“МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2009”

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2009 шалгаруулалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2009 оны 12-р сарын 28-нд Улаанбаатар зочид буудлын ӨРгөө танхимд болж, 2009 оны ШИЛДЭГ СОНГОЛТууд тодорлоо.


2009 оны ШИЛДЭГ СОНГОЛТууд

Интернэтийн шилдэг үйлчилгээ
МЦХ ХК, Өндөр хурдны ADSL үйлчилгээ


Харилцаа холбооны шилдэг үйлчилгээ
Юнител корпораци, Сонгодог багц


Шилдэг програм хангамж
Грэйп Сити Монгол ХХК, Ачидбанкир Систем 2.0


Шилдэг вэб сайт
Синглтон ХХК, www.biznetwork.mn


МT-ийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн
Мигма Электроникс ХХК, MGM үндэсний брэнд компьютер


Дэвшилтэт технологийг 2009 онд нэвтрүүлэгч
Мобиком корпораци, Илүү дэвшилтэт 3.5G


Шилдэг цахим үйлчилгээ
Боловсролын үнэлгээний төв, Элсэлтийн ерөнхий шалгалтын багц систем


Мэдээллийн технологийн цогц үйлчилгээ
Скайтел ХХК, S'tyle үйлчилгээ


Мэдээллийн технологийн шилдэг сургалт
Интек ХХК, ЕБС-ийн бага ангийн багш нарт зориулсан МХТ-ийн ахисан түвшний сургалт


Мэдээллийн технологийн мэргэжлийн шилдэг сургалт
ЮүЭсАй Мэргэжлийн Сургууль, Цахим кампус - WEB 2.0 орчин


Шалгаруулалтыг зохион байгуулах хороо Read More......

КВН ВЛ Финал 2009




Read More......

2009 онд дэлхий дахинаа болсон 10 гол үйл явдал

2009 онд дэлхий дахинаа болсон 10 гол үйл явдал

"Нийгмийн толь" сонин 2009 онд дэлхийн дахинаа болсон хамгийн гол 10 үйл явдлыг нэрлэж байна.

1.Барак Обама засгийн эрх барьсан эхний жил
Улиран одож буй оны нэгдүгээр сард АНУ-ын түүхэнд хамгийн өндөр өртөгтэй ёслол үйлдэн тангаргаа өргөсөн Америкийн анхны хар арьст ерөнхийлөгч Барак Обамад зөвхөн улс оронд нь төдийгүй дэлхий нийтээрээ ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа. Тэр ч энэ итгэлийг алдахгүйн төлөө засгийн эрх барьсан эхний жилдээ нэлээд хичээлээ.

Обама АНУ-ыг санхүүгийн хямралаас гаргахын тулд эдийн засгийг тогтворжуулах төлөвлөгөөг баталсан нь дотооддоо хэрэгжүүлсэн хамгийн том арга хэмжээ болсон. Харин олон улсын тавцанд тэрбээр дэлхий дахинаа тогтоосон Америкийн имижийг өөрчлөхөд ихээхэн хүчин чармайлт тавьжээ. Юун түрүүнд тэр-бээр Орос, Америкийн харилцааг сайжруулахад их анхаарч, энэ нь ч үр дүнгээ өглөө. Зүүн Европт пуужингаас хамгаалах төхөөрөмжөө суурилуулах төлөвлөгөөнөөсөө Америк татгалзав. Үүний оронд АНУ Афганистан дахь цэргийн хүчээ 30 мянган хүнээр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Барак Обама Нобелийн энх тайвны шагнал авсан нь багагүй шуугиан тарьсан. Нэг хэсэг нь түүнийг хийсэн зүйлийнх нь төлөө биш амлалтынх нь төлөө шагналаа гэж үзэж байв.

2.Копенгагены дэлхийн дулааралтай тэмцэх чуулган
Данийн нийслэл Копенгагенд дэлхийн 193 оны төлөөлөгчид, тэр дундаа 110 улсын төрийн тэргүүн оролцсон дулааралтай тэмцэх НҮБ-ын чуулган боллоо.

Энэ нь хүн төрөлхтний түүхэнд цаг агаарын асуудлаар хуралдсан хамгийн том чуулга уулзалт болсноороо онцлог юм. Чуулганы эцэст гаргасан Копенгагений зөвшилцөл нэртэй гурван хуудас баримт бичигт манай гаригийн агаарын хэмийн өсөлт хоёр хэмээс хэтрэхгүй байхаар тогтжээ.

3. "Их хорь"-ийн уулзалт
"Их хорь"-ийн гурав дахь чуулга уулзалт дэлхийн эдийн засгийн хямралын асуудлаар боллоо.

Дэлхийн тэргүүлэгч орнуудын төр, засгийн удирдагчид санхүү, эдийн засгийг тогтворжуулахын тулд бүтэн жилийн турш авч хэрэгжүүлсэн ажлаа дүгнэв.




4.Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр боллоо
Арваннэгдүгээр сарын эхээр Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаус Лиссабоны гэрээнд гарын үсэг зурснаар Европын холбооны гишүүн бүх улс уг гэрээг хүлээн зөвшөөрөв. Лиссабоны гэрээ ёсоор Европын холбоо ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайдтай болохоор боллоо. Арваннэгдүгээр сарын 19-нд тус холбооны анхны ерөнхийлөгчөөр Бельгийн ерөнхий сайд Хермана ван Ромпейг санал нэгтэй сонгожээ. Харин гадаад хэргийн сайдаар тус холбооны худалдаа эрхэлсэн комиссар Кэтрин Эштоныг батлав.

5.Зэвсэглэлийг хязгаарлах гэрээ хэлэлцээрүүд
Орос ба АНУ өнгөрч буй жилд бие биедээ болон дэлхий дахинд "хүйтэн дайн" аль хэдийн ард үлдсэн гэдгийг нотлон харуулахыг хичээлээ.

Арванхоёрдугаар сарын 5-нд ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан стратегийн довтолгооны зэвсгийг хязгаарлах гэрээний хугацаа дууссан.

Жилийн хугацаанд хоёр тал шинэ гэрээнд орох бие биедээ тавих хяналт, шалгалтын механизмын талаар тохиролцоонд хүрч чадсангүй.

Шинэ гэрээнд 2010 оны нэгдүгээр сард гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа.

6.Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн туршилт
Хойд Солонгос өнгөрч буй онд дэлхий нийтийг хоёр удаа цочроолоо.

Дөрөвдүгээр сарын 4-нд олон шатлалт пуужингийн систем, тавдугаар сарын 25-нд цөмийн зэвсгийн туршилт хийсэн.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ улам чангатгах шийдвэр гаргав.

Пхеньян энэ шийдвэрийг "дайн зарласан" явдал хэмээн үзэж цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээрээс татгалзсан.

Гэвч оны сүүлээр Пхеньян хэлэлцээрийн ширээний ард эргэн суух талаар Вашингтонтай яриа хэлэлцээр хийж эхэллээ.

7.Дэлхийг түгшээсэн "гахайн ханиад"
А хүрээний H1N1 вирүс буюу "гахайн ханиад" нэр авсан шинэ төрлийн өвчнөөр өвдсөн анхны тохиодол Мексик, АНУ, Канадад бүртгэгдэж, улмаар маш хурдацтайгаар дэлхий даяар тархсан.

Арванхоёрдугаар сарын 6-ны байдлаар энэ ханиадны улмаас дэлхий даяар 9596 хүн нас барж, өвчлөл 208 оронд бүртгэгдээд байна.

Одоо европын ихэнх орнуудад ханиадны өвчлөл буурч эхэлжээ.

8.Афганистаны дуулиантай сонгууль
Наймдугаар сарын 20-нд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ч сөрөг хүчин сонгууль будлиантсан хэмээн эсэргүүцэж, дахин сонгууль явуулахаар болсон.

Гэвч Карзайн гол өрсөлдөгч Афганистаны Гадаад явдлын сайд асан Абдулла Абдулла улс орныхоо цаашдын тогтвортой байдлын төлөө хэмээн нэрээ татаж авснаар дахин сонгууль болсонгүй.

9.Попын хаан таалал төгсөв
Попын хаан Майкл Жексон өвчин намдаах эм хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан нь дэлхийн хөгжмийн урлагт томоохон гарз боллоо.

10.Шиньжан-Уйгарын эмх замбараагүй байдал
Манай өмнөд хөршийн Шиньжан-Уйгарын автономит мужид эмх замбараагүй байдал үүссэнээс 197 хүн амь насаа алдаж, 160 гаруй хүн шархдаж гэмтсэн байна. Хятадын засгийн газар арми болон цагдаагийн анги нэгтгэлийг Урумчид оруулж эмх замбараагүй байдлыг хүч хэрэглэн дарлаа. Үүний дараа болсон шүүх хурлуудаар эмх замбараагүй байдалд оролцсон, өдөөн турхирсан олон арван уйгар иргэдэд цаазаар авах ял оноов.



www.gogo.mn

Read More......

2009 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

2009 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

Монгол Улс ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо
Өнгөрч буй он улстөрийн хүрээнийхний хувьд, хөл хөдөлгөөнтэй, өрнүүн өнгөрлөө.

Монгол Улс амьдралынхаа нэгээхэн агшинг өөрчлөн алдаа онооны дэнсэн дээгүүр ардчиллын босгыг алхсанаас хойш 20 жил улиран оджээ. Тэр дундаа дөрвөн жилд нэг удаа болдог Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил тохиож, ардчилсан Ерөнхийлөгч сонгогдсон нь 6н цагийн билгэдэл юм болов уу.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны тавдугаар сарын 24-нд болж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж сонгогчдын 51, 24 хувийн саналаар Монгол Улсын тав дахь Төрийн тэргүүн болов. Түүний өрсөлдөгч нь МАХН-аас нэр дэвшсэн, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр байв. Монголын ногоон нам, ИЗН, Ардчилсан намыг дэмжин эвсэл болж ардчилсан зарчмаар санал хураалт явуулж эхэлснээс хойш хамгийн цөөн нэр дэвшигч өрсөлдсөн гээд энэ сонгууль онцлох үйл явдлаар баян байв. Харин шинэхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангаргаа өргөснийхөө дараа Сүхбаатарын талбай дахь Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолборын өмнө гарч, ард түмэнтэйгээ уулзаж үг хэлсэн. Түүнийг үг хэлэхэд, иргэд уухайлан баяр хүргэж байсан юм.

Түүнчлэн энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, тухайн үед сонгуулийн булхай луйвартай холбоотойгоор нийгмийн сэтгэлзүй эмзэг байхад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгуульд ялагд-"сан даруйдаа үр дүнг хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө амжилт хүссэн мэдэгдэл хийсэн нь улс төрийн хүрээнд эерэг уур амьсгал авчирсан үйлдэл байлаа. Ямартаа ч. өнгөрч буй 2009 он улстөрчдийн хувьд цоо шинэ хариуцлага, түүхийн хуудсыг нээсэн гэж болно.

Удтал дуншсан Оюутолгойн гэрээ батлагдав
2009 оны аравдугаар сарын 6. Энэ өдөр бол яах аргагүй 2009 оны онцлох үйл явдлаар тодроод зогсохгүй Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх ёстой өдөр.

Учир нь хоёр парламент, гурван ч Засгийн газрын нүүр үзэж эдүгээг хүргэсэн Оюутолгойн зэс, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал ,ажил хэрэг болж, Монгол Улсын Засгийн газар Канадын "Рио Тинто", "Айвенхоу Майнз" компанийн удирдлагуудтай хөрөнгө оруулалтын гэрээнд ёслол төгөлдөр гарын үсэг зурсан өдөр юм. Өмнийн их говиос нөөц нь тогтоогдсон цагаасаа монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татах болсон уг орд нь 22.5 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөцтэй.

Ийм л өнө мөнхийн түүхтэй энэ орд газрын хувь заяа удтал дуншсаны эцэст батлагдаж шийдвэрлэгдсэн нь улс төрийн гол хүчнүүд хамтарч Засгийн газраа байгуулсны үр дүн хэмээн ажиглагчид дүгнэж байна. Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн олборлолтын ажил эхэлмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны түвшнээс хоёр дахин нэмэгдэж гурван тэрбум ам.долларт хүрэх аж. Хамгийн гол нь ордыг ашиглах үйл явц нь дор хаяж 50 жил үргэлжлэх учир өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бид биш ирээдүй хойч үе маань ч хүртэх юм.

Ерөнхий сайд О.Баяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр хамтарсан Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр энэ оны аравдугаар сарын сүүлчээр эрүүл мэндийн байдлаас болж цаашид ажиллах боломжгүйгээ мэдэгдэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.

Тухайн үед журмын нөхөд нь сэтгэл гаргаж түүнд албан тушаалаа үргэлжлүүлэн хаших санал тавьсан. Гэвч тэрбээр эр зориг гарган хэн хүний тухлаад байдаггүй энэ нэр хүндтэй, хариуцлагатай албыг ямар ч "чөдөр, тушаа"-гүй орхисон.

Энд нэг зүйлийг онцлоход, үе үеийн Ерөнхий сайд нараас хэн нь ч ийм зоригтой алхам хийж байсангүй. Тэгээд ч С.Баяр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхдөө жинхэнэ төрийн хар хүн шиг үг хэлээд мордсон. Тодруулбал, "Тэн өргөх тэнхээтэй байхдаа чадна гээд авч болсон юм. Тэнхээ алдрахын цагт авна уу гээд буцаагаад өгөх сэтгэлийн тамиртай байх нъ төрийн хүний эрхэм чанар мөн" хэмээгээд чөлөөлөгдөж байв.

Гэхдээ "Эргэж уулзах нүүр, дахин учрах даваатай хорвоо шүү" гэж анхааруулчхаад явсан. Нөгөөтэйгүүр, аливаа асуудал хоёр талтай байдаг хойно өөр өнцгөөс энэ үйл явдлыг дүгнэж болох юм. Учир нь тэрбээр Ерөнхий сайдын сэнтийд морилонгуутаа "Таван төгөлдөршил", "Атрын III аян" гээд томоохон ажлуудыг эхлүүлсэн. Гэвч эхлүүлсэн ажил нь эхнээсээ алдаа оноо хэл ам дагуулж, зарим нэгний уурыг барсан. Тиймээс эрхэм сайд ажлын хариуцлагаас зугтсан ч байж болох шүү дээ. Эцэст нь хэлэхэд, Ерөнхий сайд С.Баяр асан улс төр гэх их айлаас бүр явчхаагүй. Улс төрийн ууган хүчний дарга, УИХ-ын гишүүн хэвээр байгаа.

Сургамж өгсөн хямрал
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай улсад нөлөөлснөөр уг салбарынхан төдийгүй, монголын нийт иргэн хүнд үеийг туулж байна.

Хямралаас шалтгаалж барилгын салбар бүхэлдээ зогсч, банкны систем ч доголдож эхлэв. Мөн иргэдийн худалдан авах чадвар буурч, ажилгүйдэл өссөөр байлаа. Ерөнхийдөө хямрал эмзэг бүлгийнхэнд ихээхэн хүнд туссан гэдгийг судалгааны байгууллагууд тэмдэглэдэг. Хяналтаас гарах хэмжээнд хүрсэн инфляцийг хазаарлах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд Төв банк мөнгөний хатуу бодлого барив. Үүний үрээр үнийн түвшин буурлаа. Гэвч нөгөө талд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа боомилогдлоо. Өнгөрсөн зургадугаар сар хүртэл арилжааны нэг ч банк зээл гаргахгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг бүхэлдээ зогсонги байдалд орсон.

Хэдийгээр хямрал сөрөг үр дагавар авчирсан ч аль салбарыг эмчлэх шаардлагатай байгааг тодруулж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, манай улс өнгөрсөн хугацаанд ашигт малтмалаас олсон орлогоо тухай бүрт нь үрсэн. Мөн нэг салбараас хэт хараат байсан билээ. Үүний уршгаар ашигт малтмалын үнэ унахад улсын орлого буурав. Хуримтлуулсан хөрөнгө байхгүй тул гадныхны гар харахад хүрсэн. Энэ бүхнээс сургамж авахыг эдийн засагчид сануулсаар байна.

Ингээд төр засаг халамжаа танаж эхлэв. Гэвч хямралын хүнд үед заавал хүүхдийн мөнгийг хасаж, тана-сан нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөхөд хүргэх нь ойлгомжтой боллоо. Хачирхалтай нь хүүхдийн мөнгийг танасан атал гишүүд 76 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй болсон нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд авав. Ямартай ч хямрал бидэнд хүнд үеийг үзүүлсэн ч сургамж өгснөөрөө давуу талтай юм.

Банкууд дампуурч, иргэдийн итгэл суларлаа
Эдийн засгийн амин сүнс болсон банкны салбар доголдож "Анод", "Зоос" банк шил шилээ даран унан, арав гаруй жилийн өмнөх үйл явдлыг давтсан нь энэ оны онцлох мэдээ байлаа.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон аудитын байгууллагууд тасралтгүй хяналт шалгалт тавьж байсан ч "Анод" банк хаалгаа барив. Төр банкны систем доголдож буйтай холбогдуулж хадгаламжид баталгаа гаргасан билээ.

