Сүнзийн суртал ба Монголын мөхөл Сүнзийн “Дайтах урлаг”




Уг нь хятадыг монголчууд нанхиад гэдэг юм. Хятад гэдэг нь бидний өвөг дээдсийн нэг хятан буюу киданы олон тоог илтгэсэн нэршил бөгөөд ойд төөрсөн коммунист сармагчдын балгаар харь улсын нэр болон хэвшжээ.

Күнз, Сүнз, Менз, Лаоз, Жуанз, Гаоз зэрэг сэтгэгчид нанхиад хүний түүхэн сэтгэлгээ, ёс зүй, төр улсын тухай ойлголтынх нь үндсийг тавьцгаасан юм. Тэд "Зуун овог", "Гурван үсэг", "Дөрвөн ном", "Таван судар" гээд олон ном туурвисан нь одоо хэр хятадын гадаад бодлогын дэвсгэр болдог ажээ. Эдгээрээс хамгийн нөлөөтэй нь мэдээж Күнз боловч Сүнзийн бичсэн дайтах урлагийн тухай сургаал нь дотор хүний мөн чанарыг илүүтэй харуулдаг. Тийм ч учраас манай дээдэс эртнээс анхааралтай судалж иржээ.

Монголчуудад ч гэсэн үе дамжуулан ашигладаг “Таван өнгөт хөлгөн судар” хэмээх дайтах урлагийн номлол байсан. Өвгөдийн дайтах онол нанхиадынхаас илүүтэй байсныг түүх хэлнэ. Харамсалтай нь Тогоонтөмөр хаан Бээжингээс зугтах үедээ тэрхүү судрыг үрэгдүүлчихсэн юм. Домогт өгүүлснээр уг судрыг Жанчхүүгийн даваанд нуусан агаад нанхиадууд хэдэн үеийн турш эрж хайсан гэдэг.

Сүнзийн “Дайтах урлаг” бол бусдыг эрхэндээ оруулах хятад мэхний цогц юм. Өмнөдүүд хэдэн мянган жил “шавар хотдоо шамбааралдан” амьдарч ирсний хувьд дайн тулаанд муу, баатарлаг сэтгэхүй дутмаг үндэстэн. Нүүдэлчид өөрсдийн ахуй амьдралтай холбоотойгоор байнгын цэрэг дайны бэлтгэлтэй, баатар зүрхтэй төрж, өсдөг. Түүхэндээ тариачид нүүдэлчдийг дайн тулаанаар дийлж байсан нь ховор. Харин нүүдэлчдийн байнгын түрэмгийллийг зогсоох гэхдээ уртаас урт хэрэм босгосон нь өнөө түүхийн гэрч болон дүнхийнэ. Нэгэнт шууд тулалдаад дийлдэггүй болохоор аргаар эзлэхийг чухалчлан “онолдох” болсны хамгийн цуутай нь Сүнзийн “Дайтах урлаг” судар юм.

Сүнз(Сун Цзы) бол Күнзийн үеийн бодит төлөөлөгч, У улсыг мөхөх үеийн(МЭӨ 514-495он) цэргийн зүтгэлтэн аж. Сүнз онолоо амьдралд хэрэгжүүлж чадалгүй улсаа мөхөөсөн. Үхсэнийх нь дараа ойролцоогоор МЭӨ IV зуунд дагалдагчид нь Сүнзийн сургаалаас санаж байгаагаа эмхэтгэн тэмдэглэж үлдээжээ.

“Хадаас хийхэд сайн төмөр шаардлагагүй, цэрэг татахад сайн хүн таарах албагүй” гэсэн хятад хэлц үг нь энэ номноос эхтэй юм байна. “Хамгийн шилдэг ялалт бол дайтахгүйгээр мөхөөх” хэмээн сургаснаараа Сүнз хятадын төрөөс тогтвортой баримтлах стратегийг үндэслэжээ. “Ямар ч аугаа үндэстэн цаг хугацаа хэмээх хүчин зүйлд идэгддэг, хятад хүн хүлээгээд л, мэрээд л байж чаддагаараа бусдаас давуу” хэмээн тэр сургаж байлаа. Мөн тэрээр “Дайн бол хуурах, мэхлэх гэсэн үг” хэмээн тунхаглажээ. “Тодорхой хугацаанд дайсандаа эзлэгдэх, бууж өгөх нь юу ч үгүй болтол нь мөхөөхийн эхлэл ч болж болно” гэх Сүнзийн номлолыг мөрдлөг болгон Мин улсын төрийн зүтгэлтнүүд манжуудад онцын эсэргүүцэлгүй бууж өгөөд 270 жилийн дараа манж үндэстэнг байхгүй болтол нь уусгаж дөнгөсөн ажгуу.

