Хүүхдүүд бүтэн өдрийн турш Чингис хаанаар амьсгална

Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэхээр МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргасан билээ. 
Үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Гантөмөр “Монгол үгийн чуулган” наадмыг арваннэгдүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулахаар тушаал гаргасан юм. 

“Үндэсний бахархалт өдөр”-ийг тэмдэглэх гэж байгаа нь БШУЯ-ны хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх зорилттой ихээхэн уялдаж байгаа юм. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Монголын нууц товчоо”-ны түүхэн үнэн, уран яруу үг хэллэгээр үгийн сангаа баяжуулж, оюуны цараагаа тэлэх, эх хэлээрээ зөв ярих, өвөг дээдсийнхээ үлгэр дуурайллаар хүмүүжих, үндэсний бахархлыг сэргээх зорилгоор тус наадмыг зохион байгуулж байна. 

“Монгол үгийн чуулган” наадам улс орон даяар явагдах бөгөөд ЕБС-уудын нийт сурагчид, багш, эцэг, эхчүүдийн дунд “Монголын нууц товчоо”-г унших хөдөлгөөн өрнүүлж, хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон сонирхолтой ажлуудыг хэрэгжүүлэх юм. Тухайлбал, бага ангийнхны дунд “Тэмүүжин” дуурь үзүүлэх, “Чингис хаан” цуврал ном уншуулан тодорхой сэдвээр гар зургийн болон зурагт ном бүтээх, үзэсгэлэн гаргана. 

Дунд ангийн сурагчдын дунд “Миний мэдэх Чингис хаан”, “Монголын нууц товчоо бидний амьдралд” сэдвүүдээр зохион бичлэг, тайлбар зурагт мэдээллийн самбар, АХА тэмцээн, “Бид Чингисийн удмынхан” урлагийн тоглолт, дүрийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Харин ахлах ангийнхны дунд “Монголын нууц товчоогоор аялцгаая” уншигчдын бага хурал, илтгэлийн уралдаан, ахмад багш, нэрт зохиолчидтой уулзалт ярилцлага зохиох гэх мэт олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байна. 
Энэ мэтчилэн хүүхдүүд сэтгэл дотроо өөр өөрийн Чингэсийг зураглаж, бүтэн өдрийн турш эзэн Чингис хаанаараа амьсгалж өнжих нь ээ.  Read More......

Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн гэдэгт эрдэмтэд санал нэгдсэн


Эрдэмтэн, судлаачид нэлээд их ярьж хэлсний хүчинд энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх болсон.  Харин ирэх жил их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой болно. Гэвч өнөө хүртэл Чингисхааныхаа төрсөн өдрийг санал нэгтэйгээр тогтоогүй байгаа. Энэ талаар МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн багш, профессор Ш.Чоймаатай ярилцлаа.