Иймээс "Анод" банк дампуурахад татвар төлөгчдийн халааснаас 60 тэрбум төгрөг гаргаж өглөө. Монголбанк хяналтаа сул тавьсан гэх шүүмжлэлийг дагуулж байсан ч хариуцлага тэднээс холуур өнгөрөв. Удалгүй өмнөх улирлын тайлан нь хэвийн гарч байсан "Зоос" банк нэг л өдөр дампуурлаа зарлалаа. Ингээд тус банкийг Төрийн банк болгож, татвар төлөгчдийн халааснаас дахин 100 тэрбум төгрөг гаргах шийдвэр гаргав. Эхэн үед томоохон зээлдэгч, банкны эздэд хариуцлага тооцох тухай яригдаж байсан ч одоогоор нам гүмхэн байна. Энэ бүхнээс болж банкинд итгэх иргэдийн итгэл буурсаар байна.

Хэдийгээр татвар төлөгчдийн мөнгийг төсөвт нөхөн бүрдүүлнэ гэж байгаа ч хэзээ, хэрхэн биеллээ олохыг шууд хэлэхэд хэцүү. Ер нь дээрх үйл явдал нь банкны салбарт шинэчлэл хэрэгтэйг харуулсан гэхэд болно. Зээл авч буй компанийг зэрэглэх, бүртгэлийн системийг боловсронгуй болгох хэрэгтэйг эдийн засагчид сануулж байна. Мөн банкны эзэд, зээлдэгч нарт хариуцлага тооцох эр зориг гаргах хэрэгтэйг хэлж байгаа юм. Үүнээс гадна иргэд хэнд мөнгөө хадгалуулж байгаагаа мэдэхийн тулд банкны эздийг нэрлэх хэрэгтэй байгааг сануулж байв.

Дэлхийн хос медальтнууд төрлөө
Бээжингийн олимпод амжилттай наадсан манай тамирчдын амжилтын буухиа энэ онд үргэлжилсэн.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, П.Сэрдамба гээд улиран одож буй ондоо амжилтаар дүүрэн үдэж буй нь олон. П.Сэрдамбын хувьд сүүлийн хоёр жилд одтой, азтай, амжилт нь жигд яваа гэж хэлж болно. Тэрбээр 2008 онд Бээжинд зохиогдсон зуны XXIX олимпийн боксын 48 кг-ын жинд мөнгөн медаль, 2009 онд Италийн Милан хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан амжилттай.

Харин хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын хувьд Бээжингийн олимпод амжилт үзүүлээгүй ч Афины олимпийн хүрэл медальт тэрбээр Голландын Роттердам хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан. Мөн эх орондоо болсон "Дэлхийн цом"-ын тэмцээнд түрүүлж самбо бөхийн дэлхийн хошой аварга болж байсан юм. Дэлхийн чихийг дэлдийлгэж чансаатай тамирчдын тоонд зүй ёсоор багтсан тэдний хөдөлмөрийг үнэлж "Үндэсний олимпийн хорооноос жил бүр зохион байгуулдаг "Бөртэ чоно" наадмын энэ жилийн шилдгийн шилдэг, шилдэг тамирчдаар тодруулсан юм.

Дашрамд дурьдахад, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар энэ шагналын эзнээр гурав дахь удаагаа тодорч буй юм.

Спортын салбарынхан маань амжилт арвинтай байсны бас нэгэн жишээ нь Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд О.Лхагвасүрэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн XXI олимпоос жүдо бөхийн 81 кг-ын жинд 37 настай Д.Очбадрал нар аваргын алтан медаль, 17 настай хүү Н.Төгсцогт боксын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн явдал юм.

Гахайн ханиад эрдэнэт хүний амийг авсаар байна
Дэлхий нийтийг цочроосон томуугийн А хүрээний Н1 N1 вирус буюу гахайн ханиад манай улсыг тойрсонгүй.

Аравдугаар сарын 3-нд Япон улсаас эх орондоо ирсэн эмэгтэй гахайн ханиадаар өвчилсөн нь тогтоогдоход Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс түргэн авлаа. Гэвч энэ сүржигнэл удаан үргэлжлээгүй. Сайд, дарга нар "гайгүй ээ" хэмээн иргэдээ тайвшруулж байх хооронд төмөр замын эмнэлэгт гахайн ханиадаар нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв. Төр засаг байдал бишдэж байгааг ойлгосон бололтой эмзэг бүлгийнхэнд аарц, чацаргана уулгаж эхэллээ.

Гэвч хоёр сар гаруйн дотор 1200 гаруй хүн өвчлөөд байна. Эдгээрээс 28 хүн нас барсан нь өнгөрсөн өдрүүд ямар хар бараан байсныг харуулж байна. Цөөн хүн амтай манай улсын хувьд дээрх тоо дэндүү их юм. Олон хүн хорвоог орхисны дараа одоо л нэг юм вакцин оруулж ирж, хамгийн түрүүнд өвчинд өртөх магадлалтай бүлгийхэнд хийж эхлээд байна. Гахайн ханиад намжсан гээд санаа амрах эрх хэнд ч байхгүй. Шинэ жилээр хөл хөдөлгөөн их байдаг. Шинэ оны эхээр дэгдэлтийн шинэ давлагаа дахин ирнэ хэмээн анхааруулж байгаа. Гахайн ханиад манай улсад хурдацтай тархсан нь эрүүл мэндийн байгууллагуудын техник хэрэгслийг нэмэгдүүлэх, уг салбарт шинэчлэлт хийх хэрэгтэйг ч харуулсан. Дээрх вирус хувьсан өөрчлөгдөж, эмэнд дасал болж байгаа нь хамгийн аюултай юм.

Хаалттай үлдсэн нээлттэй сонсгол
Өнгөрөгч оны долдугаар сарын 1-нд МАХН-ын үүдэнд болсон үймээний талаар анх удаа УИХ-аас "Долдугаар сарын 1 ба Хүний эрх" сэдэвт нээлттэй сонсгол хийлээ.

Монгол Улсын түүхэнд хар толбо үлдээсэн энэ өдрийн үйл явдлыг дүгнэх ажлын хэсгийг УИХ-аас томилоод буй. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ахалж, гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр нар ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар ажлын хэсэгт үймээний үеэр галт зэвсэгт өртөн амь насаа алдсан, хүнд гэмтэл авсан иргэд өргөдлөө ирүүлээд байгаа аж. Мөн цагдаад зодуулж, хилс хэрэгт гүтгэгдсэн гэх 18 хүн түүнчлэн шүүх прокурор хэт нэг талыг барьж асуудлыг шийдсэн гэж 13 хүн гомдол гаргажээ.

Харин уг нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл даргалж, улс төрийн гол хүчнүүдээс нэр бүхий гишүүд оролцов. Харин прокурорын байгууллагаас нэг ч хүн ирсэнгүй. Уг нь нээлттэй сонсголыг зохион байгуулж буй албаны хүмүүсийн зүгээс тус байгууллагад "урилга" хүргүүлсэн аж. Гэхдээ иргэдэд долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөхөөр зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт ялын дүгнэлт уншсан прокурорууд ирээгүйг Ц.Мөнх-Оргил гишүүн зөвтгөөд энэ хэлэлцүүлгийг давж заалдах шатны шүүх хурал биш гэв. Уг хэргийг шүүсэн шүүгч нарыг шүүгээд байх хэрэггүй гэдгийг ч тэрбээр хэлж байсан юм. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүгч нар ямар зүйл дээр алдаа гарсныг хэлэлцэж байгаа болохоос биш бид шүүгч нарыг шүүгээгүй хэмээж байсан. Прокурорын байгууллагаас ямар ч хүн ирээгүй, гэтэл тэднээс асууж, тодруулах зүйл байгаа гэдгийг Х.Тэмүүжин гишүүн энэ үеэр онцолж байсан юм. Түүнчлэн энэ өдрийн нээлттэй сонсголд хохирогчид болон цагдаагийн байгууллагын удирдлага, өмгөөлөгчид оролцсон юм.

Байгалийн гамшиг олон гэр бүлийг хагацалд унагав
Байгалийн дараалсан гамшгууд олон гэр бүлд хагацал, зовлон авчирч, уй гашуунд автууллаа.

Долдугаар сарын дундуур орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлд зургаа, орон нутагт 18 хүн хорвоог орхисныг иргэд одоо ч санаж байгаа билээ. Эрдэнэт хүний амиас гадна олон айл өрх, албан байгууллага эд материалын хохирол амссан юм. Байгалийн хилэн ингээд намдсангүй. Есдүгээр сарын дундуур цасан шуурга шуурч, орон нутагт зорчих нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаав. Олон хоног нүүр нүдгүй шуурсан шуурганы уршгаар мөн л эрдэнэт хүмүүс эндлээ. Мөн олон тонн тариа буудай цасанд даруулж, автомашины осол ч нэмэгдэв.

Өнгөрсөн долоо хоногоос эхэлж ихэнх нутгаар цасан шуурга шуурч, зарим нутгаар 49 градус хүртэл хүйтэрч байна. Гэнэтийн энэ үзэгдлээс болж хоёр хүн амь насаа алдаад байгаа юм. Үүнээс гадна олон тооны мал хорогдож, малчид зутарч байна.

Түүнчлэн, элдэв гамшигт өртөж амь насаа алдсан хүний тоо нэг, хоёроор тогтохгүй. Энэ бүхнийг нэгтгэвэл байгалийн гамшигт өртөж нас барсан хүний тоо гурван орон руу шилжиж буйн харамсалтай. Монгол Улсын хамгийн том баялаг бол эрдэнэт хүн билээ. Иймд иргэндээ хандсан халамж үгүйлэгдэж буйг иргэд сануулж байсан. Байгалийн элдэв гамшиг тохиох болсныг хөгшид байгаль дэлхийдээ хайр гамгүй хандсаных хэмээн анхааруулж буйг санахад илүүдэхгүй биз.

Шиврээ бороогоор "уйлсан" ялалтын өглөө
Эр цэрэг хүндэтгэн, гашуудлын хөгжим эгшиглэхэд мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдөө эргэн дурсаж ахмад дайчид толгой гудайлган ёсолно.

Энэ бол эх орноо халуун амиараа хамгаалж, эрэлхэгээр амь үрэгдсэн дайчин эрсийн дурсгалын өдөр, Халхын голын түүхт их ялалтын 70 жилийн ой байлаа. 2009 оны есдүгээр сарын 2. Энх цагийг авчирсан их үйлсийг нь хойч үе, амьд үлдсэн дайчин нөхөд нь эргэн дурсаж Дорнод аймгийн Халх гол сумын нутагт, дайны талбарт босгосон хөшөөнүүдэд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм.

Халхын голын дайнд нийтдээ 30 гаруй мянган хүн амь үрэгдсэн байдаг. Энэ их хүчээр олдсон эрх чөлөөг энх цагийн бид хэзээ ч мартахгүй гээд дайны талбар болсон газруудаар эмгэнэл илэрхийлэн тойрсон.

Командын байр, нуувч байрлах газар нь бөмбөгдөлтөд сүйдэж, газартай тэгшрэн эдгэрсэн ч "Бид энд мөнх нойрсож байгаа юм шүү" гэдгийг нь гэрчлэх шиг тэдний дээр долоогоно жимс олноор ургажээ. Сураггүй болсон аавыгаа тэрхүү газарт байгаа ч юм билүү гэсэндээ үр хойч нь нуувчны аман дээр цэцэг өргөн, нүдэндээ нулимстай эмгэнэн гашуудаж, хэсэгтээ л чимээгүй зогсов.

Ийнхүү сэтгэлдээ эмзэгхэн гашуудал тээсэн олон, бахдал өвөртөлсөн зочид ялалтын хөшөө тийш хүлгийн жолоо заллаа.

Амь үрэгдсэн баатруудын хөшөө хүрэхэд хүйтнээр үлээж, бороогоор "уйлж" байсан тэнгэр ялалтын хөшөөнд хүрэхэд цэлмэн, нарны туяагаар шарахад ялалтын хөгжим эгшиглэж, баярын марш цангинав. Энэ бол 2009 онд болсон Халхын голын түүхт ялалтын 70 жилийн ойд тохиосон онцлох мөчүүдийн нэг байлаа. Түүнчлэн Халхын голын түүхт их ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев манай улсад айлчилж дайчдад хүндэтгэл үзүүлсэн. Мөн Монгол-Оросын 70, 70 залуус Халхын голын ялалтын 70 жилийн ойд зориулан телевизийн шоунд оролцсон нь онцлох үйл явдал боллоо.

www.gogo.mn Read More......

ТА БИДНИЙ АМЖИЛТ ШИЛДЭГ ВЕБ САЙТ

Мэдээлэл Харилцаа Холбооны ШИЛДЭГ СОНГОЛТ -2009 шалгаруулалтын шагнал гардуулах ёслол 2009 оны 12-р сарын 28-ны өдөр Улаанбаатар зочид буудалд болж өнгөрлөө. Мэдээллийн технологийн шилдэг цахим хуудсаар та бидний тогтмол ашигладаг www.biznetwork.mn олон нийтийн сүлжээ веб сайт шалгарч энэхүү шагналыг СИНГЛТОН ХХК-ийн ерөнхий захирал В.Баярсайхан гардаж авлаа.

www.biznetwork.mn сайт нь өнгөрөн улирч одож буй 2009 оны 1-р сард анхлан Монголын бизнес эрхлэгчид, чадварлаг мэргэжилтнүүдийг хооронд нь ажил хэргийн зорилгоор холбон бизнесийг нь өргөжүүлэн сурталчилах, тэднийг хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор нээгдэж эдүгээ 35000 орчим хэрэглэгчдийг эгнээндээ элсүүлсэн Монголын томоохон ажил хэрэгч идэвхитэй веб сайт болж чадлаа.

Өнгөрөн хугацааны амжилт бол сайтын идэвхитэй хэрэглэгч мянга мянган гишүүдийн санаачлан хэрэгжүүлсэн сайн үйлсийн аянууд, мэдлэгт тустай сургалт семинарууд, шинийг эрэлхийлсэн бизнесийн олон сайхан хамтарлууд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлсэн зугаатай мөчүүд, хэдэн мянган оюун ухааныг баяжуулсан нийтлэл бичлэгүүдээс маш олныг дурдаж болно.

Энэ амжилт бол зөвхөн Синглтон компанийн залуусын амжилт биш сайтын гишүүн Монголын ирээдүй болсон чадварлаг мянга мянган залуусын амжилт юм. Залуус бид нэгдэж чадвал ямар амжилт гаргаж болохын нэг загварчлал нь энэхүү олон нийтийн сүлжээ сайт боллоо гэж хэлж болохоор байна.

2009 оны сайтын зорилго нь залуусыг холбон тэдний үйл ажиллагааг дэмжих байсан бол ирж буй 2010 онд хуулийн этгээд, компаниудыг хооронд нь холбох, тэдгээрийн хамтын ажиллагааг дэмжсэн бизнесийн цогц шийдэл, харилцаа холбооны суваг болсон томоохон гүүр, ажил олгогч болон горилогч нарын холбосон дэвшилтэд платформ, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулах маркетингийн шилдэг суваг болгохоор зорьж буйг онцлон дурдахад тааламжтай байна. Read More......

Иргэний танхим иргэнд үйлчлэх үү?

 -Ардчилал, шударга ёс, хүний эрх , эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгэмд хүн шиг амьдрах гэсэн хүсэл эрмэлзэлтэй Монголын 2,6 сая иргэнийг гутааж, парламентыг улам бүр муухай харагдуулж байгаа гишүүдийн авлигыг зогсоох нь одоо хэлэлцүүлж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас хавьгүй чухал, тулгамдсан асуудал болоод байна-

Иргэний танхим буюу "citizen hall" гэдэг ойлголт анх АНУ-д үүссэн нь одоо ардчилсан гэгддэг бүх оронд жишиг болоод байгаа. Мужийн захиргаа ч юм уу шийдвэр гаргах эрх мэдлийн байгууллагуудын дэргэд ихэнхдээ байгуулдаг. Захиргааны байгууллагууд аливаа асуудлаар шийдвэр гаргахаасаа өмнө өөрийн дэргэдэх иргэний танхимаар дамжуулан иргэдийн санаа бодлыг сонсч, түүнийг нь шийдвэртээ тусгадаг шууд ардчиллын нэг хэлбэр. Ухаандаа саяхан манайд дэгдсэн гахайн томуугийн вирус идэвхжих үеэр Засгийн газар баар, ресторануудын хаалгыг барих шийдвэрийг яаран гаргахаасаа өмнө энэ туршилтыг нь нь бие дээрээ мэдэрдэг иргэд болоод бизнес эрхлэгчдийн саналыг сонссон бол үр дүн нь арай илүү гарах байжээ гэсэн үг. Харин парламент бол иргэдээс шууд сонгогддог төлөөллийн ардчиллын байгууллага учраас парламентын дэргэд ийм байгууллага бараг байдаггүй.

