Нийгмийн даатгал, халамж



Нийгмийн даатгал:

Нийгмийн даатгалын сангийн орлого 2010 оны эхний 11 сард 518.4 тэрбум төг, зарлага 470.2 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 61.3 тэрбум төг буюу 13.4 хувь, зарлага 24.3 тэрбум төг буюу 5.5 хувиар тус тус нэмэгдлээ.
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр нийгмийн даатгалд 2010 оны эхний 11 сард 556.8 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 342.7 мянга буюу 61.6 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 214.1 мянга буюу 38.4 хувь нь төсөвт байгууллагаас шимтгэл төлсөн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэл төлөгчид 0.2 хувь, төсөвт байгууллагаас шимтгэл төлөгчид 5.3 хувиар тус тус өссөн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2010 оны эхний 11 сард 322.9 тэрбум төг болж, үүний 73.6 хувийг өндөр настны, 12.6 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.1 хувийг тэжээгчээ алдсаны, 6.7 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна (Зураг 1).

Нийгмийн халамж:
Энэ оны эхний 11 сард 176.5 мян.хүнд 45.5 тэрбум төгрөгийг нийгмийн халамжид зарцуулсан бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 1.1 сая хүн буюу 86.7 хувь, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 59.2 тэрбум төг буюу 56.5 хувиар буурчээ. Энэ нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн талаарх хуульд 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс орсон өөрчлөлтөөс шалтгаалжээ. Өмнөх оны мөн үед улсын төсвөөс хүүхдийн мөнгөн тэтгэмж, шинэ төрсөн хүүхдийн мөнгөн тусламж, шинэ гэр бүлд олгосон мөнгөн тусламжаар 1.0 сая хүнд 49.1 тэрбум төг олгож байсныг энэ хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болгосон...
Нийгмийн халамжийн сангаас 2010 оны эхний 11 сард олгосон нийт тэтгэвэр, тэтгэмжийн 24.8 тэрбум төг буюу 54.5 хувийг халамжийн тэтгэвэрт, 13.2 тэрбум төг буюу 29.1 хувийг жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд, 3.6 тэрбум төг буюу 7.8 хувийг ахмад настныг асарч буй иргэдэд, 3.4 тэрбум төг буюу 7.5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэдэд, 479.6 сая төг буюу 1.1 хувийг бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсний тэтгэмжид тус тус зарцуулсан байна (Зураг 2).
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдагчдын 48.3 хувь нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 31.6 хувь нь халамжийн тэтгэвэр авагчид, 9.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэд, 9.0 хувь нь ахмад настныг асарч буй иргэд, 1.5 хувь нь бүтэн өнчин хүүхэд үрчилж өсгөсөн иргэд байна (Зураг 3).
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2010 оны эхний 11 сард 55.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.2 мян.хүн буюу 2.2 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 1.9 тэрбум төг буюу 8.3 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 338.2 мян.хүн хамрагдсаны 45.5 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 40.3 хувь нь ахмад настнууд, 6.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 5.4 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд, 2.0 хувь нь алдар цолтой ахмадууд байна. Энэ оны эхнээс "Хүний хөгжил" сангаас иргэн бүрт 120 мян.төг олгохоор шийдвэрлэсний дагуу эхний 11 сард 2.6 сая иргэнд 228.6 тэрбум төг олгожээ. Read More......

Эрүүл мэнд



Улсын хэмжээнд амьд төрсөн хүүхдийн тоо 2010 оны эхний 11 сард 60873 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2480 хүүхдээр, 60660 эх амаржиж, 2478 эхээр буюу 3.9 хувиар тус тус буурчээ (Зураг 1). Энэ оны 11 дүгээр сард 5420 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 244 хүүхэд буюу 4.3 хувиар бага байна. Улсын хэмжээгээр энэ оны эхний 11 сард 1-5 хүртэлх насны 317 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 106 хүүхэд буюу 50.2 хувиар нэмэгдсэн бол нэг хүртэлх насандаа 1175 хүүхэд эндэж, 72 хүүхэд буюу 5.8 хувиар буурчээ. Энэ хугацаанд жирэмслэлт болон төрөлтийн улмаас 25 эх эндэж, 24 эх буюу 49.0 хувиар буурсан байна (Зураг 2).
Нэг хүртэлх насандаа 2010 оны 11 дүгээр сард 92 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 33 хүүхдээр буурч, харин 1-5 хүртэлх насандаа 25 хүүхэд эндсэн нь 5 хүүхдээр нэмэгдэв. Жирэмслэлт болон төрөлтийн улмаас 4 эх эндэж, 7 эхээр буурчээ. Улсын хэмжээнд 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 19 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 хүүхдээр буурлаа. Энэ үзүүлэлт Увс, Хөвсгөл, Өвөрхангай аймагт улсын дундаж түвшнээс 10-15 хүүхдээр, Баянхонгор, Завхан, Ховд, Архангай, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Баян-Өлгий, ГовьАлтай, Дорнод аймагт 1-8 хүүхдээр илүү байна...
1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн* тоо 2010 оны эхний 11 сарын байдлаар 25 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2-оор нэмэгдэж, харин тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 2010 оны 11 дүгээр сард 117 болж, өмнөх оны мөн сарынхтай харьцуулахад 28 хүүхдээр буурсан байна.
2010 оны эхний 11 сард халдварт өвчнөөр 36.7 мян.хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд 1880 хүнээр буюу 5.4 хувиар өссөн нь салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 584 хүн буюу 36.2 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 785 хүн буюу 17.9 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 703 хүн буюу 14.1 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 481 хүн буюу 8.5 хувиар буурсан хэдий ч гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 2320 хүн буюу 9.9 дахин, вируст хепатитаар өвчлөгчдийн тоо 835 хүн буюу 13.7 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 326 хүн буюу 10.9 хувиар нэмэгдсэнээс шалтгаалав.
Халдварт өвчнөөр 2010 оны 11 дүгээр сард 3947 хүн өвчилж, өмнөх оны мөн сарынхтай зэрэгцүүлэхэд 1337 хүн буюу 51.2 хувиар өссөн нь вируст хепатитаар өвчлөгчдийн тоо 1315 хүн буюу 2.8 дахин, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 184 хүн буюу 4.1 дахин нэмэгдсэнээс шалтгаалав.
Улсын дунджаар 10000 хүн тутамд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2010 оны эхний 11 сард 132 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 хүнээр нэмэгдсэн байна (Зураг 3). ХДХВ/ДОХ-ын 21 тохиолдол 2010 оны эхний 11 сард бүртгэгдэж, улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт 83 тохиолдол илрэв. Харин ХДХВ/ДОХ-ын тохиолдол энэ оны 11 дүгээр сард бүртгэгдээгүй болно.
Улсын хэмжээнд 2010 оны эхний 11 сард нийт 15.8 мян.хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1756 хүн буюу 12.5 хувиар нэмэгджээ. Нас барсан хүний тоо 2010 оны 11 дүгээр сард 1363 болж, өмнөх оны мөн сарынхаас 33 хүн буюу 2.5 хувиар өсчээ. Жилийн эхнээс эмнэлэгт нийт 619.4 мян.хүн хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 28.6 мян.хүн буюу 4.8 хувиар өссөн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 2010 оны 11 дүгээр сард 56.8 мянга болж, өмнөх оны мөн сарынхтай харьцуулахад 353 хүн буюу 0.6 хувиар буурсан байна.
Хувийн эмнэлгүүд 2010 оны эхний 11 сарын байдлаар 943.7 мян.хүнд үйлчилж, 15553.5 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн хүний тоо 35.5 хувиар өсч, төлбөрт үйлчилгээний хэмжээ 2.4 дахин нэмэгджээ. Read More......

