Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэм би
Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нүүрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
/Д.Пүрэвдорж/
Өнөөдөр Бүгд найрамдах Монгол улсыг тунхагласны тунхагласны 84 жилийн ойн өдөр. Үе үеийн өвөг дээдэс минь Монгол эх орныхоо сөөм газрын төлөө ч алтан амь юугаан үл хайрлан тэмцэж, өдгөөгийн үр удам бидэндээ өвлүүүлэн үлдээжээ. Монгол эх орныхоо гал голомт юугаан эзэнгүй орхио нь үгүй өвөг дээдсийнхээ гавъяаг үл умартан, хойшдын удамдаа бахархан дуурсах түүхэн үүрэгтэй иргэд билээ бид.
Энэ өдөр “би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ” гэдэг асуултыг Монгол хүн Та өөртөө тавиарай. Бусдаас бурууг хайж, бусдыг шүүмжлэн өөнтөглөхийнхөө оронд би юу хийж гэмээ нь эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, хойч үеийнхээ өмнө ам бардам өгүүлэх түүхийг бүтээх вэ гэдгийг бодоод нэг үзээрэй.
Жилд ганц л тохиох Монгол улс тунхагласны баярын энэ өдөр харийнхны шунаг халдлагыг цээжээрээ хаан зогссон баатарлаг өвөг дээдсээ бахархан дуурсаж, тэдний эр зориг, оюун ухаан, хатан тэвчээрийг дурсан санагалзъя. Үр хүүхэддээ тэдний түүхэн гавъяаг хүүрнэн өгүүлж, Монгол эх орноо гэсэн цохилох зүрх, тэмүүлэх сэтгэлийг төрүүлцгээе.
Монгол улс өнөөдөр ч, өнө мөнхөд ч оршин тогтносоор, өөдлөн дэвжсээр байх болно. Харин үүний тулд Монгол хүн бүрийн хүчин чармайлт туйлаас чухал гэдгийг юу юунаас илүү тунгаан бодоцгооё. Монгол орны голомт үүрд мандан бадраг.
Монгол хүн бүрт Бүгд Найрамдах Монгол улсыг тунхагласны тунхагласны 84 жилийн ойн өдрийн баярын мэндийг хүргэе.
0 comments:
Post a Comment