Хүүхдийн баяр

Маргааш хүүхдүүдийн баяр. Хүүхэд бүрийн төдийгүй аав ээж нарын хүсэн хүлээдэг баяр хаалга тогшлоо. Хүүхэд бүхэн инээд, хөөрөөр цалгих энэ өдөр тэдэнд зориулсан олон арга хэмжээг засаг захиргааны нөхдүүд болон урлаг соёлынхон төлөвлөөд байгаа юм байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хүүхдийн төлөө газар”-аас энэ жил хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд урлаг соёлынхон харин хүүхдэд зориулсан дуу, клип гарган багачууддаа баярлуулахаар болжээ. Маргааш зургадугаар сарын 1-ний өглөө орон даяар яг 11.00 цагт “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг нэгэн зэрэг эхлүүлэх гэнэ.

Баярын гоёлоо өмсөн догдлох бяцхан үрсээ та хаана баярлуулахаа хараахан шийдээгүй байгаа бол бид таньд туслая.


“Шинэ үе” хүүхдийн баярын бэлгээ задаллаа

“Шинэ үе” продакшн хүүхэд багачуудад зориулан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” хэмээх хүүхдийн жүжгийн нээлтээ өчигдөр МҮЭСТО-нд хийжээ. Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн агсны дурсгалд зориулан түүний оюутан байхдаа бичиж байсан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг”  хэмээх хүүхдийн жүжгийг тус продакшны уран бүтээлчид удахгүй тохиох “Эх үрсийн баяр”-т зориулан зургадугаар сарын 3-ныг дуустал өдөр бүр 11.00, 13.00, 15.00 цагт тоглох болсон байна.

Лусын дагина, ханхүүтэй уулзуулна

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Данийн их зохиолч Ханс Христиан Андерсений “Лусын дагина” жүжгийг тоглох гэж байна. Тус театр энэ жүжгийг гурван жилийн өмнө тайзнаа амилуулж байсан ба энэ удаад зургадугаар сарын 1-нд ердөө ганцхан өдөр 14.00 ба 16.00 цагт тайзнаа тоглох гэнэ. Энэхүү жүжгийн лусын дагинын дүрд залуу жүжигчин Б.Хулан, ханхүүгийн дүрд Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ нар тоглох юм. Драмын театраас хүүхдийн баярт зориулсан үзвэрийн үнэ 5000 төгрөг байна шүү. 
"Good boys"-ын бэлэг 

"Good boys" хамтлагийнхан хүүхдийн баяраар "Эх дэлхийгээ хайрлая" уриатай тоглолтоо хийх нь. Тоглолтод гавьяат жүжигчин Ч.Насантогтох, дуучин Нара, "ТВ Коктейл" хамтлагийнхан оролцох юм байна. Тус хамтлагийн хөвгүүд дуулахын зэрэгцээ хөгжим тоглож, амьд тоглолтоор бяцхан үзэгчиддээ бэлэг барихаас гадна тоглолтод ирсэн үзэгчдээс гурван хүүхдийг азтанаар тодруулан Бээжин хотоор аялах эрхийн бичиг өгнө гэхчилэн олон олон бэлгүүд эзнээ хүлээж байна.

Поп дива Алтаа багачуудтай дуулна

Поп дива Ж.Алтанцэцэг багачуудад зориулсан тоглолт хийхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн жил хүүхдийн баярт зориулсан хандивын тоглолтоо хийж байсан юм. Энэ удаад ч хүүхдийн баярын өдөр буюу зургадугаар сарын 1-нд 16.00 цагт "Ногоон орчин бидний ирээдүй" хэмээх тоглолтоо хийж, хүүхэд, эцэг эхчүүдтэй дуу хуурын ертөнцөөр аялах нь ээ. Түүний тоглолтод Монголын хүүхдийн ордны дууны багш С.Ганчимэгийн шавь нар болон оролцох юм байна. "Ногоон орчин бидний ирээдүй" тоглолтынхоо орлогыг Алтаа хүүхэд багачуудад зориулсан тусгай сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхэд зориулах гэнэ. 

Хүүхэлдэйн театр Циркийн задгай талбайд

Улсын хүүхэлдэйн театрын хамт олон хүүхэд, багачууддаа зориулж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бага тайзнаа “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээ, их тайзнаа Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогийн уран бүтээл “Дондог ахын найзууд” уран бүтээлээрээ бэлэг барих гэнэ. Мөн “Номин” их дэлгүүрийн хоёрдугаар давхарт бяцхан үзэгчдэдээ зориулан энэ сарын 31, ирэх сарын 1, 3-нд “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээ тоглоно. Түүнчлэн "АСА" циркийн гадна талбайд ирэх сарын 2-нд 12-17 цагийн хооронд хүүхэд багачуудтайгаа уулзах юм байна.

