Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн салбарынхандаа баярын мэнд хүргэе!



Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна. Тус салбарын хөгжлийг өнөөгийн түвшинд хүргэхэд ажил амьдралаа зориулсан үе үеийн ахмадууд тэдний залгамж халаа болсон залуу үеийнхэндээ Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа салбарын түүхт 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Нэгэн зууныг өртөөлөн дамжсан манай салбарынхан хийсэн ажлаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөн 90 жилийн ойгоо амжилт дүүрэн угтаж байна. 1921 онд орчин цагийн харилцаа холбооны үндэс суурь бий болсон цагаас эхлэн хөдөө орон нутгийн холбоожуулах, цахилгаан холбооны нэгдсэн тогтолцоо бий болгох, радио болон телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг нэвтрүүлэх зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

2005 оноос “Цахим монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд интернэтийн хэрэглээ 18,8 дахин нэмэгдэж, . гар утас дээдсийн хэрэглээ мэт “нүдний гэм” байсан бол давхардсан тоогоор өнөөдөр Монгол Улсын 2,5 сая орчим иргэн үүрэн телефон хэрэглэдэг болжээ. Монголын үндэсний телевизийг цөөн цагаар үздэг байсан үзэгчид хот, хөдөө орон нутаг гэж ялгалгүй 10 гаруй сувгаас өөрийн хүссэнийг сонгон үзэх боломжтой боллоо. Шилэн кабелийн сүлжээ 21 аймаг, 160 сумдад хүрснээр хүссэн мэдээллээ хаанаас ч олж авах нөхцөл бүрдээд байна.

Манай салбарын хөгжил дэвшил улс орны эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Өнгөрсөн оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарынхан дангаар бий бүрдүүлж байна.

Мэдээлэл шуудан, харилцаа холбоо технологийн салбарын гол онцлог нь “хурд” юм. Энэ бол жирийн нэг “хурд” биш улс орны хөгжлийн зангилаа, дэд бүтцийн амин сүнс болсон хурд. Иймээс тасралтгүй өөрчлөлт шинэчлэлтийн салхи манай салбарт сэвэлзэж байдаг. Технологийн хөгжилтэйгээ уялдан хэрэглээ, харилцаа, үйлчилгээний соёл ч аль хэдийн бий болжээ.

Таны өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон шуудан, радио, телевиз, интернэт, гар утас, программ хангамж гээд эдгээр үйлчилгээг Монгол Улсад Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн салбарынхан 90 жилийн турш тасралтгүй, найдвартай, шуурхай хүргэж ирсэнийг энд цохон тэмдэглэхэд таатай байна.

Түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй салбарын хамт олон, ахмадууд болон нийт хэрэглэгч та бүхэндээ аз жаргал, эрч хүч, ажлын амжилт бүтээл бүхнийг хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн МШХХТГ-ын дарга Ж. Бат-Эрдэнэ

0 comments:

Post a Comment