Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын бүрэн эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан ард түмэндээ хандаж хэлсэн үг



Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие санаачилж, монгол эрдэмтдийн мэдлэг чадварыг тусган Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, Монгол Улсын Их Хурал хэлэлцэн баталсан "Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын зорилго, зорилт бүхэн Төрийн тэргүүнээр хэн ажиллах, Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх, шат шатны сонгуулийн дүн яаж гарахаас үл хамааран, үргэлж биелүүлж байх учиртай хөгжлийн зам, хандах зүг чиг байх болно.

Яагаад гэвэл энэ зорилго монгол хүний орлогыг арав дахин нэмж, монгол хүний амьдралын нөхцлийг арав дахин сайжруулах эрхэм тэмүүлэл учир заавал хийх ёстой ажил, зайлшгүй хүрэх ёстой зорилго мөн. Эх орондоо илүү сайхан амьдарцгаах нь Монголын ардчиллын эрхэм нандин зорилго, үнэ цэнэ билээ.

Миний бие УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон зүтгэсэн нь ард түмний итгэлд тулгуурласан, ард түмнээс авсан их үүрэг даалгавар байлаа. Надад байнга итгэл үзүүлж ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ талархлаа дахин илэрхийлж байна.

Үсэнд минь суусан сор, нүүрэнд минь гарсан үрчлээс бүхэн хат суусан он жилүүдийн гэрч, хал үзсэн эр хүний нотолгоо болох биз ээ. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч боловч дөрвөн хүүхдийн эцэг, нэгэн өрхийн тэргүүн, ханийнхаа тулах багана, аав, ээжийнхээ хайртай хүү, Монгол Улсын 2,7 сая иргэний нэг нь би мөн.

Хорвоод төрсөн хүний л туулах тавиланг төр барих хугацаанд алгасаагүй ээ. Би хүргэний хувьд өвдсөн хадам ээжийгээ эргэж, би хүүгийн хувьд эцэг, эхдээ зэмлүүлж, заримдаа бас ажил гэсээр завгүй явж, тэдэнтэйгээ уулзаж учирч чадахгүй байсан, хайртай дотно хүмүүсээ, найз нөхдөө ч цаг бусаар алдаж, уурлаж инээж, урамшиж, бас урам хугарч явсан хором мөч ч надад бий.

Харин өөрийгөө биш өрөөлийг өрөвдөж, урсах нулимстай, дэнслэх сэтгэлтэй ч Монгол хэмээх айлын Төрийн тэргүүний хувьд тэвчин хүлцэж, өнөөдрөөс маргааш сайхан болно гэсэн өөдрөг итгэлээр өндөрт тэмүүлэхийг хичээсэн. Өглөө эртлэн босч, өдөр бүр ажлаа төлөвлөж, заавал түүнийгээ биелүүлэх гэж хичээж, оюуны болон биеийн соёлыг баримтлан хувийн үлгэр жишээг сахих гэж чармайсаан.

Өлсгөлөн хүүхэд хичээл дээрээ ухаан алдсан тухай багшийн үнэн яриаг сонсож, өөрийгөө өмнөөс нь буруутгаж, "Үдийн цай"-г санаачилсандаа сэтгэл онгойвч зарим монгол хүүхдийн нүдэнд гуниг байгаад, зүгээр суугаагүй зүтгэсэн ч гэлээ олон монгол хүний амьдрал гундуу байгаад зүрх шимширч явдаг эр хүн би.

Гар барьсан, үг сольсон, уулзаж ярьсан, өнөөгийн амьдралдаа уйлж гомдсон, бас урамшиж инээсэн, шүүмжилж зэмлэсэн, итгэж найдсан, дэмжиж хамтарсан мянга мянган иргэн, зуу зуун учрал тохиолыг миний ард түмэн надад бэлэглэсэн нь миний хувь заяа.

Олимпийн тэнгэрт Монгол төрийн далбаа намирахад олон түмэнтэйгээ хамт самсаа шархиран омгорхсон анхны монгол Ерөнхийлөгч байсан хувь заяагаараа би бахархдаг.

Ард түмний баатар залуу аваргын хацарт хүрсэн үнсэлт, үүргээ гүйцэтгэж яваад осолдсон нисдэг тэрэгний дарга амьдралынхаа сүүлчийн мөчид барьсан гар аль аль нь Монголын маань хувь заяа, бас миний хувь заяа.

Алтан амь үрэгдэж, үнэт өв бүтээл шатсан, эвээр зохицуулах гэж эцсийн мөчийг хүртэл хичээсэн ч зогсоогүй учир арга буюу тогтоосон Онц байдлын дөрвөн жил шиг урт дөрвөн хоног, монгол хүн бүрийн сэтгэл зүрхэндээ авсан шарх, Монголын хувь заяа, бас Төрийн тэргүүн миний хувь заяа мөн. Та бидний амьдралын өнгөтэй гэгээтэй, бас гуниг сургамж дагуулсан үнэн бүхэн надад оногдсон шагнал, надад оногдсон шаналал мөн.