Динза, Цондоолойтой уулзаарай

"АСА" циркэд энэ сарын 30, 31-нд 12.00, 14.00, 16.00 цагаас зургадугаар сарын 1-нд 10.00,12.00, 14.00, 16.00 цагаас "Цондоолой Динзагийн хамт аав, ээжийгээ аварсан нь" хүүхдийн жүжиг тоглогдоно. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг байх бөгөөд "Цондоолой", "Динза"-гийн хамгийн сүүлийн комик номыг бэлэг болгон өгөх нь ээ. 

“Ишиг хөөрхөн нэр”. Тийм биш гэж үү, хүүхдүүд ээ!

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн хөгжим, Х.Батаагийн цомнол “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг хоёрхон удаа тоглохоор болжээ. Зургадугаар сарын 1-нд 11.00, 12.30 цагт энэхүү жүжиг тайзнаа эгшиглэх юм. Хүүхдийн уран бүтээлийг дэмжин дэлгэрүүлэх бодлогын хүрээнд туурвисан энэхүү хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг нь нүүдэлчин монголчуудын зуун зуунаар өртөөлөн авч ирсэн өөрсдийн ахуй амьдрал, ёс заншилдаа нийцүүлэн бүтээжээ. Мөн хүүхдийг өв тэгш хүмүүжүүлж амьдрал ахуйгаа сахиж, ёс заншлаа дээдэлж, байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд нь яв цав суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд бага ч болов нэмэр болох өргөн их ач холбогдолтой юм байна. Тасалбарын үнэ том хүн 5000, хүүхэд 3000 төгрөг.

“Их ид шидтэн”-тэй хамт үлгэрийн орноор аялаарай

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид хүүхэд багачуудыг баярынх нь өдрөөр  үлгэрийн орноор аялуулахаар болжээ. Тэд “Тусгаар тогтнолын ордон”-д зургадугаар сарын 1-нд 12.00, 14.00, 16.00 цагт, 2-нд 16.00 цагт тус тус Оросын хүүхдийн зохиолч В.Губиреавын "Их ид шидтэн" үлгэрийн орноор аялуулах юм. Үлгэрийн орноор аялсан бяцхан үзэгч бүрийг бэлэг хүлээж байгаа шүү.

Хүслийн 1000 бөмбөлгийг хөөргөнө

Эрх чөлөөний талбайд зургадугаар сарын 1-нд "Хүслийн мянган бөмбөлөг" хөөргөх бүх нийтийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. Тэнд хүүхдэд зориулсан төрөл бүрийн бэлэг, өнгө алагласан бөмбөлөг, тоглоомуудаас гадна тэдэнд зориулсан сонирхолтой арга хэмжээнүүд хүлээж байгаа гэсэн шүү.

Парк хүүхдүүдэд зориулсан багцаа дэлгэлээ

Зуны хэдхэн сардаа паркийн гадаа тоглоом дээр ханатлаа суух юмсан гэсэн хүсэл мөрөөдөл хүүхэд бүрт байдаг. Тэгвэл хүүхдийн баярт зориулан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ах эгч нар нь багцын урамшуулалын картуудаа худалдаанд гаргажээ.  

Season Pass карт-/гурван сарын турш бүх тоглоом дээр тоглох эрхтэй/
Monthly Pass карт-/нэг сарын турш бүх аттракцион тоглоом дээр тоглох эрхтэй/
Daily Pass карт-/тухайн худалдаж авсан өдөртөө бүх тоглоом дээр үнэгүй тоглох эрхтэй /
Student’s Pass карт-/Оюутнуудын карт. Гурван сарын турш бүх тоглоом дээр үнэгүй тоглох эрхтэй/
Happy багц-/Тухайн өдөртөө таван тоглоом дээр тоглох эрхтэй/
Сoolбагц -/Тухайн өдөртөө найман тоглоом дээр тоглох эрхтэй/

Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээтэй

Хүүхдийн баярын нэгдсэн ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 1-нд 11.00-16.00 цагт болно. Сүхбаатарын талбайд 11.00-17.00 цаг хүртэл “Цэцэг” хамтлагийнхан үзэгч, фэнүүддээ тоглолтоо өргөн барих гэж байна.

Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 01-нд 11.00-16.00 цагт “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн ёслолын ажиллагаа болно. Баярын нээлтэд МУ-ын Ерөнхий сайд, ХТҮЗ-ийн тэргүүн С.Батболд, МУ-ын Шадар сайд М.Энхболд, НЗД-ын орлогч Ц.Цогзолмаа, ЗГХА, ХТГ-ын дарга Д.Алтай болон албаны хүмүүс мэндчилгээ давшүүлэх юм. Энэ өдөр Сүхбаатарын талбайд хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулна гэсэн... 

