Гадаад худалдаа 2010 оны 10р сарын байдлаар
Манай улс 2010 оны эхний 10 сарын байдлаар дэлхийн 127 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4809.8 сая ам.долл, үүнээс экспорт 2275.9 сая ам.долл, импорт 2533.9 сая ам.долларт хүрчээ (Зураг 1). Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 1617.8 сая ам.долл буюу 50.7 хувиар, үүний дотор экспортын хэмжээ 789.0 сая ам.долл буюу 53.1 хувиар, импортын хэмжээ 828.8 сая ам.долл буюу 48.6 хувиар тус тус өссөн байна.
Нийт бараа эргэлт 2010 оны 10 дугаар сард 553.5 сая ам.долл болж, 9 дүгээр сарынхаас 55.8 сая ам.долл буюу 11.2 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 139.4 сая ам.долл буюу 33.7 хувиар тус тус өслөө. Өмнөх оны эхний 10 сард гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 46.8 хувь нь БНХАУ-д, 19.9 хувь нь ОХУ-д, үлдсэн 33.3 хувь нь бусад улсуудад ногдож байсан бол 2010 оны эхний 10 сарын нийт бараа эргэлтийн 55.7 хувь нь БНХАУ, 18.9 хувь нь ОХУ, 25.4 хувь нь бусад улсуудад ногдож байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад БНХАУ-тай хийсэн бараа эргэлтийн эзлэх хувь 8.9 пунктээр нэмэгдэж, ОХУ-тай хийсэн бараа эргэлтийн хувь 1.0 пунктээр, бусад улсуудынх 7.6 пунктээр тус тус буурлаа. 2010 оны 10 дугаар сард гадаад худалдааны нийт бараа
эргэлтийн 55.6 хувь нь БНХАУ-д,14.9 хувь нь ОХУ-д, үлдсэн 29.5 хувь нь бусад улсуудад ногдож байна. Өмнөх оны 10 дугаар сарынхтай харьцуулахад БНХАУ-тай хийсэн бараа эргэлтийн эзлэх хувь 9.6 пунктээр өсч, ОХУ-тай хийсэн бараа эргэлтийн хувь 9.2 пунктээр, бусад улсуудынх 0.4 пунктээр тус тус буурлаа.
Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний 10 сарын байдлаар 258.0 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 39.8 сая ам.долл буюу 18.2 хувиар нэмэгдэж байна. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны 10 дугаар сард 27.8 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2010 оны 10 дугаар сард 17.9 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 9.9 сая ам.долл буюу 35.8 хувиар буурчээ...
Экспорт
Манай улсаас 2010 оны эхний 10 сарын байдлаар 64 оронд бараа экспортолсны 84.5 хувь нь БНХАУ-д, 5.2 хувь нь Канад улсад, 2.9 хувь нь ОХУ-д, 2.6 хувь нь Их Британи улсад, 1.2 хувь нь БНСУ-д, 1.1 хувь нь Итали улсад, 0.9 хувь нь ХБНГУ-д ногдож байгаа нь нийт экспортын үнийн дүнгийн 98.4 хувийг эзэлж байна (Зураг2). 2010 оны эхний 10 сард нийт экспортын 94.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс эзэлж байна (Зураг 3).
Экспортын дүнд өндөр хувийн жин эзэлж буй эрдэс бүтээгдэхүүний экспортыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 888.1 сая ам.долл, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 15.8 сая ам.долл, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүнийх 8.4 сая ам.долл, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэлийнх 6.0 сая ам.долл, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 5.5 сая долл, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 4.5 сая ам.доллараар тус тус өсч, харин үнэт ба хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийнх 134.2 сая ам.долл, ургамлын гаралтай бүтээгдэхүүн болон машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх тус бүр 3.6 сая ам.долл, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийх 0.2 сая ам.доллараар тус тус буурчээ.
Нийт экспортод нүүрс 28.4 хувь, зэсийн баяжмал 27.9 хувь, төмрийн хүдэр 8.6 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.8 хувь, боловсруулаагүй нефть 5.5 хувь, цайрын хүдэр, баяжмал 4.2 хувь, жоншны хүдэр, баяжмал 2.3 хувь, самнасан ноолуур 2.1 хувь, молибдений хүдэр, баяжмал 1.9 хувь, бусад бүтээгдэхүүн 12.3 хувийг тус тус эзэлж байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт экспортод боловсруулаагүй алтны эзлэх хувь 12.6 пункт, цайрын хүдэр, баяжмалынх 1.8 пункт, самнасан ноолуурынх 1.6 пункт, молибдений хүдэр, баяжмалынх 0.4 пунктээр тус тус буурсан бол харин нүүрсний эзлэх хувь 12.5 пункт, төмрийн хүдрийнх 4.7 пункт, зэсийн баяжмалынх 2.3 пункт, жоншны хүдэр, баяжмал 0.7 пункт, боловсруулаагүй нефть 0.1 пунктээр тус тус өсчээ.
