Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2010 оны 11 дүгээр сарын эцэст 40.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 863 хүнээр буюу 2.2 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Баянхонгор (157 хүн), Ховд (293 хүн), Дундговь (299 хүн), Хэнтий (333 хүн), Архангай (430 хүн), Төв (439 хүн), Өмнөговь (472 хүн), Завхан аймагт (881 хүн) өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.6 хувь нь урьд нь тодорхой ажил эрхэлж байсан, 47.4 хувь нь ямар нэг ажил эрхэлж байгаагүй, ажил хайж анх удаа ХХҮХ-т бүртгүүлсэн иргэд байна. 2010 оны эхний 11 сард аймаг, нийслэлийн ХХҮХ-т ажилгүй 57.7 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй ажилгүй байсан 39.9 мян.иргэн ажилд зуучлагдан орж (Зураг 1), 15.3 мян.иргэн ажил идэвхтэй эрж, хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна...
Энэ оны эхний 11 сард аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны мөн үеийнхээс 10.9 мян.хүн буюу 15.9 хувиар буурсан байна. Зөвхөн 2010 оны 11 дүгээр сард 6152 хүн шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 95 хүнээр, өмнөх сарынхаас 549 хүнээр илүү байна. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад цэргээс халагдсан 4.3 хувь, бусад шалтгаанаар 14.3 хувь, сургууль, курс төгсөөд бүртгүүлсэн 16.1 хувь, орон тооны цомхотголоор 17.0 хувь, мэргэжлийн ажил олдоогүй 24.9 хувь, өөр газраас шилжиж ирсэн 25.4 хувь, цалин багатайгаас 30.3 хувь, байгууллага татан буугдсан шалтгаанаар ажилгүй болсон иргэдийн тоо 36.0 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.4 мянга буюу 52.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 3.9 пунктээр буурсан байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 23.2 мянга буюу 57.1 хувь нь 16-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Дундговь, Баян-Өлгий, Орхон, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дархан-Уул аймагт улсын дунджаас дээгүүр 61.3-70.6 хувьтай байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.9 хувь нь дээд, 5.1 хувь нь тусгай дунд, 5.8 хувь нь мэргэжлийн анхан шатны, 66.4 хувь нь бүрэн ба суурь, 3.3 хувь нь бага боловсролтой, 0.5 хувь нь боловсролгүй хүмүүс байна (Зураг 2). Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бага боловсролтой иргэдийн тоо 6.5 хувь, дээд боловсролтой болон боловсролгүй иргэд тус бүр 7.6 хувь, бүрэн дунд боловсролтой ажилгүй иргэдийн тоо 8.1 хувиар өсч, харин мэргэжлийн анхан шатны боловсролтой ажилгүй иргэдийн тоо 1.9 хувь, тусгай дунд боловсролтой 4.0 хувь, суурь боловсролтой иргэдийн тоо 10.1 хувиар буурсан байна.
Ажилд зуучлагдан орсон иргэдийн тоо 2010 оны эхний 11 сард 39.9 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 4857 хүн буюу 10.9 хувиар буурав. Харин 2010 оны 11 дүгээр сард ажилгүй 4877 хүн ажилд орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 23 хүнээр, өмнөх сарынхаас 1500 хүнээр тус тус илүү байна. Ажилд зуучлагдан орсон иргэдийн 88.3 хувь нь компани, хоршоо болон бусад байгууллагад, 11.7 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад оржээ (Зураг 3).
Аймаг, нийслэлийн ХХҮХ-т 2010 оны 11 дүгээр сард ажилгүй 6.2 мян.иргэн шинээр бүртгүүлж, 4.9 мян бүртгэлтэй ажилгүй иргэд ажилд зуучлагдан орж, 973 иргэн ажил идэвхтэй эрж хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ
0 comments:
Post a Comment