Улс тунхагласны 84 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын бүх ард түмэндээ хандан хэлсэн үг



Эх орноороо ижилхэн овоглосон элгэн садан нийт ард иргэдээ,

Орчин цагийн хүмүүн төрөлхтний нийгмийн зохицуулалтад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг эрх зүйн баримт бичиг болох Үндсэн хуулийг монголчууд анх удаа баталж, туурга тусгаар Бүгд найрамдах улсаа даян дэлхийд зарлан тунхагласан онцгой тэмдэглэлт үйл явдлын 84 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ ойн баярыг тохиолдуулан эх орон нэгт ард түмэндээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Анхдугаар Үндсэн хуулиар манай улсын шинэ үеийн төрийн тогтолцоо, эрх зүйн шинжлэх ухааны суурь тавигдаж, нийгмийн харилцааг энэхүү гол хуулийн үзэл санаанд нийцүүлж төрөлжүүлэн зохицуулах их үйл хэрэг эхэлсэн түүхтэй. Хэдийгээр энэ хууль тухайн үеийн нийгмийн тогтолцоо, түүний үзэл суртлын нөлөө тусгагдсанаараа одоогийн ардчилсан нийгмийн үзэл онолоос олон зүйлээр ялгаатай боловч түүнээс хойших Үндсэн хуулиудын, түүний дотор одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ардчилсан Үндсэн хуулийн өвөг болох энэ хууль нь хууль цаазын цэгцтэй ойлголт, шударга ёсыг сахиулан хэрэгжүүлэх дагнасан тогтолцоо бүрдэж, шатлан хөгжихөд нэн чухал алхам болсон юм. Үүгээр Анхдугаар Үндсэн хуулийг баталсны нэгэн түүхэн ач холбогдлыг үнэлж болно.

Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн улсынхаа аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино.” гэж зааснаар монголчууд түүхийнхээ турш үе улируулан хэрэглэж ирсэн хаант засгийн ёсноос татгалзаж, бүх ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр барьдаг нийгмийн байгууламжийг баталгаажуулсан байна. Энэ нь манай улсын төрийн үзэл, номлол, тогтолцоонд цоо шинэ үеийг авчирсан билээ. Хэдийгээр манай улсын төрт ёс наян жилээр биш найман зуунаар хэмжигдэх уламжлалтай ч орчин үеийн төрийн тогтолцоо, эрх зүйн хөгжлийн эх сурвалж чухамдаа 1924 оны анхдугаар Үндсэн хуулиас эхтэй билээ.

Анхдугаар Үндсэн хуулийг баталсан түүх, түүний ач холбогдлын талаар урьд нь бид хангалттай ярьж, үнэлж цэгнэж ирсэн тул энэ удаа тэр болгоны талаар би давтан хэлэхийг хүсэхгүй байна. Харин хууль цаазны түүхэн тэмдэглэлт энэ өдөр хүний эрх ба хуулийг дээдлэн биелүүлэх ёсны талаар зарим зүйлийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуулийг дээдлэн биелүүлэх эрх зүйн ухамсар, сахилгын тухай ойлголт, уламжлал монголчуудын хувьд ихээхэн дээр үеэс түүхтэй. Гэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн батлан гаргасан төрөлжсөн хуулиудыг дагаж мөрдөх соёл мөн л 1924 оноос эхлэн тоологдоно гэж судлаачид үздэг. Энэ үеэс хойшхи 84 жилийн хугацаанд бид хууль ёсыг дээдлэн биелүүлэх талаар ахиц дэвшил гаргасан нь маргаангүй. Гэхдээ энэ ахиц дэвшил ард түмний хүлээсэн хүсэл, тавьсан шаардлагад бүрэн дүүрэн нийцэж байгаа юу, үгүй юу? гэдгээр амжилт ололтоо хэмжих учиртай.

Жинхэнэ ардчилал хариуцлагаас ангид байдаггүйг эрдэмтэд, судлаачид нэгэнт баталсан байдаг. Ардчиллыг хөгжүүлж, төлөвшүүлсэн орны түүхэн замнал, хуримтлуулсан туршлага ч бас үүнийг амьдрал дээр нотолдог.