Баярын өдөр бороо орно

Энэ жилийн эх үрсийн баярын өдрөөр урьд өмнөх жилүүдийг бодоход сэрүүхэн, бороотой тунгалаг өдөр байх нь. Зургадугаар сарын 1-нд өдөртөө бага зэргийн бороотой, 15-17 хэмийн дулаан, тогтуун салхитай байх юм байна. Харин шөнөдөө үүлшинэ, дөрвөн хэмийн дулаантай, тогтуун салхитай байна гэж Ус, цаг уурын хүрээлэнгийн ах эгч нар нь мэдээллээ. Тиймээс хүүхэд багачуудаа дагуулан баярын өдөр хотоор зугаалахдаа шүхрээ авч, дулаан хувцаслахаа мартуузай. 

“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн тухай товч сонирхуулахад, анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байна. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн байдаг. Зургадугаар сарын 1 жилээс жилд хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа билээ. Бусад өед ч гэсэн, өдөр болгон хүүхдүүдээ баярлуулж байгаарай, эцэг эхчүүд ээ. Өдөр бүр хүүхдүүдийн баяр баясгалантай өдөр байгаасай...  Read More......

Eurovision тэмцээн геополитикийн ач холбогдолтой



Фарийд Закария 
1964 онд Энэтхэгийн Мумбай хотод төрсөн. Энэтхэг гаралтай Америкийн сэтгүүлч, зохиолч. 2010 оноос “Time” сэтгүүлийн гэрээт редактороор ажиллаж байна. Олон улсын харилцаа, худалдаа, Америкийн гадаад бодлогын чиглэлээр нийтлэл, өгүүлэл бичдэг. 2007 онд “Foreign Policy”, “Prospect” сэтгүүлүүд түүнийг дэлхийн хамгийн шилдэг 100 сэхээтний нэгээр тодруулсан юм. Майамигийн их сургууль, Оберлин коллеж, Бэйтс коллеж, Браун их сургууль, Жонс Хопкинс их сургуулийн хүндэт зэрэгтэй. 2010 онд сэтгүүл зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Энэтхэгийн Засгийн газар Падма Бушан шагнал олгожээ. 


Энэ долоо хоногт хөгшин Европын хоёр улсын хооронд болсон маргаан миний анхаарлыг онцгой татлаа. Би НАТО, Арктикийн Зөвлөл, евро бүс эсвэл Европын Холбооны тухай яриагүй. Би Eurovision нэртэй дууны тэмцээний тухай ярьж байна.

Энэ тэмцээн хуучин тивд маш алдартай. Америкийн шүтээн маягийн хэв загвартай энэ тэмцээнд жил бүр европын олон арван улс шилдэг дуучдаа илгээдэг. Бараг 100 сая гаруй үзэгч санал асуулгад оролцоно. Өөрийн эх орны дуучинд санал өгч болохгүй гэсэн ганцхан дүрэмтэй. Тэмцээн 1950-иад оноос эхтэй ажээ.

АББА хамтлаг Ватерлоо дуугаараа 1974 онд энэ тэмцээнд түрүүлж байв. 1988 онд Селин Дион Швейцарийг төлөөлөн энэ тэмцээнд шуугиан тарьж байлаа. Харин тэр цагаас хойш энэ тэмцээнээс алдартай дуучид төрөөгүй ч гэсэн үзэгчдийн сонирхлыг татсан хэвээр байна.

Евровишн тэмцээн зөвхөн европын тэмцээн биш болжээ. Алжир, Израйлийн дуучид ч гэсэн оролцсон байна. Энэ жилийн наадмыг Азербайжан улс зохион байгуулсан. Тийм ч учраас Евровишн тэмцээн энэ долоо хоногийн онцлох сэдэв байлаа.

Азербайжан улс удаан хугацааны турш Арментай сөргөлдсөн. 1994 онд салан тусгаарлагч Уулын Карабах мужтай холбоотой хэдэн жилийн дайн өндөрлөсөн. Саяхан хилийн бүст Армен цэрэг буудуулж нас барсан нь сөргөлдөөнийг дахин сэдрээжээ.

Азербайжан улс энэ тэмцээнийг зохион байгуулсан учраас Армен улс оролцохоос татгалзжээ. Урлаг соёлын үйл явдлыг улстөржүүлдэг үзэгдэл шинэ биш. Хөгжмийн наадмуудаас гадна спортын тэмцээн хүртэл улстөрийн маргааны сэдэв болдог. 2009 онд Евровишн тэмцээн Москвад зохион байгуулсан учраас Оростой зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн Гүрж улс оролцоогүй.