Гэмт хэрэг



Улсын хэмжээнд 2010 оны эхний 11 сарын байдлаар 17933 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 650 хэрэг буюу 3.5 хувиар буурчээ (Зураг 1). Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг (250), нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (179), хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (49), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг (34), захиргааны журмын эсрэг гэмт хэрэг (17), хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг (11), иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг (8), албан тушаалын эсрэг гэмт хэрэг (3), компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (2) зэрэг нь өмнөх оны мөн үеийнхээс нийт 553-аар нэмэгдсэн хэдий ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (989), байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг (63), үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (55), шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг (39), аж ахуйн эсрэг гэмт хэрэг (32), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (18), цэргийн албаны эсрэг гэмт хэрэг (7) буурсан нь нийт гэмт хэргийн тоо буурахад нөлөөлжээ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар нийт гэмт хэргийн 55.4 хувь нь нийслэлд, 43.1 хувь нь аймгуудад, 1.5 хувь нь бусад газарт бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Говь-Алтай аймагт 53.6 хувь, Орхон аймагт 45.8 хувь, Өвөрхангай аймагт 19.5 хувь, Баян-Өлгий аймагт 17.4 хувь, Архангай аймагт 8.4 хувь, Баянхонгор аймагт 7.5 хувь, Увс аймагт 6.6, хувь, Өмнөговь аймагт 0.7 хувиар нэмэгдэж, харин Завхан аймагт 47.0 хувь, Булган аймагт 24.2 хувь, Говьсүмбэр аймагт 24.0 хувь, Сүхбаатар, Төв аймагт 18.8 хувь, Дорнод аймагт 17.5 хувь, Хөвсгөл аймагт 16.1 хувь, Ховд аймагт 15.7 хувь, Дорноговь аймагт 10.7 хувь, Хэнтий аймагт 7.2 хувь, Дундговь аймагт 6.8 хувь, Дархан-Уул аймагт 2.4 хувь, Сэлэнгэ аймагт 1.9 хувь, Улаанбаатар хотод 3.3 хувиар буурчээ...
Энэ оны эхний 11 сард гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 250 тохиолдол бүртгэгдсэн байна. Малын хулгайн 814 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 366 хэрэг буюу 31.0 хувиар буурсан байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн 40.5 хувийг хөнгөн, 47.6 хувийг хүндэвтэр, 10.0 хувийг хүнд, 1.9 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс хөнгөн хэргийн эзлэх хувь 2.8 пунктээр нэмэгдэж, хүндэвтэр хэргийнх 2.2 пунктээр, хүнд хэргийнх 0.6 пунктээр буурч, харин онц хүнд хэргийнх өмнөх оны мөн үеийн түвшинд байна (Зураг 2). 2010 оны эхний 11 сарын байдлаар 18 ба түүнээс дээш насны 10000 хүн тутамд улсын дунджаар 100 гэмт хэрэг ногдож байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 7 хэрэг буюу 6.5 хувиар буурлаа.
Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн сэжигтэн нь тодорхойгүй байсан 5822 хэргийн 2575 буюу 44.2 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд 7.9 пунктээр, нийслэлийн хэмжээнд 3.9 пунктээр буурсан байна (Зураг 3).
Энэ оны эхний 11 сард согтуугаар үйлдэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 5.9 хувиар өссөн бол хүүхэд оролцсон гэмт хэрэг 28.3 хувь, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 22.4 хувь, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 11.0 хувиар буурчээ.
Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч 2010 оны эхний 11 сард 16124 байгаагийн 728 буюу 4.5 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 2043 буюу 12.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэрэгт холбогдогчдын 4.8 хувь нь өмнө нь ял шийтгэгдсэн хүмүүс байгаа бөгөөд тэдгээрийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 3.9 пунктээр буурсан байна.
2010 оны эхний 11 сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчдын 57.2 хувийг ажилгүй иргэд, 14.4 хувийг ажилчин, малчид, 7.7 хувийг хувийн хэвшлийн байгууллагад ажиллагчид, 6.5 хувийг оюутан, сурагчид, 6.5 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 5.4 хувийг төрийн албан хаагчид, 1.3 хувийг төрийн бус байгууллагад ажиллагчид, 1.0 хувийг бусад хүмүүс эзэлж байна (Зураг 4).
Гэмт хэргийг үйлдэгдсэн газраар авч їзвэл, 2010 оны эхний 11 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 34.7 хувь нь гэр, орон сууцанд, 19.5 хувь нь гудамж талбайд, 12.9 хувь нь олон нийтийн газарт, 7.9 хувь нь авто замд, 5.8 хувь нь аж ахуйн нэгжид, 2.6 хувь нь төрийн байгууллагад, 1.9 хувь нь төрийн бус байгууллагад, 1.0 хувь нь нийтийн тээвэрт, 13.7 хувь нь бусад газарт үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас 2010 оны эхний 11 сард 6394 хүн гэмтэж, 1189 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 1476 буюу 18.8 хувиар, нас барсан хүний тоо 156 буюу 11.6 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2010 оны эхний 11 сард 29692.8 сая төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 7009.8 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 7657.9 сая төг буюу 20.5 хувиар, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 4387.0 сая төг буюу 38.5 хувиар буурсан байна (Зураг 5).
Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын 21385.2 сая төг буюу 72.0 хувь нь хувийн өмчид ногдож байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо 2010 оны эхний 11 сард 17347 байгаагийн 975 буюу 5.6 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 6428 буюу 37.1 хувь нь эмэгтэйчүүд байна.
Харин гэмт хэргийн улмаас нийт 328 байгууллагад хохирол учирсны 209 нь төрийн, 50 нь төрийн бус байгууллага, 69 нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байна. Улсын хэмжээнд 2010 оны эхний 11 сард 103.6 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 10.4 мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 17.0 мянга буюу 14.1 хувиар, баривчлагдсан хүний тоо 1.7 мянга буюу 14.3 хувиар буурсан байна.
Энэ оны 11 дүгээр сард 1791 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны 11 дүгээр сарынхаас 291 хэрэг буюу 19.4 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны 11 дїгээр сард хулгайн 519 хэрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 192 гэмт хэрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулсан 504 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс хулгайн хэрэг 27 буюу 5.5 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 80 буюу 71.4 хувь, бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэг 8 буюу 1.6 хувиар нэмэгдсэн байна. Read More......

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо



Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2010 оны 11 дүгээр сарын эцэст 40.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 863 хүнээр буюу 2.2 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Баянхонгор (157 хүн), Ховд (293 хүн), Дундговь (299 хүн), Хэнтий (333 хүн), Архангай (430 хүн), Төв (439 хүн), Өмнөговь (472 хүн), Завхан аймагт (881 хүн) өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.6 хувь нь урьд нь тодорхой ажил эрхэлж байсан, 47.4 хувь нь ямар нэг ажил эрхэлж байгаагүй, ажил хайж анх удаа ХХҮХ-т бүртгүүлсэн иргэд байна. 2010 оны эхний 11 сард аймаг, нийслэлийн ХХҮХ-т ажилгүй 57.7 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй ажилгүй байсан 39.9 мян.иргэн ажилд зуучлагдан орж (Зураг 1), 15.3 мян.иргэн ажил идэвхтэй эрж, хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна...
Энэ оны эхний 11 сард аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны мөн үеийнхээс 10.9 мян.хүн буюу 15.9 хувиар буурсан байна. Зөвхөн 2010 оны 11 дүгээр сард 6152 хүн шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 95 хүнээр, өмнөх сарынхаас 549 хүнээр илүү байна. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад цэргээс халагдсан 4.3 хувь, бусад шалтгаанаар 14.3 хувь, сургууль, курс төгсөөд бүртгүүлсэн 16.1 хувь, орон тооны цомхотголоор 17.0 хувь, мэргэжлийн ажил олдоогүй 24.9 хувь, өөр газраас шилжиж ирсэн 25.4 хувь, цалин багатайгаас 30.3 хувь, байгууллага татан буугдсан шалтгаанаар ажилгүй болсон иргэдийн тоо 36.0 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.4 мянга буюу 52.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 3.9 пунктээр буурсан байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 23.2 мянга буюу 57.1 хувь нь 16-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Дундговь, Баян-Өлгий, Орхон, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дархан-Уул аймагт улсын дунджаас дээгүүр 61.3-70.6 хувьтай байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.9 хувь нь дээд, 5.1 хувь нь тусгай дунд, 5.8 хувь нь мэргэжлийн анхан шатны, 66.4 хувь нь бүрэн ба суурь, 3.3 хувь нь бага боловсролтой, 0.5 хувь нь боловсролгүй хүмүүс байна (Зураг 2). Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бага боловсролтой иргэдийн тоо 6.5 хувь, дээд боловсролтой болон боловсролгүй иргэд тус бүр 7.6 хувь, бүрэн дунд боловсролтой ажилгүй иргэдийн тоо 8.1 хувиар өсч, харин мэргэжлийн анхан шатны боловсролтой ажилгүй иргэдийн тоо 1.9 хувь, тусгай дунд боловсролтой 4.0 хувь, суурь боловсролтой иргэдийн тоо 10.1 хувиар буурсан байна.
Ажилд зуучлагдан орсон иргэдийн тоо 2010 оны эхний 11 сард 39.9 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 4857 хүн буюу 10.9 хувиар буурав. Харин 2010 оны 11 дүгээр сард ажилгүй 4877 хүн ажилд орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 23 хүнээр, өмнөх сарынхаас 1500 хүнээр тус тус илүү байна. Ажилд зуучлагдан орсон иргэдийн 88.3 хувь нь компани, хоршоо болон бусад байгууллагад, 11.7 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад оржээ (Зураг 3).
Аймаг, нийслэлийн ХХҮХ-т 2010 оны 11 дүгээр сард ажилгүй 6.2 мян.иргэн шинээр бүртгүүлж, 4.9 мян бүртгэлтэй ажилгүй иргэд ажилд зуучлагдан орж, 973 иргэн ажил идэвхтэй эрж хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ Read More......