Хүний эрх, эрх чөлөө нь манай нийгмийн хамгийн үнэт зүйл бөгөөд үүнийг хуулиар баталгаажуулах талаар чамгүй амжилт олж анхдугаар Үндсэн хуулийнхаас хол дэвшил гаргасан гэдгээрээ бид өнөөдөр бахархдаг. Манай иргэд ч өөрийн эрх, эрх чөлөөний үнэ цэнийг мэдэрдэг болж, эрхээ эдлэх, түүнийхээ төлөө тэмцэх талаар ихээхэн туршлага суусныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол яахын аргагүй томоохон дэвшил мөн.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд хүний эдлэх эрхтэй хамт үүсдэг үүрэг, түүнийг дагалддаг хариуцлагын талаар харьцангуй бага анхаарч, зөвхөн эрхийг магтан дуулах, тунхаглан тайлбарлах өрөөсгөл хандлагад автсанаар эргээд эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн байдалд хохирол учруулж болзошгүй нөхцөл нийгэмд бий болж байна. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөө хязгааргүй байдаггүй тухай манай иргэд хангалттай ойлголттой болж чадаагүй нь өөрийнхөө эрхийг бүрэн эдлэхэд ч, бусдын эрх зөрчигдөхгүй байх баталгааг хангахад ч аль алинд нь сөрөг нөлөө үзүүлж байна. Хязгааргүй эрх, эрх чөлөөний тунхаглал, итгэл үнэмшил даамжирсаар зөвхөн өөрийнхөө байр суурийг цорын ганц үнэн хэмээн тооцож, бусдад тулган хүлээлгэх хүчирхийллийн хандлага нийгэмд бий болсон нь иргэдийн санааг зовоож байна. Үүний хамгийн том илэрхийлэл нь энэ оны 7 дугаар сарын 1-нд болсон нийтийг хамарсан, олныг цочоосон эмх замбараагүй явдал юм.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Үндсэн хуулиар иргэн бүрд олгосон онцгой чухал эрх юм. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо бусдын аюулгүй, амгалан тайван байдал, эрх, эрх чөлөөг зөрчихгүйгээр илэрхийлж, олон нийтэд хүргэсний төлөө хэн ч, ямар ч хариуцлага хүлээх учиргүй. Харин итгэл, үнэмшил, үзэл бодлоо гарцаагүй зөв хэмээн бусдынхаас дээгүүр тавьж, өөр үзэл бодолтой иргэдэд тулган хүлээлгэх, бүр цаашлаад үүнийхээ төлөө хүч хэрэглэх нь Үндсэн хуульт ёс, ардчиллын зарчмын аль алинд нь харш юм.

Туйлын эрх чөлөө гэж байдаггүй бөгөөд аливаа эрх, эрх чөлөө бусдын эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэсэн ардчиллын алтан дүрэм бий. Иймд эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хүндэтгэх орчин үеийн хүмүүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн соёлыг нийгмийнхээ амьдралд хэвшүүлэн хэрэгжүүлэх амин чухал шаардлагтай болоод байна. Үүнийг хариуцлагатай ардчилал ч гэж нэрлэдэг. Товчхон хэлбэл хариуцлагатай ардчилал бол эрх чөлөө, хариуцлага хоёрын нийлбэр юм.

Гэхдээ хариуцлагын асуудал ганц иргэнд хамаатай биш. Төрийн тогтолцоо, үйл ажиллагаа иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ тэдний сэтгэл ханамжид тултал биелүүлэхүйц байх учиртай. Энэ бол төр, засгийн хариуцлага мөн. Төр, засаг энэхүү хариуцлагаа тэр бүр биелүүлж чадахгүй байгааг олон нийт шүүмжилж байна. Чанаргүй, хэрэгжих чадваргүй хууль баталдаг, хууль хэрэгжүүлэх ажил хангалтгүй байгаа талаарх иргэдийн шүүмжлэлийг төр, засгийн холбогдох байгууллагууд соргог хүлээн авч үйл ажиллагаандаа шинэчлэл хийх шаардлагатай байна. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх талаар хууль, хяналтын байгууллагууд ч ихээхэн анхаарах хэрэгтэй байгааг тэмдэглэн хэлье.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Үндсэн хуульт ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хуулийг дээдлэн, хариуцлагатай ардчиллыг эх орондоо хөгжүүлэхэд хүн бүрийн хүчин чармайлт чухал байна. Үүний төлөө эвээ нэгтгэн, хүчээ нийлүүлж, Монгол Улсынхаа саруул сайхан ирээдүйн төлөө өөдрөг бадрангуй сэтгэлээр хамтран зүтгэхийг та бүхэндээ хандан уриалж байна.

Төр түвшин, түмэн олон маань амгалан байх болтугай.

0 comments:

Post a Comment