Хятадууд хүлээж чаддаг. Будаатай шаазан гэхэд л тусгай найрлагатай шаврыг гурван зуун жил усанд хэвтүүлж хийдэг жортой. Гурван зуун жилийн цаадах үр дүнг хүлээнэ гэдэг бол өөр ямар ч үндэстэнд байхгүй чанар юм. Сүнзийн дайтах стратеги маш энгийн “Тэвч, хүлээ!”.

“Дайтах урлаг” номыг европт анхлан 1782 онд Мэри Эмио(Marie Amiot) франц хэлэнд орчуулж Наполеон анхааран судалж байсан гэдэг. Мао Зэ Дун энэ номноос “онгод авдаг” гэж хэлсэн удаатай. Монгол хэлнээ нанхиад судлаач М.Чимэдцэеэ өнгөрсөн онд орчуулжээ.

Судрын сүүлчийн бүлэг
Сүнзийн сургаал 13 бүлэгтэй. Сүүлийн бүлэг нь “Урвагч, тагнуулчдыг ашиглах” гэсэн нэртэй юм. “Зуун мянган хүнтэй арми мянган бээр газар довтолгож тулалдах нь өдөрт мянган алтан зоосны зардал шаарддаг. Харин дайсны дотоодод байх урвагчдыг ашиглаж чадвал өдрийн зуун алтан зоосноос хэтрэхгүй зардлаар ялалтыг авна” гэж Сүнз айлджээ.

“Монгол хэзээ дийлдэшгүй вэ?” гэхээр ахиухан орлоготой, эдийн засгийн хувьд бие даах чадвартай үедээ гэсэн хариулт гарна. Үүнийг монголчууд бүгд ойлгож боловсруулах үйлдвэртэй болохоор шамдаж эхлэх үед өмнөдийнхэн алсын зорилгоо урвагчдаар дамжуулан хэрэгжүүлж эхэллээ.

Сүнз 5 зүйлийн тагнуул, урвагчдыг тодорхойлон бичээд идэвхтэй ашиглахыг чухалчлан заажээ. Уугуул ба суугуул урвагчид гэж байна. Уугуул нь монгол хүн атлаа шуналдаа хөтлөгдөн харийнхны гар хөл бологчийг хэлнэ. Суугуул гэдэг нь Монголтой цус холилдсон эсвэл шилжин суурьшсан нанхиад хүн. Нэгэнт судсаар нь нанхиад цус гүйж байгаа бол элэг нь урд зүг рүү байна гэдгийг тооцох учиртай юм байх. Эдгээрийг “төрийн эрдэнэс мэт үзэн чандлан нууцлахыг” Сүнз захижээ.

Уугуул, суугуул урвагчдын хамгийн түрүүнд хийх ажил нь төөрөгдөл үүсгэх, талцуулах ажээ. Яг одоо Монголд тархааж байгаа төөрөгдлүүдийг авч үзье.

Төөрөгдөл 1 – Бид хятадуудад түүхий нүүрс ихээр зараад байхаар хятадын боловсруулах үйлдвэрүүд Монголоос хамааралтай болно. Оросын бензинээс монгол хараат байгаа шиг байдалд Хятадыг оруулъя.

