”Сансрын технологийн салбарт японтой хамтарна”

Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэтэй сонгуулийн үеэр хэрхэн ажиллах талаар хөндөн ярилцлаа. Мөн Монгол Улс анхны хиймэл дагуулаа хөөргөх болсон талаар сонирхолтой ярилцлагыг толилуулж байна.

-Хоёулаа сансар судлалын асуудлаар яриагаа эхэлбэл ямар вэ? 

-Энэ сарын  29-ний өдөр Сансрын технологийн тухай Монголд анх гэж хэлж болох үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байгаа, манай улс анхны хиймэл дагуулаа хөөргөнө гээд манай салбараар сонирхолтой олон мэдээлэл байгаа. 

-Үзэсгэлэнгийн гол зорилго нь...?


-Өнгөрөгч гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэр Монгол, Япон хоёр улс сансрын технологийн салбарт хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээний дагуу Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа үйлдвэрийн яам хамтран энэ сарын 29, 30-нд сургалт, семинар, үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь олон нийтэд сансрын технологи, сансрын биетүүд, сансрын параметрүүд зэргийг мэдрүүлж, юу болохыг нь харуулж, таниулах. Нэг ёсондоо хиймэл дагуул гэж юу юм, зориулалт нь ямар байдаг юм, хэлбэр нь ямар байдаг зэргийг нүдээр үзүүлж таниулна л гэсэн үг. Энэ үзэсгэлэнгийн эхний өдөр Монгол Улсын хиймэл дагуул, сансар судлалаар мэргэшсэн мэргэжилтнүүд, албан байгууллага, хувь хүмүүс оролцож танилцуулга хийх юм. Манайд хэрэглэх гэж байгаа хиймэл дагуулын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох техник эдийн засгийн үндэслэгээг Японы тал хийж байгаа. Үүнийг мэргэжилтнүүд танилцуулна. Хурлын үеэр гадны байгууллагуудын төлөөлөл ирж илтгэл тавина, Монголын талаас ч мөн илтгэл тавьж, танилцуулна. Дараагийн өдөр нь оюутан залууст танилцуулах ажиллагаа зохион байгуулагдах учиртай. Сансар судлалын салбарт боловсон хүчин дутмаг байгаатай холбогдуулан бид залууст энэ салбарыг таниулах зорил­гоор зохион байгуулсан юм. 

-Үзэсгэлэн хоёрхон өдөр болно. Ямар үр дүнг хүлээж бай­гаа вэ?

-Монгол улс өөрийнхөө хэсэгт сансрын хоёр байрлалтай. Тодорхой шалтгаануудын улмаас ашиглах боломж тэр бүр олдоогүй. Нөгөөтэйгүүр байрлалууд удаан хугацааны турш нэг байрандаа байрладаггүй онцлогтой. Нэг ёсондоо хиймэл дагуулын байршил гэдэг бол хязгаарлагдмал нөөц юм. Үндэсний хиймэл дагуултай болох нь улсын хэмжээний бодлого. Энэ ч утгаараа үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгасан байдаг. Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд нь ч гарчихсан байгаа учраас энэ үзэсгэлэн ач холбогдолтойд тооцогдож байгаа. Сансрын технологи, сансар судлалд олон нийтийн итгэлээс гадна, дотоодын мэргэжилтнүүдийн итгэл чухал нөлөө үзүүлдэг. Сансар судлал, хиймэл дагуул хөөргөнө гэдэг бол зүгээр нэг энгийн салбар биш учраас нөөц бололцоо бий гэдгээ ухамсарлах ёстой. Энэ утгаараа сансрын технологийн үзэсгэлэн ач холбогдолтой. Мөн өөрсдийн хэмжээнд байгаа сансар судлалын мэдлэгийг, олон улсын мэргэжилтнүүдтэй хуваалцах боломж олдож байгаагаараа онцлог. Сансар судлалаар мэргэжсэн хүмүүс олон улсын эртэмтэдтэй мэдлэгээ нэг төвшинд хүргэхэд үзэсгэлэн, сургалт семинарын ач холбогдол нь өндөрсч байгаа. Хамгийн гол нь олон түмэнд сансрын технологийн талаар тодорхой хэмжээний ойлголтыг өгөхөөрөө ач холбогдол нь өндөрсч байгаа юм.

-Техник эдийн засгийн үндэслэлээ хэзээ бэлэн болгох вэ?


-Ирэх наймдугаар сарын 1-н гэхэд техник эдийн засгийн үндэслэл бэлэн болчих байх. Хэрвээ товлосон хугацаандаа амжаад ТЭЗҮ бэлэн болчихвол төсөл, хөтөлбөр рүүгээ орно. Монгол Улсад ямар хүчин чадалтай, хэр зэрэг хэмжээний хиймэл дагуул байх юм, хэрэгцээ шаардлага нь юу юм бэ гэдгийг тодорхойлно. Харилцаа холбоо, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гээд нийгмийн бүх л салбарт ямар хэрэгцээ шаар­д­лага байгааг тодорхойлоход илүү дөхөмтэй болно. Хэрвээ энэ бүх зүйл тодорхой болчихвол ямар улстай хамт­рах нь илүү тодорхой болох учиртай. 