Тиймээс анх сонгуульд нэр дэвшсэн цагаасаа эхлэн "ардчилсан Ерөнхийлөгч" гэдэг имижийг бүрдүүлээд байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тамгын газрынхаа харьяанд Иргэний танхим байгуулан, үүгээр дамжуулж иргэдийн санал бодлыг төр засгаас гарч байгаа шийдвэрт тусгуулахаар амлаад байгаа. Анхны хэлэлцүүлэг ч яваад эхэлчихсэн. Ерөнхийлөгчийн Хүний эрх, олон нийтийн оролцооны бодлогын зөвлөхийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр иргэдээс саналыг нь авч эхлээд байгаа. Үүнд зориулж саяхан Ерөнхийлөгчийн тамгын газраас Иргэний танхимын үйл ажиллагаа явуулах журмыг боловсруулан олон нийтэд танилцуулсан. Уг журамд зааснаар иргэд Иргэний танхимаас санал болгосон буюу УИХ дээр хэлэлцэгдэх гэж байгаа хуулийн төслүүдээр өөрсдийн саналыг бичгээр болон биеэр ирж өгөх ёстой. Гэхдээ иргэдийн оруулсан санал болгон хуульд тусгагдах албагүй гэдгийг бас сануулсан байна лээ.

Гэвч иргэдийн саналыг сонсохгүй байхын аргагүй нэг сэдвийг Ерөнхийлөгчийн тамгын газрынхан болон Иргэний танхимын ажлын албаныханд санал болгох хэрэгтэй болоод байна. Энэ бол саяхан УИХ-аар татлагдсан ирэх оны төсвийн хууль буюу гишүүдийн 76 тэрбум төгрөг. 2000 оноос хойш 10 дахь жилдээ үргэлжилж байгаа энэ тойргийн авлигыг таслан зогсоож, УИХ-ын гишүүд төсвийн мөнгөөр санал худалдаж авдаг жишгийг халахын тулд юу хийж болох байна тэр бүхнийг хийж, ямар л гарц байна гарц бүхнийг ашиглаасай, одоохондоо интернэтэд сэтгэгдэл бичихээс өөр гарцгүй мухардалд ороод байгаа иргэдийн байр суурийг сонсож, шийдвэр гаргагчдад хүргээсэй гэдэг үүднээс. Ардчилал, шударга ёс, хүний эрх , эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгэмд хүн шиг амьдрах гэсэн хүсэл эрмэлзэлтэй Монголын 2,6 сая иргэнийг гутааж, парламентыг улам бүр муухай харагдуулж байгаа гишүүдийн авлигыг зогсоох нь одоо хэлэлцүүлж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас хавьгүй чухал, тулгамдсан асуудал болоод байна.

Хэрэвзээ Иргэний танхимын үйл ажиллагааг үнэхээр иргэндээ хүрсэн ажил байгаасай гэж хүсч байгаа бол өнгөрсөн 2004 оны их хурлаас хойш ярианы сэдэв болсоор ирсэн ч өнөөг хүртэл УИХ-ын босгыг давж чадахгүй гацчихаад байгаа Сонгуулийн хуулийн өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцооны асуудлаар иргэдийнхээ саналыг аваасай гэж хүсэх байна. Мөн Монгол улсын 2,6-хан сая хүн амыг 21 аймаг, 350 гаруй сумдад тараан цацсан засаг захиргааны нэгжийн энэ харалган, үрэлгэн хуваарийг засч залруулах, хорь шахам жил засваргүй явж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх асуудлаар иргэдийнхээ байр суурийг сонсоосой. Тэртэй тэргүй сонгогчдоосоо тасарч, нүд чихээ таглачихаад байгаа энэ парламентад үүнээс өөрөөр нөлөөлөх боломж алга. Үйл явдал болоод өнгөрсөн хойно араас нь хөөж гүйцэх, засч залруулах гэж тэнхээгээ бар, аль муугаа үзэж байснаас болохоос нь өмнө санаа оноогоо шургуулчих нь дээр. Хэрэвзээ Иргэний танхимыг үнэхээр иргэний танхим хэвээр нь ажиллуулахыг хүсвэл, хэрэвзээ Иргэний танхим аль нэг Ерөнхийлөгчийн хувийн имиджийг бий болгох хэрэгсэл төдий зүйл, хэнд ч хэрэггүй илүү булчирхай битгий болчихоосой гэж хүсч байвал шүү дээ. Ямар ч сайн зүйлийг муу хийхээс ямар ч муу зүйлийг сайн хийх нь илүү дээр байдаг. Ялангуяа монголчуудын хувьд эхнийх замыг илүүтэй сонгочих гээд байдаг учраас сануулж байгаа хэрэг.

Б.СЭМҮҮН

www.news.mn

Read More......

Моби Тэмүүлэл төслийг хэрэгжүүлэх их ажлын ГАРААНЫ ЗУРВАС-т ирлээ

Моби Тэмүүлэл төслийг хэрэгжүүлэх их ажлын ГАРААНЫ ЗУРВАС-т ирлээ

Монгол улсаа дэлхийн хөгжилтэй орнуудын нэгэн адил цэцэглүүлэн хөгжүүлэхийг Монгол хүн бүр хүсч тэмүүлдэг нь тодорхой. Харин энэхүү хөгжлийг бид хэрхэн авчрах ёстой вэ? Нэгэн үе дэлхийн талыг эзэгнэж явсан эзэн Чингисийн Монгол улс өнөөдөр, XXI зуунд хэрхэн танигдах вэ? Дэлхийн нийтэд Монгол гэдэг үг ямар төсөөлөл төрүүлэх ёстой вэ?

Эдгээр асуултын хариу нь Монгол хүн болгоны ухамсар, ухаарал шингэсэн байх ёстой. Мобиком Корпорациас Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг учраас нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс дээрх асуултын хариуг олохоор, хэрэглэгчдээсээ хэд хэдэн судалгаа, ярилцлага авсан юм.

Судалгааны үр дүнгээс товч дурьдвал,

-Мобиком Корпораци аль чиглэлд нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг чиглүүлэх ёстой вэ? гэсэн асуултад хэрэглэгчид санал нэгтэйгээр "Монгол улсыг хөгжүүлэх үндсэн салбарт түлхүү анхаарах ёстой" гэж хариулсан бол,

-Хөгжлийг авчрах үндсэн салбар нь аль салбар вэ? гэсэн асуултад хэрэглэгчдийн 94% нь "Боловсролын салбар" гэж хариулжээ.

-Хөгжлийг хэн авчрах вэ? гэсэн асуултанд "Ирээдүй үе-хүүхэд залуучууд" гэж хариулжээ. Ийнхүү анхдагч судалгаагаар Монгол улсын хөгжлийн үндэс суурь болсон боловсролын салбарт хамгийн гол анхаарлаа хандуулах хэрэгтэй тэр дундаа хөгжлийг бүтээх хүүхэд залуучуудынхаа боловсролд илүү анхаарах ёстой гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс судалгааг үргэлжлүүлэн зөвхөн Мобиком корпорацийн хэрэглэгчид төдийгүй олон нийтийн оролцоог ханган саналыг нь сонсож бүх нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг болгон өргөжүүлэхээр Моби Тэмүүлэл төслийг санаачлан эхлүүлсэн. Төслийн гол зорилго нь нийгмийн сайн сайхны үйлсэд компани дангаараа оролцох биш ажилтан албан хаагчид, хэрэглэгчид, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж нэгдмэл нэг зорилгын төлөө хамтын хүчээр үр дүн гарган ажиллахад чиглэгдсэн юм.

Моби тэмүүлэл төслийн I шат
2009 оны 10 дугаар сарын 28 Моби тэмүүлэл төслийн нээлт болж Монголын ирээдүй хүүхэд залуусаа зорилго тэмүүлэлдээ хүрэхэд нь бид хамтдаа хэрхэн хөтлөх вэ? Хэлэлцүүлгийн асуултаар эхэлсэн. Төслийн нээлтийн ажиллагааны үеэр Мобиком корпорациас Гамма агентлагтай хамтран "Монголын ирээдүй, хүүхэд залуусын зорилго тэмүүлэл" сэдэвт фото зургийн үзэсгэлэнг зохион байгуулж, нээлттэй хэлэлцүүлгийн түүчээг боловсролын салбарын судлаач эрдэмтэд бусад салбарын төлөөлөл хамтран дугуй ширээний ярилцлагаар эхэллээ. Олон нийтийг санал асуулгад хамруулах зорилгоор Моби Тэмүүлэл төслөөс www.mobitemuulel.mn цахим хуудсыг нээж, Монгол орны 21 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүрэг, хүн ам ихээр төвлөрсөн 86 газар саналын хайрцаг ажиллуулж, 99002299, 2299 тусгай дугаар нээж олон нийтийн саналыг үнэ төлбөргүй мессэж, дуудлагаар хүлээн авах боломжийг бүрдүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй санал асуулга зарлагдаж эхэлсэн эхний өдөр л 10,000 гаруй хүн мессэж болон утсаар саналаа ирүүлжээ.

Моби тэмүүлэл төслийн II шат
"Монголын ирээдүй хүүхэд залуусаа зорилго тэмүүлэлдээ хүрэхэд нь бид хамтдаа хэрхэн хөтлөх вэ? бүх нийтийн хэлэлцүүлэг, санал асуулга явагдаж эхний шатны дүнгээ гаргаад байгаа билээ.

Эхний шатны санал асуулгад Монгол орон даяар түүгээр ч зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд маш идэвхтэй оролцож нийт 79'357 санал Моби Тэмүүлэл төсөлд иржээ.

Ирсэн нийт саналуудтай танилцах, ангилах, тоолох ажиллагаа төслийг дэмжигч сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар явагдаж, олон нийтийн зүгээс хамгийн олон саналыг

1.Иргэний боловсролыг хөгжүүлэх
2.Өсвөр насны хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх
3. Багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр
4. Гэр бүлийн боловсролыг дэмжих портал сайт гэсэн 4 санал авчээ.

Энэхүү 4 чиглэлээс хамгийн их эрэлт хэрэгцээтэй, нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөрийг 11-р сарын 19-өөс 12-дугаар сарын 04-ний хооронд орон даяар явагдсан төслийн хоёрдугаар шатны бүх нийтийн санал асуулгын үр дүнд 206,885 санал ирснээс үндсэн 2 чиглэлийг сонгожээ.

II шатны санал асуулгаар Өсвөр насны хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх чиглэл болон Багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хамгийн их саналыг авсан байна. Монголын ирээдүй хүүхэд залуучуудаа зорилго тэмүүлэлдээ хүрэхэд нь хөтөлж чадах хариултыг хамтдаа олж ийнхүү хамтдаа хэрэгжүүлж ажил үлдээд байна.

Моби тэмүүлэл төслийн гарааны тайлан
Сонгогдсон төслүүдийг Мобиком корпораци дангаараа хэрэгжүүлэхгүй бөгөөд эхний алхам болон боловсролын салбарт ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар сонсохоор энэ удаад боловсролын 160 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд, оюутан сурагчид, салбарын мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг урьж оролцуулан, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Цаашдаа ч гэсэн нийт ард иргэдийн саналыг сонсох юм байна. Тэгэхээр та ч бас энэхүү хэлэлцүүлэгт оролцож, өөрийн санаа бодлоо тусгах боломжтой. Зохион байгуулагчдын зүгээс өнгөрөгч амралтын өдөр болсон энэхүү арга хэмжээг дүгнэж хэлэхдээ "Төсөл хэрэгжүүлэх чиглэлийг шалгаруулах ажлын хаалт хэдий ч, төсөл хэрэгжүүлэх их ажлын эхлэл ГАРААНЫ ЗУРВАС болж байгаагаараа онцлогтой” хэмээлээ.

Хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ хүсэл тэмүүлэлд нийцүүлэн ажилладаг Таны тэмүүлэл биднийг хөтөлнө уриатай Мобиком корпорацийн санаачлан хэрэгжүүлсэн Моби тэмүүлэл төсөл олон нийтийн тусламж дэмжлэгтэйгээр боловсролын салбарт тодорхой үр дүн гарахуйц төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь тодорхой буй за.



Read More......

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр 202 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан талаар УИХ-ын ХМА-наас мэдээлж байна.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш хоёр удаа нэмэлт оруулсан. Тухайн үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын талаар янз бүрийн санал гарч байсан юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар түүнийг улам боловсронгуй болгох талаар сүүлийн үед улс төрийн намууд, улстөрчид, эрдэмтэн судлаачид нэлээд ярих болоод байгаа.

УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа парламентад хамгийн олон суудал авсан МАХН, АН-ын байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд ч энэ талаар тодорхой заалт оруулсан байдаг.

Иймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл санаачлага гарган Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө энэхүү өөрчлөлтийг хэрхэн хийх тухай асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэж үзэж, ийм Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн байна.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан уг Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн, МНН-ын дарга Д.Энхбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж (Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга) нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг Монгол Улсын гавьяат хууль Б.Чимэдээр ахлуулсан байна.

Түүнчлэн,
-Удирдлагын академийн захирал Г.Чулуунбаатар,
-ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал Ж.Амарсанаа,
-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал С.Нарангэрэл,
- МУИС-ийн тэнхмийн эрхлэгч Д.Солонго,
- МУИС-ийн профессор-багш Ц.Сарантуяа,
-Хууль зүйн үндэсний төвийн сургалтын албаны эрхлэгч С.Сүхбаатар,
-УИХ-ын даргын зөвлөх Ж.Нарантуяа,
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго,
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан,
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны дарга Л.Батжав,
-УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх Ц.Цогтсайхан,
-УИХ-ын зөвлөх Э.Эрдэнэсүрэн,
-УИХ-ын Тамгын газрын референт-судлаач Ш.Хишигсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Read More......

Ц.Элбэгдорж:Ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамтын бүтээл, түүхэн бахархал

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрх чөлөөт Монголын ард иргэд ээ,

Эрхэм төрийн түшээд, хүндэт зочид оо,

Монголын ард түмний нийтлэг ололт болох Ардчилсан Хувьсгалын ойн баярын мэнд хүргэж ардчилал, эрх чөлөөний үйл хэрэгт бие сэтгэлээ үл хайрлан зүтгэгч нийт иргэддээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

Одоогоос яг 20 жилийн өмнө энэ цаг мөчид Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүссэнийг тунхаглаж зорилго, үйл ажиллагаагаа олон нийтэд зарлаж байсан. Ардчиллын төлөө тэмцэл амар хялбар байгаагүй. Харин ололт амжилт нь нийтлэг байсан. Ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамтын бүтээл, түүхэн бахархал.


Монгол Улсын сайн нэр төрөөс ардчиллыг ангид авч үзэх аргагүй болжээ. Манай нийгмийн үнэт зүйл бүхэн ардчилалтай, хүний эрх, эрх чөлөөт байдлын хэрэгжилттэй уялдан үнэлэгдэж байна. Ардчилсан сонгууль, хувийн өмч, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон намын тогтолцоо, шүтлэг бишрэлтэй байх эрх чөлөө, иргэдийн оролцоо, санал бодол гээд. Эдгээр нь аль нэг нам хүчний өмчлөл санаачлага, удирдамжийн хүрээнээс хальж Монголын нийгмийн нийтлэг үнэлэмж болж чадсан. Ийм учраас өнгөрөгч хорин жилийн үйл явцыг Монголын ард түмний нийтлэг ололт амжилт гэж дүгнэж байгаа юм.

Хүмүүний нийгмийн аливаа өөрчлөлт, хувьсал, хувьсгал явж явж хүнтэйгээ л холбогддог. Хүн тухайн байгууламжийн эрэг шураг, эсвэл эзэн байхаас тухайн нийгмийн, мөн үзэгдлийн мөн чанар илэрхийлэгддэг. Өнгөрөгч 20 жилийн Монголын нийгэмд өрнөж буй үйл явцын агуулга нь хувь хүнээс өөрөөс нь, тухайлж хэлбэл хүний эрх, эрх чөлөөт байдлаас үүсэлтэй, түүний хэрэгжилттэй шууд уялдаж байгаа учраас “ардчилсан” гэдэг тодотголыг зүй ёсоор авдаг.

Хувьсгал гэхийн учир бол манай нийгмийн үнэлэмж, шийдвэр гаргах үйл явц, хүн бүрийн ажил амьдралд чанарын өөрчлөлт гарсанд оршино. Иргэн үзэл бодлоо илэрхийлбэл “цуурлаа” гэж, шүтлэг бишрэлтэй бол “буруу номтон” гэж шийтгэгдэхээ больсон. Худалдаа хийвэл “дамын наймаачин” гэж мөрдөгдөхөө байсан. Гадагшаа дотогшоо ч манай иргэд “зам явах”-гүй чөлөөтэй зорчдог болжээ. Өмч хөрөнгөтэй болбол “хувийн сонирхолтой” гэж ад үзэгдэхээ байжээ. Энэ бол зөвхөн энгийн ухамсрын төвшний өөрчлөлт. Харин ч энэ бүхэн байхгүй гэвэл монголчууд бүр гайхах түвшинд хүртлээ манай нийгэм өөрчлөгджээ. Хүний унаган эрх төрөлх эзэндээ идээшнэ гэдэг л энэ байх.