Гэвч хөгжмийн урлаг бас эв нэгдлийг ч илэрхийлдэг. Тэр жил Израйлийн нэрийн өмнөөс араб, еврей дуучин хамтран оролцсон.

Миний бодлоор Евровишн тэмцээн зөвхөн хөгжмийн урлагтай холбоогүй бололтой. Энэ тэмцээн улстөр, олон нийтийн сэтгэл зүйг илэрхийлдэг болжээ. 1990-ээд онуудад голдуу Баруун Европ буюу Дублин, Лондон хотуудаас ялагч тодорч байв. харин 2000-аад онд Москва, Киев зэрэг голдуу Зүүн Европын оролцогч түрүүлжээ. Европын таталцлын цэг баруунаас зүүн тийш шилжиж байна.

Санал асуулгын дүн ч гэсэн сонирхолтой. Блэйрийн засгийн газар Иракийн дайны дэмжсэн учраас 2003 онд Их Британи улс ганц ч санал аваагүй. Мэдээж хэрэг санал асуулгад оролцогчид байнга улстөрийн сонголт хийдэггүй боловч зарим нэгэн тогтсон хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл, Грекчүүд ямагт Киприйн төлөө санал өгдөг. Кипрчүүд ч гэсэн Грекийн оролцогчдыг дэмждэг. Хуучин Варшавын гэрээний улс орнууд ч гэсэн өөр өөрийн оролцогчдыг дэмждэг байна. Югославын холбоонд багтаж байсан улс орнууд ч гэсэн амь нэгтэй. 2007 онд Босни-Херцеговин, Хорват, Македон, Монтенегро, Словены иргэд түлхүү санал өгсний ачаар Сербийн дуучин түрүүлжээ. Тийм ээ, энэ тэмцээн Европ тивийг тольдох өвөрмөц цонх болжээ.

Америкчууд бидэнд Америкийн шүтээн гэдэг тэмцээн бий. Бид яагаад Евровишн шиг Америквишн гэдэг тэмцээн зохиож болдоггүй юм.

Ийм тэмцээн Америкийн мужуудын хоорондын ялгааг илэрхийлэх болов уу? Жишээлбэл, зүүн баруун эрэг, умард хойд зүгийн мужуудын хооронд ямар өрсөлдөөн өрнөх бол? Телевизийн захирлууд энэ тэмцээнийг үзсэн гэдэгт итгэж байна. 
Read More......

”Сансрын технологийн салбарт японтой хамтарна”

Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэтэй сонгуулийн үеэр хэрхэн ажиллах талаар хөндөн ярилцлаа. Мөн Монгол Улс анхны хиймэл дагуулаа хөөргөх болсон талаар сонирхолтой ярилцлагыг толилуулж байна.

-Хоёулаа сансар судлалын асуудлаар яриагаа эхэлбэл ямар вэ? 

-Энэ сарын  29-ний өдөр Сансрын технологийн тухай Монголд анх гэж хэлж болох үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байгаа, манай улс анхны хиймэл дагуулаа хөөргөнө гээд манай салбараар сонирхолтой олон мэдээлэл байгаа. 

-Үзэсгэлэнгийн гол зорилго нь...?


-Өнгөрөгч гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэр Монгол, Япон хоёр улс сансрын технологийн салбарт хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээний дагуу Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа үйлдвэрийн яам хамтран энэ сарын 29, 30-нд сургалт, семинар, үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь олон нийтэд сансрын технологи, сансрын биетүүд, сансрын параметрүүд зэргийг мэдрүүлж, юу болохыг нь харуулж, таниулах. Нэг ёсондоо хиймэл дагуул гэж юу юм, зориулалт нь ямар байдаг юм, хэлбэр нь ямар байдаг зэргийг нүдээр үзүүлж таниулна л гэсэн үг. Энэ үзэсгэлэнгийн эхний өдөр Монгол Улсын хиймэл дагуул, сансар судлалаар мэргэшсэн мэргэжилтнүүд, албан байгууллага, хувь хүмүүс оролцож танилцуулга хийх юм. Манайд хэрэглэх гэж байгаа хиймэл дагуулын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох техник эдийн засгийн үндэслэгээг Японы тал хийж байгаа. Үүнийг мэргэжилтнүүд танилцуулна. Хурлын үеэр гадны байгууллагуудын төлөөлөл ирж илтгэл тавина, Монголын талаас ч мөн илтгэл тавьж, танилцуулна. Дараагийн өдөр нь оюутан залууст танилцуулах ажиллагаа зохион байгуулагдах учиртай. Сансар судлалын салбарт боловсон хүчин дутмаг байгаатай холбогдуулан бид залууст энэ салбарыг таниулах зорил­гоор зохион байгуулсан юм. 

