маань улс төрийн намуудын тухай ихээхэн шүүмжлэлтэй ярьж, тэд нийгмээ хойш чангааж байна, хоорондын хэрүүл маргаан нь нийгмийн уур амьсгалыг бүхэлд нь бохирдуулан хордуулж байна, тэд цаг үеийн шаардлагаас улам бүр хоцорч байна, амалснаа хэрэгжүүлэхгүй байна, ер нь намууд итгэл үнэмшлийн биш, харин эд мөнгөний болон ашиг сонирхолын бүлэглэлүүд болон хувирч, төлөвшил бойжлын хувьд удааширч, зарим үед бүр буруу тийш явж байна хэмээн хэлж байна.
Учир иймд Монголын улс төрийн намууд том бага, улаан цагаан гэлтгүй цаг үеэсээ хоцролгүй хөгжин төлөвшиж, үзэл баримтлал, үнэт зүйлс, дүрэм журам, зохион байгуулалт, санхүүжилтийн эрс шинэчлэл хийх шаардлага тулгараад байна.
Улс төрийг шарилж, халгай дүүрсэн хогийн ургамлын талбар болгодог томоохон шалтгааны нэг нь намын болон сонгуулийн мөнгө хандив, хөрөнгө санхүүжилтийн асуудал мөн. Хариу нэхсэн хандив, хаагдмал нуугдмал санхүү хөрөнгө нь улс төрийн нам, төрийн албаны ажил, бодлогыг ч бохирлож, авлига, хээл хахуулийн үрийг тарьж, улс төрийг эх орноо хөгжүүлэх эрхийн төлөөх үзэл баримтлалын эрүүл саруул өрсөлдөөн биш, харин эд мөнгөний бохир арилжаа болгосоор байх болно.
Улс орны хөгжлийг түргэтгэж, ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлэхийн тулд илүү идэвх зүтгэл гарган ажиллаж, өөрчлөх шаардлагатай уяа тушааг тайлж, улстөржихөөсөө илүү бодит ажил хийж бүтээхийг ард түмэн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас шаардах нь ойлгомжтой.
Миний бие ч "Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ыг тууштай хэрэгжүүлэх, "Эх орны хишиг" -ийг хүртээх, шаардлагатай хууль, тогтоомжийг батлах талаар зоримог тууштай ажиллахыг ард түмнийхээ хамт, аливаа албан тушаалаас хүчтэй ард түмнийхээ санал хүсэлтэд тулгуурлан сануулж байх болно.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ, хамтарсан Засгийн газрын ард түмэнд ашиг тустай алхам шийдвэрийг дэмжиж, бас амласнаа хэрэгжүүлж, биелүүлэхийг нь сануулахын зэрэгцээ уламжлан үргэлжлүүлэх учиртай төрийн хар хайрцагны бодлогын талаар хуримтлуулсан туршлагаасаа харамгүй хуваалцах болно.
Ард түмний итгэл, ивээлээр гадаад орон, олон улсад тогтоосон харилцаа, түншлэл, андын нөхөрлөлөө ард түмэн, улс орноо сурталчлах, соёл, боловсрол, эдийн засаг, техник технологийг хөгжүүлэх, иргэн, айл өрхийн ахуй амьжиргааг өөд татахад хөрөнгө мөнгө олж ирэх, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэхэд зориулж, өглөө бүхэн шинийг сэдэж, өдөр бүр ажил хийнэ ээ. Хүч боломж, мэдлэг боловсролын аль аль нь байна. Хүчин зүтгэх сэтгэл, туршлага ч байна. Биеийн амрыг харах нас болоогүй, хувийн жаргалыг эрхэмлэх хүсэл алга.
Ард түмний итгэл дэмжлэг албан тушаалаас хүчтэй. Ард түмнийхээ төлөө ард түмэнтэйгээ хамт нэгэн үзүүрт сэтгэлээр цаашид ч зүтгэнэ ээ. Тэгсэн цагт ажил ч бүтнэ, асуудал ч шийдэгдэнэ.
Монголын ард түмний заяа буян арвижан хурах болтугай. Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.
Монголын сайхан орон цэцэглэн хөгжих болтугай. Read More......
