Эх дэлхийд түр амсхийх 60 хором өгье
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, байгалийн элдэв гамшгийн давтамж нэмэгдсээр байна. Энэ нь хүний хүчин зүйлээс шууд шалтгаалж байгаа.
Өөрөөр хэлбэл, сүүлийн 100 орчим жилд аж үйлдвэрийн салбар ихээхэн хөгжиж, байгалийг бохирдлуулах, агаар мандалд хорт бодис ялгаруулах эх үүсвэр нэмэгдсэн нь дэлхийн дулаархад нөлөөлж байна. Иймд Дэлхийн байгаль хамгаалах сан 2007 оноос “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрт манай улс нэгдэн орж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох удирдлагууд танилцуулав. Хөтөлбөрт хүн бүр нэгдэхийг уриалж байна.
Нэг үгээр хэлбэл, та нэг цагийн турш гэрлээ унтрааснаар эх дэлхийгээ аврахад бага ч болов хувь нэмэр оруулж байгаа юм. “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг Сүхбаатарын талбай дээр энэ сарын 27-нд зохион явуулах аж. Тус өдрийн 20.30-21.30 цагийн хооронд айл бүр гэрлээ унтраахыг уриалж байна. Ингэснээр та эх дэлхийгээ хайрлах сэтгэлтэй байгаагаа харуулах юм.
Нэг цаг цахилгаангүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Бүр бидний амьдарч буй гариг ертөнц мөхлийн ирмэгт ойртож байгаа энэ үед нэг цаг бүү хэл, хэдэн өдрөөр цахилгаангүй байх шаардлагатай байгаа юм. Танд нэг цагийн хугацаанд лаа барьж, зурагт, цахилгаан хэрэгслээ ашиглахгүй байх тэвчээр бий гэдэгт итгэж байна. Орой гэртээ очоод зурагт ширтээд суучихдаг хүмүүс нэг цаг бүх цахилгаан хэрэгсэл, гэрлээ унтрааж, лаа барин суувал эх дэлхийгээ хайрлаж байгааг харуулахаас гадна ямар нэг дулаан мэдрэмж төрөх болно. Нэг цаг цахилгаангүй байхад өмнө нь анзаараагүй олон зүйлсийг харах боломж олдож магадгүй. Чимээ аниргүй өрөөнд суухдаа хүүхэдтэйгээ тоглоогүй хичнээн удсанаа мэднэ. Өмнө нь худалдаж аваад хуудсыг нь нээж амжаагүй номоо шүүрэн авна. Зурагтаар гарах нэвтрүүлгийн дуу шуугианы оронд хүүхдийнхээ шулганан тоглох, инээх дууг анзаарч сонсоно.
Эргэн тойрон туйлын нам гүм байх нь нэг л амар амгаланг мэдрүүлж болох юм. Хүүхдүүд ч гэсэн компьютерын ширээний араас босч эцэг, эхтэйгээ ярилцана. Иймээс иргэд нэг цаг гэрэлгүй байна хэмээн санаа зовохоос илүү 60 хором тархиа амраах нь гэж хүлээж авбал тийм ч хэцүү зүйл биш.
2008 онд болсон “Эх дэлхийн цагт” зургаан тивийн 36 сая хүн оролцсон байна. Энэ үеэр дэлхийд алдартай Америкийн “Эмпайр стэйт” ордон, Австралийн Сидней дуурийн театр, Шведийн хааны ордон зэрэг барилгуудыг гэрлийг нэг цаг унтраажээ. Өнгөрсөн жил дээрх хөтөлбөрт дэлхийн 4159 хотын 800 гаруй сая хүн албан ёсоор оролцсон байна. Одоогийн байдлаар 100 гаруй орны иргэн нэг цаг гэрлээ унтрааж, эх дэлхийгээ хайрлахаа мэдэгдсэн аж. Хэрэв дэлхийн дулаарал цаашид энэ хэвээр үргэлжлэх юм бол 2050 он гэхэд өөр гариг руу нүүхээс өөр сонголт үлдэхгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Иймд ойрын жилүүдэд дэлхийн дулаарлыг бууруулах шаардлагатай байгаа юм. Дашрамд дурьдахад, тус өдрийн 20.30-21.30 цагийн хооронд хүчээр гэрлийг нь унтраах болно гэсэн яриа тархаад байгаа. Үүнийг зохион байгуулагчид “Бид айл өрх, албан байгууллагын гэрлийг хүчээр унтраахгүй. Иргэд эх дэлхийгээ хайрлаж байгаа бол өөрсдийн хүслээр гэрлээ унтраах юм” гэв.
http://www.niigmiintoli.mn/ Read More......