Туурга тусгаар улсаа төлөөлж Орос, Хятад, Англи, Америк, Япон, Солонгос, Герман, Франц, Энэтхэг зэрэг том орны удирдагчид, дэлхийн улс төрчидтэй ярьж хэлэлцэж, эн тэнцүү харилцсан их хувь заяа, их том хариуцлагыг ард түмэн минь надад олгосон билээ.

Миний сэтгэл зүрхэнд миний ард түмэн ямагт оршдогийг тэдгээр орны төр, засгийн тэргүүн нар мэдэж, мэдэрч байсан тул тэд Монгол Улсын Төрийн тэргүүнд туйлын хүндэтгэлтэй хандаж, тэдэнтэй улс орон, ард түмнийхээ нэрийн өмнөөс хийсэн яриа хэлэлцээ амжилттай болж байсан юм.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмнийхээ өгсөн саналд талархаж байна. Хотын, хөдөөгийн, залуу, ахмад, ажилчин, малчин, сэхээтэн, эрдэмтэн гээд надад итгэж сонголтоо хийсэн мянга мянган иргэддээ гүн талархал илэрхийлье. Сонгуулийн ажилд хичээн зүтгэсэн МАХН-ын жирийн гишүүд, дэмжигчдэд, ер нь бүх хүнд талархсанаа илэрхийлж байна.

Ард түмний санал хамгийн дээд шийдвэр байдаг учир Та бүхний итгэл дэмжлэгийн хүчинд олсон мэдлэг, хуримтлуулсан туршлагаа миний бие эргээд ард түмэндээ зориулах үүрэгтэй. Ард түмний Ерөнхийлөгч байсан тул албан тушаалд байсан ч, байгаагүй ч ард түмнийхээ дунд л байж, тэднийхээ дуу хоолойг сонсож, жаргал, зовлонг нь хуваалцаж, хал үзсэн туршлага, хат суусан ухаарал, гадаад, дотоодод тогтоосон харилцаагаа ард түмнийхээ тусын тулд үргэлж зориулж байх болно.

Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль ч урьд өмнө болж байсан сонгуулиудтай нэгэн адил жилээс жилд ужигран давтагдаж, улам бүр гүнзгийрч байгаа будлиан зөрчлөөс ангид цэвэр байж чадсангүй.

Иргэний бүртгэл мэдээлэл, сонгуулийн хууль дүрмийн хагас дутуу хэрэгжилт, сонгуулийн байгууллагын алдаа дутагдал, будлиан зөрчлийн бодит жишээ баримт цөөн биш олноор, бохир үйл ажиллагаа нэг биш нийтлэг шинжтэй байсан хэдий ч миний бие Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан дүнг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Энэ тухай ард түмэндээ хандаж хэвлэлийн бага хурал ч санаачлан хийлгэсэн. Улс төрийн соёлыг дээшлүүлэх гэж өрсөлдөгч рүүгээ утасдан баяр хүргэсэн.

Ард иргэд маань саяны сонгуулийн үеэр өнгөрсөн жилийн 7-р сарын 1-нд болсон шиг үймээн самуун дэгдэхвий хэмээн болгоомжилж байсныг би сайн мэднэ. " 7 дугаар сарын 1" -нд ямар хохирол учирсныг Та бид шаналал зовлон, хагацал харуусал, айдас хүйдсээрээ мэдэх учиртай. Уг нь "ахин бүү үзэгд" гэж залбирч хүсээд зогсохгүй Монголыг гутааж, Монголыг айлгасан аймшигт хэрэг явдлын уг сурвалж, учир шалтгааныг нарийвчлан тогтоож байж, ухаарал сургамж авч чадна гэж би үздэг юм. Харин " 7 дугаар сарын 1" яагаад болсныг, хэн буруутайг, хэрхэн зохион байгуулсныг нь таван халуун амь эрсдсэн тэр өдрөөс хойш бүтэн жил өнгөрөх гэж байхад олж тогтоогоогүй л байна.

2008 оны 7 дугаар сарын 5-нд буюу уг эмгэнэлт хэрэг явдлаас хойш дөрвөн хоногийн дараа ҮАБЗ-өөс гаргасан Ажлын хэсэг байгуулан нөхцөл шалтгааныг нь судлан тогтоох тухай зөвлөмжийг УИХ өдийг хүртэл ажил хэрэг болгоогүй байгаад харамсаж байна.

Ажлын хэсэг байгуулахгүй удааширах тусам үймээн самууны учир шалтгаан, үйл явдал өрнөсний бодит үнэн, өдөөн турхирагчид, зохион байгуулагчид нь хэн болох нь улам бүр бүрхэгдэн бүдгэрнэ, бодит баримт биш, харин санаатай санаагүй зохиосон элдвийн цуу таамаг дэлгэрнэ. Нийгэм нэг нэгнээ буруутган талцана.