-Үзэсгэлэн хоёрхон өдөр болно. Ямар үр дүнг хүлээж бай­гаа вэ?

-Монгол улс өөрийнхөө хэсэгт сансрын хоёр байрлалтай. Тодорхой шалтгаануудын улмаас ашиглах боломж тэр бүр олдоогүй. Нөгөөтэйгүүр байрлалууд удаан хугацааны турш нэг байрандаа байрладаггүй онцлогтой. Нэг ёсондоо хиймэл дагуулын байршил гэдэг бол хязгаарлагдмал нөөц юм. Үндэсний хиймэл дагуултай болох нь улсын хэмжээний бодлого. Энэ ч утгаараа үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгасан байдаг. Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд нь ч гарчихсан байгаа учраас энэ үзэсгэлэн ач холбогдолтойд тооцогдож байгаа. Сансрын технологи, сансар судлалд олон нийтийн итгэлээс гадна, дотоодын мэргэжилтнүүдийн итгэл чухал нөлөө үзүүлдэг. Сансар судлал, хиймэл дагуул хөөргөнө гэдэг бол зүгээр нэг энгийн салбар биш учраас нөөц бололцоо бий гэдгээ ухамсарлах ёстой. Энэ утгаараа сансрын технологийн үзэсгэлэн ач холбогдолтой. Мөн өөрсдийн хэмжээнд байгаа сансар судлалын мэдлэгийг, олон улсын мэргэжилтнүүдтэй хуваалцах боломж олдож байгаагаараа онцлог. Сансар судлалаар мэргэжсэн хүмүүс олон улсын эртэмтэдтэй мэдлэгээ нэг төвшинд хүргэхэд үзэсгэлэн, сургалт семинарын ач холбогдол нь өндөрсч байгаа. Хамгийн гол нь олон түмэнд сансрын технологийн талаар тодорхой хэмжээний ойлголтыг өгөхөөрөө ач холбогдол нь өндөрсч байгаа юм.

-Техник эдийн засгийн үндэслэлээ хэзээ бэлэн болгох вэ?


-Ирэх наймдугаар сарын 1-н гэхэд техник эдийн засгийн үндэслэл бэлэн болчих байх. Хэрвээ товлосон хугацаандаа амжаад ТЭЗҮ бэлэн болчихвол төсөл, хөтөлбөр рүүгээ орно. Монгол Улсад ямар хүчин чадалтай, хэр зэрэг хэмжээний хиймэл дагуул байх юм, хэрэгцээ шаардлага нь юу юм бэ гэдгийг тодорхойлно. Харилцаа холбоо, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гээд нийгмийн бүх л салбарт ямар хэрэгцээ шаар­д­лага байгааг тодорхойлоход илүү дөхөмтэй болно. Хэрвээ энэ бүх зүйл тодорхой болчихвол ямар улстай хамт­рах нь илүү тодорхой болох учиртай. 

-Монгол Улс яг ямар төрлийн хиймэл дагуултай болохыг зорьж байгаа вэ?


-Манай байгууллага хоёр төрлийн хиймэл дагуулыг судалж байна. Эхнийх нь харилцаа холбооны хиймэл дагуул. Энэ хиймэл дагуул нь био орбитын хиймэл дагуул учраас хөдөлгөөнгүй, тогтвортой байдаг. Үүгээр гар утасны сүлжээ, интернет, телевизийн сувгууд дамжин хүрдэг. Дараагийнх нь тандан судалгааны хиймэл дагуул. Энэ нь нам орбитод оршдог учраас байнгын хөдөлгөөнд байдаг. Энэ нь цаг уурын мэдээлэл, газар болон хөрсний судалгааны мэдээллүүдийг авах зориу­лалттай төхөөрөмж юм. 

-Япон улс энэ оны арван­хоёрдугаар сард “Оснара” нэртэй тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх гэж байгаа. Монгол Улс газрын станцыг өөрийн нутагтаа байршуулах хүсэлтээ илгээсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Яг тийм. 29, 30-нд зохион бай­гуулах сургалт, семинар, үзэсгэлэнгийн үеэр яг үүний тухай дэлгэрэнгүй ярилцана. Энэ хиймэл дагуул нь хамгийн сүүлийн үеийн техник, технологийг шингээсэн хиймэл дагуул юм. Газрын станцыг өөрийн нутагтаа байршуулах хүсэлтэй маш олон улс байгаа. Үүний нэг нь манайх. Газрын станцыг байршуулснаар олон улсын судалгаанд оролцох боломжтой болно. Мөн өөрийн гэсэн боловсон хүчнээ бэлтгэхэд дөхөмтэй болох юм. Сургалт семинарын үеэр яригдах гол сэдэв нь энэ байх болно. 