Дотоод худалдаа



Улсын хэмжээнд 2010 оны эхний 3 улирлын байдлаар идэвхтэй ажиллаж байгаа нийт аж ахуйн нэгжийн 48.2 хувь нь худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж, өмнөх оны мөн үеийнхээс 4809 аж ахуйн нэгжээр буюу 32.7 хувиар өсчээ. Худалдааны салбарын нийт аж ахуйн нэгжийн 10.0 гаруй хувь, борлуулалтын орлогын 90.0 гаруй хувийг жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж эзэлж байна.

Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт (оны үнээр) 2010 оны эхний 3 улирлын байдлаар 1465.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 642.8 тэрбум төг буюу 78.1 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд нийт бараа, бүтээгдэхүүний импорт үнийн дүнгээр 51.5 хувь, үүний дотор авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 92.4 хувь, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийх 78.1 хувь, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, телевиз, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 57.3 хувь, эрдэс бүтээгдэхүүнийх 41.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөллөө.

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бөөний худалдааны борлуулалт 488.8 тэрбум төг буюу 96.7 хувиар, жижиглэн худалдааных 154.0 тэрбум төг буюу 48.5 хувиар өслөө (Зураг 1); (Хүснэгт 1). Бөөний болон жижиглэн худалдааны салбарын борлуулалтын 83.4 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Салбарын нийт борлуулалтын 67.8 хувийг бөөний, 32.2 хувийг жижиглэн худалдаа эзэлж байна. Худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал бүх аймаг, нийслэлд 8.8 хувиас 4.3 дахин өсчээ...

Жилийн 5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн худалдааны ашигтай талбай 2010 оны эхний 3 улирлын байдлаар дунджаар 2927.4 ам метр байгаа бол 100 сая төгрөгөөс бага орлоготой жижиг аж ахуйн нэгжийнх 60.8 ам метр байна. (Хүснэгт 2) Жилийн 5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой худалдааны томоохон төвүүдэд нэг ам метр талбайд ногдох дундаж орлого 6.2 сая төгрөг байгаа бол харин 100 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой жижиг дэлгүүрийн хувьд энэ үзүүлэлт 357.5 мянган төгрөг байна (Хүснэгт 2). Худалдааны салбарын нийт аж ахуйн нэгжийн 1.8 хувь нь 8 хүртэл цаг, 91.1 хувь нь 8-10 цаг, 7.1 хувь нь 24 цагаар ажиллаж байна. Худалдааны салбарт 17.3 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн 61.0 хувь нь эмэгтэйчүүд байна.

Read More......

Нийгмийн даатгал, халамж 2010оны 10р сарын байдлаар



Нийгмийн даатгал:

Нийгмийн даатгалын сангийн орлого 2010 оны эхний 10 сард 453.6 тэрбум төг, зарлага 419.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 32.7 тэрбум төг буюу 7.8 хувь, зарлага 11.4 тэрбум төг буюу 2.8 хувиар тус тус нэмэгдлээ.
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр нийгмийн даатгалд 2010 оны эхний 10 сард 532.0 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 329.3 мянга буюу 61.9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 202.7 мянга буюу 38.1 хувь нь төсөвт байгууллагаас шимтгэл төлсөн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2010 оны эхний 10 сард 285.4 тэрбум төг болж, үүний 73.2 хувийг өндөр насны, 12.9 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.2 хувийг тэжээгчээ алдсаны, 6.7 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна (Зураг 1).

Нийгмийн халамж:

Энэ оны эхний 10 сард 176.5 мян.хүнд 41.3 тэрбум төгрөгийг нийгмийн халамжид зарцуулсан бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 1.1 сая хүн буюу 86.6 хувь, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 53.7 тэрбум төг буюу 56.5 хувиар буурчээ. Энэ нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн талаарх хуульд 2010 оны 1-р сарын 1-нээс орсон өөрчлөлттэй холбоотой.
Өмнөх оны мөн үед улсын төсвөөс хүүхдийн мөнгөн тэтгэмж, шинэ төрсөн хүүхдийн мөнгөн тусламж, шинэ гэр бүлд олгосон мөнгөн тусламжаар 1.0 сая хүнд 42.6 тэрбум төг олгож байсныг энэ хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болгосон...
Нийгмийн халамжийн сангаас 2010 оны эхний 10 сард олгосон нийт тэтгэвэр, тэтгэмжийн 21.9 тэрбум төг буюу 53.0 хувийг халамжийн тэтгэвэрт, 12.7 тэрбум төг буюу 30.8 хувийг жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн, 3.2 тэрбум төг буюу 7.8 хувийг ахмад настныг асарч буй иргэдэд, 3.1 тэрбум төг буюу 7.4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэдэд, 432.4 сая төг буюу 1.0 хувийг бүтэн өнчин хүүхэд үрчилж өсгөсний тэтгэмжид тус тус зарцуулсан байна (Зураг 2).
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдагчдын 48.3 хувь нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 31.6 хувь нь халамжийн тэтгэвэр авагчид, 9.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэд, 9.0 хувь нь ахмад настныг асарч буй иргэд, 1.5 хувь нь бүтэн өнчин хүүхэд үрчилж өсгөсөн иргэд байна (Зураг 3).
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2010 оны эхний 10 сард 55.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 12.2 мян.хүн буюу 18.0 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 1.2 тэрбум төг буюу 5.8 хувиар нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 332.5 мян.хүн хамрагдсаны 46.3 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 40.9 хувь нь ахмад настнууд, 5.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 4.9 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд, 2.1 хувь нь алдар цолтой ахмадууд байна. Энэ оны эхнээс Хүний хөгжил сангаас иргэн бүрт 120 мян.төг олгохоор шийдвэрлэсний дагуу эхний 10 сард 2.6 сая иргэнд 198.4 тэрбум төг олгожээ Read More......