-Монгол Улс яг ямар төрлийн хиймэл дагуултай болохыг зорьж байгаа вэ?


-Манай байгууллага хоёр төрлийн хиймэл дагуулыг судалж байна. Эхнийх нь харилцаа холбооны хиймэл дагуул. Энэ хиймэл дагуул нь био орбитын хиймэл дагуул учраас хөдөлгөөнгүй, тогтвортой байдаг. Үүгээр гар утасны сүлжээ, интернет, телевизийн сувгууд дамжин хүрдэг. Дараагийнх нь тандан судалгааны хиймэл дагуул. Энэ нь нам орбитод оршдог учраас байнгын хөдөлгөөнд байдаг. Энэ нь цаг уурын мэдээлэл, газар болон хөрсний судалгааны мэдээллүүдийг авах зориу­лалттай төхөөрөмж юм. 

-Япон улс энэ оны арван­хоёрдугаар сард “Оснара” нэртэй тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх гэж байгаа. Монгол Улс газрын станцыг өөрийн нутагтаа байршуулах хүсэлтээ илгээсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Яг тийм. 29, 30-нд зохион бай­гуулах сургалт, семинар, үзэсгэлэнгийн үеэр яг үүний тухай дэлгэрэнгүй ярилцана. Энэ хиймэл дагуул нь хамгийн сүүлийн үеийн техник, технологийг шингээсэн хиймэл дагуул юм. Газрын станцыг өөрийн нутагтаа байршуулах хүсэлтэй маш олон улс байгаа. Үүний нэг нь манайх. Газрын станцыг байршуулснаар олон улсын судалгаанд оролцох боломжтой болно. Мөн өөрийн гэсэн боловсон хүчнээ бэлтгэхэд дөхөмтэй болох юм. Сургалт семинарын үеэр яригдах гол сэдэв нь энэ байх болно. 

-Монголд сансар судлалын чиглэлээр мэргэжсэн цөөхөн хүн байдаг гэсэн. Энэ хүмүүс олон улсын мэргэжилтнүүдийн хэм­жээнд хүрэхүйц байж чаддаг уу?


-Тодорхой салбаруудад тухайлбал ашигт малтмал, цаг уур, хөдөө аж ахуйн салбарт мэргэжсэн хүмүүс бий. Гэхдээ эдгээр нь сансар судлал биш хиймэл дагуул ашиглан шинжилгээ хийдэг хүмүүс байдаг. Бас нэг асуудал байгаа нь эдгээр хүмүүс ихэвчлэн гадны хиймэл дагуул ашиглан мэдээ, материал бүрдүүлдэг. Яг ийм аргаар авч байгаа мэдээлэл нь хязгаарлагдмал, ашиглах хүрээ нь хумигдсан, түрээсийн мөнгөндөө таарсан байдаг. Ер нь түрээсийн мөнгийг гадны хөрөнгө оруулалтаар олгосон байх нь бий. Өөрийн гэсэн хиймэл дагуултай болох нь мэдээлэлээ ямар нэгэн саадгүйгээр авах, хүртээх, хиймэл дагуул ашиглан олон улсад бизнес хийх ач холбогдолтой юм. Ер нь манайд үндэсний хэмжээний мэргэжилтнүүд одоохондоо байхгүй. Харин бид хэд, хэдэн оюутныг гадаадад бэлтгэж, суралцуулж байгаа.

-Тэгвэл ТЭЗҮ бэлэн болоод, хиймэл дагуулыг хийх ажил эхэлмэгц мэргэжилтнүүд бүрэн бэлтгэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Тийм. Тэгж ойлгож болно. Бид хэд, хэдэн улсад мэргэжилтэн бэлтгэж байгаа. Засгийн газраас ч тэр бодлого чиглэл нь гараад явж байгаа болохоор мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ. Үүнээс гадна оюутан залуусыг энэ чиглэлд дур сонирхолтой болгох, таниулах үүднээс олон ажил хийх шаардлагатай байгаа. Угаасаа боловсон хүчин байхгүйгээр хиймэл дагуулыг хийх, хөөргөх ажил урагштай явахгүй шүү дээ.

-Хиймэл дагуулын анхан шатны судалгаанд зөвхөн Япон улстай хамтарч байгаа юу?

-Тийм. Бид хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахдаа судалгаанд хамтран ажиллана гэж гэрээ байгуулсан. Бүх судалгааг Японы тал хийнэ. Хиймэл дагуулыг хөөргөх, бүтээх ажилд ч тодорхой хэмжээнд хамтран оролцоно. ТЭЗҮ гарсны дараа яг ямар улстай хамтарч ажиллаж, хаана хийлгэх вэ гэдэг нь тодорхой болох юм. ТЭЗҮ хийхийн тулд олон улсын тендер зарласан. Канад, Япон гээд олон улс өрсөлдсөн. Мөн Монгол Улсын зарим нэг компаниуд ч байсан. Гэхдээ бидэнд хамгийн ойр, боломжтой улс нь Япон байсан учраас энэ улсыг сонгосон.

