Эрүүл мэнд
Улсын хэмжээнд амьд төрсөн хүүхдийн тоо 2010 оны эхний 11 сард 60873 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2480 хүүхдээр, 60660 эх амаржиж, 2478 эхээр буюу 3.9 хувиар тус тус буурчээ (Зураг 1). Энэ оны 11 дүгээр сард 5420 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 244 хүүхэд буюу 4.3 хувиар бага байна. Улсын хэмжээгээр энэ оны эхний 11 сард 1-5 хүртэлх насны 317 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 106 хүүхэд буюу 50.2 хувиар нэмэгдсэн бол нэг хүртэлх насандаа 1175 хүүхэд эндэж, 72 хүүхэд буюу 5.8 хувиар буурчээ. Энэ хугацаанд жирэмслэлт болон төрөлтийн улмаас 25 эх эндэж, 24 эх буюу 49.0 хувиар буурсан байна (Зураг 2).
Нэг хүртэлх насандаа 2010 оны 11 дүгээр сард 92 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 33 хүүхдээр буурч, харин 1-5 хүртэлх насандаа 25 хүүхэд эндсэн нь 5 хүүхдээр нэмэгдэв. Жирэмслэлт болон төрөлтийн улмаас 4 эх эндэж, 7 эхээр буурчээ. Улсын хэмжээнд 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 19 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 хүүхдээр буурлаа. Энэ үзүүлэлт Увс, Хөвсгөл, Өвөрхангай аймагт улсын дундаж түвшнээс 10-15 хүүхдээр, Баянхонгор, Завхан, Ховд, Архангай, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Баян-Өлгий, ГовьАлтай, Дорнод аймагт 1-8 хүүхдээр илүү байна...
1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн* тоо 2010 оны эхний 11 сарын байдлаар 25 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2-оор нэмэгдэж, харин тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 2010 оны 11 дүгээр сард 117 болж, өмнөх оны мөн сарынхтай харьцуулахад 28 хүүхдээр буурсан байна.
2010 оны эхний 11 сард халдварт өвчнөөр 36.7 мян.хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд 1880 хүнээр буюу 5.4 хувиар өссөн нь салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 584 хүн буюу 36.2 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 785 хүн буюу 17.9 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 703 хүн буюу 14.1 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 481 хүн буюу 8.5 хувиар буурсан хэдий ч гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 2320 хүн буюу 9.9 дахин, вируст хепатитаар өвчлөгчдийн тоо 835 хүн буюу 13.7 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 326 хүн буюу 10.9 хувиар нэмэгдсэнээс шалтгаалав.
Халдварт өвчнөөр 2010 оны 11 дүгээр сард 3947 хүн өвчилж, өмнөх оны мөн сарынхтай зэрэгцүүлэхэд 1337 хүн буюу 51.2 хувиар өссөн нь вируст хепатитаар өвчлөгчдийн тоо 1315 хүн буюу 2.8 дахин, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 184 хүн буюу 4.1 дахин нэмэгдсэнээс шалтгаалав.
Улсын дунджаар 10000 хүн тутамд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2010 оны эхний 11 сард 132 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 хүнээр нэмэгдсэн байна (Зураг 3). ХДХВ/ДОХ-ын 21 тохиолдол 2010 оны эхний 11 сард бүртгэгдэж, улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт 83 тохиолдол илрэв. Харин ХДХВ/ДОХ-ын тохиолдол энэ оны 11 дүгээр сард бүртгэгдээгүй болно.
Улсын хэмжээнд 2010 оны эхний 11 сард нийт 15.8 мян.хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1756 хүн буюу 12.5 хувиар нэмэгджээ. Нас барсан хүний тоо 2010 оны 11 дүгээр сард 1363 болж, өмнөх оны мөн сарынхаас 33 хүн буюу 2.5 хувиар өсчээ. Жилийн эхнээс эмнэлэгт нийт 619.4 мян.хүн хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 28.6 мян.хүн буюу 4.8 хувиар өссөн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 2010 оны 11 дүгээр сард 56.8 мянга болж, өмнөх оны мөн сарынхтай харьцуулахад 353 хүн буюу 0.6 хувиар буурсан байна.
Хувийн эмнэлгүүд 2010 оны эхний 11 сарын байдлаар 943.7 мян.хүнд үйлчилж, 15553.5 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн хүний тоо 35.5 хувиар өсч, төлбөрт үйлчилгээний хэмжээ 2.4 дахин нэмэгджээ.
0 comments:
Post a Comment