Гадаад худалдаа 2010 оны 10р сарын байдлаар




Манай улс 2010 оны эхний 10 сарын байдлаар дэлхийн 127 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4809.8 сая ам.долл, үүнээс экспорт 2275.9 сая ам.долл, импорт 2533.9 сая ам.долларт хүрчээ (Зураг 1). Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 1617.8 сая ам.долл буюу 50.7 хувиар, үүний дотор экспортын хэмжээ 789.0 сая ам.долл буюу 53.1 хувиар, импортын хэмжээ 828.8 сая ам.долл буюу 48.6 хувиар тус тус өссөн байна.
Нийт бараа эргэлт 2010 оны 10 дугаар сард 553.5 сая ам.долл болж, 9 дүгээр сарынхаас 55.8 сая ам.долл буюу 11.2 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 139.4 сая ам.долл буюу 33.7 хувиар тус тус өслөө. Өмнөх оны эхний 10 сард гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 46.8 хувь нь БНХАУ-д, 19.9 хувь нь ОХУ-д, үлдсэн 33.3 хувь нь бусад улсуудад ногдож байсан бол 2010 оны эхний 10 сарын нийт бараа эргэлтийн 55.7 хувь нь БНХАУ, 18.9 хувь нь ОХУ, 25.4 хувь нь бусад улсуудад ногдож байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад БНХАУ-тай хийсэн бараа эргэлтийн эзлэх хувь 8.9 пунктээр нэмэгдэж, ОХУ-тай хийсэн бараа эргэлтийн хувь 1.0 пунктээр, бусад улсуудынх 7.6 пунктээр тус тус буурлаа. 2010 оны 10 дугаар сард гадаад худалдааны нийт бараа
эргэлтийн 55.6 хувь нь БНХАУ-д,14.9 хувь нь ОХУ-д, үлдсэн 29.5 хувь нь бусад улсуудад ногдож байна. Өмнөх оны 10 дугаар сарынхтай харьцуулахад БНХАУ-тай хийсэн бараа эргэлтийн эзлэх хувь 9.6 пунктээр өсч, ОХУ-тай хийсэн бараа эргэлтийн хувь 9.2 пунктээр, бусад улсуудынх 0.4 пунктээр тус тус буурлаа.
Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний 10 сарын байдлаар 258.0 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 39.8 сая ам.долл буюу 18.2 хувиар нэмэгдэж байна. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны 10 дугаар сард 27.8 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2010 оны 10 дугаар сард 17.9 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 9.9 сая ам.долл буюу 35.8 хувиар буурчээ...

Экспорт

Манай улсаас 2010 оны эхний 10 сарын байдлаар 64 оронд бараа экспортолсны 84.5 хувь нь БНХАУ-д, 5.2 хувь нь Канад улсад, 2.9 хувь нь ОХУ-д, 2.6 хувь нь Их Британи улсад, 1.2 хувь нь БНСУ-д, 1.1 хувь нь Итали улсад, 0.9 хувь нь ХБНГУ-д ногдож байгаа нь нийт экспортын үнийн дүнгийн 98.4 хувийг эзэлж байна (Зураг2). 2010 оны эхний 10 сард нийт экспортын 94.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс эзэлж байна (Зураг 3).
Экспортын дүнд өндөр хувийн жин эзэлж буй эрдэс бүтээгдэхүүний экспортыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 888.1 сая ам.долл, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 15.8 сая ам.долл, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүнийх 8.4 сая ам.долл, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэлийнх 6.0 сая ам.долл, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 5.5 сая долл, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 4.5 сая ам.доллараар тус тус өсч, харин үнэт ба хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийнх 134.2 сая ам.долл, ургамлын гаралтай бүтээгдэхүүн болон машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх тус бүр 3.6 сая ам.долл, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийх 0.2 сая ам.доллараар тус тус буурчээ.
Нийт экспортод нүүрс 28.4 хувь, зэсийн баяжмал 27.9 хувь, төмрийн хүдэр 8.6 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.8 хувь, боловсруулаагүй нефть 5.5 хувь, цайрын хүдэр, баяжмал 4.2 хувь, жоншны хүдэр, баяжмал 2.3 хувь, самнасан ноолуур 2.1 хувь, молибдений хүдэр, баяжмал 1.9 хувь, бусад бүтээгдэхүүн 12.3 хувийг тус тус эзэлж байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт экспортод боловсруулаагүй алтны эзлэх хувь 12.6 пункт, цайрын хүдэр, баяжмалынх 1.8 пункт, самнасан ноолуурынх 1.6 пункт, молибдений хүдэр, баяжмалынх 0.4 пунктээр тус тус буурсан бол харин нүүрсний эзлэх хувь 12.5 пункт, төмрийн хүдрийнх 4.7 пункт, зэсийн баяжмалынх 2.3 пункт, жоншны хүдэр, баяжмал 0.7 пункт, боловсруулаагүй нефть 0.1 пунктээр тус тус өсчээ.
Экспортын барааны 99.9 хувийг валютын төлбөртэй худалдаа, үлдсэн 0.1 хувийг бусад бараа эзэлж байна.

Импорт
Манай улс 2010 оны эхний 10 сард нийт 120 оронтой импортын худалдаа хийсний 33.2 хувийг ОХУ, 29.9 хувийг БНХАУ, 5.9 хувийг Япон, 5.8 хувийг БНСУ, 5.4 хувийг АНУ, 2.7 хувийг ХБНГУ, 1.8 хувийг Франц, 1.4 хувийг Сингапур улстай тус тус хийсэн нь нийт импортын 86.1 хувийг эзэлж байна (Зураг 5). Нийт импортод голлох улсуудын эзлэх хувийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад БНХАУ-ынх 4.8 пунктээр, Япон улсынх 1.2 пунктээр, Сингапурынх 0.2 пунктээр тус тус өсч, харин БНСУ-ынх 1.6 пунктээр, Францынх 1.5 пунктээр, ОХУ-ынх 1.4 пунктээр, ХБНГУ-ынх 0.5 пунктээр, АНУ-ынх 0.1 пунктээр тус тус буурсан байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн бүлгийн импорт 219.4 сая ам.долл, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг 203.5 сая ам.долл, эрдэс бүтээгдэхүүний импорт 153.2 сая ам.долл, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт 70.3 сая ам.долл, хүнсний бэлэн бүтээгдэхүүнийх 48.6 сая ам.долл, хуванцар, каучук, түүгээр хийсэн эдлэлийнх 33.9 сая ам.долл, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 29.9 сая ам.долл, целлюлоз, цаас картон тэдгээрээр хийсэн зүйлийнх 12.1 сая ам.долл, мал, амьтад тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүнийх 8.7 сая ам.долл, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 4.9 сая ам.доллараар тус тус өсч, харин түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэлийнх 1.4 сая ам.долл, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх 1.1 сая ам.доллараар тус тус буурсан байна.
2010 оны эхний 10 сард нийт импортын 23.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 21.4 хувийг машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг, 18.3 хувийг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, 7.4 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн, 6.6 хувийг хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, 6.4 хувийг үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн, 3.1 хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үлдсэн 13.8 хувийг бусад бүлгийн бүтээгдэхүүн эзэлж байна (Зураг 6).
Өмнөх оны эхний 10 сарынхтай харьцуулахад суудлын автомашины импортын биет хэмжээ 10053 ш, үнийн дүн 59.0 сая ам.долл, автобензиний импортын үнийн дүн 12.8 сая ам.долл, цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 89.1 сая квт.цаг, үнийн дүн 5.2 сая ам.доллараар тус тус өсч, харин автобензиний биет хэмжээ 30.6 мян.т, гурилын импортын биет хэмжээ 22.9 мян.т, үнийн дүн нь 10.6 сая ам.доллараар буурчээ (Зураг 7).
Гурилын импорт 2010 оны 10 дугаар сард 0.5 мян.т болж, өмнөх оны 10 дугаар сарынхаас 4.8 мян.т буюу 90.7 хувиар буурсан байна. Нефтийн бүтээгдэхүүний импорт 2010 оны эхний 10 сарын байдлаар 646.1 мян.т буюу 510.5 сая ам.долл болж, нийт импортын үнийн дүнгийн 20.1 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 45.0 мян.т буюу 7.5 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад цагаан будааны импортын биет хэмжээ 4.8 мян.т, үнийн дүн 6.1 сая ам.доллараар өсчээ. 2010 оны эхний 10 сард цагаан будааны импортын 56.9 хувийг Япон улсаас, 28.8 хувийг БНХАУ-аас, 7.6 хувийг ОХУ-аас импортолсон ба үүнээс Япон улсын эзлэх хувь 2010 оны эхний 9 сарынхаас 56.8 пунктээр өссөн байна.
Элсэн чихрийн импорт 2010 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеийнхээс 7.7 мян.т, үнийн дүн 5.5 сая ам.доллараар нэмэгджээ. Элсэн чихрийн 34.9 хувийг Тайланд улсаас, 19.0 хувийг Малайз улсаас, 18.9 хувийг БНСУ-аас импортолсон бол ургамлын тосны 93.3 хувийг ОХУ-аас импортолжээ. Гурилын импортын 84.7 хувийг ОХУ-аас, 13.4 хувийг Казахстан улсаас импортолсон бөгөөд үүнд ОХУ-ын импортолсон гурилын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 пунктээр буурч, харин Казахстан улсынх 1.6 пунктээр өсчээ.
Импортолсон барааны 91.7 хувийг валютын төлбөртэй худалдаа, 3.9 хувийг гадаадын хөрөнгө оруулалтын бараа, 3.7 хувийг тусламжийн бараа, 0.5 хувийг зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.2 хувийг бараа солилцоо эзэлж байна. Read More......

