УИХ-ын намрын чуулганыг хаалаа




УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай болон жагсаалтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталж, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг томиллоо. Мөн Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталж, УИХ-ын дарга үг хэлснээр УИХ-ын намрын чуулганы хаалтын ажиллагааг хийлээ.



УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “УИХ-ын намрын чуулган хуралдах 90 хоногийн хугацаанд олон чухал хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж баталсан болохыг онцлон тэмдэглэв.


УИХ-ын 2009 оны намрын ээлжит
чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга
Д.Дэмбэрэлийн хэлсэн үг

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулган ажлын 91 хоног үргэлжилж, эдийн засаг, нийгмийн өнөөгийн нэн тулгамдсан олон асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

УИХ-аас батлан гаргасан 2010 оны төсөв, мөнгөний бодлого бүхэлдээ эдийн засгийн уналтыг зогсоох, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн билээ. Хэдийгээр бэрхшээлтэй ч гэсэн энэ онд бид эдийн засгийн өсөлтийг 7.4 хувиас буулгахгүй байх зорилт тавьж байна.

Энэ зорилтыг хангахын тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 443 тэрбум, дараа төлөгдөх нөхцөлтэйгээр 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Хувийн хэвшлийнхний өөрсдийн хийх хөрөнгө оруулалтын ажлыг нэмж тооцвол улсын хэмжээний нийт бүтээн байгуулалтын ажлын цар хэмжээ хоёр их наяд давах тооцоо байна.

Мөн орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулсан хөрөнгийн хэмжээг өнгөрсөн жилийнхээс 1.5 дахин нэмэгдүүлж, 45 тэрбум төгрөгт хүргэлээ. Хэрвээ бид өргөн цар хүрээтэй тавигдсан эдгээр том зорилтуудыг хэрэгжүүлбэл гарцаагүй амжилтад хүрнэ. Үүнийг ажил болгож эс чадваас хүмүүсийг ажлын байртай болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бүтээж босгох ажилд доголдол буй болж, ахиц гарахгүй байх нөхцөл үүснэ гэдэгт дүгнэлт хийж, Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авч ажиллана гэж найдаж байна.

2010 онд тавьсан зорилт болон бидний цааш цаашдын ажлын үр өгөөжид тус болох нэмэлт арга хэмжээг ч УИХ бас авсан. Үйлдвэрлэлд дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагыг харгалзан Үйлдвэрлэл, технологийн паркийг бүс нутагт байгуулах эрх зүй, эдийн засаг, татварын таатай орчныг бүрдүүллээ.

Өмчийн харилцааг боловсронгуй болгох шаардлагын үүднээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаархи төрийн бодлогыг тодорхойлж, түүний эрх зүйн гол үндэс болсон Концессын тухай хуулийг шинээр батлан гаргалаа. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн өмчийн харилцаанд чухал ач холбогдол бүхий Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг мөн шинээр баталлаа.

Дотооддоо хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд хөгжүүлэх, Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлд бие дааж гарах шаардлагад нийцүүлэн төрийн өмчийн хувьчлалыг явуулах, эрдэс баялгийг эргэлтэд оруулах талаар Засгийн газрын саналыг Улсын Их Хурал хүлээн авч Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг тодорхойллоо.
Эрх зүйн энэхүү дэмжлэг, нөхцөл, боломжийг бүрэн дүүрэн ашиглах л үлдэж байна.

Улс орны нөхцөл байдлын тухайд ч, олон улсын хэмжээнд ч санхүү, эдийн засгийн байдал хүндрэлтэй хэвээр байна. Манай орны экспортын гол түүхий эд болох зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэлтэй байна. Төсвийн орлогын хуваарилалт, зарцуулалтын талаар нийгэмд маргаан дэгдэх боллоо. Энэ бүхэн нь төсвийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, төсвийг бодит боломжтойгоо уялдуулан тэнцвэржүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардаж буй хэрэг юм.

Эдгээр асуудалтай шууд холбоотой Хүний хөгжил сангийн хуулийг шинээр батлан гаргасан. Мөн жил бүр тус сангийн төсвийг тусад нь баталж байхаар боллоо. Иргэн бүрт эхний ээлжинд 70 мянган төгрөгийн хишиг, хувь хүртээхээр шийдвэрлэлээ. Засгийн газрын өргөн мэдүүлснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж эхлэв.

Төсвийг банк, санхүү, мөнгөний бодлоготой уялдуулахыг байнга хичээж ирсэн. Төрөөс 2010 онд баримтлах мөнгөний бодлогыг хэрэгжүүлснээр банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг уян хатан зохицуулах, инфляцийг 8 хувиас хэтрүүлэхгүй байх боломжтой гэж Та бид үзсэн. Монголбанкны болон арилжааны банкны хуулиудад томоохон өөрчлөлт орууллаа. Банкны үйл ажиллагааны ил тод байдал, өмчлөгчид болон хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгож, хяналт шалгалтын үр нөлөөг улам сайжруулах, төв банкны үүрэг хариуцлагыг өнөөгийнхөөс улам өндөржүүлэхэд хуулийн өөрчлөлтүүд чиглэгдсэн билээ.