Тийм ч учраас уг шалтгааныг нь мэдэж, жинхэнэ эздийг нь олж тогтоож байж л ийм эмгэнэлт явдлыг ахиад гаргуулахгүй байх баталгааг Та бид хамтдаа олж авч чадна. Ерөнхийлөгчийн бүрэн эрх маань дуусгавар болсон ч "7-р сарын 1" -ний үймээн самууны учир шалтгааныг олж тогтоохын тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийх болно гэдгээ зориуд тэмдэглэн хэлье.

Нийгэмд эв нэгдлийг бэхжүүлэхэд улс төрийн намууд онцгой үүрэгтэй. Улс төрийн намууд нийгмийнхээ хөгжлийг тэргүүлэн манлайлагч байж, хөгжлийн үзэл баримтлалыг төрүүлэгч, бас хэрэгжүүлэгч оюун санааны төв байх ёстой.

Гэтэл өнөөдөр иргэд маань улс төрийн намуудын тухай ихээхэн шүүмжлэлтэй ярьж, тэд нийгмээ хойш чангааж байна, хоорондын хэрүүл маргаан нь нийгмийн уур амьсгалыг бүхэлд нь бохирдуулан хордуулж байна, тэд цаг үеийн шаардлагаас улам бүр хоцорч байна, амалснаа хэрэгжүүлэхгүй байна, ер нь намууд итгэл үнэмшлийн биш, харин эд мөнгөний болон ашиг сонирхолын бүлэглэлүүд болон хувирч, төлөвшил бойжлын хувьд удааширч, зарим үед бүр буруу тийш явж байна хэмээн хэлж байна.

Учир иймд Монголын улс төрийн намууд том бага, улаан цагаан гэлтгүй цаг үеэсээ хоцролгүй хөгжин төлөвшиж, үзэл баримтлал, үнэт зүйлс, дүрэм журам, зохион байгуулалт, санхүүжилтийн эрс шинэчлэл хийх шаардлага тулгараад байна.

Улс төрийг шарилж, халгай дүүрсэн хогийн ургамлын талбар болгодог томоохон шалтгааны нэг нь намын болон сонгуулийн мөнгө хандив, хөрөнгө санхүүжилтийн асуудал мөн. Хариу нэхсэн хандив, хаагдмал нуугдмал санхүү хөрөнгө нь улс төрийн нам, төрийн албаны ажил, бодлогыг ч бохирлож, авлига, хээл хахуулийн үрийг тарьж, улс төрийг эх орноо хөгжүүлэх эрхийн төлөөх үзэл баримтлалын эрүүл саруул өрсөлдөөн биш, харин эд мөнгөний бохир арилжаа болгосоор байх болно.

Улс орны хөгжлийг түргэтгэж, ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлэхийн тулд илүү идэвх зүтгэл гарган ажиллаж, өөрчлөх шаардлагатай уяа тушааг тайлж, улстөржихөөсөө илүү бодит ажил хийж бүтээхийг ард түмэн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас шаардах нь ойлгомжтой.

Миний бие ч "Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ыг тууштай хэрэгжүүлэх, "Эх орны хишиг" -ийг хүртээх, шаардлагатай хууль, тогтоомжийг батлах талаар зоримог тууштай ажиллахыг ард түмнийхээ хамт, аливаа албан тушаалаас хүчтэй ард түмнийхээ санал хүсэлтэд тулгуурлан сануулж байх болно.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ, хамтарсан Засгийн газрын ард түмэнд ашиг тустай алхам шийдвэрийг дэмжиж, бас амласнаа хэрэгжүүлж, биелүүлэхийг нь сануулахын зэрэгцээ уламжлан үргэлжлүүлэх учиртай төрийн хар хайрцагны бодлогын талаар хуримтлуулсан туршлагаасаа харамгүй хуваалцах болно.

Ард түмний итгэл, ивээлээр гадаад орон, олон улсад тогтоосон харилцаа, түншлэл, андын нөхөрлөлөө ард түмэн, улс орноо сурталчлах, соёл, боловсрол, эдийн засаг, техник технологийг хөгжүүлэх, иргэн, айл өрхийн ахуй амьжиргааг өөд татахад хөрөнгө мөнгө олж ирэх, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэхэд зориулж, өглөө бүхэн шинийг сэдэж, өдөр бүр ажил хийнэ ээ. Хүч боломж, мэдлэг боловсролын аль аль нь байна. Хүчин зүтгэх сэтгэл, туршлага ч байна. Биеийн амрыг харах нас болоогүй, хувийн жаргалыг эрхэмлэх хүсэл алга.

Ард түмний итгэл дэмжлэг албан тушаалаас хүчтэй. Ард түмнийхээ төлөө ард түмэнтэйгээ хамт нэгэн үзүүрт сэтгэлээр цаашид ч зүтгэнэ ээ. Тэгсэн цагт ажил ч бүтнэ, асуудал ч шийдэгдэнэ.

Монголын ард түмний заяа буян арвижан хурах болтугай. Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.

Монголын сайхан орон цэцэглэн хөгжих болтугай.

0 comments:

Post a Comment