”Х.Тэмүүжин Ардчилсан намаас шахагдаж болно”


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцээд эхэлчихлээ. Үүгээр яг ямар зохицуулалт хийж байгаа юм бэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт шаардлагатай болсон тухай бид сүүлийн хэдэн жил ярьсан. Гэвч үүнд чухам юуг нь өөрчлөх, өөрчлөхгүй, өөрчлөхийн тулд ямар шалгуурууд байх ёстой, хуулиа яаж өргөн барьж, яаж, ямар хугацаанд хэлэлцүүлэх гэдэг процедурыг нарийн зааж өгөх ёстой. Тэгэхгүй бол 2000 онд хийсэн өөрчлөлт шиг бараг хоёр цагийн дотор хэлэлцээд өөрчилчихөж болохгүй шүү дээ. Бид улстөрчдийг сайн хүн, сайн зүйл авчирна гэж харахаасаа илүү хэрэв муу хүн гараад ирвэл энэ систем өөрөө яаж аюулгүй, хамгаалагдсан байх вэ гэдгийг бодох ёстой.
-Гэвч одоо хэлэлцэж байгаа энэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай журмыг хуульчилчих юм бол нөгөө 2000 онд нэг нам дангаараа хууль зөрчөөд хийчихсэн өөрчлөлтийг залруулж чадахгүй хэвээр нь үлдээчих магадлалтай гэсэн болгоомжлол бас сонсогдож байсан?
-Үгүй л дээ. Хуулийн төсөл анхнаасаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд баримтлах ёстой зарчмуудыг тусгасан. Гэхдээ хуулийн агуулгад бүхэлд нь өөрчлөлт оруулах биш, засч сайжруулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийхэд чиглэсэн журам. Үүний тулд тодорхой хязгаарлалтуудыг хийж өгсөн. Жишээ нь, Үндсэн хуульд байгаа засаглал хуваарилах зарчим, хүний эрхийг хангах заалтуудыг өөрчилж, хасч болохгүй, утга санааг нь өөрчилж болохгүй гэх мэтчилэн. Өчигдөр Лу.Гантөмөр гишүүн санал оруулж байна лээ. 2000 оны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөө эхлээд буцаая. Дараа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу өөрчлөлтүүдээ хийе, нэг цэгээс эхэлье гэж. Энэ нь ч зөв гэж үзээд бид 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг буцаах тухай хуулийн төсөл өргөн барихаар болсон.
-Засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх, сонгуулийн системээ өөрчлөх гээд олон зүйлд Үндсэн хуулийн өөрчлөлт шаардлагатай гэж үздэг. Өөрчлөх шаардлагатай гэдэг эдгээр асуудал дээр хоёр нам нэгдсэл байр суурьт хүрсэн юм уу?
-Үндсэн хуульд ямар нэг байдлаар өөрчлөлт оруулах ёстой юм байна гэдэг дээр хоёр нам санал нэгдсэн. Гэхдээ том хэмжээний өөрчлөлт биш. Сонгуулийн хуулийг пропорционалиар явуулахаар боллоо гэхэд Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэж, Цэц шийдвэр гаргаад зогсоочих магадлал байна. Гэтэл парламентын засаглалтай оронд сонгуулийг пропорционалиар явуулахгүй бол парламент нь одоогийнх шиг ийм хариуцлага байхгүй дампуу болдог. Пропорциональ элемент оруулж ирэхийн нэг давуу тал нь сонгуулиас өмнө Засгийн газар зарлагддаг. Манай Ерөнхий сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайд энэ, бид ийм бодлого хэрэгжүүлнэ гээд бодлогоороо өрсөлддөг. Пропорциональ байхгүй учраас учраас манайд сайдууд зарлагддаггүй, сонгууль болсны дараа “Би их хандив өгсөн, би сайд болох ёстой” гээд сонгогчдын төсөөлөөгүй Засгийн газар гараад ирдэг. Пропорционалийн давуу тал нь сонгогчид “Эдний намын Засгийн газар нь энэ, ийм бодлого хэрэгжүүлэх юм байна” гэж, нам гэдэг хоосон нэрэнд биш, бодлого, хүнд нь өгөх бололцоотой.
-Гэхдээ нэг талаар эрсдэлтэй л юм байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай, С.Баярцогт гэдэг Сангийн сайдтай Ардчилсан намын Засгийн газар бий болно гэхээр яг одоогийн нөхцөлд бол Ардчилсан намд эрсдэлтэй л харагдаж байна?
-Тийм учраас л намын хариуцлага байхгүй юу. Сонгогчдоосоо санал авахын тулд бодлого ямар байх, хүн нь хэн байх вэ гэдгийг шүүх хэрэгтэй болно. Энэ намын дарга учраас, энэ надад сайн учраас гэж кабинетаа дэвшүүлбэл ялагдана л гэсэн үг. Ялагдах нь чухал уу, ялах нь чухал уу? Нам ч гэсэн өөрөө шинэ шатанд гарна гэсэн үг л дээ. Одоо бол нам улс орны цогц бодлогын хэмжээнд харахаасаа илүүтэйгээр ттойрог дээр илүү нэр хүндтэй байна гээд нэр дэвшүүлдэг, тэгээд баахан шуудайд хийсэн үхрийн эвэр шиг нөхдүүд гараад ирдэг, дандаа хоорондоо хэрэлддэг, нэгдсэн бодлого гэж байхгүй. Бие биедээ зөв шаардлага тавьж чаддаггүй, хариуцлагагүй, шаардлага тавихаар “тэр, энэ фракци” гээд бие биеэ жийдэг. Тийм нэг хариуцлагагүй систем рүү манай сонгуулийн тогтолцоо чирээд байна. Гэхдээ 100 хувь пропорциональ руу шилжье гэж одоохондоо ярихгүй. Орон нутгийн төлөөлөл байх ёстой. Гэхдээ парламентын засаглалын систем маань улс орны хөгжлийг нэг бодлогоор удирдах ёстой учраас энэ бодлогыг чирж явах тэр хэсэг нь бас байх ёстой. Энэ хоёрын балансыг тэнцвэржүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юм байна гэдэг дээр намууд үндсэндээ ойлголцолд хүрсэн.
-Хувь хүнтэй нь холбож хэлж байгаа юм биш л дээ. Н.Алтанхуяг сайн Ерөнхий сайд байхыг хэн мэдэх вэ, С.Баярцогтоос илүү Сангийн сайд жишээ нь хэн байхыг хэлж мэдэхгүй. Зүгээр нийгэмд бас нэг тийм сөрөг хандлага бий болчихоод байна, хамтарсан Засгийн газраас болоод. Үүнийг даван туулна гэдэг хэцүү байх?