-Монголд сансар судлалын чиглэлээр мэргэжсэн цөөхөн хүн байдаг гэсэн. Энэ хүмүүс олон улсын мэргэжилтнүүдийн хэм­жээнд хүрэхүйц байж чаддаг уу?


-Тодорхой салбаруудад тухайлбал ашигт малтмал, цаг уур, хөдөө аж ахуйн салбарт мэргэжсэн хүмүүс бий. Гэхдээ эдгээр нь сансар судлал биш хиймэл дагуул ашиглан шинжилгээ хийдэг хүмүүс байдаг. Бас нэг асуудал байгаа нь эдгээр хүмүүс ихэвчлэн гадны хиймэл дагуул ашиглан мэдээ, материал бүрдүүлдэг. Яг ийм аргаар авч байгаа мэдээлэл нь хязгаарлагдмал, ашиглах хүрээ нь хумигдсан, түрээсийн мөнгөндөө таарсан байдаг. Ер нь түрээсийн мөнгийг гадны хөрөнгө оруулалтаар олгосон байх нь бий. Өөрийн гэсэн хиймэл дагуултай болох нь мэдээлэлээ ямар нэгэн саадгүйгээр авах, хүртээх, хиймэл дагуул ашиглан олон улсад бизнес хийх ач холбогдолтой юм. Ер нь манайд үндэсний хэмжээний мэргэжилтнүүд одоохондоо байхгүй. Харин бид хэд, хэдэн оюутныг гадаадад бэлтгэж, суралцуулж байгаа.

-Тэгвэл ТЭЗҮ бэлэн болоод, хиймэл дагуулыг хийх ажил эхэлмэгц мэргэжилтнүүд бүрэн бэлтгэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Тийм. Тэгж ойлгож болно. Бид хэд, хэдэн улсад мэргэжилтэн бэлтгэж байгаа. Засгийн газраас ч тэр бодлого чиглэл нь гараад явж байгаа болохоор мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ. Үүнээс гадна оюутан залуусыг энэ чиглэлд дур сонирхолтой болгох, таниулах үүднээс олон ажил хийх шаардлагатай байгаа. Угаасаа боловсон хүчин байхгүйгээр хиймэл дагуулыг хийх, хөөргөх ажил урагштай явахгүй шүү дээ.

-Хиймэл дагуулын анхан шатны судалгаанд зөвхөн Япон улстай хамтарч байгаа юу?

-Тийм. Бид хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахдаа судалгаанд хамтран ажиллана гэж гэрээ байгуулсан. Бүх судалгааг Японы тал хийнэ. Хиймэл дагуулыг хөөргөх, бүтээх ажилд ч тодорхой хэмжээнд хамтран оролцоно. ТЭЗҮ гарсны дараа яг ямар улстай хамтарч ажиллаж, хаана хийлгэх вэ гэдэг нь тодорхой болох юм. ТЭЗҮ хийхийн тулд олон улсын тендер зарласан. Канад, Япон гээд олон улс өрсөлдсөн. Мөн Монгол Улсын зарим нэг компаниуд ч байсан. Гэхдээ бидэнд хамгийн ойр, боломжтой улс нь Япон байсан учраас энэ улсыг сонгосон.

-Анхан шатны судалгааг хийж байх явцад манай улс бусад улсуудаас хоцорч байна даа гэсэн бодол танд төрж байв уу?

-Монгол улс ямар нэгэн туршлагагүй улс уу гэвэл үгүй. Бид өмнө нь тухайн үеийн ЗХУ-тай хамтарч сансрын үйл хэрэгт оролцож байсан туршлагатай. Гэхдээ бид үүнийг домог болгомооргүй байна. Цаашаагаа үргэлжлүүлээд ажил, хэрэг болгох үүрэг бидэнд бий. Засгийн газар ч үүнд анхаарч ажиллаж байгааг онцлох хэрэгтэй. Ер нь дэлхийн хэмжээнд хиймэл дагуул хөөргөсөн 50 гаруйхан л улс байгаа. Тэд үүнийг ашиглаад, хөөргөөд ирчихсэн туршлагатай орнууд. Дээрээс нь эдгээр улс гүрнүүдийн хөгжлийн төвшин нь ч өндөр. Гэхдээ бид энэ ажилыг эхлүүлсэн учраас, зориод, зүтгээд явж байна. Үүнд Шинжлэх ухааны байгууллага ч тусалж байгаа. Мэдээж бид энэ улсуудын хажууд дөнгөж эхэлж байгаа залуу орон. Гэхдээ бидэнд эдгээр улсуудаас туршлага судлаад, хамтран хэрэгжүүлвэл болохгүй зүйл байхгүй.

