“Цахим мэдээллийн аюулгүй байдал”

2008 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдөр Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд “Цахим мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалт семинар болж өнгөрлөө.
Дэлхийн Банкны мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар, Ирланд Улсын “ASTEC Global Consulting” байгууллагууд хамтран зохион байгуулсан байна.

Сүүлийн үед хүний амьдралын салшгүй хэсэг болсон мэдээлэл, харилцааны тогтолцоо хурдтай хөгжиж байгаа ба түүний хэрэглээ нэмэгдсэнээр хүний алдаа, санамсаргүй үйлдлээс компьютерийн орчин эрсдэлд орох нь ихсэж, гэнэтийн хохирол амсах явдал түгээмэл болж байна. Цахим орчны халдлага, эрсдэлтэй байдлаас хамгаалах, хариу үйлдэл хийх, компьютерийн орчны аюулгүй байдалд тавих анхаарлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай боллоо.

Уг семинарыг цахим мэдээллийн аюулгүй байдлын үндэсний стратеги, стратегийн хэрэгжүүлэлт, холбогдох хууль тогтоомж, бодлогын талаар танилцуулга, хэлэлцүүлэг бүхий агуулгатайгаар зохион байгуулсан байна. Тус семинарт 11 яамдууд болон харъяа 31 агентлагуудын нийт 80 орчим удирдах албан тушаалтнууд оролцсон юм.
Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай энэхүү семинарт Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас боловсруулсан цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, стратеги, бодлого, хэрэгжүүлэх төлөвлөгөөг олон нийтэд танилцуулж, санал солилцох зорилготой юм.
Энэхүү сургалт, семинар нь цахим мэдээллийн нууцлал, аюулгүй байдал нь тулгамдсан асуудал болж байгаа өнөө үед цагаа олсон чухал сэдвүүдийг хөндсөн агуулгатайгаар зохиогдож байгаагаараа цаг үеээ олсон чухал арга хэмжээ болсон гэж үзэж байна.

“Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай” сургалт, семинарын нээлтийн ажиллагаанд МХХТГ-ын БТХ-ийн Дарга Ц.Нямхүүгийн хэлсэн үг
2008 оны 11 дүгээр сар 05-ны өдөр Улаанбаатар хот
Та бүхэнд өглөөний мэнд хүргэе!
Эрхэм хүндэт,
АСТЕК Глобаль консалтанси компанийн зөвлөх Ноён Ник Лартер,
Тус сургалт семинарын сургагч багш нараа,
Сургалт семинарын үйл ажиллагаанд оролцогчдоо,