Монголчуудын хувьд ардчилсан хувьсгал бол зөвхөн дотоод асуудал байгаагүй. Улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөт, бүрэн эрхт байдлаа жинхэнэ ёсоор баталгаажуулж, түүндээ эзэн байх түүхэн боломжийг нээсэн юм. Нөгөөтэйгүүр өнгөрөгч 20 жилийн Монголын нийгэмд өрнөсөн үйл явц нь зөвхөн тухайн он жилүүдийн ололт амжилт төдий зүйл биш юм. Төр улсын удаан жилийн зузаан түүхтэй, Монгол түмний олон зуун дамжсан тэмцэл зүтгэлийн үр дүн юм. Найман зууны тэртээ морио унаад гарсан Монгол цэргийн ар гэр, үр сад их ч юм үзэж, их ч юм бүтээсэн байж таарна. Их түүхээрээ бахархаж, эрх чөлөөгөө олж, хувь заяандаа эзэн болох тэр л түүхэн боломж бүрдсэн, тэдгээрийг улам баталгаажуулах үйл явц үргэлжилж байна гэж өнгөрөгч, өнө, ирээдүйн өрнөлийг холбон дүгнэвэл зохилтой.

Товчхондоо өнгөрөгч 20 жилийн сонголт нь манайхны хэлдгээр “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэсэн агуулгад илүүтэй нийцнэ. Монголын ард түмэнд үндэсний бахархал уламжлал, соёл, түүх бий. Бас нийтийн жишгээр ажиллаж амьдрах, амжилт бүтээлээ ч, алдаа дутагдлаа ч тийм л жишгээр дүгнэж цэгнэх нөхцөл боломж бүрдэж чаджээ.

Өнгөрч буй хорин жилд Монголчууд бахархам түүх бүтээж чадсан. Бахархам олон амжилтын эзэн болцгоосон. Нийгэм нь ардчилсан үнэлэмжтэй, хүн нь хувь заяандаа эзэн ардчилсан улс болсон. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа завхрал, хар бараан зүйлс ч их бий. Тэртээ тэргүй энэ тухай өдөр бүр ярьж байна. Бид ч сүүдрээ нуудаггүй нийгмийг сонгосон улс. Гэхдээ гэрэл гэгээтэйгээ илүү дэмжиж, муугаасаа сургамж авч урагшилдаг нь хүний нийгэм дэх сайны ёс. Хийх бүтээх сайн үйлээ ерөөж бүтээдэг нь Монголчуудын ёс.

Нийгмийн аливаа үзэгдэл түүний дотор томоохон өөрчлөлт, хувьсгал хүртэл өөрийн санаачлагч, манлайлагч, хөдөлгөгч хүчтэй. Гэхдээ тухайн хувьсгалын тулсан тулга нь халуунаараа, гаргасан зам мөр нь шинэхэнээрээ байхад тэр бүхэнд бодит үнэлэлт дүгнэлт өгөх нь амаргүй байдаг. Харин өнөөгийн сайн сайхныг бий болгохын төлөө зүтгэсэн одоо бидний дунд байхгүй байгаа олон хүнийг бид хүндэтгэх учиртай.

Сайн зүйлийг бүтээхэд нэг насны амьдрал багадах нь бий. Сайн сайханд итгэгчид, түүнийг бүтээн бий болгохын төлөө зүтгэгчдийн үйл хэрэг байнга үргэлжлэлтэй байдаг. Түүнийг үргэлжлүүлэх нь үлдэгсэдийнх нь, цаг цагийн залгамж үеийнх нь хүндтэй үүрэг, хариуцлага болж хувирдаг. Иймээс эрх чөлөөт, шударга, сайхан нийгмийн төлөө ажил, зүтгэл, тэмцэл бол хүн бүрийн нийтийн төлөө хүлээсэн үүрэг нь юм.

1989, 1990 оны түүхэн цаг үеийн ээдрээт, хүнд сорилтууд, тэдгээрийн шийдэл тайлал үнэхээр амар байгаагүй. Тэр үйл явдалд оролцогч хүн бүр л, байсан суусан газар бүрнээ хувьсгалч, ухуулагч, тэмцэгч, шүүмжлэгч, хэлэлцэгч, удирдагч байсан. Гэхдээ тэр их үйл хэргийн бодит төлөөлөл болсон одоо бурханы орноос биднийг харж байгаа хоёр зүтгэлтний тухай онцгойлон дурдах нь зүйтэй гэж би үзэж байна. Нэг нь тухайн үед нам төрийг удирдаж байсан Жамбын Батмөнх гуай. Нөгөө нь ардчилсан хөдөлгөөнийг удирдсан Санжаасүрэнгийн Зориг.

Хуучин нийгмийг донсолгосон тэр үйл явц хувьсгал гэж нэрлэгдэх, түүний өрнөл шийдэл нь тайван, үргэлжлэл нь ардчилсан байх нөхцөл бол дээрхи хоёр удирдагчийн оролцоо, үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Ж.Батмөнх гуай, С.Зориг хоёроор төлөөлүүлж тэртээх цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын ололтууд бүтэн болж чадсан. Дээрхи хувьсгалын үр шим нь нийтлэг шинж чанартай, манай өнөө болон ирээдүй үеийнхний бахархал, нийгмийн үнэт зүйл болон өвлөгдөх хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх болсон. Энэ нь чухамхүү тэр түүхэн шийдэлд оролцогчдын залуу, ахмад үеэ хүндэтгэх хүндэтгэл, итгэл үнэмшил, эцсийн эцэст улс Монголоо гэх сэтгэлийн хатаас үүдэлтэйг өнөөдөр тэмдэглэхэд таатай байна.

Аливаа ард түмэн, улс орон бүхэнд нийтээр бахархан тэмдэглэдэг түүхт ой, түүхэн үйл хэрэг гэж байдаг. Монголчуудын хувьд ийм түүх хорин зуунаас ч урт. Бас мянганаар, зуунаар тоологдон өртөөлсөн олон бахархал бидэнд бий. Гэхдээ түүхэн, содон үйл явц бүхэн жил бүр тохиогоод, өрнөөд байдаггүй. Нэг үеийнхний амьдралд нэг тохиох нь ч бий. Огт тохиохгүй нь ч бий. Цаг үеийн шалгарлаар түүхэн үйл явдлууд зарим нь тодордог. Зарим нь бүдгэрдэг. Зарим нь нэг нэгэндээ уусдаг. Гэхдээ өнгөрөгч 20-р зуунд бол Монголчуудын хувь заяанд түүхэн, эргэлтийн, дэвшилтэт гэж хэлж болох содон үйл явдлууд цөөнгүй тохиосон. Зөвхөн 20-р зууны эхний хагас гэхэд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын хувьсгал, бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлж хөршүүдтэйгээ дипломат харилцаа тогтоосон түүхт үйл явдлууд болжээ. Хоёрдугаар хагасаас Монгол Улс НҮБ-д элссэнийг, ардчилсан хувьсгал өрнөснийг дурьдахад хангалттай.

Улс үндэстнийхээ амьдралд тохиосон түүхэн үйл явцад хүндэтгэлтэй хандаж, нийтлэг үнэлэмжийг нь өвлөн хамгаалж, баяжуулан хөгжүүлэх нь үе үеийнхний журамт үүрэг юм. Өнөөдөр Монголын ард түмний хууль ёсны төлөөлөл болсон УИХ Ардчилсан Хувьсгалын ойд зориулан хүндэтгэлийн чуулган хийж байгаа нь гүн учир утгатай, их хүндэтгэлтэй төрийн ёслол юм. Энэ үйл явдлаар Монголчууд 20 жилийн хуваагдалдаа цэг тавьж чадлаа. Нэг нь ардчиллыг “гавъяа” гэж нөгөө нь “гай” гэж үнэлдэг юм шиг ойлголт ард хоцорлоо. Төрийн дээд түвшиндээ ардчиллыг, ардчилсан хувьсгалыг Монгол хүн бүр нийтлэг ололт гэж хүлээн зөвшөөрч чадлаа. Өнөөдрөөс эхлээд Монгол хүн бүр ардчилагч боллоо. Ардчилагчгүй ардчилал гэж байхгүй. Бүгдээрээ бид ардчилагчид боллоо. Баяр хүргэе монголчууддаа, ардчилагчиддаа.

Үе үеийн бодлого тодорхойлогчдод улс орныхоо хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах боломж байдаг. Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Монгол түмний түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн шийдвэр гарах боломж байгааг бас дурьдах нь зүйтэй. Зөвхөн цаг хугацааны талаас нь авч үзэхэд ХХ зуунд Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн зарим содон үйл явдлууд нь ойролцоогоор 20-иос 30 жилийн давтамжтай байгаа юм. Хорин жилийн сургамжаа Монголчууд чулуу болгож, хорин нэгдэх зууны буурал түүхэндээ үсрэнгүй дэвшил хийх үү, эсвэл бахь байдгаараа үлдэх үү гэдэг түүхэн шийдлийн гол гогцоо энэ танхимд, энэ парламентын өнгө дээр шийдэгдэх боломж бий гэж би хувьдаа итгэдэг.

Энэ Их Хуралд Монгол Улсыг эдийн засгийн хувьд урьд хожид байгаагүйгээр хүчирхэгжүүлэх, ардчилал, шударга ёсны зорилтыг агуулгын хувьд төгөлдөржүүлэх түүхэн шийдлүүдийн эх баригч болох бүрэн боломж бий. Юутай ч болов өнгөрсөн жил гаруйнхны хугацаанд энэ Их Хурлын түүх бичлэгт тод үлдэх хоёр үйл явдлыг нэрлэж болно. Нэг нь Оюутолгойн ордыг ашиглах гэрээ, нөгөө нь хүний эрхийн дэд хорооноос ойрмогхон зохион байгуулсан “Нээлттэй сонсгол”. Хууль журмаа төгөлдөржүүлээд үргэлжлүүлж чадвал дээрхи хоёр үйл явдал хоёулаа Монголчуудын шинэ сонголтыг баталгаажуулах, түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ажлууд.

Өнгөрч буй 20 жилийн тухай бид их ярьсан. Цаашид ч ярина, шүүнэ, тунгаана. Магадгүй нийтийн хэлэлцүүлэгт хамгийн их өртсөн, өртөж байгаа Монголын түүхийн нэгэн содон үйл явдал ч энэ мөн байх. Зөвхөн өнөөдрөөр ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэх үйл явц өндөрлөхгүй. Харин эхэлж байгаа юм. Бүтэн жил бүгдээрээ өнгөрснөө дүгнэж ирээдүйгээ төлөвлөнө, хийх ажлаа ч хийнэ.

Дараачийн 20 жилд бид юу хийх вэ?

Дараачийн 20 жилд бид юу хийх вэ! Энэ бол өнгөрсөн 20 жилд юу хийснээс ч илүүтэй, өнөөгийн бидэнтэй, шийдвэр гаргагчидтай уялдах асуудал. Хийх ажлаас илүүтэйгээр ирэх 20 жилд нүүрлэх сорилтууд, хүндрэлүүд, улс төрийн хэллэгээр “хэцүү асуудлууд” одоо ч мэдрэгдэж байна.

Өнгөрсөн 20 жил магадгүй түүнээс ч олон жил биднийг зарим талаар тойрч байсан геополитикийн шинэ асуудлуудтай бид тулна. Монголд хөрөнгө мөнгө урьд хожид байгаагүйгээр нэмэгдэх төлөв бий. Мөнгө дагасан сонирхол ч нэмэгдэнэ. Эрх ашгийн зөрчил ч нэмэгдэнэ. Асуудлыг шийдэхэд улам төвөгтэй болно. Иргэнд ч, төрд ч дээрхи хүндрэлүүд тусна.

Нөгөөтэйгүүр олон зүйл эрчимтэй өөрчлөгдөж байна. Байгаль цаг уур хүртэл өөрчлөгдөж байна. Хүний мэдлэг мэдээлэл өөрчлөгдөж байна. Нийгэм төрийн үүрэг ч өөр болж байна. Улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжил хөдөлгөөн ч өөр боллоо. Нэг юм ойлгомжтой байна. Ирэх 20 жил өнгөрсөн жилүүд шиг байхгүй нь ойлгомжтой. Дахиад асууя. Ирэх 20 жилд бид юу хийх ёстой вэ!

Хамгийн ойрхоноос эхэлье. Эдийн засгаасаа эхлэе. Би энэ намрын чуулганд хөгжлийн тухай ярихдаа бусдын сайн жишиг, стандарт, шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэхийг чухалчилсан. Монгол Улс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэйг онцолсон. Монгол Улс том эдийн засагтай болъё гэвэл том сэтгэх хэрэгтэй. Хилээсээ гарч сэтгэх хэрэгтэй. Наад зах нь гэрийнхээ эдийн засгийг сумынхаа хэмжээнд, сумынхаа эдийн засгийг аймгийнхаа хэмжээнд, аймгийнхаа эдийн засгийг бүсийн хэмжээнд, улсынхаа эдийн засгийг дэлхийн хэмжээнд харах хэрэгтэй.

Хорьдугаар зууны эхэнд Дашдоржийн Нацагдорж хөмөрсөн тогооны тухай хэлсэн. Нэг аж ахуйн нэгж эсвэл нэг үйлдвэр байгуулахдаа хүрэх газраа харж ажлаа төлөвлөцгөөе. Түүнээс биш хажуу айлтайгаа, хажуудахтайгаа талбар булаацалдах биш, өрсөлдөх биш. Даяаршилын ачаар Монголын хүрч болох талбай их өргөссөн. Бусдын хийсэн бүтээсэнтэй, эсвэл бусдад байгаатай, бүр өөрт байхгүйгээ бий болгож байж дэлхийн дэвжээ хайна гэвэл цаг алдана.

Монголчууд газрын баялгаараа дэлхийд гарч болно. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ гарч болно. ХХ зууны далаад онд Явуухулан “Надад дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж бичиж байсан. Монгол хүний оюуны чадавхид дэлхийн дэвжээ хэрэгтэй. Монголын зэсэнд, нүүрсэнд, уранд, ноолууран бүтээгдэхүүнд дэлхий дэвжээ хэрэгтэй. Дэлхийг дэвжээгээ гэж харвал Монголчууд бие биендээ нөхөр болно. Хөмөрсөн тогоон дотроо байгаад байвал бие биенээ урна, тамираа барна, татаж унагана.

Ардчилсан хувьсгалын нэг ач бол тэр тогоог авч хаясанд оршино. Бид нийгмээ бүрхсэн тогоог авч хаясан атлаа, сэтгэл доторхи тогооноосоо салаагүй явна. Бид ойрын жилүүдэд дэлхийд гарах учиртай. Хийж чадах, боловсруулж чадах, үйлдвэрлээд борлуулж чадах бүтээгдэхүүнээрээ бид дэлхийн зах зээл дээр өрсөлдөгч болох ёстой. Эдийн засгийн хувьд баталгаажаагүй, олны хүртээл болоогүй ямар ч үнэт зүйл, ололт амжилт түр зуурынх л байх болно.

Бид бодитой юм хийж бүтээж, түүнийгээ хэрэглээ болгож улс орынхоо ч, хүн төрөлхтөний ч хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах ёстой. Ингэж Монголоос хамаарах бусдын хамаарлыг нэмэгдүүлэх нь бидний зорилго. Аливаа улс орон ялангуяа манайх шиг улс бусдад хамаарлаа багасгаж биш нэмэгдүүлж бие даасан байдал, хөгжил дэвшлээ баталгаажуулдаг эрин үе ирж байна. Ардчиллын жилүүдийн Монголын хамгийн агуулга сайтай, бодит ололтын нэг нь манай улсын гадаад бодлогын салбарт гарсан гэвэл олон хүн санал нийлэх байх. Одоо манай Засгийн Газрын хэлээд байгаа гадаад харилцааг эдийн засагжуулах гэдэг ойлголт бол хүрч болох зах зээлдээ, борлуулж болох бүтээгдэхүүнээ боловсруулж хүргэх тухай л санаа юм. Сайн түнш олж байгаа боломжийг хамтарч ашиглах бодлого юм. Ингэснээр манай үндэсний эрх ашиг бусдын эрх ашигт хүргэх нөлөөгөөр, сайнаар хэлбэл бусдын хөгжилд оруулж байгаа хувь нэмрээр, ач тусаар улам баталгаажна гэсэн үг.

Ирэх 20 жилд Монгол Улс эдийн засаг нь үсрэнгүй хөгжсөн, үйлдвэржсэн, эрх ашиг нь улам баталгаажсан орон болох ёстой. Монголчууд гаднаа сайн нэртэй болохын тулд дотроосоо гэрэлтэж байх учиртай. Бид гадагш хичнээн гүйгээд дотооддоо ажил маань өөдлөхгүй бол улсаараа урагшилж чадахгүй. Дотооддоо хууль биелдэггүй, шүүх хуулийн байгууллага нь шударга биш, төрийн ажил нь хүнд суртал авлигатай, түмэн олондоо нэр хүндгүй бол ямар ч ажил бүтэхгүй. Монгол улс өнгөрөгч 20 жилд нэр томъёо, гарчиг, таних тэмдгийн өөрчлөлтийг хангалттай хийсэн. Одоо бидэнд агуулгын өөрчлөлт л хэрэгтэй байна. Энэ байдал ч статистикаас харагдаж байна. Монголын хүн амын 90 орчим хувь нь ардчиллыг дэмждэг гэж хариулдаг. Гэтэл тодорхой төрийн байгууллагын ажлын тухай асуухад тэр дэмжлэг хүн амын дотор гуравны нэг хувьд ч хүрэх үгүйтэй байна. Энэ бол өнгөрсөн 20 жилийн та бидний ажлын үр дүн хөрсөн дээрээ сайн буугаагүй, очих эзэндээ бүрэн очоогүй, хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхгүй байгааг л харуулж буй үзүүлэлт.