-Чингис хааны төрсөн он дээр эрдэмтэд санал нэгддэг юм байна. Харин сар, өдрийн хувьд  хэр зөрөлддөг юм бэ?
- Эзэн богд чингис хааны мэндэлсэн он цаг, сар өдрийг түүхэн сурвалж тэргүүтнээр нягтлах нь” гэсэн судалгааны өгүүллийг 2003 онд би хэвлүүлсэн юм. Дараа нь судлаачид дэмжсэн байсан. Чингис хааны мэндэлсэн оны тухайд гадна дотнын олон түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Энэ баримтуудыг үзэж нягтлахад дэлхийн монголч эрдэмтэд, түүхчдийн хүрээнд 1162 он дээр тогтсон. Тиймээс анх 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэж, одоогийн Хэнтий аймгийн гурван нуурын ойролцоо сүрлэг сайхан хөшөө байгуулж байв. Дараа нь 2002 онд Чингис хааны 840 жилийн ойг тэмдэглэсэн. Тэгэхээр ирэх жил Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх ёстой юм. 1962 онд анх тэмдэглэхдээ тавдугаар сарын 31-нд тэмдэглэсэн. Энэ нь ул үндэсгүй хэрэг биш. Лувсанданзангийн “Алтан товч”   тэргүүтэй нэлээд хэдэн сурвалжид Чингис хааныг зуны тэргүүн сарын 16-ы улаан тэргэл өдрийн дөл цагт /морин цагт/ мэндэлсэн гэсэн мэдээ байдаг. Билгийн тооллын энэ цагийг одоогийн христын он тоололд шилжүүлж тогтоосон хэрэг.
-Тэгэхээр дараа жил хэдийд тэмдэглэх нь зүйтэй гэж  эрдэмтэд үзэж байгаа вэ?
-Гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөрөг гэдэг бол ертөнцийн түүхэнд нэрээ мөнхөлсөн их хүнд байтугай эгэл жирийн нэгэнд ч эрхэм зүйл  л дээ. Тиймээс яалт ч үгүй эзэн богд Чингис хааныхаа мэндэлсэн жил, сар өдрийн тухайд түүхэн сурвалжуудаа дахин сайн нягтлаад, нэг өдрийг тогтож авах нь чухал байгаа юм. Энэ талын гол мэдээ баримт агуулсан сурвалж бичгүүд монгол бичиг, хятад, перс, уйгур, төвд зэрэг хэл бичгээр уламжлан иржээ. Мэдээж хамгийн олон сурвалж бичгүүд монгол бичгээр байдаг. Монгол хэл, түүх соёлын гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо”-нд “Тэнд Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэ, Хори-Буха тэргүүтэн Татаарыг дагуулж ирвээс, тэнд Өэлүн-Үжин хээлтэй (хөл хүнд) бүрүүн, Ононы Дэлүүн Болдогоо (Болдогт) бүхүйд зөв тэнд Чингис хаан төржүхүй” гэсэн байдаг. Энд он цагийг хэлээгүй боловч чухал зүйл мэдээлж байгаа юм. Учир нь монголчууд татаруудаас Амбагай хааны өшөөг авах гэж олон удаа дайлж мордсон. 13 удаа хатгалдаад, өшөөг өшиж хяслыг хясаж эс чадлаа гэж “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэсэн бий. Тухайн үед дайн хийхэд хамгийн боломжтой буюу морьд тарга хүчтэй, цаг агаар таатай үеийг сонгох учиртай. Тэгэхээр ямар ч он цаг хэлээгүй юм шиг “Монголын нууц товчоо”-ны энэ мэдээллээс Есүхэй баатар бээр эртний өшөөг авахаар Татаар руу довтлоод ялалт байгуулж ирсэн цаг үе нь “агт таргалж, нум хатуурсан” намрын адаг, өвлийн эхэн сард байх ёстой гэдэг учирзүйн шалтгааныг өгүүлж байгаа юм.
-“Монголын нууц товчоо”-ноос гадна ямар эх сурвалжуудад өвлийн эхэн сар байх болов уу гэх мэдээ тэмдэглэсэн байдаг юм бэ?
- Чингис хааны мэндэлсэн өдрийн тухайд Лу “Алтан товч” тэргүүтэй сурвалжаас өөрөөр тэмдэглэсэн хэд хэдэн сурвалж бий. Жамбадоржийн “Болор толь”, Ордосын Гончигжавын “Сувд эрхи”,  “Хөх түүх” зэрэг сурвалжид “III жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд” мэндлэв гэсэн бий. Ордос бол Чингис хааны эзэн хороо, онгоны тахилгын ёсыг уламжлан хадгалж байгаа газар шүү дээ. Хувилай хааны үеэс тахилга тайлга бий болгосон энэ газарт Чингис хааны тэмдэглэлт өдрийг үе улируулан зөвөөр нь авч ирсэн байх учиртай. Мөн тахилга тайлгын болон түүхэн сурвалжийн судар шастир нэлээд сайн уламжилсан байх ёстой. Тиймээс ялангуяа Ордосын Гончигжавын 1835 онд бичсэн “Сувд эрих” хэмээх түүхийн сурвалж бичигт, “Есүхэй баатрын их хатан үзэсгэлэнт Өгэлэн III жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ, гайхамшигт бэлгэ төгссөн гоо жавхлант нэгэн хөвгүүн гартаан гэрэлт улаан эрдэнэ атгаснаар мэндлэв. Мөн өдөр огторгуйд солонго татах тэргүүтэн сайн бэлгэс олон болов” гэж бичсэн. Мөн “Хөх түүх”, Жамбадоржийн “Болор толь” дотор өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн гэж тов тодорхой бичсэн байгаа. Нөгөө талаас “Монголын нууц товчоо” өөрөө намрын адаг, өвлийн тэргүүн сард төрсөн байх ёстой гэдгийг мэдээлж байгааг өмнө хэлсэн. Гуравдугаарт, “Арван буянт номын цагаан түүх” гэдэг түүхэн сурвалжийг Хубилай хаан өөрөө зохиосон гэдэг. Ямар ч гэсэн Хутагтай сэцэн хун тайжийн засан найруулсан эх бидний үед уламжилсан. “Арван буянт номын цагаан түүх”-д Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлж, шинийн гурванд угаалгын ёслол хийж, угаалга үйлдэж, тасмаар боож, мялаагуудын хурим хийсэн тухай мэдээлсэн байдаг. Тасам гэдэг нь хүүхэд төрөөд гурав хономогц угаалга хийж, өлгийг нь ороож уядаг тусгай бэлдсэн нарийн сур. Өвлийн тэргүүн сарын шинийн 3-нд хийдэг энэхүү тасмын тайлгыг бас мялаагуудын хурим гэдэг нь одоо ч буриад зон дотор тэмдэглэж байдаг угаалгын хурим баяр хийсэн өдөр юм. Одоогийн Халимагууд мялаагууд гэдэг үгийг төрсөн өдрийн баяр гэж үздэг. Ордосын онгоны дөрвөн улирлын тахилга тайлгыг хэзээ журамлан тогтоосон тухай Галдан туслагчийн “Эрдэний эрих”-д “Сэцэн хан бээр арван буянт номын засгаар дэлхий дахиныг энхжүүлэн жаргуулж мянган алтан хүрднийг эргүүлэгч Чакарварын сэцэн хан (Хувилай хаан) хэмээн хотол зүгүүдэд алдаршив. Гучин зургадугаар он модон хонин жилээ дээд өвөг Богд Чингистаны гэгээн онгоныг үе улиран, үрийн үрийг хүндэтгэн тахиулахын учир тайш, тайбу, зайсан, хонжины зэрэг найман их ямтан тавьж гурван сарын арван наймнаа зуслан авч, хорин нэгнээ ерэн есөн цагаагч гүүгээ барьж, цагаан сацал сацсан журмын өдөр, таван сарын арван тавнаа зулаг ба гүүний үрс гаргасан журмын өдөр, есөн сарын арван хоёроо ширэгэ (сэргэ буюу зэл уяа) ба гүүгээ тавьж унаганы ногт шилбэ угаасан журмын өдөр, арван сарын шинийн гурванаа Богд Чингис хааны гэгээн бие гийснээ угаасан мялаагудын журмын өдрүүдэд дөрвөн цагийн дэлгэрэнгүй тайлга тогтоон өргөж элдэв ёслол ба хишиг түгээх хүртүүлэх тэргүүтэн ёсыг тогтоожээ” гэсэн нь “Арван буянт номын цагаан түүх”-тэй авцалдаж байгаа юм. Бэлгийн улирлын арван сар чинь өвлийн тэргүүн сар шүү дээ.
-Тэгвэл яагаад зарим сурвалжид зуны тэргүүн сарын 16-нд төрсөн гэж тэмдэглэсэн байдаг юм бэ?
-Үүнийг тодруулахын тулд “зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр” гэдэг ямар учир утгатай, яагаад тэр өдрийг ихэд хүндэтгэн бэлгэшээж баяр хурим хийдэг байсныг сайн анхаарах нь зүйтэй. Ямар боловч энэ хэллэг “Монголын нууц товчоо”-нд гурван удаа тохиолдох бөгөөд их бэлгэтэй сайн өдөр байсан нь илт байдаг. Тухайлбал, Тайчууд аймгийнхан бүгдээрээ Ононы хөвөөнд цуглаж, зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр их баяр хурим хийсэн тухай өгүүлсэн бол нөгөө нь Тэмүжин, Жамуха хоёрын сонгож нүүсэн өдөр, гурав дахь нь Чингис хаан Найманыг дайлахын өмнө туг сүлдээ тахиж тайсан өдөр байх юм. Энэхүү гурван эшлэл хэсгээс үзэхэд, тухайн цаг үед хамаг мон­­голчуудын эрхэмлэн бэлгэшээдэг эрхэм сайн өдөр нь зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр байжээ. Чухам хэдий үеэс “зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр”-ийг онцлон хүндэлж, баяр хурим хийж бэлгэшээдэг болсон, ямар учир шалтгаанаас тийм уламжлал тогтсон тухайд өнөө хэр тайлбар үгүй байна. Ямар боловч Есүхэй баатрын хөвгүүн Тэмүжин мэндлэхээс өнө эртийн ёc заншил болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, Чингис хаан мэндлэхээс аль эрт, зуны тэргүүн сарын тэргэл өдрийг ихэд дээдлэдэг уламжлалтай байжээ.
-Тэгэхээр зүгээр бэлгэдлийн чанартайгаар энэ өдрийг Чингис хааны төрсөн өдөр гэж бичсэн хэрэг үү?
-Тийм гэж хэлж болно. Ер бусын хүн, ер бусын цаг үед төрөх учиртай хэмээсэн бэлгэдэл хүндэтгэлийн учир байсан биз ээ. Нөгөө талаас зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдрийн тухай домог хууч арван долдугаар зуунд байсан нь лавтай.
-Одоо дээрхи хоёр хувилбарын аль дээр нь эрдэмтэд илүү санал нэгдэж байна вэ?
-Саяхан Ерөнхийлөгчийн Боловсрол, соёл шинжлэх ухааны зөвлөх Болд, академич Ш.Бира болон түүхэн судалгааны гол эрдэмтэд уулзаж, “Боловсрол суваг” телевизээр ярилцлага хийсэн. Тэд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг  дээр санал ерөнхийдөө нэгдсэн. Нэг эргэлзээтэй байгаа зүйл нь цагаан сар шиг билгийн улирлаа дагуулаад явна гэхээр Чингис хааныхаа төрсөн өдрийг жил бүр өөр өдөр тэмдэглэх болно. Зарим нь ингэж шилжиж байхаар жилд нэг тогтмол өдөртэй болъё гэдэгт санал нэгдэж байгаа. Ер нь Эзэн богд хааныхаа гал голомтыг сахисан улсын тухайд энэ агуу их хүнийхээ төрсөн өдрийг хүндэтгэж тэмдэглэдэг, бүх нийтээрээ баярлаж бахархдаг, түүхээ эргэж судалдаг, сурталчилдаг өдөр байвал чухал юм л даа. Сүүлийн үед цагаан сараас өөр монголчууд үндэсний баяр гэх юмгүй болчихлоо. Гаднын олон янзын шашны баярыг хуулбарлаж, хүний юм тэмдэглэж эхэллээ. Сар өдрийг тогтоох тухайд түүхч Балжинням  их зөв санаа хэлж байна лээ. 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Григорийн тоололд шилжүүлж бодвол гараад ирдэг юм. Тухайн үеийн өвлийн тэргүүн сар хэдийд таарч байна вэ түүнийг нь шилжүүлээд, тогтмол болгоё гэсэн.
“Үндэсний шуудан” сонин Д.Пүрэвсүрэн.
Read More......