Монголд ахиухан нефтийн орд, нөөц боловсруулах үйлдвэр байхгүй болохоор оросын бензинээс хамааралтай байгаа. Тэгээд ч бензин бол түүхий эд биш, эцсийн бүтээгдэхүүн. Хятад нүүрснийхээ нөөцөөр дэлхийд гуравт орж байхад Монгол 16-д байгаа. Тэгэхээр энэ бол хууран мэхлэлт юм. Харин бид кокс үйлдвэрлэдэг болбол энэ мөрөөдөл биелэх талтай. Өвөрмонгол хятадын мужууд дотор нүүрснийхээ нөөцөөр 4-т орж байгаа. Гэтэл тэнд илэрсэн нүүрсний нөөц 36 тэрбум тонн байгаа нь Тавантолгойнхоос 5 дахин их байна. Нэгэн урваач “бирдийн нүдэнд далай харам” гэж бичсэн нь бидэнд биш, тэдэнд илүү таарах үг.

Төөрөгдөл 2 – Хятадын нарийн төмөр зам бол дэлхийн стандарт юм.

Төмөр замыг өргөн, нарийн царигийн гэж ангилдаг ч нарийн цариг нь дотроо 1200-1435 мм хүртэл маш олон стандарттай. Хятад төмөр замаар таван улстай холбогдож байгаагаас Казахстан, Монгол, Орос, Хойд Солонгостой өргөн царигаар, Вьетнамтай нарийн царигаар холбогджээ. Гэтэл Вьетнамын нарийн төмөр зам нь өөр стандарттай учраас хятадын вагон шууд нэвтрэх боломжгүй байдаг. Энэ нь Вьетнамын зүгээс төмөр замыг аюулгүй байдлын чухал хэрэгсэл гэж ойлгодогтой холбоотой юм. 1963 оныг хүртэл Монголоор дайрсан өргөн төмөр зам шууд Жинин ордог байсан бөгөөд орос хятадын харилцааны хүйтрэлттэй холбоотойгоор хятадууд нарийн царигаар сольжээ.


Төөрөгдөл 3 – Төмөр замыг цэрэг дайны зорилгоор ашиглана гэж айх хэрэггүй.

Дэлхийн улсууд хятадын өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн хүчин чадал улс төрийн давамгайлал болон хувирна гэдэгт бэлтгэж, болгоомжилж байна. Мөнгөтэй, боломжтой болохынхоо хэрээр хүн бодлого тодорхойлоход оролцох гэж хичээдэг (Нарантуул захын эзэн үүний амьд жишээ болох байх). Үүнтэй адил улс орон эдийн засгийн хувьд хүчирхэгжмэгц бүс нутгийн асуудлыг өөрсдийн дур зоригт тохируулахаар чармайдаг ба энэ нь ил, далд дайнд хүргэнэ. Одоо цагт дэлхий хоёр талд хуваагдаж, нийтийг хамарсан дайн хийхгүй нь тодорхой ч бүс нутгийг хамарсан дайн тасрахгүй байна. Орчин цагийн дайн ашигт малтмал, эрчим хүчний нөөцийг эзэмдэхийн төлөөх тэмцэл байх болно. Гачлантай нь яг одоо монголд асар их баялаг нээгдчихлээ. Иракт түрэмгийлэн орсон америк цэргүүд тэнд ардчилал шудрага ёсыг тогтоох гээгүй, дэлхийд хоёрт орох нефтийн нөөцөнд хяналтаа тогтоох л гэсэн юм. “Цөмийн зэвсэг хийсэн” гэсэн шалтаг нь нотлогдоогүй байхад хөөрхий Саддамыг дүүжилж орхисон билээ.

Сүнз “Ах дүү, холбоотон улс гэж байдаггүй, бүгд бидний дайснууд” гэсэн нь хятадын цэргийн номлолын тулгуур ойлголт юм. НҮБ-ын геостратегийн шинжээч доктор Параг Ханна ойрхи цагийн төлөвийг авч үзэхдээ 10-20 жилийн дараа монгол, өвөр байгал, алс дорнодын хэсэг хятадын бүрэлдэхүүнд орсон байна гэжээ. Тэрээр “Бид Монгол улс, эсвэл зарим нэг хүний хэлдгээр Minegolia-гаас эхлэж болно. Тэд яагаад ийнхүү нэрлэсэн бэ? Майнголиад Хятадын фирмүүд зэс, цайр, алт гэх мэтийн ихэнх ордыг эзэмшин олборлож, хойд болон зүүн хятад руу зөөдөг. Хятад улс Монголыг эздэж аваагүй, харин зүгээр л худалдаад авчихаж байгаа юм. Одоо цагт колонийг эзлэж бус худалдан авдаг болсон. Тийм ээ, улс орнууд худалдагдаж байна.