-Даван туулах л ёстой. Тэгж байж намууд илүү хариуцлагатай, зохион байгуулалттай болно. Хамгийн гол нь бодлогоороо өрсөлддөг болно. Одоо бол намууд бодлогоороо өрсөлдөхгүй, хэн илүү хор найруулж, хэн илүү сонгогчид таалагдаж, хэн илүү жижиг тойргийг зөв тойглож чадаж байгаа нь улстөрч болж харагдаж байгаа. Хэнд илүү шинэчлэлийн бодлого байна, хэн илүү эрүүл саруул үзэл бодолтой байна гэдэг нь намд сонин биш байна. Үүнийг өөрчлөх нэг арга зам нь сонгуулийн системийг өөрчлөх. Магадгүй 2012 онд пропорциональ системийг ашиглах нь Х.Тэмүүжинд ашиггүй байж болно, Ардчилсан нам дотроос Х.Тэмүүжин шахагдаж ч болно. Гэхдээ энэ тогтолцоо улс оронд хэрэгтэй. Хамгийн чухал нь гуравдагч хүчин гарч ирнэ. Зөвхөн хоёр нам ингээд яваад байх биш, гуравдагч хүчний орон зай заавал гарч ирнэ. Хоёр гурваараа биш, намын бүлгийн хэмжээнд ч гарч ирж болно. Хэрвээ хоёр нам арчаагүй байх юм бол. Магадгүй пропорционалиар сонгууль явууллаа гэхэд 2012 оны сонгуульд Ардчилсан намд хохиролтой ч байж болно. Гэхдээ л үүнийг хийх ёстой.
-Ирэх долоо хоногт УИХ-аар Сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх ёстой, маш олон зүйл, заалттай, том хууль. Хуулийн гол үндсэн концепци нь юу юм бэ?
-Бид асуудлыг цогцоор нь харах ёстой. Манай Засгийн газар, УИХ бодлогыг хэтэрхий жижиглээд, мөчлөөд байна. Тэр жижиг хэсгүүд нь нэгдээд яг юу хийх юм бэ гэдэг нь харагддаггүй. Ийм байдлаасаа гарахгүй бол болохгүй нь. Хүнээр үлгэрлэвэл нэг нь хамар, нөгөө нь нүд, гурав дахь нь чихийг нь барьчихсан. Цагаар жишээлэхэд араа шүд, бүх юм нь зохицож байж тэр цаг ажиллана биз дээ. Гэтэл нэг нь аймаар гоё алтан араа барьчихсэн “энэ манайд таарна” гээд, нөгөө нь “энэ ёстой сайн зай, бидэнд хэрэгтэй” гээд, хүн бүр энд тэндээс авчирсан баахан юм нийлүүлээд цаг болж ажилладаггүй. Хэрэглэх гэж байгаа хүн нь хэдэн цаг болж байгааг хэлэх бололцоогүй. Энэ бодлогыг яаж өөрчлөх вэ гэдгийг л харж байна.
Би өөрөө хуулийн салбарын хүн. Хууль зүйн салбар яагаад асуудлаа цогцоор нь харж чадахгүй байна вэ гэхээр цагдаагийн байгууллага нь цагдаагийн хуулиа яриад байдаг.. Прокурорын байгууллага нь, шүүх нь нэг өөр зүйл яриад. Зангидаад том бодлогоо барих ёстой Хууль зүйн яам нь ажлаа өөр хүмүүсээр хийлгэчихээд, авчирсан юмыг нь эвцэлдүүлэх гээд өөрсдөө ч сайн ойлгохгүй.Тэгээд л хууль, шүүхийн байгууллагын нэр хүнд унаад байдаг. Авлигатай тэмцэх тухай олон жил ярилаа. Тэгсэн хэрнээ яаж тэмцэх вэ гэдэг цогц бодлого нь байхгүй. Ямар хуулиудад яаж өөрчлөлт оруулах, ямар механизмуудыг нь сайжруулж, чадваржуулах юм, нэгдсэн фронтоор авлига гэдэг зүйлийг яаж шахах юм гэдэг нэгдсэн бодлого нь хаана байна, хэнд нь ч байхгүй. Хурлын индэр дээрээс, ард түмний өмнө бүгд л “Авлига муухай, Монголд хээл хахууль цэцэглэж байна” гэж ярьдаг мөртлөө “Тэгээд үүнийгээ яах вэ” гэхээр хэнд нь ч санал байхгүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд асуудлыг цогцоор нь харах хэрэгтэй байна. Нэгдүгээрт авлигыг бойжуулаад байгаа хөрс болсон сонирхлын зөрчил гэдэг юмыг тодорхойлох ёстой. Авлигын газрын зургийг гаргаж өгдөг сонирхлын зөрчлөө хуульчлаагүй учраас таамгаар “авлига тэнд байгаа, энд байгаа” гэж яриад хоосон яриад, бодитойгоор юу ч хийж чадахгүй байна.
-Нэрээ нуусан этгээд утсаар мэдээлэл өгөхийг хүлээгээд л үү?
-Тийм л байхгүй юу. Сонирхлын зөрчилтэй газар л авлига гардаг болохоос сонирхлын зөрчилгүй газар авлига гарахгүй. Авлига гэдэг чинь мөнгө. Авлига өгөх гэж байгаа компанийн эзэн ч бай, хэн ч бай тэр мөнгийг хөлсөө урсгаж олж байгаа. Түүнийгээ дуртай хүндээ өгнө гэж байхгүй. Өөрийнх нь сонирхлыг хэрэгжүүлж чадах сонирхлын зөрчилтэй хүнд л өгнө. Тиймээс авлигын хамгийн эхний үр нь сонирхлын зөрчил. Тиймээс төрийг яаж сонирхлын зөрчлөөс ангид байлгах вэ гэдгийг эхлээд шийдэх ёстой. Хоёрдугаарт сонирхлын зөрчил болоод авлигын зөрчлийн ялгаа заагийг гаргаж, тохирсон хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Ялгаа заагийг нь гаргаагүйгээс ялаа алахын тулд лантуу барьж гүйгээд, эсвэл арслан алах гээд сонин барьж гүйгээд байгаа нь тодорхойгүй. Хариулт нь тодорхойгүй, хариуцлага нь өөрөө болхи, юу агнах гээд байгаа нь мэдэгддэггүй. Нөгөө “өвсөн тэжээлт”, “махан тэжээлт” гэдэг шиг том авлигачид руугаа сонин, жижиг авлигачид руугаа лантуу барьж дайраад байна.
-АТГ сүүлийн үед сумын сургуулийн багш, соёлын төвийн эрхлэгчийн авлигыг л илрүүлдэг болсон шүү дээ?
-Харин тийм учраас сонирхлын зөрчил, авлигын зөрчил хоёроо ялгамжтай тавьж, таарсан хариуцлагыг нь хуульчилж өгөх ёстой. Сонирхлын зөрчлийн тухай хуулийг гаргахаас гадна Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах ёстой юм байна. Хуулийг бичих явцдаа харахад Авлигын эсрэг хуульд авлигын зөрчил огт бичигдээгүй, цөөн тооны сонирхлын зөрчил л бичсэн байгаа байхгүй юу. Албан үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчид удирдлагаас нь дарамт шахалт үзүүлбэл яах вэ гэдэг тухай огт байхгүй. Авлигын хуулинд авлигын зөрчлийг нь тавьж өгөөд авлигын зөрчил, сонирхлын зөрчлийнхөө хүнд хэлбэрүүдийг Эрүүгийн хуулиндаа тавьж өгөх вэ гээд харахаар дахиад Эрүүгийн хуульд дахиад “үндэслэлгүй баяжих” гэдэг авлигын хамгийн том зөрчил байхгүй. Тиймээс Авлигын хууль, Сонирхлын зөрчлийн хууль, Эрүүгийн хуулинд ингэж хийх юм байна, цогц бодлого нь ийм байх юм байна, үүнийгээ дагаад хяналтууд нь энд байх юм гээд, үүнд парламент, засгийн газар яаж хяналтаа тавих, ямар үе шаттайгаар хэрэгжүүлэхийг нь нарийн гаргаж, нэлээн цогцоор нь харсан хуулийн төсөл болсон.
-Дагаад их олон хуульд өөрчлөлт орох юм байна?
