Хүүхэд бүрийн сэтгэл өнөөдрийн хөх тэнгэр, цэлмэг нар шиг гэгээтэй байгаасай!
Манцуйн дотроо тарвалзах өлгийтэй бяцхан үрсээс эхлээд амьдралын их далайд хөл тавьж байгаа хүүхэд бүрийн баярын өдөр өнөөдөр.
Дэлхийн олон улсад энэ өдрийг хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэж байна.
Инээд, хөөрийг бэлэглэгч хүүхэд, багачууд энэ л өдөр баярлан, цэнгэн амьдралыг цааш илүү, гэрэлтэйгээр харах баяр жаргалыг олж аваасай.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдрөөр дуусгавар болохгүй. Үргэлжид эрх нь хамгаалагдаж байх ёстой болохоор жил бүрийн энэ өдрийг сонгон хүүхэд, багачуудаа онцгойлон баярлуулж, тэднийхээ төлөө илүү ихийг хийх ёстойг дор бүрнээ ухаарах учиртай.
Энэ нь тэдний төлөө баялгийг бүтээхийн төлөө шунахдаа биш хүүхдийн эрх гэж чухам юу болохыг илүүтэй ухаарч, эрхийг нь зөрчих ямар хор уршигтайг ойлгон, амьдралдаа алдаа гаргахгүй байх явдал билээ.
“Эрдэмтдийн судалгаагаар хүүхэд “болохгүй” гэсэн үгийг өдөрт дунджаар 10 удаа, жилд 4000 орчим, өсвөр нас хүртэл 50000 сонсож, тархи нь ясжиж, зүрх нь чулуужиж, буруу зөвийг ялгахаа больж, нэгэн хэв загварт орно. Гэтэл түүхийн нугачаан дунд зовлон бэрхшээл их үзсэн ч дэлхийн соёл, шинжлэх ухааны салбарт олон алдартныг төрүүлсэн жүүд үндэстэн ямар ч үед хүүхэдтэйгээ “Чинийх зөв” гэсэн үзэл номлолоор харилцдаг, идэвхтэй амьдралд ч хөтлөн оруулдаг ажээ” гэж Ц.Төвшинтөгс багш бичсэн байдаг.
Түүнчлэн “... Хүүхэд алхам тутамдаа мэдэхгүй шинэ юмтай тулгарна. Зарим нь өөрт огт таагүй зүйл шиг санагдана. Аятайхан, сонин юм шиг зүйлийг хийхээр буруутаж томчуулын зэмлэл хүртэнэ (Заримдаа зодуулна). Томчуул архи уух, тамхи татахыг муу гэж хэлсэн атлаа өөрсдөө хэрэглэнэ. Муу, муухай юм битгий хий гэж зааварладаг атлаа түүнийг өөрсдөө хийхээр нь гайхаад, дууриагаад, хийгээд туршчихвал зэмлүүлнэ, зодуулж ч мэднэ. Хүүхэд буруутахаар зодуулах нь элбэг, харин томчуул буруутаад зодуулж байгаа нь ер харагдахгүй.
Эцэг эх нь хүүхдээ зодохдоо “Чамайг сайн хүн болгох гэсэндээ”, “Чамайг хайрласандаа” гэж тайлбарлана. Хамгийн хайртай, дотны аав ээж нь зодохоор өөрийн эрхгүй гомдоно, хайрладаг хүнээ зоддог юм байна гэсэн бодол төрнө. Зодуулахад мах, яс бас тархи зүрх өвдөнө. Түүнээс хойш хүүхэлдэйгээ загнаж зодно, дараа нь ах эгч, дүүгээ, найзаа зодно, том болохоороо… !” талаар Ц.Түвшинтөгс багш дурьджээ.
Томчууд бүхэн хүүхдийн эрхийн асуудлыг илүү далайцтай ойлгож, энхрий бяцхан үр, дүүгээ загниж, зандрах, гар далайхаасаа өмнө гэмт хэрэг хийх гэж буйгаа санах хэрэгтэй.
Үр хүүхдүүдтэйгээ өдөр тутмын харилцаанд орохоос эхлээд тэдний сурч, боловсрох, амьдрах орчинг бий болгох гээд асуудал өөрөө их том хэрнээ, хүн бүр ухамсартай, сайхан сэтгэлтэй байх аваас хүүхэд бүр жаргалтай байж чадах билээ.
Ингээд хүүхэд бүрийн сэтгэл өнөөдрийн хөх тэнгэр, цэлмэг нартай өдөр шиг гэгээлэг, инээд хөөрөөр бялхан аз жаргалтай байхын ерөөлийг өргөж байна.
Та бүхэн сайхан баярлаарай.
Монголын үрс маш олон болтугай!
Эх сурвалж:
GoGo.mn
0 comments:
Post a Comment