Энэ зарчмыг Сибирьт хэрхэн хэрэгжүүлж байгааг авч үзэцгээе. Сибирь гэхээр та бүгдийн ихэнх нь хүйтэн, эзгүй, амьдрахын эцэсгүй газрын тухай төсөөлж байгаа байх. Үнэн хэрэгтээ дэлхийн дулаарлын нөлөөгөөр тэнд тариалангийн талбай ихээр бий болж, үр тарианы бизнес цэцэглэх гэж байна. Гэхдээ тэр их тариагаар хэнийг хангах юм бэ? Амур мөрний нөгөө эрэгт 100 сая хүн амтай хойд хятадын нутаг цэлийж байна. Харбин мужаас жил бүр хамгийн багадаа 60 мянган хүн "бүтээсэй" хэмээн залбирсаар сибирь лүү цагаачлах болжээ. Тэд оросын хүйтэн тосгодод очин бараан зах, жижиг мухлаг, эмийн санг эзэмшин модны үйлдвэрлэлд хяналтаа тогтоож байна. Тэгээд өдөр шөнөгүй хятад руу мод ачуулсаар байгаа юм. Сибирийг хятадууд эзлэх бус түрээсэлж байна. Дахиад хэлье. Тэд Монголыг худалдан авсан бол, сибирийг зүгээр л түрээсэлчихжээ. Үүнийг би хятад маягийн глобальчлал гэж хэлээд байгаа юм” гэснийг анзаарахгүй өнгөрч болохгүй.

Төөрөгдөл 4 – Нарийн төмөр замыг германууд тавьж, европоос хөрөнгө оруулах учраас аюулгүй байдал бэхжинэ.

Эцсийн эцэст европын оролцогчид бизнесийн ашиг горилж байгаагаас бус монголчуудын аюулгүй байдал, тусгаар тогтнол тэдэнд огтхон ч сонин биш. Монголын аюулгүй байдалд монголчуудаас өөр хэн ч санаа зовохгүй. Тэгээд ч европ гүйцэтгэгчид замаа тавьчихаад (биднийг барын аманд хаячихаад) мөнгөө тоолоод л талийна.

Төөрөгдөл 5 – Төмөр замын цариг шилжүүлэх гэж хил дээр цаг алдана.

Нүүрс зөөхөд 4 цаг хүлээх гэдэг огтхон ч алдагдал биш. Анхнаасаа энэ хугацааг үйлдвэрлэлийн хугацаанд оруулаад тооцчихдог. Энэ нь эсрэгээрээ цэрэг зэвсэг наашаагаа зөөлөө гэхэд хил дээр төдий хугацаагаар саатаж, энэ хооронд бидэнд маневрлах хугацаа гаргаж өгөх аюулгүй байдлын хэрэгсэл юм. Манж, монгол хоёр угсаа гарвал нэгтэй шиг вьетнам бол Хятадтай ойр, төрөл угсаатан. Гэвч тэд хятадын галт тэрэг Вьетнамын нутагт шууд нэвтрэхийн эсрэг байгаа нь аюулгүй байдлаа бодсон хэрэг биш гэж үү?

Төөрөгдөл 6 – Тавантолгой-Сайншанд-Замын үүд, Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлд зэрэг төмөр зам тавъя.