Иргэддээ эрхийг нь өгье

Дээрхи хэцүү мэт асуудлын шийдэл бол маш энгийн. Манай нийгэмд болохгүй бүтэхгүй байгааг, олон юмыг засах, өөрчлөх шийдэл бол ганц. Энэ бол-иргэний оролцоо. Иргэддээ эрхийг нь өгье. Тэгээд л гүйцээ.

Монгол бол эрх чөлөөний суурьтай орон. Монголын төрд ч иргэнийхээ оролцоог урамшуулж ирсэн уламжлал бий. Хот айлынхаа асуудлыг ах дүүгээрээ цуглаж ярилцдаг. Хошуу нутгийнхаа нийтлэг эрх ашгаа бултаараа чуулж хуралдаж, дүрэм журам гаргаж шийддэг л байсан. Бид чинь дэлхийд нэртэй эзэн хаанаа хүртэл Их хурилдай хийж сонгосон ард түмэн.

Хүний оролцоогүй хүний нийгэм байж болохгүй. Иргэний оролцоогүй иргэний нийгэм ч байх боломжгүй. Иргэний оролцоо асуудлын шийдлийг хүндрүүлдэг биш тухайн шийдлийн амьдрах чадвар, хэрэгжилтийг нөхцөлдүүлдэг. Хүн оролцож шийдсэн юмандаа дуртай байдаг, биелүүлэмтгий байдаг. Манай төрийн байгууллагын гол зовлон бол шийдвэр, хууль дүрэм, тушаал заавар гаргаж чадахгүйд биш, харин гарсан нь муу биелдэг, дутуу хэрэгждэгт байгаа юм.

Ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн шийдвэр гаргахад оролцсон, наад зах нь тийм шийдвэр гарах гэж байгааг мэдсэн байхад л хангалттай. Тийм шийдвэрийг иргэн ч биелүүлдэг, зөрчвөл төр нь ч биелүүлүүлдэг. Ингэж төрийн шийдвэр хэрэгжих ёс суртахууны хүрээ бүтэн болдог. Манай төрийн ажлын өөр нэг гачлан бол хэсэг хүн нууцаар асуудал шийддэг юм шиг, түүнийг нь нэг хэсэг шударга хүн илрүүлдэг юм шиг, тэгээд ямар ч шийдвэр утга учраа алдаж дуусдагт л байна.

Иргэний оролцоо энгийн гэж би хэлсэн. Сумын төсвийг энд биш сумандаа л олон хоног хэлэлцэж шийддэг байг. Тэр хэлэлцүүлэг нь сумынхаа иргэдэд нээлттэй байг. Сумын нутаг дахь байгалийн баялгийн ашиглалтыг Улаанбаатарт биш иргэд нь цуглаж хэлэлцээд л шийдэг. Шийдэл нь ч эзэндээ ойрхон болно, хэрэгжилт нь ч хүнд ойртоно.

Иргэний оролцоогүйгээр энэ нийгэмд бүтэх зүйл байхгүй. Харин шууд төрийн оролцоо шаардлагагүй зөндөө олон салбар, харилцаа байна. Иргэн оролцоогүй бол хэдэн зуун тэрбумаар нь амьжиргааны түвшинг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлээд ядуурал буурахгүй байна. Иргэний оролцоогүйгээр газрын, баялагийн хувьчлал, хуваарилалт хулгай л болж хувирч байна. Иргэний оролцоог хангахгүй бол 20 жил ардчилал, шударга ёс яриад, тэмцээд тэр үнэлэмжүүд монголд жинхэнэ ёсоор идээшихгүй байна. Иргэний оролцоогүйгээр засаглал сайжруулах төсөл хэрэгжүүлээд, төсвөө шинэ аргаар хуваадаг болоод ч улсын ажил өөдтэй сайжирсангүй. Иргэний оролцоогүйгээр байгалиа хамгаалах гээд байгалиа сүйтгэж дуусах нь.

Иргэний оролцоо гэхээр би дахиад дааж давшгүй юм эсвэл дахиад нэг хувьсгалыг нийгмээс, энэ төрөөс нэхээд байгаа юм биш. Ус авахдаа саваа угаагаад гардаг тэр сайхан уламжлалыг ус булгаа хамгаалах иргэний оролцоо гэж байгаа юм. Гэрийн эзэгтэй дэлгүүр зах явахдаа худалдаж авах юмаа жагсааж бичээд, мөнгөө тааруулж тоолж бариад гардгийг л иргэний оролцоо гээд байгаа. Улсын төсөв мөнгө хэлэлцэхдээ ийм эрхийг, ийм хариуцлагыг иргэддээ байгаа суугаа газар бүрт нь өгье гээд байгаа юм. Дэлгүүрээс талх авсан хүүхэд аав ээждээ хариулт мөнгийг нь бариад ирдэг байхад төрөөс олон тэрбумын тендер зувчуулсан төрийн ажилтан, аж ахуйн эзэн хоёр тал мөнгийг нь гарынхаа салаагаар гоожуулчихаад сууж байна.

Энэ төрийн эрх ард түмнээс үүсэлтэй юм бол, энэ улсын эзэн нь, нийгмийн баялгийн эзэн нь Монгол Улсын иргэн юм бол эзэндээ тэр эрхийг нь аль болох өгье, ойртуулъя гэж л би уриалаад байгаа юм. Эзэн нь эзэн нь шиг байж, үйлчлэгч нь үйлчлэгч шиг л байя. Ингэвэл бидний зорьж байгаа нийгэм, ард түмний сонголт зөв болох гээд байна.

Ардчилсан хувьсгал болсон оронд төр ч өөрчлөгдөх ёстой. Хүн ч өөрчлөгдөх ёстой. Ардчилсан хувьсгалаас хойш зурагтын удирдлага, хэд өөрчлөгдөв. Гэтэл тэр үеэс хойш төрийн тухай иргэдийн ойлголт, иргэний тухай төрийн ойлголт бахь байдгаараа л байна. Би энэ өөрчлөлтийг нийгмийн болон иргэний шинж чанартай асуудлын шийдлийн хүрээнд л ярьж байна.

Төрийн үүрэг захирахаас зохицуулах руу шилжиж байна. Зохицуулахаас иргэнд үйлчлэх рүү, үйлчлэхээс төр иргэндээ туслах нь илүүтэй болж байна. Тусламж хүсээгүй байхад нь бүү тусал гэдэг шаардлага ч төрд тавигдаж байна.


Ардчилсан хувьсгалын ачаар нийгмийн ачааг төр бүхэлд нь үүрэхээ больсон. Манай нийгмийн ихэнх ачаа чөлөөт, бүтээлч иргэдийн маань нуруун дээр очсон. Малчдыг хар, тариаланчдыг хар. Нийтийн хоолны газар, дэлгүүр хоршоогоо хар. Худалдаа наймааг аваад үз. Уран бүтээлчид, хэвлэлийнхнийг хар. Амьдралаа аваад явж байгаа айл гэрийг хар. Төр ачаагаа ард түмэндээ үүрүүлсэн атал эрхийг нь яагаад өгөхгүй байна. Ийм байдлаасаа Монголын эрх баригчид бид бүгд ичих ёстой. Ичихэд ч багадна. Шийдвэр гаргах эрхийг нь, шийдвэр гаргахад оролцох эрхийг нь иргэддээ өгье.


Би сая манай төрийн хийх дургүй байгаа ажил, шилжүүлэх дургүй байгаа эрхийн тухай хэллээ. Одоо иргэддээ хандаж нэг зүйл хэлье. Ерөөс ардчиллын жилүүдэд хүмүүс бидэнд нэмэгдсэн нэг зовлон бол өөрөө өөрийгөө хариуцдаг болсонд л байгаа юм. Тэр бол хүн төрхөндөө орж хүн шиг амьдрахын тулд хүнээс өөрөөс нь гарах төлөөс, хариуцлага юм. Монголчууд гэр бүл болохдоо галаа өөрөө асаадаг, гэрээ өөрөө барьдаг. Амьдрах байрныхаа тоосгыг өөрөө цохиж, өөрөө өрөх л хэрэгтэй. Тэгэхээр иргэн төрийн харилцаа, ойлголтод эргэлт гаргахад ардчилсан хувьсгалын утга учир оршиж байгаа юм.

Аль ч улс орон ард түмнээрээ дамжиж хөгждөг. Хааны сайнд, төрийн сайнд улс орон хөгждөг хөг өнгөрч байна. Үүнийг төр ч, иргэн ч аль аль нь ойлгох хэрэгтэй. Бүх ард түмний хайр бол төрийн, эсвэл аль нэг удирдагчийн, даргын ажлын шалгуур биш. Харин бүх ард түмний амжилт бол төрийн ажлын шалгуур.

Хорин нэгдүгээр зууны ардчиллын тухай ойлголт, онол хорьдугаар зууны эхэн үеийнхээс ч өөр болсон. Ардчиллын тухай Черчилийн томъёолол ч хуучирсан. Тэр үед ардчиллын тухай ойлголт илүү эрх мэдэлтэй, түүнийг хуваан хэрэглэхтэй холбогдож байсан. Одоо бол хувь хүнтэй, хувь иргэний эрх үүрэгтэй, нийгмийн шударга ёстой илүү холбоотой болж байна.


Хуулийн тухай ойлголт ч өөр болж байна. Хуулийг байгуулага тойруулж биш, хүн тойруулж хийх нь зөв болж байна. Манай эрүүл мэндийн хууль бол эцэстээ Эрүүл мэндийн яамны л тухай хууль болж гардаг. Гэтэл иргэний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хэрэгжүүлэх тухай хууль батлагдах нь зүйд нийцэхээр болж байна. Жишээ нь: хэвлэл мэдээллийн байгууллагын тухай хууль биш, иргэний мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах тухай хууль илүүтэй хэрэгтэй байна. Манай хууль тогтоох байгууллагаас байгууллагын тухай хууль гаргахаа түр тэвчиж, иргэнийхээ тухайн эрхийг хэрэгжүүлэх талаар хууль батлаад эхэлбэл Монгол Улс ардчиллыг агуулгын хувьд хэрэгжүүлж байгаа орон болоход алхам дөхлөө гэсэн үг. Хуулийг төрийн хувьд эрх мэдлийн баталгаа биш, эрх үүргийнх нь зохицуулалт, харин иргэний хувьд эрхийнх нь баталгаа байдлаар томъёолбол зөв болно.


Манай зовлон мөнгөгүйдээ биш

хариуцлагагүйдээ байна.


Ардчиллын үйл явцыг холын зайн гүйлттэй зүйрлэх нь бий. Гарааны эхний хэдэн километр маш хэцүү. Цаашаа бол байнгын, өдөр тутмын амьдралын үйл явц болдог. Уг нь бид хэцүү даваагаа давчихаад, амар дээрээ ирээд хий эргээд байх шиг санагдах юм.


Шилжилтийн үеийн хамгийн хэцүү хүндрэлийг “Сэтгэлгээний өөрчлөлт” гэх нь их тааралддаг байсан. Харин дарга нар өөрсдөө хуулиа хэрэгжүүлдэг, биелүүлдэг байх нь өнөө цагийн манай нийгмийн хамгийн ярвигтай асуудал болжээ. Дээр нь хөрөнгө мөнгөтэй, танил талтай хүмүүс гээд үргэлжилнэ. Ийм хялбархан юман дээр том гацаа үүсчихээд байна. Бүгд хуулиа тэгш биелүүлдэг л болчихвол том асуудал шийдэгдэх гээд байна.


Манай төрийн ажилд зарим талд агуулгын өөрчлөлт хэрэгтэй байгаа бол зарим талд нэр томъёоны өөрчлөлтийг хуульчлан хэрэгжүүлэх шаардлага байх шиг. Төрийн алба гэдэг нэр томъёог түмний үйлчилгээ, нийтийн үйлчилгээ гээд сольчих. Төрийн албан хаагч гэх нэрийг түмний үйлчлэгч гээд өөрчилчих. Төрийн албан хаагчид ажлынхаа тухай ярихдаа төрд зүтгэж байна гэх биш түмэн олонд, иргэддээ үйлчилж байна гэж хэлээд хэвшчих. Иймэрхүү энгийн өөрчлөлтүүд өнөөдөр Монголд төрийн албаны тангаргаас ч илүүтэй чухал байх шиг санагдана.


Ардчиллын өнөөгийн энгийн шаардлага бол хүн төрхөндөө орж нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ойлгож эрхээ эдлэх, төр төрхөмдөө орж хүнд үйлчлэх ажлаа хийхэд л оршиж байна. Тэгээд нийгэмд мөрдөж байгаа хууль дүрэм төрд ч, иргэнд ч ижил тэгшээр үйлчилдэг байх явдал. Эндээс үүдээд шүүх эрх мэдлийн хүрээний шинэтгэл яригдана. Энэ салбар хуулийн хувьд ч, тогтолцооны хувьд ч, шалгуур үнэлэмжийн хувьд ч хувьсгалаа хүлээж байгаа юм. Энэ тухай уг салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг УИХ-д танилцуулахдаа тодорхой ярина. Мөн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, түүний хэрэгжилтийн асуудал чухал байгаа. ҮАБЗөвлөлөөс улс орны аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах шийдвэр гарч, ажлын хэсэг байгуулагдсан. Энэ чиглэлд хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээ олон бий.


Би түрүүн шинэ зуунд гарч ирэх сорилтын тухай хоёр санаа хэлсэн. Одоо гуравдахийг нь хэлье. Нийтийн баялгийн тэгш бус, шударга бус хувиарлалтын асуудал. Энгийнээр баян хоосны ялгаа. Хэрэв энэ оронд 10 хүний 8 нь ядуу зүдүү байх юм бол ямар ч цэцэг тариад нэмэргүй. Хэрэв нийт хүн амын 5 хувь нь нийт баялгийнхаа 90 хувийг эзэмшбэл бас л нэмэргүй. Ийм байдал үргэлжилбэл цөөхөн чинээлгээ ядуу олноос ядуу олноо цөөхөн чинээлгээс өмөөрөх хүндрэл үүснэ. Энэ байдлыг даван туулахын тулд түрүү миний хэлсэн 2 асуудлыг шийдэх ёстой. Иргэдийнхээ эрх чөлөөндөө эзэн байх, эд баялагтаа эзэн байх эрхийг нь л хангаж өгөх ёстой.


Хүн төрөлхтний түүхэнд гарсан хувьсгал нэртэй зарим сүйтгэлүүд гинжнээсээ өөр алдах юмгүй, ажилгүй, амьдралгүй хүмүүсийн улс нийгмээ устгасан бүтээл байдаг. Нөгөө талдаа асуудлыг агуулгаар нь харж шийдэх чадваргүй зөвхөн өөрсдөдөө зөв түшмэдүүдийн хөшүүн засаглал тийм сүйтгэлийг дууддаг. Мэдээж ямар ч төр ямар ч хүнд нөхцөлд гаргасан бодлого, хуулиа хэрэгжүүлэх гэж оролддог. Харин ардчилсан төр л хуулиа ч хэрэгжүүлдэг, муугаа ч сайжруулж засаж чаддаг. Төр хүчтэй байх ёстой гэж үзэгсэд бий. Би ч тэр ойлголтыг хуваалцана. Ардчилсан нийгэмд төрийн хүч бол иргэдийн итгэл, тэдний оролцоонд, хуулийн хэлбэрэлтгүй хэрэгжилтэд байдаг. Ийм шалгуураар та бид ажлаа харж дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх цаг болсоныг энэ ойн өдөр зориуд тэмдэглэе.


Эцсийн эцэст манай нийгэм дэх олон хүндрэл бэрхшээл Монгол улс мөнгөгүйдээ биш Монгол Улсад хариуцлагын тогтолцоо бүрэн төлөвшиж чадаагүйгээс үүдэж байгаа юм. Товчхондоо манай зовлон мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ байна. Ард иргэд ч төрөөс юуны түрүүнд мөнгө биш, шударга ёсыг л нэхэж байгаа. Монголчуудын олонхи нь амьдралдаа тохиож байгаа хүндрэл бэрхшээлийг мөнгөтэй биш харин нийгмийн шударга ёс, бүр нарийвчилж хэлбэл хуулийн ижил тэгш хэрэгжилттэй холбож үздэгийг маш эрүүл үзэгдэл гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Би энэ эрүүл үзэгдлийн тухай хэлэхдээ үдэш бүр зурагтаар “Төрөөр дүүрэн луйварчид” гэж ярих атлаа төр лүү талимаарагчдыг төлөөлж хэлсэнгүй.


