Олон улсын морины үзэсгэлэнд Монгол улс албан ёсны “зочин” орноор оролцоно



ХБНГУ-ын Берлин хотын үзэсгэлэнгийн Messe Berlin буюу нийт 22 танхим хамарсан талбайд 2009 оны 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд олон улсын Морины “Hippologica-2009″ үзэсгэлэн зохион байгуулагдана.

Messe Berlin байгууллагын зохион байгуулдаг “Ногоон 7 хоног”, “Хиппологика” Олон улсын үзэсгэлэнгүүд нь дэлхийд нэр хүндтэй, олны танил болсон нэлээд том үзэсгэлэн бөгөөд дэлхийн 40 гаруй орон оролцдог байна.

Хиппологика үзэсгэлэнд жил бүр “Зочин” орноор оролцохоор олон улс өрсөлддөг бөгөөд энэ удаа Их Британи, Австри, Польш, Голланд, ОХУ өрсөлдөөд манай улс өөрийн орны морьтон ард түмнээ, Монгол ахуй, соёл, Монгол үүлдрийн адууны хүч чадал зэргийг Европт өргөнөөр сурталчилж, Монгол адууны талаарх ойлголтыг сэргээх, Монгол адууны брендийг бий болгож бусад улс орнуудад дэлгэн үзүүлэх нэлээд түүхтэй тул энэхүү эрхийг олж авлаа.

Бидний эрхэм зорилго нь цаашид Монгол адууг экспортлох боломжийг хайх, маркетингийн үндсийг тавих, Монгол адуу нь анх үүссэн цагаасаа бусад үүлдрийн адуутай эрлийзжигдээгүй цэвэр үлдсэнд олзуурхан жижгэвтэр биетэй тул мордох буухад хялбар, хол давхихад зөөлөн явдалтай, өл даах чадвартай учир морин аялал болон спорт өндөр хөгжсөн орнуудад эмэгтэйчүүд, өндөр настан, хүүхэд унахад ихээхэн тохиромжтой уналга. Сүүлийн мэдээгээр Монгол адууг уналга, үзүүлбэр шоунд оролцуулах, мах бэлтгэх үржлийн зориулалтаар хувийн шугамаар ОХУ-аар дамжуулан Европт ихээр оруулж ирдэг болжээ. Иймд үүнийг төр засгаас бодлогоор зохицуулан дэмжих нь зүйтэй юм.

Тус үзэсгэлэнгийн захиргаа дэлхийд “Монгол Улсыг зочин орон”-оор оролцохыг албан ёсоор нийтэд мэдээлсэн байгаа бөгөөд үзэсгэлэнгийн төв талбай, интернэт, веб хуудасдаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчлах эрх өгснийг бид бүхэн эртнээс бэлтгэн ашиглах нь зүйтэй юм.

Үзэсгэлэнд морины ба морь унагчийн бүх эд хэрэглэл, морь зөөж тээвэрлэх тээврийн хэрэгслүүд, адууны жүчээний бүх төрлийн техник тоног төхөөрөмжүүд, эрүүл ахуй, эмчилгээ, арчилгаа, төрөл бүрийн тэжээлүүд, морин аялал жуулчлалын бүтээгдэхүүн, сонирхолтой морин аялал, морьтой холбоотой түүх, бэлэг дурсгал, мөн үзэсгэлэнгийн үеэр морины уралдаан, үзүүлэх тоглолт, шоу, морь судлалын экспертүүдийн илтгэл, хэлэлцүүлэг явуулдаг байна. 2008 онд нийт 45 үүлдрийн 200 гаруй адуу, 400 морь унагч, сонирхогч, мэргэжлийн хүмүүс оролцсон байна.

Монгол Улс оролцохтой холбоотойгоор урьдчилсан ерөнхий хөтөлбөрт дараах ажлууд зайлшгүй орох ёстой юм. Үүнд:

1. Манай эзэмших талбай нь үзэсгэлэнгийн төв танхимд “Зочин” орны /хүн ихээр зорчдог/ гол хэсэгт байрлана. Нийт 101 кв.м талбай бөгөөд талбайн дотоод засал чимэглэлийг Монголын тал хариуцах тул оролцогчид дундаасаа зардал гаргах юм. Талбай 4 үндсэн хэсгээс бүрдэнэ.

-Морины тухай бүх төрлийн мэдээлэл, сурталчилгааны зүйлс, тараах материал, кино гаргах хэсэг

-Морьтой холбоотой үзмэр

-Морьтой холбоотой бүх төрлийн эд хэрэглэл, бэлэг дурсгал, бусад

-Уулзалтын хэсэг

2. Манай талбайд албан ёсны нээлт болон хүлээн авалт зохион байгуулагдана.

З. Монгол адууны үзүүлбэр

4. Морь судлалын илтгэлүүд зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм.

Иймд тус үзэсгэлэнд морины эд хэрэглэл, уяач, морин спортын уралдаан тэмцээн, уламжлагдан ирсэн түүх соёл судлаач, мэргэжлийн холбоод, хэрэгжүүлж буй төсөл, морин аялал эрхэлдэг аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжүүд Та бүхнийг өргөнөөр оролцож, МҮХАҮТ-тай хамтран Монгол морио сурталчлахыг уриалж байна.

Бэлтгэл хугацаа бага байгаа тул 2009 оны 11 дүгээр сарын 15-ны дотор яаралтай холбоо барьж санал бодлоо солилцон мэдэгдлээ эрт өгөхийг хүсье.

МҮХАҮТ, Үзэсгэлэн Яармагийн Газар, Аялал жуулчлалын зөвлөл

Утас: 312371 С.Намжилмаа, Д.Ууганбаатар, Факс: 324620
И-мэйл: namjilmaa@mongolchamber.mn, uuganbaatar@mongolchamber.mn

0 comments:

Post a Comment