ХӨХ ЦЭРГҮҮД ХӨВСГӨЛӨӨР АЯЛНА
Аялал Улаанбаатараас Хөвсгөл гэсэн маршрутын дагуу нийт 2000 гаруй км аялах ба аялал нь хүүхэд багачуудын танин мэдэхүйн хүрээг тэлж, тэдэнд эх орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцах боломжийг олгож, өөрийгөө танин мэдэх, нийгмийн амьдралд идэвхитэй оролцох, бусдад үлгэр дууриал болох сайн үйлсийг дагуулдаг хүүхдүүд, эцэг эхчүүдийн хүсэн хүлээдэг, сайхан арга хэмжээ болж чадсан юм.
Энэ жилийн “Хөх цэрэг” аялал олон талаараа онцлогтой. Тухайлбал: Монголын гайхамшиг болсон үзэсгэлэнт газруудаар аялах бөгөөд аялалыг телевизийн нэвтрүүлэг байдлаар бэлдэж цувралаар гаргана. Түүнчлэн шилдэг лектор С.Ганбаатар, Ц.Саранцэцэг, олимпын аварга Э.Бадар-Ууган, дуучин ВХ, Соко зэрэг залуу уран бүтээлчид хамт аялах юм байна. Аялалын туршид Монголыг Лектор төвөөс хүүхэд залууст зориулан төрөл бүрийн лекц, сургалт, тэмцээн уралдааныг зохион байгуулна хэмээн зохион байгуулагчид мэдэгдэж байна. Аялалд 13-21 насныхан оролцох боломжтой.
Хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тал дээр эцэг, эхчүүдэд маань санаа зовох хэрэггүй бөгөөд Нийслэлийн цагдаагийн газраас цагдаа, яаралтай түргэн тусламжийн төвийн эмч, батлан хамгаалах яамны цэргийн гал тогоо зэрэг дагалдан явах юм байна.
70111839, 99110789 Read More......
СЭТГЭЛИЙН ТОЛЬ'' Сэтгэл зүйн төв
Bolor dictionary
Мэссэнжэртэй шууд холбогдор
Labels
- . (1)
- Mart-8 (3)
- New Year (4)
- News in Russian (3)
- Tsagaan sar (12)
- Би сонсох дуртай... (18)
- Зурхай (4)
- Инкубатор (5)
- Инкубаторын компаниуд (2)
- Инээцгээе (6)
- Маркетинг (26)
- МТИШ-ын төв (5)
- Мэдээллийн технологи (26)
- Наадам (3)
- Нийгэм эдийн засаг (2)
- Соёл урлаг (1)
- Статистик мэдээлэл (8)
- Сургалт (1)
- Танин мэдэхүйн төв (1)
- Улс төр (6)
- Эрүүл мэнд (2)
comments
bloggers chat
test
biznetwork
tweet
...time goes by....
Ulaanbaatar |
"Сэтгэлийн толь" Сэтгэл зүйн төв цццвыуэаулвти
Archive
- ▼ 2009 (127)
all about marketing
- Marketing Basics
- Marketing: Preparation and Planning
- Market Research
- Competitive Analysis
- Market Pricing
- Positioning: Deciding and Conveying Your Unique Selling Position
- Marketing: Naming and Branding
- Advertising and Promotions
- Public and Media Relations
- Sales
- Customer Service
- Customer Satisfaction
- Advertising and Promotions
- 7 Ways to Evaluate Your Marketing Plan
- Planning and Evaluating Internet Marketing Programs
- Telemarketing
- Marketing Online
Blogroll
-
-
-
-
Ажиглалт.мн рүү нүүлээ8 years ago
-
-
Миний сайхан нисгэгч аав10 years ago
-
Хятадад явагдаж буй “Цагаачлалын давалгаа”11 years ago
-
КТМС –ИЙН ОЮУТАН ИЛТГЭЛЭЭРЭЭ ШАЛГАРАВ11 years ago
-
-
-
-
-
-
-
МТҮП-ын Ерөнхий захиралын мэндчилгээ14 years ago
-
-
Блог таны ажил, амьдралд17 years ago
-
-
-
-
-
-