Экспортын барааны 99.9 хувийг валютын төлбөртэй худалдаа, үлдсэн 0.1 хувийг бусад бараа эзэлж байна.
Импорт
Манай улс 2010 оны эхний 10 сард нийт 120 оронтой импортын худалдаа хийсний 33.2 хувийг ОХУ, 29.9 хувийг БНХАУ, 5.9 хувийг Япон, 5.8 хувийг БНСУ, 5.4 хувийг АНУ, 2.7 хувийг ХБНГУ, 1.8 хувийг Франц, 1.4 хувийг Сингапур улстай тус тус хийсэн нь нийт импортын 86.1 хувийг эзэлж байна (Зураг 5). Нийт импортод голлох улсуудын эзлэх хувийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад БНХАУ-ынх 4.8 пунктээр, Япон улсынх 1.2 пунктээр, Сингапурынх 0.2 пунктээр тус тус өсч, харин БНСУ-ынх 1.6 пунктээр, Францынх 1.5 пунктээр, ОХУ-ынх 1.4 пунктээр, ХБНГУ-ынх 0.5 пунктээр, АНУ-ынх 0.1 пунктээр тус тус буурсан байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн бүлгийн импорт 219.4 сая ам.долл, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг 203.5 сая ам.долл, эрдэс бүтээгдэхүүний импорт 153.2 сая ам.долл, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт 70.3 сая ам.долл, хүнсний бэлэн бүтээгдэхүүнийх 48.6 сая ам.долл, хуванцар, каучук, түүгээр хийсэн эдлэлийнх 33.9 сая ам.долл, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 29.9 сая ам.долл, целлюлоз, цаас картон тэдгээрээр хийсэн зүйлийнх 12.1 сая ам.долл, мал, амьтад тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүнийх 8.7 сая ам.долл, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 4.9 сая ам.доллараар тус тус өсч, харин түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэлийнх 1.4 сая ам.долл, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх 1.1 сая ам.доллараар тус тус буурсан байна.
2010 оны эхний 10 сард нийт импортын 23.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 21.4 хувийг машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг, 18.3 хувийг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, 7.4 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн, 6.6 хувийг хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, 6.4 хувийг үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн, 3.1 хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үлдсэн 13.8 хувийг бусад бүлгийн бүтээгдэхүүн эзэлж байна (Зураг 6).
Өмнөх оны эхний 10 сарынхтай харьцуулахад суудлын автомашины импортын биет хэмжээ 10053 ш, үнийн дүн 59.0 сая ам.долл, автобензиний импортын үнийн дүн 12.8 сая ам.долл, цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 89.1 сая квт.цаг, үнийн дүн 5.2 сая ам.доллараар тус тус өсч, харин автобензиний биет хэмжээ 30.6 мян.т, гурилын импортын биет хэмжээ 22.9 мян.т, үнийн дүн нь 10.6 сая ам.доллараар буурчээ (Зураг 7).
Гурилын импорт 2010 оны 10 дугаар сард 0.5 мян.т болж, өмнөх оны 10 дугаар сарынхаас 4.8 мян.т буюу 90.7 хувиар буурсан байна. Нефтийн бүтээгдэхүүний импорт 2010 оны эхний 10 сарын байдлаар 646.1 мян.т буюу 510.5 сая ам.долл болж, нийт импортын үнийн дүнгийн 20.1 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 45.0 мян.т буюу 7.5 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад цагаан будааны импортын биет хэмжээ 4.8 мян.т, үнийн дүн 6.1 сая ам.доллараар өсчээ. 2010 оны эхний 10 сард цагаан будааны импортын 56.9 хувийг Япон улсаас, 28.8 хувийг БНХАУ-аас, 7.6 хувийг ОХУ-аас импортолсон ба үүнээс Япон улсын эзлэх хувь 2010 оны эхний 9 сарынхаас 56.8 пунктээр өссөн байна.
Элсэн чихрийн импорт 2010 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеийнхээс 7.7 мян.т, үнийн дүн 5.5 сая ам.доллараар нэмэгджээ. Элсэн чихрийн 34.9 хувийг Тайланд улсаас, 19.0 хувийг Малайз улсаас, 18.9 хувийг БНСУ-аас импортолсон бол ургамлын тосны 93.3 хувийг ОХУ-аас импортолжээ. Гурилын импортын 84.7 хувийг ОХУ-аас, 13.4 хувийг Казахстан улсаас импортолсон бөгөөд үүнд ОХУ-ын импортолсон гурилын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 пунктээр буурч, харин Казахстан улсынх 1.6 пунктээр өсчээ.
Импортолсон барааны 91.7 хувийг валютын төлбөртэй худалдаа, 3.9 хувийг гадаадын хөрөнгө оруулалтын бараа, 3.7 хувийг тусламжийн бараа, 0.5 хувийг зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.2 хувийг бараа солилцоо эзэлж байна.
0 comments:
Post a Comment