-Тийм. Авлигын хуулийн өөрчлөлтөөс гадна Төрийн албаны хууль, Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг ч бас хамтад нь өргөн барьсан. Энэ хуулиуд агуулгаа зөв тээхийн тулд одоо хэрэглэж байгаа социалист нэр томьёо, буруу агуулгатай хуучин ойлголтуудыг ч солих ёстой. Түүний нэг нь төрийн алба. Нийтийн алба, нийтийн албан тушаал, нийтийн чиг үүргүүдийг төрийн алба гэдэг явцуу бөгөөд дундад зууны ойлголтоор нэрлээд явах шаардлага байна уу. Дахиад ойлголтуудаа шинэчлэх ёстой болж байна. Манайд төрийн дээд албан тушаалтан гэж нэрлэдэг шүү дээ, ардчилсан нийгэмд тийм юм байхгүй. Нийтийн албыг дотор нь эрх мэдэл хуваарилах зарчмаар парламентын, Засгийн газрын, шүүх эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг гэж хуваасан. Төрийн дээд, доод, дунд албан тушаалтан гэдэг ойлголт байхгүй болно. Энэ чиг үүргүүд нь бодлогоосоо шалтгаалаад хяналтуудыг нь зохицуулсан.
-Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэх, хүлээж авах улс төрийн орчин манайд байна уу?
-Нийгмийн орчин бол байна. Шийдвэр гаргадаг хүмүүс л үүнийг ойлгохгүй байна. Засгийн газар манай төслийг буцаалаа гэдэг хариугаа өнгөрсөн долоо хоногт өгсөн байна лээ. Тэгэхээр дахиад маргаан үүсч байна. Хуулийн төсөл бичээд Засгийн газраас саналыг нь авахаар өгөөд гурван сар өнгөрч байна. Хуулиараа 14 хоногийн дотор саналаа өгөх ёстой. өгөөгүй бол “саналгүй” гэж үзээд хууль санаачлагч нь өөрөө УИХ-д өргөн барих ёстой. Энэ дагуу бид сар хагасын өмнө УИХ-д хуулийн төслөө өргөн барьчихсан. Гэтэл Засгийн газар хоёр сар хагасын дараа гэнэт ухаан орсон юм шиг авч хэлэлцээд, “Үүнийг чинь дэмжихгүй” гэж байгаа байхгүй юу. Засгийн газар хууль яаж хэлэлцэхийг УИХ-д заах гээд байгаа юм уу, өөрсдөө хуулиа мөрдөөгүй байж.
-Тэгвэл хуулийн төсөл цаашаа хэлэлцэгдэнэ гэсэн үг үү?
-Тийм. Хамгийн их сонирхлын зөрчилтэй, авлигад идэгдэх магадлалтай Засгийн газар өөрийнхөө эрх зүйн орчинг сайжруулах дургүй байна л гэсэн үг. Хоёрдугаарт, авлига, сонирхлын зөрчлийг хянах асуудал Засгийн газрын ажил гэхээсээ илүү УИХ, УИХ-ын хяналтын эрхийг хэрэгжүүлдэг АТГ-ын асуудал. Тиймээс хуулийг өргөн барих явцад Засгийн газраас заавал санал авах ч албагүй. Гэхдээ саналыг нь сонсохын тулд улс төрийн соёл гаргаад саналыг нь авья гэсэн. Харамсалтай нь, хуулийнхаа хугацаанд хариугаа өгсөнгүй.
-Хэлэлцүүлгийн хуваарьт яг орсон уу?
-Энэ долоо хоногт орно гэсэн. Д.Дэмбэрэл даргатай би өнгөрсөн долоо хоногт уулзсан. Төсвийн хууль хэлэлцэж дууссаны дараа шуурхай оруулах арга хэмжээ авна гэсэн. Авлигатай холбоотой хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, хариуцлагыг илүү нарийвчлах шаардлага байгаа гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа гэж бодож байна.
-Хуулийн төсөлд албан тушаалтан бүртгүүлсэн хөрөнгө орлогоо хаанаас ямар эх үүсвэрээр олсон бэ гэдгээ хэлж чадаагүй бол хөрөнгийг нь хураах заалт байсан?
-Үүнийг “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэж үзнэ. Энэ чинь авлига байж магадгүй гэж хардах үндэслэл биз дээ. Тэгээд тайлбарлаж чадахгүй байна гэдгийг прокурор нотлоод эрүүгийн хэрэг болоод явчихвал хураана. Тэр процессоос наана хөрөнгө хураах асуудал байхгүй. Шүүхийн процесс явж дууссаны дараа “Уучлаарай, та үүнийг тайлбарлаж чадахгүй байгаа учраас үндэслэлгүйгээр баяжсан гэж үзэж байна” гээд хөрөнгийг хураана, энэ үйлдийнх нь төлөө авлигын хэрэгт шалгана гэсэн үг. Энэ мөнгө хаанаас орж ирсэн бэ гэдгийг прокурор тогтооно. Тогтоож байгаа нөхцөл нь сонирхлын зөрчил болон авлигын хэлбэртэй байвал шоронд суухаас өөр аргагүй.
-Ерөнхийлөгч “Бүгдээрээ нэг гараанаас гарья, өмнөх бүх хөрөнгөө үнэн зөвөөр мэдүүлээд үүнээс хойш хяналттай явья” гэж хэлж байсан. Татварын өршөөлийн хууль ч мөн тэр л зарчмаар гарсан. Хууль эргэж үйлчлэхгүй гэдэг. Сонирхлын зөрчлийн хуулийг ч гэсэн ингэж хийхгүй бол өнөөдрийн нөхцөлд парламентын босго давж чадахгүй юм биш үү?
-Хууль угаасаа урагшаа үйлчилдэггүй. Эрүүгийн хуулийн зарчим тийм. Хүчин төгөлдөр болсноосоо хойш л үйлчилдэг. Хууль баталсны дараа хүмүүс орлогоо мэдүүлнэ, тэр орлогоос нь хойш тооцогдоод явна гэсэн үг. Хуулийн үйлчлэл тэгэхээр 2011 оны хоёрдугаар сард гарсан хөрөнгө орлогын болон сонирхлын зөрчлийн мэдүүлгээс хойш эхэлнэ гэсэн үг. Эргэж үйлчлэхгүй.
-Төрийн албан тушаалтнуудад маш олон хязгаарлалтыг хийж өгсөн байсан. Энэ талаар?
-Сонирхлын зөрчлийг бид цогцоор нь тэр болгон баримжаалж хардаггүй байсан. Жишээ нь, давхар ажил эрхлэлт гэдэг сонирхлын зөрчлийн хамгийн том хэлбэр. Төрийн албан хаагч ямар ажлыг давхар эрхэлж болох вэ, ямар ажлыг хориглох вэ. Төрийн албаны тухай хууль, УИХ-ын тухай хуульд тодорхой заалтууд байгаа. Хууль шүүхийн ажилтан эрдэм шинжилгээний болон багшлах ажлаас өөр ажил эрхэлж болохгүй гэх мэтчилэн. Энэ заалтууд бүгдээрээ Сонирхлын зөрчлийн тухай хуульд хумигдаж орж ирнэ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хэрвээ шүүгч бол давхар ажил хийхийг хориглоно. Одоо бол Цэцийн гишүүн өмгөөлөл хийж байна, гадаадын байгууллага төлөөлөөд явж байна, төрийн албан хаагч мөртлөө нутгийн зөвлөлийн дарга хийгээд явж байна. Ийм жишээ маш олон. Энэ зөрчлүүд шийдэгдэнэ. Төрийн албанаас авч байгаа цалингийнхаа талаас илүүг олдог аж ахуй нэгж эрхлээд ирэх юм бол сонирхлын зөрчил үүснэ. Аль ажлынхаа араас тэр хүн явах вэ. Тэгэхээр уучлаарай, та бизнесээ хийвэл төрд битгий ажил, төрд ажиллах юм бол бизнесээ орхи оо гэсэн шаардлага тавигдана. Тэгэхгүй бол бизнес хийдэг, бизнесээ хамгаалахын тулд төрд ажилладаг нөхцөл үүсчихлээ. Тэр байтугай төрийн албанаас чөлөөлөгдсөнийхөө дараа ямар ажил хийж болохгүй вэ гэдгийг ч нарийн зааж өгсөн. Сонирхлын зөрчил гэдэг зүйлийг бид тэр чигээр нь сул тавьчихсан учраас авлига газар авсан. Энэ хууль гарснаар төрийн албыг нийтийн алба болгож, Төрийн албаны хууль бүрэн шинэчлэгдэх ёстой. Төрийн албатай холбоотой маш олон зохицуулалтууд цогцоороо шинэчлэгдэнэ. Үүний дараа төрийн албаны зөвлөлийг ямар байгууллага болгох вэ гэдэг дараачийн шинэчлэл явна. Бүхэлдээ ардчиллын чанар, агуулгын шинэтгэлд нэг том давалгаа эхэлнэ. Одоо бол бид ардчиллыг хэлбэрийн хувьд бий болгочихсон шүү дээ.