Ардчилсан нийгэмд ямар ч үр дагавартай бай сонгогдож гарч ирсэн хүмүүс л төр, нийгмийн харилцааны асуудлыг шийдэх нь зөв. Гэхдээ эрхийг төвлөрүүлж биш шилжүүлж, иргэддээ чихээ нааж, тэдний оролцоог газар бүр өргөтгөж асуудлыг шийддэг байхыг л би хүсэж байна. Дахин хэлье. Яг л саяхны УИХ-ын хийсэн нээлттэй сонсгол шиг асуудлыг газар бүр, тийм байдлаар шийддэг, сонсдог дэг жаяг тогтоохыг л би төрийн бүх шатны байгууллагаас шаардаад байгаа юм.


Манайд нийгмийн хөгжлийн хандлага ардчиллаас алба тушаал шүтсэн, төр шүтсэн чиглэл руу явбал буруу болно. Харин албан тушаалаас ардчилал руу чиглэсэн шилжилт хийвэл зөв болно. Хэрэв Их Хурлаас, Засгийн газраас ч ялгаагүй, орон нутагт ч адилхан ардчилал иргэний эрхийг бэхжүүлсэн, шударга ёсыг хангах чиглэлд улс төр, эрх зүйн томоохон шинэчлэл хийе гэвэл Ерөнхийлөгчийн хувьд түүнд идэвхийлэн оролцож тус дэмжлэг үзүүлэх болно гэдгээ энэ дашрамд илэрхийлье.


Өмнө дурьдсан бүхнийг базаад ганц санаа хэлэхэд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, орон нутгийн эрх, шударга ёс, иргэний оролцоо хэмээх чөлөөт нийгмийн маань тоотой үнэлэмжүүдийг төрийн бүх шатанд ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс цээжээр хэлдэг байх нь хангалттай биш. Эдгээр үнэлэмжүүд төрийн түшээдийн тархинаас биш зүрхнээс гардаг байх ёстой. Нэг үгээр хэлбэл ардчилсан нийгэмд дээрхи үнэт зүйлс нь төрийн түшээ хүний албан үүргээ гүйцэтгэх хэв заншил, соёл болсон байх ёстой. Сэтгэлд нь шингэсэн байх ёстой. Сэтгэлд шингэсэн үнэлэмж л хүний үйлдлээр, шийдвэрээр илэрдэг юм.


Ирэх 20 жилд Монгол Улс маань ийм болоосой, ийм юм хийчих юмсан гэж ард иргэд маань дор бүрнээ бодож байгаа. Ирэх 20 жилд хийх ажлын жагсаалтаа бүгд гаргацгаая. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө дор бүрдээ, газар бүр зүтгэцгээе. Эцсийн эцэст Монголын хувь заяа Монгол Улсын иргэн танаас л шалтгаална. Ерөөс улсын хөгжил ч, айл гэрийн ажил амьдрал ч өөдлөж дэвжих нь иргэн Танаас өөрөөс чинь хамаарна. Иргэн Танаас шударга ёс эхэлнэ. Иргэн Танаас төрийн ажил эхэлнэ. Иргэн танаас улсын хөгжил дэвшил эхэлнэ. Ийм ч учраас Үндсэн хуулиндаа бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг зорилгоо болгосон.


Баярын өдөр, хүндэтгэлийн чуулган дээр олон зүйлийг хэлж болно. Гэхдээ нэг зүйлийг бахархан тэмдэглэе. Монголчууд өөдрөг байна. Сант Марал сангаас өнгөрөгч 10 дугаар сард явуулсан судалгааны дүн үүнийг нотолж байна. Олон аймаг хотод судалгаанд хамрагдсан хүмүүсийн 84 хувь нь “Ойрын ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж байна” гэж хариулжээ.


Монголчууд бол зовхи нь босоо ард түмэн, холыг харж чаддаг хүмүүс. Өнгөрсөн 20 жилд ихийг хийж чадсан. Ирэх 20 жилд ч ихийг бүтээнэ. Бид чадна. Монгол Улс улам хөгжих ёстой. Монголчууд улам олуулаа болох ёстой. Монголчууд сайхан амьдрах ёстой.


Найман зууны тэртээ морио унаад гарсан Монгол цэргийн тухай түрүүн би дурьдсан. Тэр цэрэг гэрийнхээ гадаа ирээд мориноосоо бууж байна гээд төсөөл. Монголчууд бидэнд бахархах их түүх бий. Монголчууд мориндоо мордоод ихийг үзсэн. Мориноосоо буугаад ихийг бүтээсэн. Туурга тусгаар эх орноо, эрх чөлөөт ард түмнээ бидний өвөг дээдэс харж байгаа. Цовоо сэргэлэн ирээдүй үе маань ч энэ бүхнийг угтан өсөж байна. Бидэнд үүнээс өөр юу хэрэгтэй юм бэ. Одоо бид үе үеийнхний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө, эрх чөлөөтэй сайхан амьдрахын төлөө, хөгжил дэвшилд хүрэхийн төлөө дор бүрдээ хичээх л үлдлээ.


Монголын их түүх, эрх чөлөө, ардчилал бол баатартай. Энэ баатрууд бол Монголын ард түмэн. Дэлхийн тал улаан байхад Монголын талд эрх чөлөөний туг барьж боссон, эрх чөлөө, ардчиллынхаа ололтыг өдий олон жил хамгаалж, бэхжүүлж ирсэн ард түмэндээ, баатрууддаа энэ хүндэт индрээс дахин баяр хүргэж чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Миний Монгол мөнх оршиг.


Баярлалаа.

Read More......

[Ict] Оны хүн 2009 урьдчилсан шалгаруулалтын дүн

Монголын Хөгжлийн Гарц төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр зохион
байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХҮН” шалгаруулалтын нэр дэвшүүлэх ажиллагааг 2009 оны 12-р сарын 8-ныг дуустал явууллаа.
Шагнал санаачлагчдын хороо урьдчилсан шалгаруулалтыг явуулж, дараахь нэр дэвшигчдийг төгсгөлийн сонгон шалгаруулалтанд оруулахаар
тогтлоо. Үүнд:

Манлайлагч
1. Н.Баттулга, М-Си-Эс Электроникс ХХК, Орбитнэт ХХК-ийн гүйцэтгэх захирал
2. Б.Ганболд, Грэйпсити Монгол ХХК-ийн ерөнхийлөгч
3. Ж.Ихбуян, Мигма Электроникс ХХК-ийн дэд захирал
4. Б.Ууганбаяр, Интерактив ХХК-ийн CEO
5. М.Эрхэмбаатар, Трай Медиа ХХК-ийн техник хариуцсан захирал

Програм зохиогч
1. А.Амарсанаа, Грэйпсити Монгол ХХК-ийн техник хөгжлийн хэлтсийн дарга
2. С.Ганболд, Юнител ХХК-ийн програмист инженер
3. Ө.Зоригт, Мобиком корпорацийн ахлах систем администратор
4. Ц.Наранцогт, УБТЗ-ын програм зохиогч, инженер
5. М.Отгонжаргал, Интерактив Би Ай ХХК-ийн програм хангамжийн инженер

Судлаач
1. Д.Амарсайхан, ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч
2. Д.Гармаа, МУИС-ийн МКС-ийн програм хангамжийн тэнхимийн эрхлэгч
3. Г.Оюунбаяр, Энх-Орчлон дээд сургуулийн багш
4. Ж.Пүрэв, МУИС-ийн МТС-ийн компьютер, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч

Инженер
1. Б.Амгалан, Ус сувгийн удирдах газрын МТ-ийн инженер, програмист
2. Н.Баатарзориг, МШХХТГ-ын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн
3. Б.Мөнх-Эрдэнэ, Мобинет ХХК-ийн системийн ахлах инженер
4. Т.Цогжавхлан, М-Си-Эс Электроникс ХХК-ийн систем интеграцчлалын хэлтсийн ерөнхий инженер
5. Н.Эрдэнэзориг, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн технологийн автоматик ба тооцоолон бодох техникийн цехийн инженер програмист

Техникч
1. Б.Баттуул, М-Си-Эс Электроникс ХХК-ийн систем интеграцчлалын хэлтэст техникч
2. Ө.Цогзолмаа, ХХЗХ-ны РДЗХА-ны радио төхөөрөмж, давтамж хяналтын шинжээч, инженер
3. Д.Энхтүшиг, Юнител ХХК-ийн дата сүлжээний төлөвлөлтийн инженер

Анхдагч
1. Л.Дорж, Бит-ТНН ХХК-ийн захирал
2. Б.Жамбиймолом, Мөнхжаргалант ХХК-ийн захирал
3. Р.Лхагвасүрэн, МҮЭ-ийн холбооны санхүүгийн ерөнхий менежер
4. Л.Чойжоованчиг, МУБИС-ийн КМТС-ийн захирал

Төгсгөлийн сонгон шалгаруулалтанд олон нийтийн саналыг 2009 оны 12-р сарын 21-ний 18.00 цаг хүртэл ажлын албанд онлайн буюу
бичгээр хүлээн авна.

Нэр дэвшигчдийн 2009 онд хийсэн ажил бүтээл, үр дvнгийн талаарх тодорхойлолтыг www.mongolcampus.org/itprize/ вэбд байрлуулан
танилцуулна.

Хувь хүн онлайн хэлбэрээр, байгууллага албан бичгээр саналаа өгнө. Онлайн санал хураалтыг http://www.mongolcampus.org/itprize
хаягаар хандаж өгнө. Санал хураалтанд оролцогч тухайн номинацид нэр дэвшигчдийг дотор нь байр эзлүүлэн эрэмбэлүүлэх зарчим
баримтална. Онлайн санал хураалтанд оролцогч тухайн нэр дэвшигчийн холбогдох талбарт харгалзах байрыг оруулна. Бичгээр санал
хураалтанд оролцогч байгууллага нэр дэвшигчдийг 1-5 дугаар байр эзлүүлэн эрэмбэлсэн жагсаалтыг ирүүлнэ. Санал хураалтанд оролцогч
тухайн номинациар зөвхөн нэг удаа саналаа өгнө. Байгууллагын саналыг 10 хүний саналтай тэнцэхээр тооцно. Оны хүн-д цом, гэрчилгээ
олгоно.


ШАГНАЛ САНААЧЛАГЧДЫН ХОРОО

Ажлын албаны хаяг:

Монголын Хєгжлийн Гарц ТББ
Хаяг: Бага тойруу 49, Мэдээллийн технологийн үндэсний паркийн байр, 113, 305 тоот
Утас/Факс: 319367
Вэб: http://www.mongolcampus.org/itprize, Э-шуудан: info@mongolia-gateway.mn
_______________________________________________
Ict mailing list
Ict@lists.ict.mn
http://lists.ict.mn/mailman/listinfo/ict

Read More......

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ХРОНИК




1988 оны 12-р сар. “Үнэн” сонинд анх удаа Улс төрийн товчоо болон намын удирдлагад байгаа дарга нарыг шүүмжилсэн “хөдөлмөрчдийн захидал” гэсэн булан гарч эхэллээ.


1988 оны 12-р сарын 10. Бат-Үүл, Амарсанаа, Цогтсайхан нарын байгуулсан “Шинэ үе” нэртэй нууц бүлгэм байгуулагдав. Ухуулах хуудас бичгийн машинаар цохин Улаанбаатарын төвийн байрнуудын цонх, хаалганд шөнийн цагаар наажээ.


1989 оны 4-р сар. Цогтсайханы дуулсан “Хонхны дуу”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг дуунууд Монголын радиогийн өргөн сувгаар нэвтрэх болов.


1989 оны 9-р сар. МУИС-ийн төв байранд “Хайд парк” нэртэй ханын сонинг тус сургуулийн багш Ламжав эрхлэн тогтмол гаргах болоо. Энд нам засгийн удирдагчдыг шүүмжлэхээс гадна нийгмийн байгууламжийн зөв эсэхэд эргэлзсэн өгүүлэл, нийтлэл бичих болжээ.


1989 оны 10 сар. МУИС-ын математикийн тэнхимд Ламжав, Улаанхүү нарын байгуулсан бүлгэм ажиллах болж их дээд сургуулийн багш оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцох боллоо.


1989 оны 11-р сарын 26. “Залуу уран бүтээлчдийн II зөвөлгөөн”-ийг МАХН-ын ТХ-оос зохион байгуулав. Зөвөлгөөнд оролцсон залуучууд ээлж дараалан гарч ирж нам засгийг хурцаар шүүмжиллээ.


1989 оны 12-р сар. Монголын Ардчилсан Холбоо хэмээх анхны чөлөөт байгууллага байгуулагдаж Ерөнхий зохицуулагчаар С. Зориг сонгогдов.


1989 оны 12-р сарын 7. Ховд хотод Багшийн дээд сургуулийн оюутан багш нараас зохион байгуулсан жагсаал боллоо. Энд анх удаа “Улс төрийн товчоо огцор!” гэсэн шаардлага гарсан аж.


1989 оны 12-р сарын 9. Эрдэнэт хотод нэлээд хүн оролцсон жагсаал болов.


1989 оны 12-р сарын 10. Улаанбаатарт анхны цуглаан “Хүний эрхийн өдөрт” зориулсан хүрээнд боллоо. Цуглааныг МоАХ байгуулагдсанаа нийтэд зарлаж төр засагт тавих 14 зүйлт шаардлага тавьлаа.


1989 оны 12-р сарын сүүлч. Улаанбаатарт МоАХ дараагийн цуглааныг зохион байгууллаа.


1989 оны 12-р сарын 28. Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдсанаа зараллаа.


1990 оны 1-р сарын 24. МоАХ-оос Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулсанд олон мянган хүн оролцов.


1990 оны 2-р сар. МАХН-ын 15 эрдэмтэн өөрийн намын ТХ-д ил захидал бичиж намаа шүүмжлэв.


1990 оны 2-р сарын 17. Мо АХ-ы анхдугаар их хурал хуралдлаа.


1990 оны 2-р сарын 17. Монголын Ардчилсан нам байгуулагдсанаа зарлалаа.


1990 оны 2-р сарын 17. Шинэ дэвшилтэт холбоо байгуулагдсанаа зарлав.


1990 оны 3-р сарын 2. Монголын социал демократ нам байгуулагдсанаа зараллаа.


1990 оны 3-р сарын 4. МоАХ, АСХ, ШДХ болон Оюутны холбооноос хамтарсан цуглаан зохион байгуулж МАХН-ын ТХ, Засгийн газарт шаардлага тавив. Цуглаанд 90-100 мянган хүн оролцжээ.


1990 оны 3-р сарын 7. МоАХ-оос зохион байгуулж Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлан Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага тавьлаа.


1990 оны 3-р сарын 10. МАХН шаардлагыг бүрэн хүлээн авч УТТ бүрэлдэхүүнээрээ огцров.


1990 оны 3-р сарын 15. Ардын их хурлын чуулган хуралдаж тэргүүлэгчдийн даргаар Очибатыг сонгов. Засгийн газар шинээр байгуулагдлаа. Ерөнхий сайдаар Гунгаадорж томилогдов.


1990 оны 3-р сар. Ардчилсан социалист хөдөлгөөний бичиг баримтын эмхтгэл хэвлэгдэн гарснаар анхны хяналтаас гадуур ном хэвлэгдэн нийтэд тарлаа. Монголын социал демократ намын анхдугаар их хурал хуралдав.


1990 оны 4-р сарын 8. Ардчилсан намын анхдугаар их хурал хуралдав. “Ардчилал” сонин гарснаар анхны хяналтаас гадуур хэвлэл олон нийтэд тарав.


1990 оны 4-р сар. Хөвсгөл аймагт орон нутгийн захиргааг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж өлсгөлөн зарлав.


1990 оны 4-р сарын 25. МоАХ-оос зохион байгуулж Төрийн ордныг бүслэн, сонгууль явуулах шаардлага тавьлаа. Мөн АИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж МАХН-ын удирдан чиглүүлэх үүргийг Үндсэн хуулиас хасах шаардлага тавьлаа.


1990 оны 5-р сарын 2. Ардын их хурлын чуулган хуралдаж Үндсэн хуулиас “МАХН-ын удирдан чиглүүлэх үүрэг”, ба “Монгол улс социализм байгуулах зорилттой” зэрэг заалтыг хасав. Бүх нийтийн сонгууль ойрын хугацаанд явуулахаар тогтлоо.


1990 оны 5-р сарын 20-25. Улс төрийн намуудыг Дээд шүүхээс бүртгэв. МАХН байгуулагдсанаасаа хойшхи 69 жилдээ төрд анх удаагаа бүртгүүлэв. Улсын дээд шүүхэд МАХН, Чөлөөт хөдөлмөрийн нам, Ногоон нам, Үндэсний дэвшлийн нам, Монголын ардчидсан нам, Монголын социал демократ нам гэсэн зургаан нам бүртгүүлэв.