Монгол Улсын Засгийн газраас МХХТ-ийг дунд хугацаанд хөгжүүлэхэд баримтлах бодлогын баримт бичиг болох “Цахим монгол” хөтөлбөрийг анх 2005 онд батлан хэрэгжүүлж эхэлсэнээс хойш даруй 3 гаруй жил болж байна. Цахим монгол хөтөлбөрт МХХТ-ийг нийгэм, эдийн засгийн бүхий л түвшинд нэвтрүүлэх 2012 онд МХХТ-ийн хөгжлөөр Ази тивдээ эхний 10-д орох том зорилт тавьсан юм. Өнгөрсөн хугацаанд Цахим монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд төр засгийн зүгээс анхаарал хандуулж ирсэний үр дүнд тодорхой үр дүнд хүрээнд байна. Тухайлбал, Монгол Улсын мэдээлэл, холбооны үндсэн суурь сүлжээ-хот хоорондын сүлжээг тоон технологид бүрэн шилжүүлж, улмаар сумын түвшинд тоон технологид нэвтрүүлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. 2005 оны эцсийн байдлаар шилэн каблийн нийт урт 2100 км буюу аймгийн төвүүдийг оролцуулаад 59 сум, суурин газрыг хамарч байсан бол 2008 оны одоогийн байдлаар 13000 гаруй км урт нийт 160 сум, суурин газрыг хамарсан сүлжээ болж өргөжсөн байна. Мөн энэ онд бүх сум, суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэ ажил дуусах шатандаа ороод явж байна. Өнгөрсөн хугацаанд энэ мэтчилэн үүрэн холбоо, интернэт, компьютержүүлэлт, ТВ-ийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ зэрэг олон салбарт харьцангуйгаар үсрэнгүй гэж хэлж болохуйц дорвитой ажлуудыг амжуулсаныг хэлэхэд таатай байна.
Гэхдээ энэ бүхнийг хэлэхдээ цахим монгол хөтөлбөрт тусгагдсан ихэнх ажлаа хийчихлээ гэсэн утгаар биш харин суурь чанартай, тус салбарын цаашдын хөгжлийн тулгуур болох үндсэн асуудлыг шийдэх чиглэлд голлон анхаарч ирсэн гэдгийг хэлэх гэсэн юм. Хөгжлийн тулгуур болсон суурь ажлуудаа эхэлж амжуулах нь хөтөлбөрт тавьсан зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үндэс билээ. Энэ үүднээс авч үзвэл бид Цахим монгол хөтөлбөрт тавьсан зорилтуудыг цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломж байна гэж үзэж байна.
Цаашид хэрэгжүүлэх олон ажлуудын нэгээхэн хэсэг болох орчин үеийн мэдээлэлжсэн нийгмийн харилцааны салшгүй чухал бүрэлдхүүн болсон “Цахим мэдээллийн аюулгүй”-ийн асуудал юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас буюу тухайн үеийн Дэд бүтцийн яамнаас МХХТ-ийн багц хуулийн хүрээнд, мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эрхлэн “Цахим мэдээллийн аюулгүй байдал”-ын хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг тус тус байгуулагдан ажиллаж хуулийн төслүүдийг анхны хувилбаруудыг боловсруулж байсан билээ. Цахим мэдээллийн аюулгүй байдлын асуудал нь хүн төрөлхтөнд тулгарч буй харьцангуй “шинэ” асуудал төдийгүй, түргэн хурдацтай хөгжиж буй техник, технологийн дэвшлийн улмаас цахим мэдээллийн аюулгүй байдлын арга, техник, технологи нь түргэн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нь хууль гаргах, холбогдох дүрэм, журам, стандарт гаргах явдалыг улам түвэгтэй болгож, цахим мэдээллийн аюулгүй байдлын үзэл баримтлал, ойлголтыг нэг мөр болгох асуудалд хүндрэл учруулсаар байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд манай МХХТ-ийн салбарын хамт олны зүгээс “цахим мэдээллийн аюулгүй байдал”-ыг хангах чиглэлд идэвхтэй хүчин чармайлт гарган ажиллаж ирсэнийг тэмдэглэхэд таатай байна. Тухайлбал, салбарын эрдэмтэн мэргэжилтэнүүд “Олон улсын стандартын байгууллага”-аас гаргасан цахим мэдээллийн аюулгүй байдлын ISO 27000 серийн стандартын 1:1 орчуулгыг хийж ХХЗХ-ны дэргэдэх Стандартын техникийн дэд хороогоор хэлэлцүүлж, улмаар Стандарчлалын Үндэсний хороогоор батлуулсан байна. Мөн түүнчлэн, кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэлд санал санаачлагатай ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас Кибер орон зайн үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр 2008 оны төсөвт 100 сая төгрөг төсөвлөж өгсөн бөгөөд одоогоор тус төслийн тендер хэрэгжих шатандаа явж байна.
МХХТГ-аас цахим мэдээллийн аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэлд, Дэлхийн Банкны санхүүжилттэй “МХХТ-ийн дэд бүтцийг хөгжүүлэх” багц төслийн хүрээнд Цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар Техник туслалцааны төсөл хэрэгжүүлж, 2007 онд олон улсын зөвлөх үйлчилгээ авсан юм. Тус техник туслалцааны төслийг хэрэгжүүлсэн Англи Улсын АСТЕК Глобаль Консалтанси болон туслан гүйцэтгэгч МЕК Консалтанси байгууллагуудаас “Цахим мэдээллийн аюулгүй байдлын хуулийн үзэл баримтлал, хуулийн төсөл”, “Цахим мэдээллийн аюулгүй байдлын үндэсний стратеги”, “Цахим мэдээллийн аюулгүй байдлын талаарх дүрэм, журам”-уудыг боловсруулж, өнөөдөр та бүхэнд танилцуулж, хэлэлцүүлэхээр бэлэн болгоод байгааг хэлэхэд таатай байна.
Энэхүү сургалт-семинар нь Монгол Улсад Цахим мэдээллийн аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд үлэмж тус хүргэнэ гэж итгэж байгаагаа энэ ялдамж илэрхийлээд, та бүхэнд болон сургалт-семинарын үйл ажиллагаанд чин сэтгэлийн амжилт хүсье!

Анхаарал тавьсанд баярлалаа!

1 comments:

  1. Anonymous said...

    ene seminart tawigdsan iltgel presentation file-uud baiwal haanaas awch boloh we?

Post a Comment