Монгол бахархлын өдөрт


Гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөрөг гэдэг бол ертөнцийн түүхэнд нэрээ мөнхөлсөн их хүнд байтугай эгэл жирийн нэгэнд ч эрхэм зүйл  л дээ. Тиймээс яалт ч үгүй монголчууд Чингис хааныхаа мэндэлсэн жил, сар өдрийн тухайд түүхэн сурвалжуудаа дахин сайн нягтлаад, нэг өдрийг тогтож авах нь чухал байгаа юм.
Чингис хааны мэндэлсэн он
Энэ талын гол мэдээ баримт агуулсан сурвалж бичгүүд монгол бичиг, хятад, перс, уйгур, төвд зэрэг хэл бичгээр уламжлан иржээ. Мэдээж хамгийн олон сурвалж бичгүүд монгол бичгээр байдаг. Энэ бүх баримтуудыг үзэж нягтлаад дэлхийн монголч эрдэмтэд, түүхчдийн хүрээнд 1162 он дээр тогтсон. Тиймээс анх 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэж, одоогийн Хэнтий аймгийн гурван нуурын ойролцоо сүрлэг сайхан хөшөө байгуулж байв. Дараа нь 2002 онд Чингис хааны 840 жилийн ойг тэмдэглэсэн. Тэгэхээр энэ жил Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх ёстой юм.
Чингис хааны мэндэлсэн өдөр
1962 онд анх тэмдэглэхдээ тавдугаар сарын 31-нд тэмдэглэсэн. Энэ нь ул үндэсгүй хэрэг биш. Лувсанданзангийн “Алтан товч”   тэргүүтэй нэлээд хэдэн сурвалжид Чингис хааныг зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдрийн дөл цагт (морин цагт) мэндэлсэн гэсэн мэдээ байдаг. Билгийн тооллын энэ цагийг одоогийн христийн он тоололд шилжүүлж тогтоосон хэрэг.
Монгол хэл, түүх соёлын гайхамшигт дурс-гал “Монголын нууц товчоо”-нд “Тэнд Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэ, Хори-Буха тэргүүтэн Татаарыг дагуулж ирвээс, тэнд Өэлүн-Үжин хээлтэй (хөл хүнд) бүрүүн, Ононы Дэлүүн Болдогоо (Болдогт) бүхүйд зөв тэнд Чингис хаан төржүхүй” гэсэн байдаг. Энд он цагийг хэлээгүй боловч чухал зүйл мэдээлж байгаа юм. “Монголын нууц товчоо”-ны энэ мэдээллээс Есүхэй баатар бээр эртний өшөөг авахаар Татаар руу довтлоод ялалт байгуулж ирсэн цаг үе нь “агт таргалж, нум хатуурсан” намрын адаг, өвлийн эхэн сард байх ёстой гэдэг учир зүйн шалтгааныг өгүүлж буй юмсанж.
Чингис хааны мэндэлсэн өдрийн тухайд дээрх эх сурвалжуудаас өөрөөр тэмдэглэсэн хэд хэдэн сурвалж бий. Жамбадоржийн “Болор толь”, Ордосын Гончигжавын “Сувд эрхи”,  “Хөх түүх” зэрэг сурвалжид “III жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд” мэндлэв гэсэн бий. Ордосын Гончигжавын 1835 онд бичсэн “Сувд эрих” хэмээх түүхийн сурвалж бичигт, “Есүхэй баатрын их хатан үзэсгэлэнт Өгэлэн III жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ, гайхамшигт бэлгэ төгссөн гоо жавхлант нэгэн хөвгүүн гартаан гэрэлт улаан эрдэнэ атгаснаар мэндлэв. Мөн өдөр огторгуйд солонго татах тэргүүтэн сайн бэлгэс олон болов” гэж бичсэн. Мөн “Хөх түүх”, Жамбадоржийн “Болор толь” дотор өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн гэж тов тодорхой бичсэн байдаг аж.
“Арван буянт номын цагаан түүх” гэдэг түүхэн сурвалжийг Хубилай хаан өөрөө зохиосон гэдэг. Ямар ч гэсэн Хутагтай сэцэн хун тайжийн засан найруулсан эх бидний үед уламжилсан. “Арван буянт номын цагаан түүх”-д Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлж, шинийн гурванд угаалгын ёслол хийж, угаалга үйлдэж, тасмаар боож, мялаагуудын хурим хийсэн тухай мэдээлсэн байдаг ажээ…

Эх сурвалж: “ТВ7 хоног” сэтгүүл
Read More......