-Нэг хиймэл дагуул ер нь хичнээн төгрөгөөр бүтдэг вэ?


-Юунд ашиглах, ямар параметрт, ямар орбитод байгаагаас хамаараад өөр. Гэхдээ өртөг, зардал өндөр байх нь угаасаа ойлгомжтой. Яагаад гэвэл орчин үеийн технологиудыг ашигладаг учраас тэр л дээ. Ойролцоогоор 200 сая ам.доллароор бүтдэг юм байна лээ. Өнгөрөгч гуравдугаар сар Япон улсад айлчилж байх үеэр бид үнийг нь сонирхсон юм. 

-Олон хүмүүс хиймэл дагуул хөөргөнө гэдэг бол үлгэр гэж ярьдаг. Энэ хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Ажил эхэлж байхад олон л хүн ингэж ярьдаг. Гэхдээ энд нэг зүй­лийг хэлье. Төрийн хэмжээнд бод­лого боловсруулаад, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа учраас мөрөөдлийн зүйл яриад байна гэж ойлгож болохгүй. Эхнээсээ ямар нэгэн санхүүжилт хийгээд яваад байгаа болохоор үүнд итгэлтэй байж болно. Худлаа гэж ярьдаг хэсэг хүмүүс байдаг юм. Гэхдээ бид ажиллаж байгаа болохоор санаа зовох зүйлгүй.

-Хиймэл дагуул хөөргөх хөтөлбөр цаашдаа үргэлжилнэ биз дээ. Сонгуулийн дараа зам­хар­­­чих юм биш биз?

-Төрийн бодлогын залгамж чанар гэж байдаг. Ерөнхий бодлого нь гарчихсан учраас хэрэгжүүлээд явчих бүрэн боломжтой. Эрх зүйн хувьд ч тэр, төрийн бодлогынхоо хувьд ч, залгамж чанарынхаа хувьд нь ч. Бидний яриад байгаа энэ зүйлс тогтсон хугацаандаа хэрэгжээд явчих боломж, бололцоотой. Манай салбарт оюунлаг хүмүүс их байгаа учраас би итгэлтэй байна. Монгол Улсын мэдээлэл шуудан харилцаа холбооны салбарынхан, хувийн хэвшлийнхэн, төрийн байгууллага нь ч энэ сайхан мөрөөдлүүдийг ажил хэрэг болгохын тулд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Гадны байгууллага нь анхан шатны судалгааг хийгээд, боловсон хүчнийг бага ч гэсэн тодорхой хэмжээнд бэлтгэж байгаа болохоор замхрана гэж ойлгож болохгүй. Танай сониноор дамжуулаад энэ бүх ажил цаашаагаа үргэлжилж явах болно, мөрөөдлийн зүйл биш шүү гэдгийг олон түмэндээ хэлье дээ.

-Ямар ч байсан замхрахгүй гэдэгт итгэлтэй байж болно гэж ойлгож болох уу?

-Ер нь хэзээ ч замхрахгүй. Үүнд итгэлтэй байж болно.

С.БОЛОР
Read More......

МАН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорлоо











УИХ-ын сонгууль болоход нэг сар 25 хоногийн хугацаа үлдлээ. Энэ өдрүүдэд удтал намын доод шатны нэгжүүдэд явагдсан судалгааны ажлууд дуусаж, дүгнэлтээ гаргаж эхэллээ. МАН-ын судалгааны төвөөс гаргасан мэдээллээр 2012 оны сонгуульд дэвших магадлал өндөртэй, намын үүр дээрээ хамгийн рейтинг өндөр байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хүргэж байна.


Архангай аймаг
1.    Т.Бадамжунай, ХХААХҮ-ийн сайд
2.    Ё.Баатарбилэг, Аймгийн засаг дарга

Баян-Өлгий аймаг

1.    Х. Баделхан, УИХ-ын гишүүн
2.    Х.Жекей, УИХ-ын гишүүн

Баянхонгор аймаг

1.    Г.Занданшатар, УИХ-ын гишүүн,
2.    Б.Батцэцэг, Мөнхийн үсэг группын Ерөнхий захирал

Булган аймаг

1.    Ц.Гарамжав, ЭБЭХ-ний дэд сайд

Говь-Алтай аймаг
1.    Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, БХ-ын сайд, Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд
Дархан-Уул аймаг
1.    Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн, Сангийн сайд
2.    Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн
Дорноговь, Говьсүмбэр
1.    Ц.Анандбазар, Сод Монгол группын захирал
Дорнод
1.    Б.Ундармаа, БСШУ-ны дэд сайд
2.    Н.Номтойбаяр, НХХ-ийн дэд сайд
Дундговь
1.    Б.Амарсанаа, МАН-ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгч
Завхан аймаг
1.    Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн
2.    Д.Балдан-Очир, УИХ-ын гишүүн
Орхон аймаг
1.    Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн
2.    О.Содбилэг, НИК группын захирал

