Цалингийн шимтгэлд авдаг мөнгө буруу замаар явж байна
Нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг мөнгө хуулиараа арилжааны банкинд өсөх ёстой
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн мөнгийг Төрийн сангаас салгахыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа шаардаж жагсаал цуглаан хийж байсан билээ. Гэтэл энэ асуудал одоо болтол шийдэгдээгүй гэнэ. Энэ талаар өчигдөр тус холбооноос мэдээлэл хийлээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг Төрийн санд нийлүүлж төсвийн нөхөөс болгож байна гэж тус холбооноос шүүмжилж байна. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн мөнгө хуулиараа арилжааны банкинд хадгалагдаж, өндөр хүүгээр өсч байх ёстой аж. Энэ жишиг дэлхийн бусад оронд ч хэрэгждэг байна. Гэтэл манайд ажилтан хүний цалин хөлсний шимтгэл болгон төлсөн мөнгө өндөр хүүгээр өсөх нь битгий хэл Төрийн санд орсноор тэтгэврийн мөнгө өгөх хүрэлцээ, нөөц хомс болоод байгаа юм байна. Энэ нь жагсаал цуглаан хийлгэн Засгийн газраар батлуулсан 139 дүгээр тогтоол өнөөдрийг хүртэл огт хэрэгжихгүй байгаатай холбоотой гэнэ. 2008 оны төсвийн тодотголд 50 тэрбум төгрөг тусгасан боловч үүнийгээ хасчээ. 2009 оны төсвийн төсөлд нийгмийн даатгалын өр барагдуулах талаар тусгаагүй байгаа аж.
Гэтэл одоо нэг жилийн дараа буюу 2010 онд 50 настай дөрвөн хүүхэдтэй эх тэтгэврээ авч эхэлнэ. Энэ мөнгө хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тус холбооны удирдлагууд шүүмжиллээ. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн шимтгэл төлж байгаагийн ашиг огт гарахгүй байгаа аж. Харин үүний оронд иргэд шимтгэл гээд төлөөд байгаа мөнгөө өөрсдөө банкинд хийвэл илүү ашигтай байх гэнэ. Ингэж ярих иргэд ч олон байгаа гэлээ. Иргэд ийнхүү үзэж байгаа нь манай нийгмийн даатгалыг уналтад ороод байгаагийн илрэл гэж тайлбарлав. Тиймээс тус холбооныхон нийгмийн даатгалын асуудлыг шүүхээр шийдүүлэх болно гэдгээ мэдэгдлээ. Засгийн газар, Сангийн яам тэдний тавиад байгаа шаардлагыг энэ сард багтаан шийдэхгүй бол тус холбооныхон шүүхийн байгууллагад хандах юм байна.
0 comments:
Post a Comment