Энэ бол хамгийн хорлонтой төөрөгдөл. Хөвөнд боосон чулуугаар түнших арга. Ухаа худгаас шууд урагш нарийн царигийн зам тавибал Сайншанд орох замын ач холбогдол байхгүй болж, төмөр замд болон үйлдвэрлэлийн паркт хөрөнгө оруулах тал олдохгүйд хүрнэ. Монголын нүүрсэнд ганц худалдан авагч хяналтаа тогтоож үнэгүйдүүлнэ. Энэ бол хятадуудын зорьж байгаа гол зүйл. Монголчууд түүхий эдээ Сайншандад боловсруулаад дараа нь урагшаа, хойшоо, зүүн тийш олон зах зээлд хүргэх боломжийг бий болгохгүйг тэд хичээж, урваачид эл зорилгод нь үйлчилж байна.

Сүнзийн “Дайсны ноёд өөрсдөө хөвж ирэхээс аргагүй болгох” гэж томъёолон нэрлэсэн энэ мэхний мөн чанар нь: -Үндсэн зорилгоо ашгийн тооцоогоор халхлан хэрэгжүүлэхэд орших ажээ. Өөрөөр хэлбэл “дөт зам, хямд өртөг, найдвартай худалдан авагч” байгаа гэж итгүүлснээр Монголын үйлдвэржилтийг мөхөөх бодлогоо далдлана. Ингэхдээ дайсныхаа удирдлагыг бэлэн зэлэн тооцоо, ашгийн загвараар илбэднэ. Дайсны удирдлага амархан олох олзонд шимтээд хятадуудын үмхүүлсэн загвараас хальж, бодит байдлыг тооцох, зөв сэтгэх чадвараа алдана.

Дээрх төөрөгдлүүдийг тараалгахын хажуугаар жинхэнэ эх орончдыг ганцаардуулж, муулан гүтгэх, хагалах суртал нэвтрүүлгийг Го овогт суугуулаар толгойлуулан хийлгэж байна. Энэ этгээд эртнээс Монголын хэвлэл мэдээллийн орчинд бодлогоор шургалсан бөгөөд хорин жилийн турш монголчуудыг талцуулах, муучлан гутаах ажлыг гардан гүйцэтгэж байгаа юм.

Урвасан уугуулуудыг ажиглахад их төлөв бутач (өвөө, ээжээрээ овоглосон), эцгээсээ эрт өнчирсөн хүмүүс байх бөгөөд Сүнз чухам ийм хүмүүс л хамгийн түрүүнд ашиглагддагийг 2500 жилийн өмнөөс сургажээ. Психо-анализийн онолыг үндэслэгчид Зигмунд Фройд, Карл

Юнг нар ч ийм үзэгдэл бодитой оршин байдгийг нотлон бичсэн байдаг.

Тэднийг хөдөлгөж, идэвхжүүлж байгаа зүйл нь өнөө маргаашдаа урдаас хаяж өгөх “асар их бэлэн мөнгө, дараагийн сонгуульд заавал ялуулах амлалт, санхүүжилт”. Сүнз “дайсны дотоодод тогтворгүй байдал үүсгэж, талцуулан муудалцуулах нь хялбар мөхөөхөд тустай” гэсний орчин үеийн жишээ нь африкийн орнуудын сонгуулийг будлиантуулж, улс төрчдийг нь хэсэгчлэн худалдан авч, иргэний дайн өдөөсөн явдлууд юм. Монголд ийм байдал давтагдсан байж болзошгүйг 7 сарын 1-ний хэрэг явдал харуулдаг.

Анзаарахгүй орхиж боломгүй бас нэгэн зүйл бол Хятадад боловсрол эзэмшиж, хятад соёлын нөлөөнд орсон уугуул хүмүүсийг дэмжиж төрийн дээд байгууллагуудад шургалуулж байгаа явдал юм. Уугуул, суугуул урвагчдаа төрийн эх барих, хууль тогтоох дээд байгууллагад “сонгогдоход” ч дэмжлэг үзүүлж, чухал яамдад томилуулж дөнгөж байна.

Эртний Сүнзийн суртлын сүүлчийн бүлгийг өнөө хэрэгжүүлж, Монголыг Монголоор нь багалзуурдуулахаар санаархаж байгааг ухаарч, сэргийлэхгүй бол бидний мөхөл дэндүү ойртжээ.

Мөнх тэнгэр өршөө !

Нанхиад судлаач Ш.Батчимэг
www.gogo.mn

0 comments:

Post a Comment