XIV Далай лам: Хүн болж төрөх нэг хэрэг, харин хүн шиг хүн байх нь хамгийн чухал шүү


XIV Далай лам: Хүн болж төрөх нэг хэрэг, харин хүн шиг хүн байх нь хамгийн чухал шүү
Оршил
1935 онд, 77 жилийн өмнө Төвдийн өмнөд хэсэгт орших Тактер сууринд нэгэн жирийн дундаж айлд нэгэн хүү мэндэлсэн нь, одоогийн XIV Далай лам байжээ. Дөрвөн жилийн дараа XIV Далай ламаар тодруулж, Төвд орны оюун санааны болон улс төрийн тэргүүнээр өргөмжилжээ.

Гэвч удалгүй 15 настай байхад нь 1950 онд Хятадын цэргүүд орж ирж, Түвдэд хяналтаа тогтоосон бөгөөд, 1959 онд 24 настайдаа Төвдөөс итгэлт хүмүүсийн хамт дүрвэн гарчээ.

50 гаруй жилийн туршид эх оронгүй амьдрах хүнд хэцүү тавилан туулж дэлхий ертөнцийг хэрэн амьдарч явахдаа Далай лам эх дэлхийн хүмүүс бид бүгд ижил, бүгдээрээ хүнлэг энэрэнгүй, бие биенээ хүндлэн хайрлаж, эв нэгдэлийг бий болгох хэрэгтэй гэж номлосоор ирсэн.

Энхтайвны үйлсэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж, 1989 онд Нобелийн шагнал хүртээсэн.

Хэдийгээр өнгөрсөн 2011 оны 3-р сард Төвдийн улс төрийн тэргүүн байхаас татгалзсан боловч, шашны зүтгэлтэний хувьд урьдын адил дэлхийн хэмжээний удирдагч хүмүүсийн нэг хэвээрээ байгаа билээ.

XIV Далай ламын энэ оны 6-р сард Англи улсад айлчлахдаа "The Big Issue" сэтгүүлд сурвалжлагч Даниел Батист өгсөн ярилцлагыг орчуулан толилуулж байна.

-Манай гудамжны сэтгүүлийг зардаг 12.000 хүн, дэлхийн 40 гаруй оронд амьдарч байна. Тэдний ихэнх нь гэр оронгүй хүмүүс байдаг. Та ч гэсэн олон жил Төвд орноосоо хол амьдарч байна. Таны хувьд орон гэргүй хүнд хэцүү байдлыг юу гэж тайлбарлах вэ?
-Мэдээж хэрэг, орон гэргүй амьдарна гэдэг хэцүү, хүний амьдралын хамгийн анхдагч бөгөөд хамгийн хэрэгцээтэй зүйл орон байр. Хөлөг онгоц гэж бодвол, зангуугүй хөлөг онгоцтой зүйрлэж болно.

Өргөн утгаар юмыг авч үзвэл, байдал өөр болно шүү. Эх дэлхий бол бидний орон гэр гэж би хэлэх дуртай. Тэгж бодох юм бол чи эх дэлхий гэсэн орон гэртэй хүн.

Би ч бас орон гэргүй хүн шүү дээ. Гэхдээ яг тогтсон орон гэргүй байна гэдэг заримдаа их ашигтай байдаг. Би хаана явж байна, тэндээ хоносон газар маань миний шинэ орон гэр болох жишээтэй.

Хэрэв чи нэг газараа удаан амьдарсан бол тэгж олон газраар аялаж явж чадахгүй, тэр газартаа л улам шигдэнэ.

-Сүүлийн үед дэлхий ертөнц дээр олон муу зүйл тохиолдож байна, Тухайлбал, дэлхийн санхүүгийн хямралын үр дүнд улам олон хүн орон гэргүй болж гудамжинд гарч байна. Улс орнуудын ЗГ-ууд хэрхэн ажиллаж байна гэж та үздэг вэ. Тэд хүмүүсийг ядуу зүдүү амьдаруулж байгаадаа хариуцлага үүрэх ёстой юу.
-Энэ бол хэцүү нөхцөл байдал л даа. ЗГ бол улс орныхоо хүн ардыг сайн сайхан амьдруулах үүрэгтэй. Үүнийхээ төлөө хариуцлага үүрэх ёстой юм. Зарим тохиолдолд сайн ажиллаж байгаа, муу ажиллаж байгааг хэмжиж байх нь хэрэгтэй, энэ нь зайлшгүй зүйл болж байна.

Одоогийн энэ хямрал, муу зүйлүүд урьд нь удирдаж байсан ЗГ-ууд, болон зарим том компаниудаас болсон.

Тэд зөвхөн богино хугацааны ашиг бодсон, дараа нь урт хугацаанд ямар үр дагавар гарч ирэх вэ гэдгийг бодоогүйдээ алдсан.

Үүний үр дүнд мянга мянган хүмүүс ажилгүй болсон, орон гэргүй болсон, гудамжинд гарсан. Энэ бол тун хэцүү зүйл. Үүнийг яаж засаж болохыг жирийн лам, хувраг би мэдэхгүй байна.

Гэвч би зовлон, хүнд хэцүү амьдралтай байгаа тэр хүмүүсийн зовлонг бага ч гэсэн нимгэлэх, түүнийг хуваалцахад ямагт бэлэн байдаг. Тэр хүмүүс шаргуу зангаа, өөртэй итгэх итгэлээ алдаж болохгүй.

Хүнд хэцүү байдлын улмаас өөртэй итгэх итгэл , найдвар болон хүсэл мөрөөдөлөө бүрэн алдах л хамгийн хэцүү. Энэ л хамгийн хэцүү зүйл байдаг.