1990 оны 7-р сарын 22. Бүх нийтийн анхны ардчилсан сонгууль явууллаа. Ардын их хурлын 430 депутатыг сум, хороо болгоноос мажоритар системээр сонгов. Байнгын ажиллагаатай парламентэд улс төрийн намуудын эзлэх хувийг хувь тэнцүүлэх журмаар тодрууллаа. Улс төрийн шинэ 3 нам парламентийн нийт суудлын 40 гаруй хувийг авлаа.


1990 оны 9-р сарын 2. Шинээр сонгогдсон Ардын их хурлын анхдугаар чуулган болов. 51 суудал бүхий байнгын ажиллагаатай парламентийг байгуулж даргаар нь Гончигдоржийг сонголоо. Монгол улсын Ерөнхийлөгчийн албыг буй болгож анхны ерөнхийлөгчөөр П.Очирбатыг, дэд ерөнхийлөгчөөр Р.Гончигдоржийг тус тус сонголоо. Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулж Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэн, шадар сайдаар Д.Ганболд, Д.Дорлигжав нарыг томилов.


1990 оны 9-р сар. Монгол улс цаашид зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжих болсныг шинэ Засгийн газар зараллаа.


1990 оны 12-р сарын 22. Монгол улс Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд гишүүнээр элслээ.

Эх сурвалж: http://baabar.niitlelch.mn/ Read More......

Эрvvл мэндийн даатгалын тєлбєрийн тогтолцоонд єєрчлєлт оруулав



Эрvvл мэндийн даатгалын тєлбєрийн тогтолцоонд єєрчлєлт оруулсан шийдвэрийг Эрvvл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хєдєлмєрийн сайдын хамтарсан тушаалаар гаргажээ. Энэ тухай Эрvvл мэндийн сайд С.Ламбаа мэдээлэв.

2009 онд эрvvл мэндийн тусламж vйлчилгээг эрvvл мэндийн даатгалаас 56.0 тэрбум тєгрєгєєр санхvvжvvлдэг байсныг єргєтгєж, 2010 онд 76.0 тэрбум тєгрєгийн санхvvжилт зарцуулахаар болжээ. Vvнээс эрvvл мэндийн сайдын багцад 2009 онд 43.7 тэрбум тєгрєгийн санхvvжилт зарцуулахаар тєлєвлєсєн бол 2010 онд 57.1 болж 30 орчим хувиар нэмэгдvvлсэн байна. Нэмэгдvvлэхдээ даатгалаас санхvvжvvлэх тусламж vйлчилгээг єргєтгєжээ. Тиймээс оношлогоо шинжилгээ, амбулаторийн давтан vзлэг, сум дундын эмнэлгийн хоёр дахь шатлалын мэс заслын бус хэвтvvлэн эмчлэх vйлчилгээ, клиник сувилал, хєнгєвчлєх эмчилгээ зэргийг даатгалын сангаас санхvvжvvлэх боломжийг нээн єгч, шинээр эрvvл мэндийн даатгалаас санхvvжvvлэхээр болсон аж.

Амбулаторийн vйлчилгээний хувьд зєвхєн анхан шатны vзлэгийг санхvvжvvлдэг байсан. Харин одоо даатгуулагчийг бvртгэх тал дээр илvv анхаарч, шаардлагатай шинжилгээ оношлогоогоо бvрэн хийлгэсний дараа эмч тvvн дээрээ дvн шинжилгээ хийн оношоо бvрэн тавьж, зєвлєгєє єгєх, давтан vзлэгийг санхvvжvvлэх боломж нээгджээ.

Манай улсын хvн амын дунд хоол боловсруулах замын эмгэг их байгаа нь амны хєндийн эрvvл мэнд. Энэ нь шvдний євчлєлтэй шууд холбоотой аж. Иймд хуучин зєвхєн хvvхдийн шvдний євчний оношлогоо, эмчилгээг эрvvл мэндийн даатгалаас санхvvжvvлдэг байсныг єргєтгєж, улсын эмнэлгvvдэд шvдний амбулаторийн vйлчилгээг vзvvлэхэд эрvvл мэндийн даатгалаас санхvv¬жvvлэх боломжтой болгосон байна. Харин даатгалын сангийн хязгаарлагдмал байдлаас хувийн эмнэлгvvдэд энэ асуудал одоогоор хамаарахгvй ажээ.

Хорт хавдрын бус шалтгаантай амьдралын тєгсгєлийн шатанд байгаа хvмvvст зориулан хєнгєвчлєх эмчилгээний тарифыг шинээр бий болгосон байна.
Хєгжлийн бэрхшээлтэй, архаг хууч євчтэй хvмvvст vзvvлэх удаан хугацааны нєхєн сэргээх vйлчилгээг улс болон хувийн хэвшлээр vзvvлэхийг дэмжих, тэдний амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг vзvvлэх зорилгоор тусгайлан оношийн бvлэг гарган нэг хvнд 60.2 мянган тєгрєгєєр санхvvжvvлэхээр болжээ.

Мєн Эрvvл мэндийн байгууллагад даатгалын санхvvжилтыг хийх тєлбєрийн тогтолцоог шинэчилсэн байна.
Эмнэлэг ороор бус vзvvлсэн тусламж vйлчилгээний тєрєл, оношийн бvлгээр санхvvжvvлдэг тогтолцоонд шилжvvлж буй юм байна. Тухайлбал цєсний євчтэй хvн эмнэлэгт эмийн эмчилгээ хийлгээд хэвтэх, мэс засал хийлгэх хоёрт хэт ялгаатай зардал гардаг. Гэтэл ижил тарифаар санхvvжvvлдэг байсныг єєрчилж, эмийн эмчилгээ, дурангийн мэс засал, ерєнхий мэс заслын тохиолдлыг ялгаатай санхvvжvvлэх тогтолцоонд шилжлээ.

Ємнє нь хvн бvр эмнэлэгт vзvvлэхдээ оношлогоо шинжилгээнд тєлбєр тєлдєг байсан бол тухайн хvний vзvvлсэн нийт оношлогоо шинжилгээний зардлаас 30000 тєгрєгийг эрvvл мэндийн даатгалаас санхvvжvvлэхээр боллоо. Тvvнчлэн ажил албатай, харьцангуй хєнгєн євчтэй хvмvvст зориулж 45000 тєгрєгийн санхvvжилт олгодог байсныг єєрчилж 114000 болгон нэмэгдvvлжээ.

Мєн 2003 оноос хойш анх удаа хувийн эмнэлгvvдийн тарифыг нэмсэн байна. Уламжлалт эмчилгээний хувьд ихэнх орон нутгийн уламжлалт эмнэлгvvд 50000 тєгрєгєєр санхvvжvvлдэг байсныг єєрчилж 80000 тєгрєг болгон нэмжээ. Харьцангуй єртєг багатай, vр дvн сайтай уламжлалт эмчилгээг vзvvлэхийг дэмжих зорилгоор улсын болон хувийн хэвшлийн хоорондох ялгааг арилгасан байна. Read More......

Долдугаар сарын 1-ний хохирогчид үнэн байдлыг дэлгэлээ

 -1937 он дуугүй үргэлжилж байна гэж З.Энхболд гишүүн дүгнэв-

Монгол Улсын байнгын ажил­лагаатай парламентын түүхэнд анх удаа иргэний нийгмийн төлөөлөл, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүд, хүний эрхийн төрийн бус байгууллагууд, НҮБ-ын Хууль зүй, хүний эрхийн зөвлөлийн тө­лөөлөгч, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд, Конрад Аденауэрийн сангийн төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, зарим дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нар, өмгөөлөгчид, долдугаар сарын 1-ний үеэр эрх нь зөрчигдсөн иргэдийг оролцуулсан нээлттэй сонсгол боллоо. Харин “Долдугаар сарын 1 ба Хүний эрх” сэдэвт сонсголын чухал бүрэлдэхүүн хэсэг болох байсан прокурорын төлөөлөгчид ирсэнгүй. Монгол Ул­сын ерөнхий прокурор оролцох боломжгүй гэсэн бол Нийслэлийн прокурорын дарга, орлогч хоёр өвчтэй гэсэн тайлбар ирүүлж, хурал­даан төгсөх дөхсөн үед эмчийн магадлагааг хуралдаан даргалаг­чийн нэр дээр ирүүлсэн юм. Утсаа салгасан байна гэсэн яриа ч гарч байсан. Уг нь прокурорууд ирсэн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэхэд ямар зөрчил гарсан талаарх мэдээллийг тэднээс сонсох ёстой байжээ. Сонсгол өглөө 10.00 цагт эхэлж 16.00 цаг орчимд өндөрлөв.

Уг арга хэмжээг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, тус дэд хорооноос байгуулж Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан Долдугаар сарны 1-ний үйл явдлын үеэр хүний эрх хэрхэн зөрчигдсөнийг судлан дүгнэх ажлын хэсгээс зохион байгуулсан юм. Аж­лын хэсгийг энэ оны долдугаар сарын 1-нд байгуулжээ.

Нээлттэй сонсголыг Хүний эр­хийн дэд хорооны дарга, эрхэм гишүүн Э.Бат-Үүл даргалж дэд хо­роо, ажлын хэсгийн гишүүд оролцон TY-9, NTV, Eagle телевизүүд шууд дамжуулан нэвтрүүллээ. Нээлттэй сонсголд оролцохоор 178 хүн бүрт­гүүлс­нээс танхимын багтаамжаас шалтгаалан 40 ажиглагч, гэрчийг оруулахаар болжээ. Ажиглагчдын дотор Иргэний хөдөлгөөний Г.Арс­лан, Н.Саруул нарын зүтгэлтнүүд, “Долдугаар сарын 1” төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байсан “Иргэний альянс” төвийн тэргүүн Ж.Занаа, Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан нар байлаа.

Ажлын хэсгийн нэр дээр галт зэвсэг хэрэглэсний улмаас амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэн, шархадсан иргэдээс зургаа, зодуул­сан, дарамтлуулсан, эрүү шүүлтэд өртсөн иргэдээс 18, прокурор, шүү­хийн байгууллага нэг талыг барьсан, дээрээс өгсөн зааврын дагуу ажил­ласан гэх 13, эд хөрөнгийн хохирол барагдуулах болон бусад асуудлаар 18 гомдол иргэдээс ирсэн байна.

Гишүүн Ж.Сүхбаатарын хэлснээр уг сонсголоор хэн нэгнийг яллах, аль нэг талд нь давуу тал олгох зорилго агуулаагүй бөгөөд гэрч нар гэдгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэрч гэдэг ойлголтыг бус үйл явдалд биеэр оролцон нүдээр харсан хүмүүсийг нэрлэсэн байна. Гишүүн Ц.Дашдорж “Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурдсанаар хүний амьд явах эрх зөрчигдөж таван хүнийг буудаж хөнөөсөн. Цаазаар авах ял ногдуулснаас бусад тохиол­долд хүний амь насыг хохироох ёсгүй байдаг. Нэр нь тодорхой бус ч цаг­даагийн ажилтан хүн буудсан гэдэг. Цагдаагийн байгууллагын тухай хуульд галт зэвсгийг хэрхэн хэрэглэх тухай заалт маш бүрхэг. Урьдчилан сануулаад буудна гэсэн заалт л байдаг. Сануулаад баривчлах юм уу, шууд л буудах уу гэдэг бүрхэг. Албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэн­дээр хохирсон цагдаагийн ажилт­нуудад нөхөх олговор олгох тухай ярьж байгаа. Нийтээр хоморголон баривчилсан гэдгийн хувьд Дэнжийн мянгын урьдчилан саатуулах төвд 716 хүнийг хорьсны дотор 26 хүүхэд, 21 эмэгтэй байсан. Тэднээс 60 хувь нь суллагдаж 280 хүнд ял төлөв­лөсөн. Нийслэлийн Бага тойрууд Онц байдал тогтооно гэсэн хязгаар тог­тоож өгсөн ч баривчлагдсан хүмүүс дотор огт өөр газраас баригдсан хүмүүс байсан. Цагдаагийн ажилт­нууд Бага тойруу гэдгээ ч мэдэж байсан уу, үгүй юү. Баримт бичиггүй явсан хүнийг 72 цаг саатуулна гэсэн заалтыг зөрчиж бүх хүнийг олон өдрөөр хорьж, гадаа талбайд нар, бороонд галуун цуваагаар суулгаж байцаасан. Нэг өрөөнд олноор хорь­сон. Амьсгалах нөхцөл хүнд, цагдаа нар хүнлэг бус хандсан, эрүүдэж шүүсэн гэсэн хэсэг илтгэлд бий. Нийт 244 хүний 84,6 хувьд хорих, 8,9 хувьд баривчлах, 0,8 хувьд торгох шийтгэл оноож найман хүний хэргийг хэрэг­сэхгүй болгосон. Долдугаар сарын 1-тэй холбоотой хэрэгт ердийнхөөс хатуу хандсан. Насанд хүрээгүй хүүхдийн хэргийг насанд хүрсэн хүмүүстэй хамтатган хаалттай шийд­вэрлэсэн зэрэг зөрчлүүд бий” гэлээ. Үүний дараа үндсэн сонсголдоо орлоо.

Сонсголыг нийт дөрвөн бүлгээр явуулсан юм. Эхний бүлэг нь долду­гаар сарын 1-2-нд шилжих шөнө иргэдийг баривчилсны дараа цаг­даагийн байгууллагын байр, харьяа нутаг дэвсгэр дээр зодож дарам­талсан тухай асуудал байв. Энэ хэсэгт хохирсон иргэдийг төлөөлж гэрчээр Н.Оргилболд, Х.Түвшин­жаргал, Г.Энхцэцэг нар, цагдаагийн байгууллагыг төлөөлж ЭЦГ-ын дарга асан Л.Ганболд, ЭЦГ-ын дэд дарга асан Б.Батсүх, Нийслэлийн цагдаа­гийн газрын хэв журмын ахлах байцаагч асан Д.Ганболд, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Ядамдорж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Баа­тарпүрэв, Баянгол дүүргийн Цаг­даагийн хэлтсийн дарга Н.Амарзаяа, Дэнжийн мянгын албадан саатуулах, баривчлах байрны дарга асан Ц.Бат­чулуун, Мөрдөн байцаах газрын дарга Ц.Эрдэнэбат нар оролцсон юм. Гэрч болох гурван иргэн баривчлах явцад болон албадан саатуулах, баривчлах байранд байх үед цагдаа нар иргэдийг хэрхэн хэрцгийлэн зодож тамлаж, цус нөжтэй нь хутгаж байсан, насанд хүрээгүй хүүхдүүдтэй зүй бусаар харилцсан талаар дэлгэ­рэн­гүй ярилаа. “Та нарыг овоолж байгаад буудна” хэмээн занал­хийлэ­хийг сонсоод 1937 онд ийм байсан байх гэсэн бодол төрснөө тэд хэлж байлаа. Гэрчүүдийн дэлгэрэнгүй яриаг манай сонины өчигдрийн дугаарт нийтэлсэн тул энд давхар­дуулалгүй орхив. Тэднийг ярьсны дараа цагдаагийн дарга нар үгээ хэллээ.


Баянзүрх дүүргийн Цагдаа­гийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ядамдорж: -Орой 21.00 цагийн үед жагсаал цуглааныг та­раахад хүч хүрэхгүй болсон. Сүх­баатар дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү дайрах гэж байгаа тухай мэдээ ирсэн. Иргэдийг салган тусгаарлах үйл ажиллагаа явуулж байхад хам­гийн идэвхтэй эсэргүүцэж байсан хүн нь Г.Энхцэцэг. Г.Энхцэцэг орилж хашгирч, бусдыг уриалан дуудсан, их согтолттой байсан. Цагдаа нарыг дайрч давшилсан, улаан цамцтай, хаана зодуулсан юм бүү мэд, цамц нь нэлдээ цус болсон байсан. Согтуу хүнд янз янзын юм харагдсан байх. Манай жолооч Г.Энхцэцэгт хүнлэг хандсан. Ахад ээмэг, бөгжийг минь өгөөрэй гэснийг өгсөн. Зургаа хоног саатуулсан.

Сүхбаатар дүүргийн Цагдаа­гийн хэлтсийн дарга Б.Баатар­пүрэв: - Н.Оргилболд бол намын байрны дэргэд бензин тараасан. Орой 23.00 цагийн үед манай Цаг­даагийн хэлтсийн цонхуудыг хүмүүс хагалсан. Манай цагдаа нарт хүн зодох зав байгаагүй.

Дэнжийн мянгын албадан саатуулах, баривчлах байрны дарга асан Ц.Батчулуун: -Манай байр хүчин чадлаасаа 4,4 дахин олон хүн хүлээж авсан. 731 хүн баригдаж ирсэн. Манайх цагдаагийн 44 ажилтан, үүнээс найман эмэгтэй ажилтантай. Тэр шөнө үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудын ес нь эмэгтэй байсан. Нэг эмч, дөрвөн сувилагчтай, тэд 139 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн.


Ирсэн хүмүүсийг гадаа 30,30-аар суулгаж тоолсон. Зогсоовол дайрах хүн байсан. Суулгаснаас болж чилсэн хүн байж магадгүй. Би ажилт­нууд­даа бороохой тарааж өгсөн. Хүч хэрэглэхгүй байхыг хатуу анхааруулсан.