-Анхан шатны судалгааг хийж байх явцад манай улс бусад улсуудаас хоцорч байна даа гэсэн бодол танд төрж байв уу?

-Монгол улс ямар нэгэн туршлагагүй улс уу гэвэл үгүй. Бид өмнө нь тухайн үеийн ЗХУ-тай хамтарч сансрын үйл хэрэгт оролцож байсан туршлагатай. Гэхдээ бид үүнийг домог болгомооргүй байна. Цаашаагаа үргэлжлүүлээд ажил, хэрэг болгох үүрэг бидэнд бий. Засгийн газар ч үүнд анхаарч ажиллаж байгааг онцлох хэрэгтэй. Ер нь дэлхийн хэмжээнд хиймэл дагуул хөөргөсөн 50 гаруйхан л улс байгаа. Тэд үүнийг ашиглаад, хөөргөөд ирчихсэн туршлагатай орнууд. Дээрээс нь эдгээр улс гүрнүүдийн хөгжлийн төвшин нь ч өндөр. Гэхдээ бид энэ ажилыг эхлүүлсэн учраас, зориод, зүтгээд явж байна. Үүнд Шинжлэх ухааны байгууллага ч тусалж байгаа. Мэдээж бид энэ улсуудын хажууд дөнгөж эхэлж байгаа залуу орон. Гэхдээ бидэнд эдгээр улсуудаас туршлага судлаад, хамтран хэрэгжүүлвэл болохгүй зүйл байхгүй.

-Нэг хиймэл дагуул ер нь хичнээн төгрөгөөр бүтдэг вэ?


-Юунд ашиглах, ямар параметрт, ямар орбитод байгаагаас хамаараад өөр. Гэхдээ өртөг, зардал өндөр байх нь угаасаа ойлгомжтой. Яагаад гэвэл орчин үеийн технологиудыг ашигладаг учраас тэр л дээ. Ойролцоогоор 200 сая ам.доллароор бүтдэг юм байна лээ. Өнгөрөгч гуравдугаар сар Япон улсад айлчилж байх үеэр бид үнийг нь сонирхсон юм. 

-Олон хүмүүс хиймэл дагуул хөөргөнө гэдэг бол үлгэр гэж ярьдаг. Энэ хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Ажил эхэлж байхад олон л хүн ингэж ярьдаг. Гэхдээ энд нэг зүй­лийг хэлье. Төрийн хэмжээнд бод­лого боловсруулаад, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа учраас мөрөөдлийн зүйл яриад байна гэж ойлгож болохгүй. Эхнээсээ ямар нэгэн санхүүжилт хийгээд яваад байгаа болохоор үүнд итгэлтэй байж болно. Худлаа гэж ярьдаг хэсэг хүмүүс байдаг юм. Гэхдээ бид ажиллаж байгаа болохоор санаа зовох зүйлгүй.

-Хиймэл дагуул хөөргөх хөтөлбөр цаашдаа үргэлжилнэ биз дээ. Сонгуулийн дараа зам­хар­­­чих юм биш биз?

-Төрийн бодлогын залгамж чанар гэж байдаг. Ерөнхий бодлого нь гарчихсан учраас хэрэгжүүлээд явчих бүрэн боломжтой. Эрх зүйн хувьд ч тэр, төрийн бодлогынхоо хувьд ч, залгамж чанарынхаа хувьд нь ч. Бидний яриад байгаа энэ зүйлс тогтсон хугацаандаа хэрэгжээд явчих боломж, бололцоотой. Манай салбарт оюунлаг хүмүүс их байгаа учраас би итгэлтэй байна. Монгол Улсын мэдээлэл шуудан харилцаа холбооны салбарынхан, хувийн хэвшлийнхэн, төрийн байгууллага нь ч энэ сайхан мөрөөдлүүдийг ажил хэрэг болгохын тулд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Гадны байгууллага нь анхан шатны судалгааг хийгээд, боловсон хүчнийг бага ч гэсэн тодорхой хэмжээнд бэлтгэж байгаа болохоор замхрана гэж ойлгож болохгүй. Танай сониноор дамжуулаад энэ бүх ажил цаашаагаа үргэлжилж явах болно, мөрөөдлийн зүйл биш шүү гэдгийг олон түмэндээ хэлье дээ.

-Ямар ч байсан замхрахгүй гэдэгт итгэлтэй байж болно гэж ойлгож болох уу?

-Ер нь хэзээ ч замхрахгүй. Үүнд итгэлтэй байж болно.

С.БОЛОР

0 comments:

Post a Comment