Eurovision тэмцээн геополитикийн ач холбогдолтой



Фарийд Закария 
1964 онд Энэтхэгийн Мумбай хотод төрсөн. Энэтхэг гаралтай Америкийн сэтгүүлч, зохиолч. 2010 оноос “Time” сэтгүүлийн гэрээт редактороор ажиллаж байна. Олон улсын харилцаа, худалдаа, Америкийн гадаад бодлогын чиглэлээр нийтлэл, өгүүлэл бичдэг. 2007 онд “Foreign Policy”, “Prospect” сэтгүүлүүд түүнийг дэлхийн хамгийн шилдэг 100 сэхээтний нэгээр тодруулсан юм. Майамигийн их сургууль, Оберлин коллеж, Бэйтс коллеж, Браун их сургууль, Жонс Хопкинс их сургуулийн хүндэт зэрэгтэй. 2010 онд сэтгүүл зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Энэтхэгийн Засгийн газар Падма Бушан шагнал олгожээ. 


Энэ долоо хоногт хөгшин Европын хоёр улсын хооронд болсон маргаан миний анхаарлыг онцгой татлаа. Би НАТО, Арктикийн Зөвлөл, евро бүс эсвэл Европын Холбооны тухай яриагүй. Би Eurovision нэртэй дууны тэмцээний тухай ярьж байна.

Энэ тэмцээн хуучин тивд маш алдартай. Америкийн шүтээн маягийн хэв загвартай энэ тэмцээнд жил бүр европын олон арван улс шилдэг дуучдаа илгээдэг. Бараг 100 сая гаруй үзэгч санал асуулгад оролцоно. Өөрийн эх орны дуучинд санал өгч болохгүй гэсэн ганцхан дүрэмтэй. Тэмцээн 1950-иад оноос эхтэй ажээ.

АББА хамтлаг Ватерлоо дуугаараа 1974 онд энэ тэмцээнд түрүүлж байв. 1988 онд Селин Дион Швейцарийг төлөөлөн энэ тэмцээнд шуугиан тарьж байлаа. Харин тэр цагаас хойш энэ тэмцээнээс алдартай дуучид төрөөгүй ч гэсэн үзэгчдийн сонирхлыг татсан хэвээр байна.

Евровишн тэмцээн зөвхөн европын тэмцээн биш болжээ. Алжир, Израйлийн дуучид ч гэсэн оролцсон байна. Энэ жилийн наадмыг Азербайжан улс зохион байгуулсан. Тийм ч учраас Евровишн тэмцээн энэ долоо хоногийн онцлох сэдэв байлаа.

Азербайжан улс удаан хугацааны турш Арментай сөргөлдсөн. 1994 онд салан тусгаарлагч Уулын Карабах мужтай холбоотой хэдэн жилийн дайн өндөрлөсөн. Саяхан хилийн бүст Армен цэрэг буудуулж нас барсан нь сөргөлдөөнийг дахин сэдрээжээ.

Азербайжан улс энэ тэмцээнийг зохион байгуулсан учраас Армен улс оролцохоос татгалзжээ. Урлаг соёлын үйл явдлыг улстөржүүлдэг үзэгдэл шинэ биш. Хөгжмийн наадмуудаас гадна спортын тэмцээн хүртэл улстөрийн маргааны сэдэв болдог. 2009 онд Евровишн тэмцээн Москвад зохион байгуулсан учраас Оростой зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн Гүрж улс оролцоогүй.

Гэвч хөгжмийн урлаг бас эв нэгдлийг ч илэрхийлдэг. Тэр жил Израйлийн нэрийн өмнөөс араб, еврей дуучин хамтран оролцсон.

Миний бодлоор Евровишн тэмцээн зөвхөн хөгжмийн урлагтай холбоогүй бололтой. Энэ тэмцээн улстөр, олон нийтийн сэтгэл зүйг илэрхийлдэг болжээ. 1990-ээд онуудад голдуу Баруун Европ буюу Дублин, Лондон хотуудаас ялагч тодорч байв. харин 2000-аад онд Москва, Киев зэрэг голдуу Зүүн Европын оролцогч түрүүлжээ. Европын таталцлын цэг баруунаас зүүн тийш шилжиж байна.

Санал асуулгын дүн ч гэсэн сонирхолтой. Блэйрийн засгийн газар Иракийн дайны дэмжсэн учраас 2003 онд Их Британи улс ганц ч санал аваагүй. Мэдээж хэрэг санал асуулгад оролцогчид байнга улстөрийн сонголт хийдэггүй боловч зарим нэгэн тогтсон хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл, Грекчүүд ямагт Киприйн төлөө санал өгдөг. Кипрчүүд ч гэсэн Грекийн оролцогчдыг дэмждэг. Хуучин Варшавын гэрээний улс орнууд ч гэсэн өөр өөрийн оролцогчдыг дэмждэг байна. Югославын холбоонд багтаж байсан улс орнууд ч гэсэн амь нэгтэй. 2007 онд Босни-Херцеговин, Хорват, Македон, Монтенегро, Словены иргэд түлхүү санал өгсний ачаар Сербийн дуучин түрүүлжээ. Тийм ээ, энэ тэмцээн Европ тивийг тольдох өвөрмөц цонх болжээ.

Америкчууд бидэнд Америкийн шүтээн гэдэг тэмцээн бий. Бид яагаад Евровишн шиг Америквишн гэдэг тэмцээн зохиож болдоггүй юм.

Ийм тэмцээн Америкийн мужуудын хоорондын ялгааг илэрхийлэх болов уу? Жишээлбэл, зүүн баруун эрэг, умард хойд зүгийн мужуудын хооронд ямар өрсөлдөөн өрнөх бол? Телевизийн захирлууд энэ тэмцээнийг үзсэн гэдэгт итгэж байна. 

0 comments:

Post a Comment