Баянгол дүүргийн Цагдаа­гийн хэлтсийн дарга Н.Амарзаяа: -Манай 63 албан хаагч үүрэг гүйцэтгэсэн. 19.30 цагт нэмэгдэл болж очсон. Манай 280 албан хаагч хөнгөн, хоёр нь хүндэвтэр гэмтсэн. Албан хаагчид 23.00 цаг хүртэл утаа, угаартай газарт бүслэл­тэд байсан. Н.Оргилболд бол бензин тараасан. Гомдолтой гээд байгаа Ц.Мянганбаяр дол­ду­гаар сарын 2-нд таксины жолооч зодсон. Эрүүлжүүлэгд­сэн гэлээ. Хүний эрхийн дэд хорооны гишүүд дараа нь үг хэлцгээв.

Гишүүн Х.Тэмүүжин: -Та нараас болж долоо найман цагдаа алагдсан гэж худлаа хэлж иргэдийн эрх чөлөөнд халдсан. Хүмүүсийг зодож байс­наа камераар бичиж бай­гаа шүү гэхээр зодохоо больсон гэж хүмүүс хэлж байсан.

Б.Ядамдорж: -Ийм үйл явдалд Монголын иргэд ч, цагдаа ч бэлтгэлгүй, цочролд ороод байсан. Хүмүүсийг галуун цуваагаар суулгахгүй бол тоолж болохгүй байсан.

Гишүүн Ц.Мөнх-Оргил: -Цаг­дааг шүүж байгаа юм шиг байж болохгүй. Хоёр талаас мэдээ­лэл сонсъё. Монголын цагдааг шүүхээ больё.

Энэ үеэр танхимаас “Иргэ­дийн альянс” төвийн тэргүүн Ж.Занаа түүний хэлснийг эсэр­гүү­цэн босч ирээд Э.Бат-Үүл гишүүнээс зэмлэл хүртэж бу­цаж суув. Э.Бат-үүл гишүүн “Занаа гараарай. Энэ бол УИХ-ын хуралдааны танхим шүү” гэснээр чимээ намжив.

Гишүүн Ц.Мөнх-Оргил: -Ямар нэг байдлаар шууд ял тохох гэсэн оролдлого байна уу, үгүй юү. Долдугаар сарын 1, хүний эрх гэх юм бол эд хөрөнгөөрөө хохирогчид, гэмтэж бэртсэн цагдаагийн төлөөлөл яагаад байхгүй байна вэ. Иргэдэд хүнлэг бус хандсан, олноор нь хорьсон, хоол ундаар гацаасан гэж байна. Тийм л байх. Тэгвэл 800 гаруй цагдаа ч хоол ундгүй явсан. Санаатай тийм юм хийгээгүй шүү.

Гишүүн Э.Мөнх-Очир: -Са­наа­тай эрүүдэж шүүсэн зүйл­гүй. Санаатай зодож цохисон юмгүй гэж Хүний эрхийн комисс тайлагнаж байсан. /Ингэж хэ­лээд тэрбээр хуралдаан дарга­лагчаас сануулга авлаа/

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюун­чимэг: -177 хүнээс 100 гаруй нь зодуулсан, дарамтлуулсан гэ­сэн мэдүүлэг өгдөг.

Гишүүн З.Энхболд: -Дээ­рээс үүрэг өгсөн гэж хэлж бай­сан өмгөөлөгч, прокурор бай­даг. Тэд мэдүүлэг өгөх ёстой. Дээрээс гэдэг нь хэн бэ. Ерөн­хийлөгч үү, эсвэл хэн юм бэ.

Гишүүн Ж.Энхбаяр: -Гэр­чүү­дээс асууя. Цагдаа нар ямар бүдүүлэг үг хэлж байсан бэ. Гэрчүүдийн биеийн аль хэсэгт цохиж зодсон бэ. 2008 оны сонгуулиар аль нэг намын сон­гуулийн штабт ажилласан уу?

Гэрч Х.Түвшинжаргал: -На­майг хулгайч, орон гэргүй, хамаатан садангүй, тэнүүлч гээд духан дээр чинь бичсэн байна гэсэн. Зодоогүй. Доош дарж хэвтүүлээд 111-д аваач­сан. “Дээрээс тушаал өгсөн. Овоолж байгаад буудна” гэсэн. Гурван жил зургаан сарын ял сонссон.

Н.Оргилболд: -Зодуулсан. Гар ард гавлаад нүүр боож авч явсан. Хаашаа явж байгааг мэдээгүй. Баянзүрх дүүрэг дээр аваачсан байсан. Хүмүүсийг ОО дотор хувцсаар нь шээс арчуулж байсан. “Бөгсөө оцойл­гоод доошоо тонгой” гээд бейсболын цохиураар хүн бү­рийг 10 цохисон. Цахилгаан бороохойн цэнэг дуустал зод­сон. Гар гавласан, гар дээр гишгэж байгаад байцаалт ав­сан. Хэргээ хүлээвэл 14 хонуу­лаад гаргана. Үгүй бол удаана гэсэн.

Г.Энхцэцэг: -Би жирэмсэн байсан. Толгой руу цохисон. Суллагдсаны дараа тархины компьютерийн бичлэг хийлгэ­сэн. Эмчлүүлсэн. Би бага нас­ны хүүхэдтэй эх хүн. Хүүхдүү­дийг зодож байгааг хараад эмзэглэсэн. Шаардлага тавь­сан. Шаардлага тавьсан хүн согтуу болдог юм бол би багаж үлээе гэсэн. Цагдаа нар багаж байхгүй гэсэн. Би тэр өдөр улаан цамцтай байгаагүй. Өөр хүнийх байсан. Даараад дав­харлаж өмссөн. Би сонгуулиар Чингэлтэй дүүрэгт сонгуулийн штабт ажилласан. /Аль намынх гэдгээ хэлэх шаардлагагүй гэж гишүүд хэллээ/.

Х.Баттулга: -Энхцэцэг жи­рэм­сэн байсан гэсэн. Гэтэл Ядамдорж хурандаа согтуу байсан гээд байна. Энд зөрчил байна. Хэн нь худлаа яриад байгаа юм бэ. Хүн жирэмсэн гэж худлаа ярихгүй байх. Тэр хүүхэд яасан бэ. Гэтэл архи уусан гээд байгаа.?

Г.Энхцэцэг: -Тэгэхэд хоёр сартай жирэмсэн байсан. Сул­лагдаж гараад сарын дараа эрүүл мэндийн байдал тааруу болж тархины даралттай, ха­вантай хэвтэрт орсон. Зуны халуунд даралт ихсээд хорд­логотой байсан. Жирэмслэлтээ үргэлжлүүлэхэд эрсдэлтэй бай­на гээд эмчийн тусламж авч жирэмслэлтийг зогсоосон.

Баянзүрх дүүргийн Цаг­даа­гийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ядам­дорж: -Энхцэцэгийн бичлэг бий. Догшин авиртай, чулуу шидсэн, цонхонд ойрт­сон. Согтуу эсэхийг би үзээгүй. Тээвэрлэн хүргэсэн жолооч тэгж хэлсэн. Баригдсан арваад хүнээс ганц эмэгтэй нь байсан. Догшин авирласан тул са­раалжтай өрөөнд хийсэн.

Энэ үеэр гишүүн Ж.Сүхбаа­тар үг хэлэхээр болж, Г.Рэнцэн­тавхай түүнийг эсэргүүцэн босч ирээд хуралдаан даргалагчаас зэмлэл хүртлээ. Гишүүн Э.Бат-Үүл “Дураараа юм ярьж бо­лохгүй. Рэнцэнтавхайг гаргаа­рай” гэснээр тэрбээр тан­хи­маас гарч явав.

Сонсголын хоёрдугаар хэ­сэгт мөрдөн байцаалтын ша­танд хүний эрх хэрхэн зөрчигд­сөн талаар гэрч Ц.Занданхүү, Ц.Мянганбаяр нар ярьсан юм. Гэрч Ц.Занданхүү долдугаар сарын 1-нд амь үрэгдсэн таван хүний дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлэхэд иргэний нийгмийн төлөөллүүд босч хүндэтгэл үзүүлсэн юм. Г.Арс­лан гараа атган өргөсөн байв. Гэрчүүдийн үгийг сонины өчиг­дөр, өнөөдрийн дугаарт дэл­гэрэнгүй нийтэллээ.

Тэднийг үг хэлсний дараа гишүүн Х.Тэмүүжин “Прокурор байх ёстой. Яагаад прокурор ирээгүй вэ. Асуудалд ийм байдлаар хандаж байгаа тө­рийн байгууллагатай УИХ ха­риуц­лага тооцох ёстой. Тэдний хяналтад байдаг цагдаа нар нүүрээ улайлгаад сууж байх ёсгүй. Өөр оронд бол парла­мент тэднийг хөөж ирэх байсан гэлээ.

Гуравдугаар хэсгээр шудар­га шүүхээр шүүлгэх эрх хэрхэн зөрчигдсөнийг сонслоо. Түү­гээр прокуроруудын мэдээл­лийг сонсох байсан ч тэд ирээ­гүй. Хэдийгээр гишүүн Ж.Энх­баяр “Прокурор байхгүй үед энэ асуудлыг хэлэлцэх нь зохимж­гүй” гэсэн ч н.Бэхбат, н.Цэнд-Аюуш, н.Ганчимэг, н.Пүрэвбаа­тар, н.Хатанбаатар нарын өм­гөө­лөгчдийн үгийг сонссон юм. Гишүүн Ж.Сүхбаатар “Хүндэт­гэн үзэх шалтгаангүйгээр про­ку­рор ирээгүй нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болох­гүй. Хуралдааныг үргэлжлүүлэх ёстой” гэснээр сонсголыг үр­гэлжлүүллээ.

Өмгөөлөгч н.Цэнд-Аюуш “Хүний эрхийн үндэсний комис­сын дарга Д.Солонгын баривч­лагдсан хүмүүсийн эрх зөрчиг­дөөгүй” гэсэн мэдэгдэл үндсэн­дээ шүүгчдийн гарын авлага болж үүнээс болж шүүгдэгч­дийн ял хүндэрч байсан” гэсэн нь ноцтой мэдээлэл байлаа. Хүний эрхийн үндэсний комис­сын дарга хүний эрхийн зөрчил гараагүй гэж хэлсэн. Гэвч тэр үед хүмүүсийг зодож цустай нь хутгасныг 16 настай хүүхэд хэлсэн. Баривчлагдсан хүмүүс Хүний эрхийн үндэсний комиссын дарга, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүдийг эргэж очиход “Цамцаа тайлаад биеэ харуул гэж ганц удаа ч болов хэлсэн болоосой” гэц­гээж байсан гэсэн. Тэгж үзсэн бол зодуулсан нь харагдах байсан.

Өмгөөлөгч н.Ганчимэг: -Ми­ний үйлчлүүлэгч Түмэн­жаргал бичиг үсэг мэдэхгүй. Түүнээс хоёр удаа өмгөөлөгчгүй мэ­дүүлэг авсан. Бас баруун өвдөг, түнх рүү нь өшиглөж таягтай явж байсан. Батлан даалтад гарах гэхэд 500 мянган төгрөг авчирвал гаргана гэсэн. Ар гэрийнхэн нь мөнгө цуглуулаад ирэхэд гаргахгүй гэсэн.

Өмгөөлөгч н.Пүрэв­баатар: -Миний үйлчлүүлэгч Дэлгэр­баяр, Баасандорж нарыг намын байрны шатан дээрээс 38600 төгрөгийн үнэтэй хоёр шил вино авч явсны төлөө 5,6 жи­лээр тасалж ялласан, одоо сууж байна. Дээд шүүхийн шүүгч Д.Батсайхан улстөржиж “Манай МАХН-ын байрыг ша­таасан” гэж улс төрийн байр сууринаас хохирогчдод ханд­сан. Намын батлахаа халаас­лаад сууж байсан шүүгч.

Өмгөөлөгч н.Хатан­баатар: -Эрүүгийн хууль, Эрүү­гийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн. Хү­ний эрх хөндөгдсөн. Наадам болох гэж байна гэж шахсан. Ар гэрийнхний эргэлтийг зодуурын шарх эдгэрсний дараа оруул­сан. Шүүх хурал жүжигчилсэн тоглолт байсан. Хулгайг дээрэм, хүндэвтэр гэмт хэргийг хүнд гэмт хэрэг болгосон. Наад тал нь хорьж шийтгэснээс биш тэнсэн өгөөгүй.

Гишүүн Ж.Сүхбаатар: -Шүүг­чийн намын батлахтай гэдгийг яаж мэдсэн бэ. Прокурор ирээ­гүй нь сайн болжээ. Ирсэн бол мэтгэлцээн үүсэх байсан байна.

Өмгөөлөгч н.Пүрэв­баатар: -Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батсайханы талаар би байр сууриа илэрхийлж чадна. Ма­най намын байрыг шатаасан хог шаарууд гэж хэлснээс үүдээд МАХН-ын гишүүнээ орхиогүй яваа хүн гэж үзсэн. Хэд хэдэн удаа тэгж хэлсэн.

Өмгөөлөгч н.Ганчимэг: -Далдын хар хүч үйлчилж бай­сан. Хоригдож байсан хүмүүс “Нээрээ Ерөнхийлөгч бидний бууд гэсэн юм уу. Арав, хориор нь авч гараад эргэж ирэхгүй байна. Нээрээ буудах юм уу” гэж түгшиж байсан байна лээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа биелүүлж чадахгүй байж хүний эрх ярих ёсгүй.

Гишүүн Ц.Мөнх-Оргил: -Нээлттэй сонсгол хийх нь зөв юм байна. Гэхдээ анхаарах зүйл байна. Прокурорууд ирээ­гүй нь зөв байна. Яллах дүгнэл­тээ сонсгох юм бол шүүхийн шийдвэрийг шүүх хурал болох гээд байна. Намын батлахаа халаасалж суугаад хоморголон ял оноосон, орон нутгийн сон­гуулийн өмнө шийдсэн гэх мэт улс төр хиймээргүй байна. Ял хүндэдсэн эсэхийг УИХ-ын индэр дээрээс хэлж болохгүй. УИХ-ын индэр дээрээс шүүхийн шийдвэрийг яллахгүй шүү.

Гишүүн Х.Тэмүүжин: -Шүү­хийн шийдвэрийг шүүгээ­гүй. Гарсан алдааны талаар ярьж байна. Прокурор Энэрэл дээрээс шийдвэр өгсөн гэж хэлээд шүүн тасалсан байдаг гэлээ.

Сонсголын дөрөвдүгээр хэсгээр галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амь хохирсон, шархадсан зэргээр хүний эрх ноцтой зөрчигдсөн талаар сонс­сон юм. Хүний амь хохи­роосон хэргийн мөрдөн бай­цаалт дуусаагүй байхад уг асуудлыг сөхөх нь хуульд ний­цэх эсэх талаар гишүүд нэлээд ярилцсаны эцэст гэрч Г.Ариун­баатарын үгийг сонсоод дүг­нэлт гаргалгүй үлдээхээр бо­лов. Мөн бууны суманд шар­хад­сан нэг иргэн БНСУ-аас өргөдөл ирүүлжээ. Тэрбээр тэнд эмчлүүлж буй аж. Гэрчийн үгийг манай сонины өнөөдрийн дугаарт бүрэн эхээр нь нийтэллээ.

Гишүүн З.Энхболд “Долду­гаар сарын 1-ний том сургамж бол тэр өдөр хүчний байгуул­лагууд хэрхэн ажилласанд үнэлэлт дүгнэлт өгөх явдал юм. Дараа ийм үйл явдал болоход хуулийн байгууллагууд бэлэн биш байна. “Манай намын байрыг шатаасан” гэж хэлдэг шүүгчтэй байж таарахгүй. Иргэ­дийг хоморголон шүүсэн шүүгч нарт сахилгын хорооны дүгнэлт хийх хэрэгтэй. Иргэдэд хүний эрхийн боловсрол олгохгүй бол 1937 оных шиг “арав, хориор нь авч гараад эргэж ирэхгүй бай­на. Буудуулах юм байна” гээд сууж таарахгүй. 1937 он дуугүй үргэлжилж байна. Иргэдийг өмгөөлөгчтэй байцаана гэдэг зарчим зөрчигдөж байна.

Гишүүн Э.Бат-Үүл: -УИХ хууль тогтоодог, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байгууллага. УИХ-ын Хүний эрхийн дэд хо­роо ажлын хэсэг гаргаж Хүний эрхийн талын хуулийн хэрэг­жилтийг үзэж байна. Гишүүд Хууль зүйн байнгын хороонд үгээ хэлээрэй гэснээр зургаан цаг үргэлжилсэн нээлттэй сонс­гол өндөрлөлөө.

Сонсголын үеэр хүний эр­хийн манаач болох ёстой Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Солонго долдугаар сарын 1-ний үеэр хүний эрх зөрчигдөөгүй гэж хэлснийг оролцогчид шүүмжилж байв. Д.Солонго дарга ч уучлалт хүссэн юм.


Эх сурвалж: news.mn

Read More......