-Энэ том хуулийг гэвч хэр удаан хийсэн юм бэ?
-Зөвхөн судалгааг нь хоёр жил хийсэн. МУИС, Судалгааны нээлттэй академи дээр. Манайд сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал дөрвөн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Н.Энхбаяр Ерөнхийлөгчий үед нэг хуулийн төсөл бичигдсэн. Энэ төсөл дээр Австралиас нэг зөвлөх ирж шүүмжлэл бичээд, өөрийн моделийг бас гаргаж ирсэн байдаг. Дараа нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед бас ажлын хэсэг гарч ажилласан. Тэгээд их сургууль дээр болон өөр олон газрууд дээр хийгдсэн судалгаа, Дэлхийн банк, НҮБ дээр хийсэн судалгааг бүгдийг нь нэгтгээд нэлээн том, цогц хууль гаргах ёстой юм байна гэж үзээд хуулийн төслийг шинээр бичсэн.
-УИХ-ын гишүүдийн цалин одоо сая гаруй төгрөг болсон байх, сүүлийн нэмэгдлээр. Гэвч энэ бол хувийнхаа эрх ашгийг бүгдийг хойш тавиад төрийн, таны хэлснээр нийтийн албанд зүтгэх хэмжээний орлого мөн үү? Хууль гарсны дараа төрд хэн ажиллах вэ гэдэг асуулт гарч байна?
-Энэ хуулийн хамгийн гол зорилго л тэр шүү дээ. Сонирхолгүй, сэтгэлгүй, сонирхлын зөрчилтэй, нийтийн эрх ашгийг бодохоосоо илүү хувийнхаа, хэсэг бүлгийн эрх ашгийг хангах гэж явдаг хүмүүсийг төрөөс цэвэрлэх. Үнэхээр энэ хууль үйлчлээд, авлига, эрүүгийн хуулийн систем цогцоороо ажиллаад эхлэвэл төрд байгаа өөр ашиг сонирхолтой нөхдүүд шахагдаж эхэлнэ. Мэдээж хэрэг нөгөө талаас эсэргүүцэлтэй тулах нь ойлгомжтой. Эсэргүүцлээ зарим нь илэрхийлж эхлээд байгааг ч би мэдэрч байна. Гэхдээ үүнийг хийхгүйгээр уул уурхайн энэ их мөнгө Монгол Улсыг дампууруулна. Уул уурхайн их мөнгөн дээр тулгуурласан төрийн энэ их эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, нийтийн эрх ашиг руу чиглүүлэхийн тулд энэ хууль юу юунаас илүү чухал. Бараг л ардчиллын амин сүнс болно.
-Хууль гарлаа, сонголтоо хийгээд яв гэвэл одоо байгаа төрийн албаныхнаас хэр олон нь үлдэх бол?
-Мэдэхгүй л дээ. Сонголтоо хийгээд тодорхой хэсэг нь явах байх. Дийлэнх нь үлдээд хуучнаараа үзнэ ээ гэх байх. Тэр нөхдийг нөгөө сонирхлын зөрчлийн мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлэг, үүнд гарч байгаа өөрчлөлтийн хяналтаар барьж аваад цэвэрлээд эхэлнэ. Хууль гарсны дараа бид тавдугаар сард дахиад парламентын Нээлттэй сонсгол хийнэ. Энэ хуулийн шүүлтүүрт ороод шүүгдэж байгаа хүмүүсийг “жараахай”-наасаа эхлээд “тул” хүртэл нь таарсан хариуцлагыг нь хүлээлгэж эхэлнэ. Өнгөрсөн тавдугаар сарын Нээлттэй сонсголоор ямар ч хариуцлага тооцож чадаагүй шүү дээ. Улстөрчид нь хүртэл “энэ чинь жараахай л байна шүү дээ” гээд өнгөрсөн. “Жараахай”-гаа барьж чадахгүй авлигын механизмтай улс орон “тул”-ыг бол бүр барьж чадахгүй.
-Та хууль гарчихсан юм шиг ярьж байна. Яг үнэндээ энэ хууль гарах уу гэдэгт би лав эргэлзэж байна?
-Энэ хуулийг гаргахын төлөө УИХ ажиллах ёстой. Үүний төлөө зогсох УИХ-ын гишүүн 76-гийн бараг тал нь байгаа шүү. УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ тэр авлигын сүлжээнээс юм олж байгаа гэж бодож байна уу, үгүй. Өөрөө хүсэхгүй учраас тийшээ орохгүй нэг хэсэг байгаа, хүсээд ч тийшээ орж чадахгүй хэсэг бас байгаа. Тэд нь бас ууртай л байгаа шүү дээ. Дургүй л байгаа. Тийм учраас ний нуугүй хэлэхэд сонирхлын зөрчлийн энэ хуулийг батлахад магадгүй Засгийн газар, УИХ-ын хил хязгаар аягүй тод гарч ирнэ. УИХ-ын гишүүд мөнгөө Засгийн газрын туслалцаатайгаар л олно. Тэр сонирхлын зөрчлийн сувгууд дээр байгаа хүмүүсийг л барьж авахад зориулагдсан хууль учраас Засгийн газар болон тэдэнтэй хэлбээ холбоотой хэсэг нь эсэргүүцэж магадгүй. Үнэхээр Монгол Улсыг гэрэл гэгээтэй болгоё гэвэл тэд ч бас дэмжиж магадгүй, би найдаж байна. Гэхдээ нөгөө талд байгаа гишүүд бол нэлээд хурц бөгөөд тодорхой дэмжинэ. Тийм учраас хууль эхний хэлбэрээрээ биш юм гэхэд ямар нэг байдлаар батлагдана.
-Тэгвэл танд амжилт хүье. Магадгүй энэ хуулийг дэмжиж гаргасан хүмүүс ирэх сонгуульд сонгогчдын өмнө нүүр бардам зогсох бас нэг шалгуур болох нь?
-Улс төрийг цэвэр байлгая, хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашиг, улс орны хөгжлийн төлөө явья гэж бодож байгаа бол улстөрчдөд үүнийг дэмжих улс төрийн хүсэл эрмэлзэл зайлшгүй байх ёстой. Эсэргүүцэж байгаа хүн бол нөгөө аалзны торон дотор байна, өөрөө аалз нь, эсвэл тэр торноос хувь хүртэх гэж горьдож суугаа хэсэг л гэж харагдана. Улстөрчдийг аль нам бэ, парламентад хэр удаан суусан бэ гэж хуваахаас илүүтэйгээр авлигын эсрэг хэн зогсч байна, хэн авлигын талд зогсч байна гэдгийг харуулах том талбар л гэж би харж байна.

Б.СЭМҮҮН.
Read More......