Учир нь итгэл найдвар л хамгийн чухал зүйл юм шүү.

-Та дандаа үүнийг хэлдэг л дээ. Хамгийн чухал зүйл бол итгэл найдвараа гээхгүй байх явдал гэж? Бүүр Төвдөөс хөөгдөж гарч байсан 1953 оныг дурсахдаа, хамгийн хэцүү зүйл ч сүүлдээ сайнаар төгсөнө гэж бичсэн байсан. Одоогийн Төвдийн нөхцөл байдлыг юу гэж үзэх вэ?
-Би өөрийнхөө амьдралаар жишээлж яривал, би 16 насандаа гэрийн хорионд орж, эрх чөлөөгөө хасуулсан, дараа нь 24 насандаа эх нутгаасаа дүрвэж гарсан, эх орноо үүрд алдсан хүн, сүүлийн 52 жилийн турш эх оронгүй амьдарч байна. Энэ 52 жилийн туршид надад зөндөө бэрхшээл, зовлон тохиолдож байсан. Гэвч би хэзээ ч итгэл найдвараа гээгээгүй явж байна.

Төвдтэй холбоотой муу мэдээнүүд миний зүрхийг дандаа өвтгөж байдаг.

Гэвч Төвд хүмүүсийн надад итгэх итгэл, найдвар нь надад дандаа бодогддог. Заримдаа би Төвд орныхоо төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа шаналдаг, миний итгэл найдвар маань хугарах ч зүйл ч гардаг.

Гэвч юмыг өөдрөгөөр харах миний дадал, зуршил маань надад итгэл найдвараа гээхийг зөвшөөрдөггүй юм.

Иймд би бусад хүмүүст хэцүү хүнд үе байлаа ч гэсэн өөртэй итгэх итгэл, хүсэл мөрөөдөлөө гээж болохгүй гэж хэлдэг.

-Хүнд хэцүү байдалд орсон хүмүүс, яаж уураа барих хэрэгтэй вэ?
-Бидний сэтгэл хөдлөл бол бидний ухаан хир байгааг шалгах нэг үзүүлэлт болж чадна.

Оюун ухаандаа захирагдаж чадвал бид уурлахгүй байж чадна.

Оюун ухаанаа захирч чадахгүй тохиолдолд бид уурлаж бухимддаг.

Бие барьж чадахаа байдаг. Муухай үйлдэл хийдэг, Дараа нь түүнээсээ бид ичдэг.

Биднийг Бурхан бүтээсэн үү, эсвэл Байгаль бүтээсэн үү гэж би хааяа боддог. Аль нь ч бүтээсэн байлаа гэсэн бид нар, сэтгэл хөдлөл, оюун ухаан 2-оо тэнцвэржүүлж байх хэрэгтэй.

Сэтгэл хөдлөл заримдаа хяналтгүй болбол муу үр дагаварт хүргэдэг. Иймд бидэнд сэтгэл хөдлөлөө хянаж бай гэж оюун ухаан заяасан юм.

Амьтад асуудалаа хүч чадлаараа шийддэг, хэн хүчтэй нь дийлж байдаг. Бид үүнийг ширэнгэн ойн хууль гэж хэлдэг.

Хүн амьтанаас оюун ухаанаараа ялгагдана. Иймд бид асуудалыг хүчээр биш, эрүүл ухаанаар бодож, зөв шийдвэр гаргаж байх үүрэгтэй.

Бид үүрэг хариуцлагаа үргэлж боддог байвал бид буруу үйлдэл, буруу шийдвэр гаргахгүй байж чадна.

Энэ нь хувь хүмүүст ч тэр, хамт олонд ч тэр, хэсэг бүлэг хүмүүст ч тэр, улс төрийн намд ч тэр, улс орнуудын ЗГ-т тэр, бүгдэд нь хамаатай .

-Та Хятадын хэвлэл мэдээллийг Хятадын ЗГ-ын заавараар Төвд орны талаар буруу, худал мэдээлэлийг дэлхий нийтэд тарааж, хүмүүсийг төөрөгдүүлж байдаг гэж буруутгадаг. Өнөөдөр чөлөөт хэвлэл мэдээлэлийн үүрэг роль ямархуу чухал гэж Та үзэж байна вэ?
-Маш чухал. Би хэвлэл мэдээлэлийг 3 дахь нүд гэж боддог. Жирийн хүн бол 2 нүдтэй, гэтэл хэвлэл мэдээлэл бол 3н нүдтэй болоод ирэхээрээ юмыг харах чадвар нь илүү болоод тэр хирээрээ үүрэг, хариуцлага нь улам өндөр болно доо. Гэхдээ энэ 3 дахь нүд заримдаа юмыг буруу хараад байх тал гардаг шүү. Энэ л асуудал үүсгээд байгаа хэрэг шүү дээ. Тийм үү.

Мэдээ, мэдээлэлийг эхлээд зөв үү, худал уу гэдгийг нягталж шалгаж байж, зөв мэдээлэлээ олон нийтэд мэдээлж байвал, хүмүүс ямагт үнэн зөв мэдээлэл авна. Ийм тохиолдолд хэвлэл мэдээлэл хүмүүст хэрэгтэй бөгөөд өөрийнхөө үүрэгийг зохих ёсоор зөв хийж байгаа хэрэг.

Хэвлэл мэдээлэлийн хүмүүстэй уулзах болгондоо Та нар жирийн хамартай хүмүүс биш, харин уртаас урт хамартай улсууд шүү, болж байгаа хэрэг явдалыг бүх л байж болох олон талаас нь нягталж шалгаж байх ёстой шүү гэж хэлдэг.

Тэд хэвлэл мэдээлэл дээр гарч байгаа зүйлсүүдийг нягтлан шалгаж, үнэн зөв мэдээлэгдсэн байна уу гэж дандаа нягталж, үнэн бодит байдлыг хүмүүст мэдээлж байх үүрэгтэй.

Хүмүүс үргэлж, үнэн зөв мэдээлэл авч, бодит байдал хаана байгааг мэдэж байх хэрэгтэй, энэ нь ардчилсан орнуудын хүмүүст бүүр ч чухал юм.

Харин Хятад мэтийн дарангуйллын засаглалтай улс орнуудад жирийн хүмүүст ийм боломж байхгүй байгааг бид бүгд мэднэ.

Хэвлэл мэдээлэл ямагт үнэн зөв, бодит мэдээлэлийг ямарваа нэгэн улс төрийн болон элдэв үзэл суртлын нөлөө ороогүй байдлаар олон нийтэд мэдээлж байвал зохино.