Сэлэнгэ аймаг

1.    Ж.Эрдэнэбат, Аймгийн засаг дарга
2.    Г.Буяндорж, Ноёд группын Ерөнхий захирал
Сүхбаатар аймаг
1.    Л.Мөнхбат, Одкон ХХК-ийн Ерөнхий захирал
Төв аймаг
1.    Н.Энхболд, УИХ-ын дэд дарга
2.    С.Батболд, УИХ-ын гишүүн
Увс аймаг
1.    Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга
2.    Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн
Ховд аймаг
1.    Д.Дэмбэрэл, УИХ-ын дарга
2.    С.Бямбацогт, УИХ-ын гишүүн

Хэнтий аймаг

1.    Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн
2.    Н.Ганбямба, УИХ-ын гишүүн
Хөвсгөл аймаг
1.    Л.Энх-Амгалан, MCS группын дэд ерөнхийлөгч
2.    Д.Батхуяг, Ерөнхий сайдын зөвлөх

Өвөрхангай аймаг

1.    С.Чинзориг, Ерөнхий сайдын зөвлөх
2.    Н.Баянсайхан, “Боярсконстракшн” ХХК-ийн захирал
Өмнөговь аймаг
1.    Х.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн
Улаанбаатар хот
Баянгол дүүрэг
1.    Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн
2.    Б.Лхагважав, Ерөнхий сайдын зөвлөх
Баянзүрх дүүрэг
1.    Д.Арвин, УИХ-ын гишүүн
2.    Б.Батзориг, Дүүргийн засаг дарга
3.    Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн
Сүхбаатар дүүрэг
1.    Д.Цогтбаатар, БОАЖ-ийн сайд
2.    Ч.Ганхуяг, Сангийн дэд сайд
Сонгинохайрхан дүүрэг
1.    Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд
2.    Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал,
3.    Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд
Хан-Уул дүүрэг
1.    Т.Насанхүү, Монфрэш группын Ерөнхий захирал
2.    Б.Саранчимэг, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч,
Чингэлтэй дүүрэг
1.    Д.Зоригт, УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд
2.    Г.Мөнхбаяр, Нийслэлийн засаг дарга
Листээр орох лидерүүдийн жагсаалт.
1.    С.Батболд, МАН-ын дарга, Ерөнхий сайд
2.    У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
3.    М.Энхболд, УИХ-ын гишүүн, Шадар сайд
4.    Ө.Энхтүвшин, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
5.    С.Баяр, УИХ-ын гишүүн
6.    Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн
7.    Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд
8.    Н.Багабанди, МУ-ын Ерөнхийлөгч асан
9.    Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга
10.    Ц.Сүхбаатар, Нарийн бичгийн дарга
11.    Б.Сарангэрэл, Нарийн бичгийн дарга
12.    Н.Оюун-Эрдэнэ, НАМЗХ-ны ерөнхийлөгч
13.    Ш.Сайхансамбуу, УИХ-ын гишүүн
14.    Ё.Отгонбаяр, БСШУ-ны сайд
15.    Р.Буд УИХ-ын гишүүн
16.    Э.Мөнх-Очир, УИХ-ын гишүүн
17.    Ц.Цэнгэл, УИХ-ын гишүүн
18.    Д.Очирбат, УИХ-ын гишүүн
19.    Д.Одбаяр, УИХ-ын гишүүн
20.    Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн
21.    А.Тлейхан, УИХ-ын гишүүн
22.    Д.Дондог, УИХ-ын гишүүн
23.    Д.Загджав, УИХ-ын гишүүн
24.    Х.Наранхүү, УИХ-ын гишүүн
25.    Р.Раш, УИХ-ын гишүүн
26.    Н.Жанцанноров, Хөгжмийн зохиолч
27.    Н.Сувд, жүжигчин
28.    Ж.Оюунгэрэл, Петровис ХХК-ийн Ерөнхий захирал
29.    Ц.Цогзолмаа, Нийслэлийн засаг даргын орлогч
30.    Ж.Цолмон, ЭМ-ийн дэд сайд
31.    В.Удвал, ХЗДХ-ийн дэд сайд,
32.    Ж.Сауле, ХХААХҮ-ийн дэд сайд
33.    Б.Долгор, Ерөнхий сайдын ахлах зөвлөх
34.    Ш.Баярсайхан, Номин холдинг группын ерөнхий захирал
Read More......