2010 он бол хүн ам, орон сууцны бүртгэл, тооллогын жил болох юм. Уг ажлын явцад иргэний бичиг баримтыг бүхэлд нь цэгцлэх ажил хийгдэнэ. Мөн Монгол Улсын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх хариуцлагатай том зорилтыг бас шийдвэрлэнэ.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар нийтдээ 104 хууль, бусад шийдвэрийн төсөл хэлэлцэж батлав.

Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу намрын чуулганаар хэлэлцүүлэх дараалалд орсон асуудлуудыг үндсэнд нь хэлэлцэв. Өнгөрсөн оны хаврын чуулганаас санал болгосон 41 асуудал УИХ-д өргөн мэдүүлэгдээгүй байна. Эдгээр хуулийг иргэд нэн чухал асуудлаа хэлэлцсэнгүй юу гэсэн эргэлзсэн байдлаар харах нь мэдээж. Магадгүй бидний хэлэлцсэн, шийдвэрлэсэн олон хууль, бодлогын баримт бичиг нь цаг хугацаа, нөхцөл байдлын зайлшгүй шаардлагаас урган гарсан болохоор “орхигдсон” гэсэн төслүүдээс ч илүү ач холбогдолтой байж болох юм.

Ямартай ч хэлэлцүүлэхээр ирүүлж байгаа хууль, шийдвэрийн төслийн боловсруулалтын чанар, шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлох, хугацаанд нь өргөн мэдүүлэх талаар гол гол хуулийг санаачлагч Засгийн газар болон бусад хууль санаачлагчдын зүгээс онцгой анхаарах хэрэгтэй байна.

Энэ удаа бид тэргүүлэх ач холбогдолтой гэж үзсэн, бодлогын чанартай 28 асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр тохиролцож Улсын Их Хурлаас тогтоол гаргав. Хаврын чуулганы бэлтгэлийг сайтар хангах талаар Байнгын хороод, Тамгын газар санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.

Өнөөдөр өндөрлөж буй намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ би хууль хэрэгжихгүй байгаа талаар онцлон дурьдаж байсан. Иргэд сонгогчдын зүгээс ч хуулийн сурталчилгаа, хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилж буйг анхаарахгүй байхын аргагүй. Өнөө үед иргэдэд хуулийн сурталчилгаа хийхэд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нэн чухал үүрэгтэй нь харагдаж байна. Хуулийг иргэдэд ойлгуулж сурталчлах ажлыг Тамгын газар хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран далайцтай зохион байгуулах шаардлагатай байна.

Бидэнд тулгамдсан асуудал, бэрхшээл олон ч мал өвөлжилтийн байдал урьд жилүүдийнхээс илүү хүнд нөхцөлд байна. 12 аймгийн 132 суманд зудтай, үүнээс 64 суманд нь гамшгийн хэмжээнд хүрлээ. Малчид хүч, хөдөлмөрөө шавхан, өдөр шөнөгүй цас, хүйтний хүнд нөхцөлд ажиллаж байна. Нийслэл, аймгийн төв, бусад суурин газрын иргэд хөдөлмөрчид малчдад туслах сайн санааны хөдөлгөөн өрнүүлж, бүх талын дэмжлэг үзүүлж байгаа нь бахархууштай. ”Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэсэн мэргэн үгийг санаж хэцүү бэрхийг монголчууд бид хамтдаа давах талаар чармайлт гаргах болсон нь зудыг хохирол багатай давах нэг нөхцөл юм.

Бидний хоёр их хөрш Орос, Хятад болон бусад улс гүрэн, олон улсын байгууллагууд тусламж, дэмжлэгээ харамгүй үзүүлж байгаад ард түмэн сонгогчдынхоо өмнөөс Улсын Их Хурал чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Улсын Их Хурал өвөлжилтийн өнөөгийн байдлын талаархи Засгийн газрын мэдээллийг нэг бус удаа сонсож, холбогдох арга хэмжээг авлаа. Засгийн газраас оруулсан саналыг дэмжиж, 3.7 тэрбум төгрөгийг цас зудтай аймгуудад нэмж хуваарилж байна.

Өвөлжилт, хаваржилтын цаашдын хүндрэлийг даван туулах, эмнэлэг, эхчүүдийн төрөх байгууллагын талаар авах арга хэмжээнд нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардагдах болсон. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс төсвийг хянаж үзэх талаар тавьсан саналыг харгалзан Засгийн газар энэ 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар эхний ээлжинд хэлэлцүүлэхээр бэлтгэх нь зүйтэй гэж үзэж байна.

Улсын Их Хурлын гишүүд бид өөрсдийн сонгогдсон тойрогтойгоо байнгын холбоотой байж, зохих дэмжлэгийг үзүүлж байгаа. Чуулганы завсарлагаанаар гишүүд орон нутагт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, хууль, гаргасан шийдвэрээ сурталчлах талаар урьд урьдынхаас илүү анхаарч ажиллах шаардлагатай байна.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2009 оны намрын чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.



2010.02.04. Улаанбаатар хот

0 comments:

Post a Comment