-Манай сэтгүүл шиг гудамжны хэвлэлүүд бусад өдөр тутмын сонин, хэвлэлүүд нийтлэхгүй зүйлүүдийг хэвлэж чаддаг. Та өөрийн Төвд орны талаар бусад хэвлэл дээр гардаггүй ямар түүх өгүүлмээр байна вэ?
-Төвдийн тусгаар тогтнолын тэмцэл нь уламжлалт зан үйл, бурхан шашины уламжлал дээрээ тулгуурласан байдаг тул аливаа хүч хэрэглэх явдлын эсрэг байдаг бөгөөд оюун санааны бясалгал дээр суурилсан байдаг юм.

Ийм учраас бидэний тэмцэлд дэлхий нийтийн дэмжлэг хэрэгтэй байна.

Бид амжилт олох ёстой, учир нь бид оюун санаа, бясалгал, эвийн аргаар тэмцэж байна.

Хэрэв бид аливаа хүчирхийлэл болон хүч хэрэглэх арга замыг сонговол энэ арга явцгүй бөгөөд амжилт олохгүй.

Бас нөгөө талд, Түвдийн байгаль, цаг уур, оршин байгаа байршил, газар зүй нь өөрөө дэлхийд үлэмж ач холбогдолтой болж байгаа билээ.

Төвдийн өндөр уулс нь дэлхийн дулаарлын нөлөөгөөр хуучин байдалаа алдах аюулд хүрээд байгаа юм. Өндөр уулсын мөнх цас нь хайлбал эдгээр уулсын бэлд байдаг голуудын усны түвшин нэмэгдэх, улмаар хүн зоны амь нас сүйрэх аюулд хүргэх юм. Эдгээр голын ай савд амьдарч байгаа 1 тэрбум хүн гэж бодвол дэлхийн 6 хүн тутмын й 1 нь энэ аюулд өртөх болоод байна.

Иймд Төвдийн байгалийг хамгаалах явдал нь зөвхөн Төвд хүмүүсийн хэрэг биш бас дэлхий нийтийн хэрэг болоод байна.

Өөр нэг чухал зүйл бол Төвдийн соёл бөгөөд энэ нь ямагт энх амгалан, ямагт хүч хэрэглэхийн эсрэг байдаг бөгөөд ямагт энэрэл нигүүсгэлтэй байх явдал билээ.

Энэ нь эртний хоцрогдсон соёл гэж харах биш энэ соёл нь өнөөдөр дэлхий нийтийн өмнө тулгамаад байгаа олон асуудалыг шийдэхэд туслах соёл гэж хараасай гэж би хүсдэг.

Бид өнөөдөр улам бүр өсөн нэмэгдэж байгаа материаллаг хэрэгцээндээ захирагдан хэрэгцээнийхээ боол болон амьдрах болсон байна.

Мөн бидний оюун санаа улам бүр хоосорч байгаа аюул хүн төрөлхтөнд тулгараад байна. Оюун санааны хоосрол нь зарим тохиолдолд хүчирхийлэлд хүргэж байна.

Ялангуяа, залуу хүмүүсийн дунд ийм явдал бүүр ч их гарч байна. Тэд асуудалыг хүч хэрэглэж, улам илүү хүчээр, улам их хүчирхийлэн шийдэх арга замыг сонгож байгаа нь үнэхээр хэцүү асуудал болоод байна.

Хүчирхийлэл хүчирхийлэлийг л төрүүлдэг, харин энэрэл нигүүсгэл бол эв эвийг бий болгох хамгийн энгийн арга зам билээ.

Орчуулгын 1-р хэсэг.

Орчуулагчийн Тайлбар.

Өнөөдөр дэлхий ертөнц дээр амьдарч байгаа хүмүүсийн дийлэнхи нь эд хөрөнгө, эрх мэдэл, мөнгө гэсэн материаллаг зүйлийн хойноос дэндүү хэт хөөцөлдөж, үүний улмаас үүндээ хүрэхийн тулд бие биенээ үл хүндлэх, үл тоомсорлох, хэт хувиа хичээх, хар амиа бодож, улмаар хүн хүнээ хайрлах нинжин сэтгэлээ гээж зөвхөн ганцхан өөрийгөө боддог хатуу сэтгэлтэй, хүйтэн төмөр шиг хахир хүмүүс болж хувирч байна.

Гэвч үүнийг өөрчлөх арга зам бидэнд байгаа бид бүгд бие биенээ ижилхэн хүмүүс, нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг харгалзалгүй энэ хорвоод хүн гэдэг ховорхон заяанд төрсөн улс бөгөөд баян ядуу, дарга цэрэг, сайхан муухай, хөгшин залуу гэж ялгалгүй бие биенээ энэрэн хайрлаж, ядарсандаа тусалж, зовсоныхоо зовлонг нимгэлж, бие биенээ хүндлэн явбал олон зовлон, олон асуудалаасаа ангижирч чадна гэж Далай лам сургадаг.

Өнөөдөр дэлхий ертөнц маань урьд өмнө хэзээ ч байгаагүй хүчирхийлэл, дайн байлдаан, гэмт хэрэг, хүмүүсийн оюун санааны болон аж амьдралын ядуурал, ялангуяа оюун санааны хувьд мухардалд ороод байгаа бөгөөд түүнээс гарах нэг арга зам нь Далай ламын сургаал юм.

Далай ламын сургаал нь Будда шашинт улс, орнуудаар зогсохгүй барууны хөгжингүй орнуудад улам бүр дэлгэрч, улам олон хүмүүс ойлгож амьдралдаа мөрдлөг болгон хэрэгжүүлж байна.

Дээрх шалтгаануудын улмаар өнөөдөр Монгол оронд маань, Монгол хүмүүст маань унших хэрэгтэй зүйл байна гэж бодон чадан ядан орчууллаа.

Далай лам энэхүү сэтгүүлийг онцолж ярилцлага өгсөн нь, энэхүү гудамжны сэтгүүлийг зарж, олсон орлогоороо амьдардаг орон гэргүй хүмүүст бага ч гэсэн тус нэмэр болох зорилгоор өгчээ.

Орчуулсан П.Батжаргал. Австрали улс, Брисбане хот.

www.pbatjargal.wordpress.com  Read More......

Наадмаар автомашины тусгай зөвшөөрөл авах бол?

Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл авах бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Тусгай зөвшөөрлийг ангиллаас нь хамаарч дараах газруудад олгож буй юм байна. Тодруулбал, “А”, “Б” ангиллын зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, “Ү”-г тус газрын Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, “Ж”-г Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Д”-г Гадаад харилцааны яам, “М”, “Г” зөвшөөрлийг Замын цагдаагийн газар, дүүрэг дэх Замын цагдаагийн тасгууд дээр олгож эхэлжээ. 

“А”, “Ж”, “Д” ангиллынх 20 мянга, “Б” ангиллынх 15 мянга, “Г”, “Ү”, “М” улаан өнгөтэй нь, 10 мянган төгрөг бол “М” ногоон өнгөтэй нь 3000 төгрөгийн үнэтэй аж. 

Ангиллаасаа хамаарч, хаагуур зорчих вэ гэдэг маршрут өөр өөр. Үүнд 

“А”, “Б”, “Д”, “Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрний урд уулзвараар баруун тийш эргэх, эсвэл Замын цагдаагийн газрын урд уулзвараар гарч, Гандийн гудамжаар тус тусын зогсоолд хүрч байрлах гэнэ.

 “Ү”, “Г”  зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Зайсангийн гүүрээр зүүн эргэж Их Тэнгэрийн замаар, эсвэл Нарантуул ОУХТ-ийн урд уулзвараар Дүнжингаравын урд талын шинэ замаар чигээрээ нэвтэрч тус тусын  зогсоолд хүрч байрлана.

“М” зөвшөөрөл хоёр төрөл бөгөөд зөвхөн хурдан морины барианы газар очно. 

Мөн “М”, “А”, “Б”, “Д”, “Ж”, “Ү”, “Г”   зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун Эмээлт өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж  тус тусын зогсоолд  хүрч байрлахаар Замын цагдаагийн газраас зохицуулалт хийжээ. Анхааруулахад, олгох зөвшөөрлийн тоо хязгаартай юм байна.  Read More......

Дэнж хотойтол наадах дэлгэр Монголын наадам айсуй

Эрэлхэг хүдэр бөхчүүд нь эр бяраа гайхуулсан
Эрэмгийн шандаст хүлгүүд нь хурд хүчээ гайхуулсан
Эрхий мэргэн харваачид нь онч мэргэнээ гайхуулсан
Энэ дэлхийд цор ганц энгүй гайхамшигт монгол наадам ирлээ...


Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам өчигдөр урианхай сурын харваагаар эхэллээ. Харин өнөөдөр сурын талбайд буриад сурын харваа болж байгаа юм. 


ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР


7 дугаар сарын 7 /Бямба/

9.00-21.00  Урианхай сурын харваа (Сурын талбайд)

7 дугаар сарын 8 /Ням/

9. 00-16.00  Буриад сурын харваа (Сурын талбайд)

7 дугаар сарын 9 /Даваа/

9. 00-19.00   Хүүхдийн сурын харваа (Сурын талбайд)

11.00    Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярт зориулсан “Монголын сайхан орноор” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт (Монголын Урчуудын Эвлэлийн  үзэсгэлэнгийн танхимд)


7 дугаар сарын 10 /Мягмар/


  • 8.00-10.20   Хязаалан насны морьдын уралдаан (Хүй долоон худагт)
  • 10.00          Шагайн харвааны хэсгийн харваа (Шагайн асарт)
  • 10.30     Үндэсний сурын харвааны нээлтийн ажиллагаа (Сурын талбайд)
  • 10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан  хүндэтгэлийн ёслол (Сүхбаатарын талбайд)
  • 12.00-12.30 Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол (Сүхбаатарын талбайд)
  • 14.00-16.20   Шүдлэн  насны морьдын уралдаан (Хүй долоон худагт)
  • 15.00,18.00  Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын  “Цэнгэлийн манлай”  хүндэтгэлийн  концерт (Нийслэлийн Соёлын төв өргөөнд)




7 дугаар сарын 11 /Лхагва/

  • 8.00-10.20   Азарганы уралдаан (Хүй долоон худагт)
  • 9.00    Шагайн харвааны хагас шигшээ харваа (Шагайн асарт)
  • 11.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
  • 11.10  Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баярын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээнэ.
  • 11.00  Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа (Шагайн асарт)
  • 11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа (тусгай хөтөлбөрөөр явагдана)
  • 11.50-15.00   Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
  • 12.30     Шагайн харвааны хагас шигшээ харваа (Шагайн асарт)
  • 13.30-14.00   Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа (Сурын талбайд)
  • 13.30-16.00   Хүүхдийн барилдааны нэгийн даваа
  • 14.00-16.20   Их насны морьдын уралдаан (Хүй долоон худагт)
  • 14.00-17.00   Үндэсний сурын  харваа (Сурын талбайд)
  • 15.20-18.00    Хүчит бөхийн  барилдааны хоёрын даваа
  • 16.20-18.00    Хүүхдийн барилдааны хоёрын даваа
  • 19.00-23.00    “Улаанбаатарын үдэш” цэнгүүн (Сүхбаатарын талбайд)
  • 23.00    Баяр наадмын ёслолын буудлага




7 дугаар сарын 12 /Пүрэв/

  • 7.00-9.20     Соёолон насны морьдын уралдаан (Хүй долоон худагт)
  • 9.00-10.40   Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
  • 9.00            Шагайн харвааны  шигшээ харваа (Шагайн асарт)
  • 9.00-14.00   Сурын харвааны  шигшээ харваа (Сурын талбайд)
  • 10.00-11.00  Хүүхдийн барилдааны гурвын даваа
  • 11.00-13.00  Дааганы уралдаан (Хүй долоон худагт)
  • 11.00-12.20  Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
  • 11.20-12.00    Хүүхдийн барилдааны дөрвийн даваа
  • 13.30.        Шагай харвааны  харваачдад шагнал гардуулах ёслол (Шагайн асарт)
  • 14.10-14.30  Үндэсний сурын шилдэг харваачдын үзүүлэх харваа (Төв цэнгэлдэх хүрээлэнд)
  • 14.30-15.20    Хүчит бөхийн барилдааны тавын даваа
  • 15.10-16.00    Хүүхдийн барилдааны тавын даваа
  • 15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна
  • 15.30-16.10   Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
  • 16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол   Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
  • 16.40-17.20   Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
  • 16.40-17.10   Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
  • 17.25-17.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Начин”, “Харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
  • 17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа
  • 17.50-18.20  Хүүхдийн барилдааны долоогийн даваа
  • 18.25-18.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
  • 18.45-19.20  Хүчит бөхийн барилдааны  есийн даваа
  • 19.30-19.45  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.  
  • 19.50    Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.
  • 20.00  Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол.                    
  • /тусгай хөтөлбөрөөр/




УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР

7 дугаар сарын 13. Баасан. Хүй долоон худаг
  • 7.00-9.20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон  морьдын уралдаан
  • 11.00-13.00   Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан  морьдын уралдаан
  • 13.00-13.05    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд уяачдын наадмыг нээнэ. Наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
  • 13.20-14.20    Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
  • 14.20-14.30    Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
  • 14.00-16.00    Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан
  • 14.30-15.20    Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
  • 15.20-15.30    Урлагийн тоглолт 
  • 15.30-16.30  Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
  • 16.30-16.40    Урлагийн тоглолт 
  • 16.40-17.00    Хүчит бөхийн барилдааны тавын даваа
  • 17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.  
  • 17.30-18.00    Хүчит бөхийн барилдааны зургаа, долоогийн даваа
  • 18.00-18.10    Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
  • 18.10     Хурдан морины салбар хорооны дарга С.Баасанхүү уяачдын наадмыг хаана.


БАЯР НААДМЫН СОЁЛ, УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ХӨТӨЛБӨР

Хүй долоон худаг

11-12-нд 9.00-18.00 цагт “Монголын нэг өдөр” соёлын наадам
11-нд 14.50-15.20 цагт “Морьтон Монголчууд” морин спорт урлагийн баярын жагсаал, цирк болон сонгомол морин спортын үзүүлбэр тоглолт

12-нд 7.50-8.20 цагт “Морьтон Монголчууд” морин спорт урлагийн баярын жагсаал, цирк болон сонгомол морин спортын үзүүлбэр тоглолт

13-нд 11.40-12.10 цагт
 “Морьтон Монголчууд” морин спорт урлагийн баярын жагсаал, цирк болон сонгомол морин спортын үзүүлбэр тоглолт


Сүхбаатарын талбай


13-нд 10.00 цагаас  “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” наадам  


Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга
9-нд 18:00 цагаас, 11-нд 18:00, 20:00 цагаас, 12-15-нд 18:00 цагаас “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт

12-нд 20:45 цагаас “Наадмын үдэш” Монгол төрийн үндэсний их найрал хөгжмийн тоглолт


Улсын Драмын Эрдмийн театр

10-нд 20 цагаас
 “Тэнгэрийн хүү”  драмын түүхэн жүжиг


Улсын хүүхэлдэйн театр

  • 11-нд 18.00 цагаас “Ногоон дарь эх” хүүхэлдэйн жүжиг
  • 12-нд 18.00 цагаас  “Дондог ахын найзууд” хүүхэлдэйн жүжиг
  • 11-13-нд 15.00 цагаас “Могжоохон даагатай Жогжоохон хүү” хүүхэлдэйн жүжиг
Тусгаар тогтнолын ордон
  • 11-нд 19.00 цагаас “Монголын сайхан орон” Улсын филармоний Морин хуурын чуулгын тоглолт

Нийслэлийн Соёлын төв өргөө
  • 10-нд 15.00,18.00 цагаас Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын “Цэнгэлийн манлай”  хүндэтгэлийн  концерт    
  • 11-15-нд 19:00 цагт “Макс продакшин”-ы хошин урлагийн хамтлагийн тоглолт

“Аса”  цирк
  • 9-10-нд 18:00 цагт Монгол үндэсний Аса циркийн тоглолт    

МҮЭ-ийн Соёлын төв ордон 

  • 9-13нд 19:00 цагт “Шинэ үе” хошин урлагийн хамтлагийн тоглолт
     
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн
  • 9-нд 11.00 цагаас “Монгол бүжиг”-ийн өдөрлөг
  • 10-нд 11.00 цагаас “Этник” өдөрлөг
  • 11-нд 11.00 цагаас Уран бичлэг буюу “Каллиграф” өдөрлөг
  • 12-нд 11.00 цагаас “Үндэсний хөгжим ба битбокс” өдөрлөг
  • 13-нд 11.00 цагаас Үндэсний хувцасны  өдөрлөг

Үндэсний дуу, бүжгийн “Түмэн Эх” чуулга

  • 07.9-13 нд 16:00, 18:00 цагт Монголын язгуур урлагийн тоглолт

“Сарны чулуу” чуулга
  • 07.11-13-нд 18.00 цагаас “Гайхамшигт Монгол урлаг” тоглолт

Тэнгис кино театр


07.9-13 нд 11:00-23:00 цагт

  • Аравт  / Moнголын уран сайхны кино/
  • Жексон амьд /Монголын уран сайхны кино/ 
  • Гайхамшигт хүн аалз 3D / уран сайхны кино/
  • Мадагаскар 3D /хүүхдийн уран сайхны кино/

Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

  • 07.9-17-нд 10:00-19:00 цагт “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэн  
Улаанбаатар хотын музей
  • 07.9-13-нд 9:00-18:00 цагт Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

Монголын уран зургийн галерей
  • 07.11-13 нд 9:00-18:00 цагт Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

Монголын Үндэсний Музей
  • 9-13-нд 9:00-18:00 цагт “Монголын урлаачдын гайхамшиг” үзэсгэлэн
Байгалийн түүхийн музей
  • 11-13 нд 9:00-18:00 цагт Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ
Богд хааны ордон музей
  • 07.9-13-нд 9:00-19:30 цагт Монгол зургийн үзэсгэлэн Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ
Чойжин ламын сүм музей
  • 07.9-13-нд 9.00-20.00 цагт Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
  • 07.9-нд 9.00-18.00 цагт “Тагнуулын ерөнхий газрын түүх” үзэсгэлэн
  • 07.9-13-нд 9.00-18.00 цагт Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн

Монгол цэргийн музей

  • 07.9-13-нд 10.00-17.00 цагт “Афганистан улс цэргийн сурвалжлагчийн дуранд” гэрэл зургийн  үзэсгэлэн
Улсын төв номын сан
  • 07.9-13-нд 9.00-18.00 цагт Ардын хувьсгалын 91 жилийн ойд зориулсан  номын үзэсгэлэн
"Art house center"
  • 07.06-16-нд 10.00-17.00 цагт Г.Мэнд-Ооёогийн "ТАЛ" үзэсгэлэн


Дээлээр гоёж, хуураар омогших монгол наадмаар дэнж хотойтол сайхан наадаарай! 



www.news.mn Read More......